Friday, October 08, 2010

Наран, Саран, Морин...

"Нар, сар, морь" Тийн ялгаллын нөхцөл залгангуут "нарны", "сарны", "морины" гэж нууц "н" гарч ирнэ. Хэлэнд бас ген гэдэг юм байдаг бололтой. Дундад зууны монгол хэлэнд бол "наран, саран, морин" байж. "Нар, сар, морь" болж бөгснөөсөө нүцгэрсэн нэр үг нөхцөл залгах болохоор жийрэглэх "н"-ийг эртний өвөг дээдсээсээ дуудан ирүүлж буй хэрэг. Та хэдэн нэр үгэнд "н" залгаад үзээрэй. Жишээ нь,

Амь-амины- амин
Нүд-нүдний- нүдэн...


Thursday, October 07, 2010

Нохой ирвэс

Гепард хэмээх дэлхий дээрх хамгийн хурдан хөлтэй муурын овгийн амьтныг монголчууд дээр үеэс үчимбэр, нолорвос гэж нэрлэж иржээ. Нолорвос гэдэг нэрийг дуулсан маань нэлээд хэдэн жилийн өмнө юм. Тухайн үед би Вашингтоны конвенцийн гарын авлага бэлдэх ажилд оролцож байлаа. Уг конвенцийн 1, 2-р хавсралтад монгол орноос бүртгэгдсэн амьтдын дэлгэрэнгүй танилцуулга, зураг, тэгээд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн биологийн төрөл зүйлийн жагсаалтыг баг, овог, төрөл, зүйл, зүйлхэнээр нь монгол хэлээр жагсаах гэсэн тэрүүхэндээ нүсэр ажил байсан юм. Төрийн талаас бидний хийх ажил гэж юу байхав, санхүүжилт, хэвлэлтийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэлээ. Амьтан, ургамал судлаач үндэсний эрдэмтэд маань энэ ажлыг гардсан юм. Тэгэхэд телевизийн дэлгэцээр бидний олонтаа харсан энэхүү гепард хэмээх ирвэсийг "нолорвос" гэж нэрлэдгийг анх олж мэдсэн юм даа.
- Яагаад нолорвос гэж нэрлэдэг юм бэ? гэж намайг асуухад, хөхтөн амьтан судлаач С.Дуламцэрэн гуай,
- Хүүхээ, монголчууд чинь энэ амьтныг эртнээс эзэн хааны ордонд гаршуулан тэжээж, анд ашигладаг байсан юм. Нохой шиг хүнд ээнэгшин дасаж, үнэнч зүтгэдэг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй мий болохоор нь "нохой ирвэс" гэж нэрлэж байгаад аяндаа энэ хоёр үг нийлж, эгшиг зохицох ёсоороо "нолорвос" болсон хэрэг л дээ гэж билээ.
Хожим дуулах нь ээ, үчимбэр нь мий овгийнхон дотроо муурын зарим нэг гол шинжийг өөртөө агуулдаггүйгээрээ анхаарал татдаг гэнэ. Тухайлбал, тэд модонд асдаггүй, хумсаа нуудаггүй агаад нохой шиг хүнд дасамтгай байдаг ажээ.

Их эзэнт гүрэн байгуулж явсан өвөг дээдэс маань аливааг их л нямбай нарийн ажигладаг байж дээ.


Thursday, April 15, 2010

Онгорхой, нээлттэй

Бичилгүй уджээ. Блогоор шагайв. Бичмээр бодогдлоо. Толгойд нэг жижиг асуудал эргэлдэнэ.

Эх хэлтэй минь холбоотой л доо. "Open" гэдэг үг моодонд оржээ. Дэлгүүр, ресторанд ийм бичигтэй зүүлт зөндөө байдаг. Монголоор тэгээд "нээлттэй" гэж бичих болж. Гэтэл англи хэлний энэ үг манайд орж ирэхээс өмнө "Дэлгүүр онгорхой байна" гэх мэтчилэн ярьж бичдэг байсан. Одоо бол "Нээлттэй байна" гэж ярих болж байх шиг. Open economy, open government, open-minded гэвэл "нээлттэй" гэж хадах нь зүйтэй байх л даа. Гэхдээ дэлгүүрийг хүртэл "нээлттэй" гээд байхдаа яахав дээ. Онгорхой чигээрээ явмаар юм.

Англи хэлэндээ ус цас, монгол хэлэндээ маруухан нэг монгол оюутан дипломын ажлаа "Онгорхой эдийн засаг" гэж нэрлээд бангадуулж байсан түүхийг сонсч байсан юм байна. Онгорхой, нээлттэй хоёрыг ялган хэрэглээгүйгээс үүдсэн алдаа. Гэтэл одоо бид нийгмээрээ онгорхой, нээлттэй хоёрыг хольж хутгаад эхлэв. Үгийн баялаг ядуурч буйн жишээ энэ.

Thursday, January 07, 2010

Өвөл цагийн бухимдал

Монголд сүүлийн хэдэн жил болоогүй хүйтэн өвөл болж байна. Зам талбай мөсөн гулгуур болов. Хотын захиргааны нөөцөлсөн зам дээр асгадаг давс, бодис нь дууссан бололтой. Эсхүл цаасан дээр нөөцөлсөн ч байж мэдэх юм. Хэвлэл мэдээллийнхэн сайн ухаж төнхөх хэрэгтэй байна даа. Зүгээр л өнгөцхөн мэдээлж байна. Хальтарч яваа хүн, тоормосоо гишгэн мөсөн дээр тэшиж яваа жийп, ар араасаа мөргөлдсөн машины цувааг гаргаад л шүүмжлээд л зогсоод байх юм. Цаасан дээр нөөцөлсөн юм уу, бодитойгоор тэр давс мавс нь байгаа юм уу үгүй юм уу, хэдэн төгрөгөөр хаанаас ямар журмаар худалдан авч, хаана хадгалаад байгааг тодорхой гаргаж тавих хэрэгтэй байна л даа.

Нөхөөстэй гэрийн орны хөндийд идэр есийн жавар тасхийдэг цагаар эрчим хүчний үнийг тавхийтэл нь хээвнэг нэмж орхилоо. Урьд нь бол айраг цагаа, найр наадам, лагерь зуслантай зууралдах цагаар үнийн зохицуулалт хийдэгсэн. Одоо бол өдрийнхөө түлшийг арай ядан олж, цахилгааны хүчинд шүтэж, өвлийг бардаг ядарсан иргэдийг идэр есийн хүйтэнд шууд л нугасалж орхив. Эрчим хүчний салбарын дээдчүүл том орд харш бариулж, хагартлаа баяжсан тухай сонины мэдээ нэлээд хэдэн сарын өмнө гарч байсан. Энэ салбарт эд хөрөнгийн буруу, үргүй зарцуулалт байгаа юм биш байгаа.

Шинэ жилээр зурагтын олон суваг чинээлэг давхаргын гэр орон, шинэ жилийн мэндчилгээг залхтал дамжуулж онигоотов. Хэндээ үйлчилж буй хэвлэл мэдээлэл вэ? Гэх мэтээр бухимдуулах үзэгдэл байсаар л байна. 2010 он нийгэм эрүүлжих, нийтийн сайн сайхан бүрэлдэх он болох болтугай. Би ч зүтгэе, та ч зүтгэ.