Monday, April 23, 2007

Хаяагаа тэлэхэд учир бий


Улаанбаатарт барилгын буум болж байна. Үүнийг манай сэтгүүлчид хаяагаа тэлнэ гэж уулга алддаг байх аа. Хаяагаа тэлэхэд учир, баримтлах этик гэж бас байна. Хаяа хатгаж буй тал нь хөршөө хүндэтгэх нь хүний ёс.

Зураг дээр байгаа барилгыг нийслэлийн 10 дугаар хорооллын 23, 25 дугаар байрны үүдэнд хаяа хатган барьж буй юм. Барилга барьж буй компани нь Эко констракшн гэсэн. Эко гэдэг нэрийг орчиндоо ээлтэй гэсэн утгаар өгсөн байлгүй. 10 дугаар хорооллын үерийн далангийн чанх доор барилга хатгаж, эсрэг талын 23 дугаар байрыг бүрэн сүүдэрлэжээ. Сүүдэрлэх байтугай хоёр байрны оршин суугчид усанд ороод гараад ирэхээрээ нүцгэн биенээ халз ширтэлцмээр болчихож. Энэ ч дүүрч. Газар олгосон авсан улсуудын хийсэн балаг биз. Дээр нь бас Эко констракшн компани барилгын хашааны гадаа фундамент ухсан шороо, хаягдал тоосго, үнс нурмаа чулуудан овоолов. Зам хаасан үнсэн нурам, шороон нуруу салхины аясаар босч, сүлжин давхих машины дугуйнд агаарт дэгдэнэ. Ойр орчны оршин суугчдыг ийнхүү доромжилж, чадаж байгаа юманд арга байхгүй гэдгээ үзүүлж байна гэх үү дээ.

Нэг иймэрхүү байдлаар барилга босгож байна даа. "Би болж байвал бусад нь хамаагүй, би чадаж буй зүйлээрээ чамайг хорлоно. Миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдахгүй". Ийм зүй тогтол энд үйлчлэн байна.


Friday, April 20, 2007

Ахуйн соёл

Хотын гудамж эрээвэр хураавар. Явган хүний замаар хүн машин хөвөрч, машин замаар хүн машин мөн л сүлжилдэнэ. Идэш хайсан золбин нохой хаа саагүй шогшино. Нохойн баас шороо цементэн дээр хөглөрч, байшингийн булан морь харагч эрчүүдээр үл тасарна. Хавар цагийн тоос, барилгын тоосго чулуу, үнс хог, гялгар уут хөл доор хөглөрнө. Машины цонхоор хог чулуудах ээж хүү хоёр, нус цэрээ хээ шаагүй хаялах ганган охид- Бидний ахуйн соёл биднээс алслан оджээ.

Tuesday, April 17, 2007

Мухар

Улаанбаатарыг нэг үгээр илэрхийл гэвэл “Мухар” гэдэг үг санаанд бууж байна.Цааш гарцгүй болж, эргэн буцахаас өөр замгүй болохыг “мухар” гэдэг. Мухар дээр “й” нэмэхэд “муйхар” болно.

Улаанбаатарын гудамжинд иймэрхүү муйхар мухрууд зөндөө. Аль нэгэн байрны үүдээр гарсан машин болон явган хүний замыг хөөгөөд явбал хэн нэгний гараж, эсхүл ямар нэг байшин, банзан хашаа, өндөр хог, асгаад хаясан шороон нуруу, ангайлгаж орхисон ангал нүхэнд тулна. Зам нь замаа залгаж, төв замд хүрэх учиртай уг нь бол.

Хот төлөвлөлтийн үндсэн зарчимд гудамж, гудамнууд мухаргүй байхыг хамгийн түрүүнд бодолцох ёстой байлтай. Гал, түргэний машин дохио тавин төв замаар давхивч ахиад л нөгөө мухарт баригдана.

Муйхарлан мухар үүсгээд байгаа Улаанбаатарын газар олголтын асуудлыг дорвитойхон дэлгэж тавихсан. Улаанбаатарын мухар гудмууд төрийнхөн болон төр бусчуудын авилгал өгөлцөж авалцсаны ул мөр болон үлдсээр л.

Tuesday, April 10, 2007

Нисдэг авс, галзуу хулгана, золбин шар

Нисдэг авс, галзуу хулгана гэдэг нь хүн тээврийн микроавтобуснууд, золбин шар гэдэг нь такси. Та бидний өдөр тутмын унаа. Аа бас төв замын түрэмгий улаан гэж том оврын автобусыг ёжилно. Улаанбаатарын зам дээр цагдаа угжаа /шүгэл/ хөхөн зогсоод л. Япон, Солонгосын сэконд хайнд машинууд зам түгжин км илүү могойн цуваа үүсгээд л. Дээхэн үед очер гэж аймаар юм байлаа одоо бол түгжрэл гэж цаг, мэдрэл идсэн бухимдал нийгэмд оршин байна.

