Showing posts with label Эх хэл. Show all posts
Showing posts with label Эх хэл. Show all posts

Tuesday, December 17, 2019

Эх хэл

Эх хэлний тухай бодлоо хөврүүлэн сийрүүлэв.
Нэгэн зүйл. Өнгөрөгч амралтын өдөр Е-мартаар явж байгаад монгол ээж монгол хүүхдүүдтэйгээ англиар ярихыг үзлээ. Тийм юм зөндөө харж байсан л даа. Гэхдээ надад уйтай санагдав.
"Эх хэл", "эх орон" гэдэг үгс бүгд л "ээж"-тэй холбогддог. Ерөөс эх хүн монгол хүнийг эх хэлээр нь хөхүүлж өсгөдөг болохоор тэр. Миний орчуулсан Афганистанд үлдэж хоцорсон Тулуйн цэргийн удам монголчуудын тухай "Могол угсаатныг сурвалжилсан нь" номд нэг ийм санаа байдаг юм. Япон эрдэмтэн асууна. "Та нар яагаад моголоороо ярихаа больчихсон юм бэ?" Тэд хариулна. "Сүүлийн үед моголчууд тайман эмэгтэйчүүдтэй гэрлэх болсон. Тэд персээр ярьдаг. Хүүхэд ээж, эмээтэйгээ л ярьж хэлд ордог. Тэгээд л могол хэлээ мартах болж дээ"
Нэгэн зүйл. Монгол эх, япон эцэгтэй Японы харьяат нэг хүүхэд манай бага, дунд сургуульд дөрвөн жил сураад Япондоо харьсан юм. Нэг өдөр би япон ааваас нь яагаад манайд сургах болсныг асуулаа. Ингэж хариулав. "Миний хүү монгол ээжтэй. Бид хорвоогийн мөнх бусыг хэзээ нэг цагт үзүүлнэ. Миний хань амьдралыг үдэх сүүлчийн мөчдөө эх хэлээрээ ярих биз. Тэр үед төрүүлсэн хүү нь монголоор ярихгүй бол эхийн ачийг хэрхэн хариулах билээ?" Өнөөдөр тэр хүү монгол, япон хэлээр төрөлхи хэл шигээ ярьж, бичиж, уншдаг болсон. Монгол ч хүн, япон ч хүн.
Эх хэл бидний цээжний гүнд оршиж, зүрх сэтгэлийг тэжээнэ.

Monday, June 19, 2017

Хэлний тухай зарим бодол


Унгарт явна. Дунай мөрөн дөлгөөхөн урсаж, Буд, Пест хоёр хотыг салгаж, бас нийлүүлнэ. Дунд нь "а” эгшиг жийрэглээд л Будапест болгоно. Аялан явахад бодол хөвөрч, бодлоо тэмдэглэх гэж би өөрөө яарнам.

Хурлын завсар зайгаар доктор Yuval Nova Harari –ийн “Sapiens- A Brief History of Humankind” 2014 номыг олж аваад уншиж байна. Тэгээд хэдэн сарын өмнө нэгэн андтайгаа нэр томъёоны талаар санал солилцсоноо санав.
Доктор Харари тэмдэглэхдээ, “13.5 миллиард жилийн өмнө их дэлбэрэлтээр матер, энерги, орон зай, цаг хугацаа үүссэн агаад орчлонгийн энэхүү тулгуур үзэгдлийн түүхийг физик хэмээн нэрлэдэг. 300 мянган жилийн дараа матери, энерги атом хэмээх нарийн бүтэцтэй нэгдэлд орж, атом нь молекул болон нэгдэв. Атом, молекул болон эдгээрийн харилцан үйлчлэлийн түүхийг хими гэнэ. 3.8 мянган жилийн өмнө дэлхий хэмээх гариг дээр тодорхой молекулууд нэгдэн томорч, нарийн бүтэцтэй организмийг үүсгэв. Организмийн түүхийг биологи гэнэ.” гэжээ. Энд дурдсан “физик, хими, биологи” хэмээх латин гаралтай нэр томъёоны тухайд ийм бодол төрлөө. 

