Friday, January 03, 2020

Тэтгэврийн зээлийг нэг удаа хүчингүй болгох тухай асуудлаар

Монголын төр жолоодлогогүй мэт болжээ. Ерөнхийлөгч ҮАБЗ-тэй хэлэлцэж, тэтгэврийн зээлийг нэг удаа хүчингүй болгох тухай зарламагц УИХ үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж эхэлсэн дүр зураг харагдав. Эдийн засаг, төсөв мөнгө, ард түмний өмч болох байгалийн баялгийн сантай холбоотой ийм амин чухал шийдвэрийг ҮАБЗ бус УИХ гаргах ёстой. Ерөнхийлөгч нэгэнт зарласан тул шийдвэрийг хуульчлах, ёсчлох, зөвтгөх ажлууд үргэлжлэв. Зарим улс төрчид ҮАБЗ, Сангийн яам ийм шийдвэрийг гаргах эрхтэй гэж мэтгэж байна. Парламентат ёс, хуулийн засаглалыг ингэж ойлгодог улс төрчид байгаа нь туйлын харамсалтай. 
Бидний өнөөгийн байдал Япон дэлхийн хоёрдугаар дайнд Америктай дайтахад хүрсэн түүхийг санагдуулна. Японы Квантуны арми Хятадын Жан Золинь генералыг галт тэргээр явахад нь бөмбөгдөж алаад, Дорнод Сибирь, хойд Хятадын төмөр замын аюулгүй байдлыг хангах нэрийн доор Манжуурт цэрэг оруулав. Нэгэнт цэрэг оруулчихсан, буруутныг өөрсдөө олоод "тогтоочихсон" бодит байдлыг Токио дахь Засгийн газар зөвшөөрөхөөс өөр аргагүй. Иймэрхүү арга барилаар ажиллаж амташсан Квантуны арми дараа дараа нь Марко Пологийн гүүрэн дээр, Халхын голд иймэрхүү байдлаар аашлан Токиогоор нэхэн зөвшөөрүүлсээр Япон улсыг том ялагдалд хүргэсэн байдаг юм. 
Ерөнхийлөгч, ҮАБЗ "Квантуны арми" шиг аашлаад эхэллээ. Монголын төрийг цаашид юу хүлээж байгаа бол?