Япон хэлээр физикийг 物理 гэж, химийг 化学 гэж, биологийг 生物学 гэж тус тус хөрвүүлнэ. Физик нь “Биетийн жам ёс”, хими нь “Хувилахуйн ухаан”, биологи нь “Амьд биетийн ухаан” гэж тус тус үгчлэн орчуулагдана. Орчуулаад хармагц эдгээр том шинжлэх ухааны хөвөөнд ирсэн бяцхан оюун ухаанд шууд л бууж байгаа юм. Бид дэлхийн даяар хэрэглэдэг латин гаралтай нэр томъёог мэдээж цаашид ч хэрэглэх боловч хажуугаар нь бас нэг иймэрхүү маягаар орчуулаад хүүхдэд хэлээд байвал тэдний мэдлэгийг цэгцлэхэд тун ч хэрэг болох мэт. Эс тэгвэл физикийн баахан бодлого боддог атлаа чухам “физик” гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй хүн гарсаар л байх болно. Модыг хараад ойг харахгүй байна гэдэг ийм л юмыг хэлдэг байх.

Хэлнээс тусдаа мэдлэг үл оршино. Мэдлэг хэлээр илэрч, хэл мэдлэгийг бүтээнэ. Мэдлэгийг хэлнээс салгах ямар ч боломжгүй. Тиймээс хүн хэлээр дамжин мэдлэгт суралцдаг. Суралцахуй нь явцуу утгаар мэдлэгийг эзэмшихэд өргөн утгаараа эрдмийг олж авахад чиглэнэ. Хэлээрээ цэгцтэй сэтгэж бичих нь амжилттай суралцахын үндэс. Өөрөөр хэлбэл, мэдлэг оршдог хэлийг сайтар эзэмших нь суралцахуйн үндэс болно. Тэгэхээр хүн нэгдүгээрт эх хэл, хоёрдугаарт бусад гадаад хэлийг эзэмшсэнээр мэдлэгээс суралцах, цэгцлэх, бүтээх хамгийн гол хэрэгслийг өөртөө олж авдаг байна. Орчин цагийн мэдлэгийг өөртөө шингээсэн хэл бүрт бичгийн хэл буй. Бичгийн хэлийг төгс эзэмшвэл мэдлэгийн ертөнцийн түлхүүр залуу оюунтны гарт ормуй.

Tuesday, January 10, 2017

Хүүхдүүдэд уншуулах номын тухайд

Хүүхдэд уншуулах номын талаар бага сургуулийнхаа зөвлөх багш Отгонтуяа, ахлах сургуулийн нийгмийн ажилтан Лхагвадулам нартай хөөрөлдлөө. 

Ном унших зорилгыг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Адлерын хувьд ном унших зорилго нь "Мэдлэг олж авах", "Мэдлэгээ гүнзгийрүүлэх"-д оршино гээд таашаал авах зорилгоор уншихыг тэрбээр ойшоосонгүй. Харин бид бага, дунд сургуулийн хүүхдийн хувьд Адлерийн "Ном унших ном" -д төдийлөн дурдаагүй таашаал авах зорилгоор унших нь чухал гэдэг дээр санал нэгдэв. Тэгвэл мэдлэг олж, түүнийгээ гүнзгийрүүлэнгээ хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, гоо сайхны таашаал олгох ямар ном байна вэ? Доор хувийн бодлоо дэлгэе.

Хүн төрөлхтөний томоохон соёл иргэншлийн үндэс суурь болсон миф буюу домог, үлгэр, туульсыг сайтар унших нь зүй. Ингэснээр урлаг, гоо зүйн мэдрэмж хөгжихөөс гадна мэдлэг тэлж, соёлын олон байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийг хүндэтгэн үзэх сэтгэлтэй иргэн болон төлөвшинө. 

Соёл иргэншлийн хувьд хэдийгээр асуудалтай ч гэсэн Хантингтоны ангиллыг түрхэндээ энд ашиглая. 

Өрнийн соёл иргэншил: Грекийн домог үлгэрийг унших хэрэгтэй. Интерномд тун дажгүй орчуулгатай "Эртний Грек, эртний Ромын домог туульс" ном зарагдаж буй. Ингэснээр уншигчид өрнө дахин нэн ялангуяа сэргэн мандлын үеийн зураачдын бүтээл, өрнийн олон хөгжмийн зохиол, жүжиг, дуурь оньсоо тайлж, үүдээ нээнэ. Үүнээс гадна Скандинавийн домог, Библийн судрыг ч нэг хараад авахад гэмгүй. 

Исламын соёл иргэншил: Биднээс их хол л доо. Гэхдээ Персийн яруу найрагч Фердовсигийн "Шахнаме"-г харахад гэмгүй болов уу. Мөн Омар Хаяамын гайхамшигт рубайг таашаавал зүгээр.

Хятадын соёл иргэншил: "Гурван улсын үлгэр", "Усан хөвөөний судар" хэмээх агуу бүтээлийг дуун хөрвүүлэгч Болдбаатар гуай гайхамшигтай сайхан орчуулсан байдаг юм. Аль ч номын дэлгүүрт эдгээр бүтээлүүд буй. Үүний дараа "Тансан ламын баруун зүгт зорчсон тэмдэглэл"-ийг Болдбаатарын орчуулгаар хэвлэгдмэгц авч уншаарай. 

Хиндүгийн соёл иргэншил: Рамаяна-г уншихыг зөвлөе. Үүнийг уншсанаар Өмнөд болон Зүүн өмнөд Азийн соёл, урлагийг ямар нэг хэмжээнд арай түлхүү ойлгодог болох болов уу. 

Монгол туургатнаасаа: "Гэсэр", "Жангар", "Монголын нууц товчоо" шүү дээ. Мөн туульсыг анхаарч уншаасай. Туульсын дотор их олон зүйл нуугдсан санагддаг юм. 







Tuesday, August 07, 2012

( ) ! << >> < >

    Бийр янтайгаас бичгийн машины хэрэглээнд орсон нь том дэвшил байлаа. Бичихтэй адил үр дүнг "цохих" үйлдэл авчирдаг болов. Компьютер гэдэг санах ойтой гайхамшигт машин үйлдвэрлэгдэж, "цохих" нь "оруулах"-аар солигдлоо. Хэдэн жилийн өмнөөс iPad мэндэлж, "таап" хийтэл нь "товших" болов. 

Saturday, April 02, 2011

Тарган дарга

Аливаа хэлнээ үгс хоорондоо нийлж холбоо хэлхээ үүсгэхдээ өөрийн гэсэн дүрэм, мэдрэмжийг шаарддаг ажээ. Ухаандаа, "урин" гэдэг үг байлаа гэхэд хамгийн түрүүнд "урин хавар", "урин дулаан", "урин цаг", "урин харц" гэж буухаас "урин хоол", "урин гар" гэхгүй шүү дээ. "Халуун хоол", "дулаан гар" гэж л хэлнэ. Хэлний хэрэглээ төрөлх мэдрэмж, сэтгэлгээг шаарддагтай энэ нь холбоотой. Нэг багш маань бидэнд доорх зүйлийг ярьж өгсөн юм.

"Тарган гэдэг үгийг ХААИС-ийн оюутнуудад өгөөд нийлэмж, холбоо үг зохиох даалгавар өгсөн чинь, ихэнх нь "тарган тавтай", "тарган мал", "тарган хонь" гэх мэтээр бичсэн байв. Харин нэг нөхөр "тарган дарга" гэж бичсэн байхаар нь дуудаад уулзтал хотын хүүхэд байсан."

Friday, October 08, 2010

Наран, Саран, Морин...

"Нар, сар, морь" Тийн ялгаллын нөхцөл залгангуут "нарны", "сарны", "морины" гэж нууц "н" гарч ирнэ. Хэлэнд бас ген гэдэг юм байдаг бололтой. Дундад зууны монгол хэлэнд бол "наран, саран, морин" байж. "Нар, сар, морь" болж бөгснөөсөө нүцгэрсэн нэр үг нөхцөл залгах болохоор жийрэглэх "н"-ийг эртний өвөг дээдсээсээ дуудан ирүүлж буй хэрэг. Та хэдэн нэр үгэнд "н" залгаад үзээрэй. Жишээ нь,

Амь-амины- амин
Нүд-нүдний- нүдэн...


Thursday, October 07, 2010

Нохой ирвэс

Гепард хэмээх дэлхий дээрх хамгийн хурдан хөлтэй муурын овгийн амьтныг монголчууд дээр үеэс үчимбэр, нолорвос гэж нэрлэж иржээ. Нолорвос гэдэг нэрийг дуулсан маань нэлээд хэдэн жилийн өмнө юм. Тухайн үед би Вашингтоны конвенцийн гарын авлага бэлдэх ажилд оролцож байлаа. Уг конвенцийн 1, 2-р хавсралтад монгол орноос бүртгэгдсэн амьтдын дэлгэрэнгүй танилцуулга, зураг, тэгээд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн биологийн төрөл зүйлийн жагсаалтыг баг, овог, төрөл, зүйл, зүйлхэнээр нь монгол хэлээр жагсаах гэсэн тэрүүхэндээ нүсэр ажил байсан юм. Төрийн талаас бидний хийх ажил гэж юу байхав, санхүүжилт, хэвлэлтийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэлээ. Амьтан, ургамал судлаач үндэсний эрдэмтэд маань энэ ажлыг гардсан юм. Тэгэхэд телевизийн дэлгэцээр бидний олонтаа харсан энэхүү гепард хэмээх ирвэсийг "нолорвос" гэж нэрлэдгийг анх олж мэдсэн юм даа.
- Яагаад нолорвос гэж нэрлэдэг юм бэ? гэж намайг асуухад, хөхтөн амьтан судлаач С.Дуламцэрэн гуай,
- Хүүхээ, монголчууд чинь энэ амьтныг эртнээс эзэн хааны ордонд гаршуулан тэжээж, анд ашигладаг байсан юм. Нохой шиг хүнд ээнэгшин дасаж, үнэнч зүтгэдэг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй мий болохоор нь "нохой ирвэс" гэж нэрлэж байгаад аяндаа энэ хоёр үг нийлж, эгшиг зохицох ёсоороо "нолорвос" болсон хэрэг л дээ гэж билээ.
Хожим дуулах нь ээ, үчимбэр нь мий овгийнхон дотроо муурын зарим нэг гол шинжийг өөртөө агуулдаггүйгээрээ анхаарал татдаг гэнэ. Тухайлбал, тэд модонд асдаггүй, хумсаа нуудаггүй агаад нохой шиг хүнд дасамтгай байдаг ажээ.

Их эзэнт гүрэн байгуулж явсан өвөг дээдэс маань аливааг их л нямбай нарийн ажигладаг байж дээ.


Thursday, April 15, 2010

Онгорхой, нээлттэй

Бичилгүй уджээ. Блогоор шагайв. Бичмээр бодогдлоо. Толгойд нэг жижиг асуудал эргэлдэнэ.

Эх хэлтэй минь холбоотой л доо. "Open" гэдэг үг моодонд оржээ. Дэлгүүр, ресторанд ийм бичигтэй зүүлт зөндөө байдаг. Монголоор тэгээд "нээлттэй" гэж бичих болж. Гэтэл англи хэлний энэ үг манайд орж ирэхээс өмнө "Дэлгүүр онгорхой байна" гэх мэтчилэн ярьж бичдэг байсан. Одоо бол "Нээлттэй байна" гэж ярих болж байх шиг. Open economy, open government, open-minded гэвэл "нээлттэй" гэж хадах нь зүйтэй байх л даа. Гэхдээ дэлгүүрийг хүртэл "нээлттэй" гээд байхдаа яахав дээ. Онгорхой чигээрээ явмаар юм.

Англи хэлэндээ ус цас, монгол хэлэндээ маруухан нэг монгол оюутан дипломын ажлаа "Онгорхой эдийн засаг" гэж нэрлээд бангадуулж байсан түүхийг сонсч байсан юм байна. Онгорхой, нээлттэй хоёрыг ялган хэрэглээгүйгээс үүдсэн алдаа. Гэтэл одоо бид нийгмээрээ онгорхой, нээлттэй хоёрыг хольж хутгаад эхлэв. Үгийн баялаг ядуурч буйн жишээ энэ.

Friday, March 20, 2009

Хээрийн галуу


Хээрийн галуу нисээд хүрэхгүй газраас

Хүний хүү эрдэнэ өвөртлөн ирнэ.
Их Нацагдоржийн бичсэн шүлгийн мөр. Ижил утгатай үгийг Хятадын сонгодгуудын нэг нь хэлсэн байна гэсэн яриа ч сонсогддог. Тэр яахав. Бидний чихэнд дэндүү хоногшсон ойр үг. Эрдэнэ өвөртлөн гэхээр эрдэм гэсэн үг санаанд шууд буудаг. Эрдмийг молор эрдэнэтэй зүйрлэн хэлэх нь ч буй. Энэ бол бидний сэтгэлгээ.

Хэд хоногийн өмнө шувуу судлаач Цэвээнмядаг гуайтай ярьж суугаад ер нь хээрийн галуу гэж ямар галууг хэлж байна гэж асуув. Англиар бол bar-headed goose гэдгийг монголоор хээрийн галуу гэдэг ажээ. Энэ галуу бүр Гималайн цаадах чанадад Энэтхэг орж өвөлжөөд Монголд ирж зусдаг юм байна. Тэгэхээр эртний өвгөдийн хэлдэг Жагарын орныг зорьдог шувууд байжээ. Монголчууд эрт цагаас Жагар, Төвдийн орноос ном залсан улс. Нацагдорж зүгээр ч нэг хээрийн галуу гэж дуугараагүй ажээ.

Зургийг: http://www.harteman.nl/omnibus/anseriformes/geese/barheaded.html с авав.

Tuesday, April 10, 2007

Монгол хэлний тайлбар толийн сураг

Монгол хэлний дорвитой тайлбар толь бичиг сүүлийн 40-өөд жил гарсангүй. Я.Цэвэлийн ногоон толь 1960-аад онд гарснаас хойш тайлбар толийн сураг алдарчээ. Үндэсний хэлээ өвлөн эзэмшүүлэх, хамгаалах, бичгийн соёлын хэм хэмжээг хэвшүүлэхэд тайлбар толийн үүрэг асар их. Хэл гэдэг амьд организмтай адил өдөр өдрөөр шинэ үг нэмэгдэн, бас хорогдон хуучирч байдаг. Энэ нь жил бүр хэвлэгдэн гарах ёстой тайлбар толиноо тусан баяжин зузаарч хэлний түүхэн баримт болох учиртай. Гэтэл монгол хэл 40 орчим жил тайлбар толийн бараа харалгүй хэлний хөгжлийн түүхээ монгол хэлээр ярилцагч эзэдтэйгээ хуваалцсангүй нь нэн харамсалтай.

Зууны мэдээ сонины 2007 оны 3 сарын 30-ны дугаарын 11 дүгээр нүүрт “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” таван ботиор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс төсвийн санхүүжилтээр хэвлүүлэх тухай тус хүрээлэнгийн профессор Л.Балдангийн өгсөн ярилцлага (сурвалжлагч Д.Өрнөд) нийтлэгджээ. Уг ярилцлагаас тайлбар толь бичигдэж эхэлсэн он цагийг нь цойлдон жагсаавал,
“1981 оны 3 сарын 26: Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тайлбар толь хийх ажил эхлэв.

2005 оны 9 сарын 26: Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиож хэвлүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг буув.

2007 оны 3 сарын 30: Тайлбар толийг хэвлэлтэд бэлтгэж эхлэв. 80 мянган толгой үгтэй, холбоо хоршоо үгийг оруулбал 100 мянга гаруй үгтэй толь байх юм байна”

Хэвлэлтэд бэлтгэх шатандаа орчихсон бол ондоо багтан тайлбар толь та бидний гэрт залрах нь гэж горьдож болох нь. Өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад, өнгөрсөн 40 орчим жилд монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь яагаад хэвлэгдэж чадсангүй вэ?

That’s a question.

Улаанбаатар, 2007 оны 4 сарын 10