Замын түгжрэл гэдэг ухагдахуун Монголд алга байв. 1980-аад оны үеийн Улаанбаатарын агаар дээрээс авсан зурагт баруун дөрвөн замаас их дэлгүүрийн үүд хүртэл төв зам дээр 14 объект дуранд өртсөн байдаг, үүнээс 2-нь ердийн хөсөг байсан гэх яриаг дуулж байв. Үнэний ор бий байх. Хүнгүй зэрлэг талд машин мотоцикл хамраараа яйран болтлоо мөргөлдөж, зам дээр хүүхдүүдийг бөмбөг өшиглөж болохгүй гэж Замын цагдаагийн Пионер ах мэдээлдэг л цаг үе байлаа.

1990-ээд оны эхэн үед автобус хүрэлцэхгүй болж зорчигчид нь автобусаа даган шогшдог байлаа. Буудал дээрээ зогсдоггүй ардаг адуу шиг автобуснууд нийгмийн бухимдал үүсгэж, тухайн үеийн зам тээврийн сайд Сандалхан олон ч хүний хараал идсэн дээ, хөөрхий. Автобусанд зорчигч суулгахыг “ачих”, буулгахыг “асгах” гэсэн жаргон энэ үед л гарсан. Автобус хүрэлцэхээ болиод Япон улсын буцалтгүй тусламжаар Хиногийн автобусыг олноор оруулсан нь 1993 он.

Одоо бол хувийн тэрэгтэй болсон Улаанбаатарчууд автобус троллейбусыг ад үзэн, зам дээрээс зайлуулахыг хүсэх болж. Зам зассангүй, түгжрэлээ янзалсангүй гэж Батбаяр засаг дарга, Цэнгэл сайд хоёр олны бухимдлын бай болжээ. Ахиад л Японы тусламжаар зам засаад өгөөч ээ гэсэн гуйлт гадаад зээл тусламжийн бодлогын үндсэн аспект болоод буй.
Цаг хугацаа өөрчлөгднөө гэж. Саналын эрхтэй сонгогч нарын хэрэгцээгээр бодлого хувирдаг цаг. Харин бидний гаднаас гуйх тогтолцоо хувирсангүй.

Улаанбаатар, 2007 оны 4 сарын 10

Монгол хэлний тайлбар толийн сураг

Монгол хэлний дорвитой тайлбар толь бичиг сүүлийн 40-өөд жил гарсангүй. Я.Цэвэлийн ногоон толь 1960-аад онд гарснаас хойш тайлбар толийн сураг алдарчээ. Үндэсний хэлээ өвлөн эзэмшүүлэх, хамгаалах, бичгийн соёлын хэм хэмжээг хэвшүүлэхэд тайлбар толийн үүрэг асар их. Хэл гэдэг амьд организмтай адил өдөр өдрөөр шинэ үг нэмэгдэн, бас хорогдон хуучирч байдаг. Энэ нь жил бүр хэвлэгдэн гарах ёстой тайлбар толиноо тусан баяжин зузаарч хэлний түүхэн баримт болох учиртай. Гэтэл монгол хэл 40 орчим жил тайлбар толийн бараа харалгүй хэлний хөгжлийн түүхээ монгол хэлээр ярилцагч эзэдтэйгээ хуваалцсангүй нь нэн харамсалтай.

Зууны мэдээ сонины 2007 оны 3 сарын 30-ны дугаарын 11 дүгээр нүүрт “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” таван ботиор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс төсвийн санхүүжилтээр хэвлүүлэх тухай тус хүрээлэнгийн профессор Л.Балдангийн өгсөн ярилцлага (сурвалжлагч Д.Өрнөд) нийтлэгджээ. Уг ярилцлагаас тайлбар толь бичигдэж эхэлсэн он цагийг нь цойлдон жагсаавал,
“1981 оны 3 сарын 26: Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тайлбар толь хийх ажил эхлэв.

2005 оны 9 сарын 26: Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиож хэвлүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг буув.

2007 оны 3 сарын 30: Тайлбар толийг хэвлэлтэд бэлтгэж эхлэв. 80 мянган толгой үгтэй, холбоо хоршоо үгийг оруулбал 100 мянга гаруй үгтэй толь байх юм байна”

Хэвлэлтэд бэлтгэх шатандаа орчихсон бол ондоо багтан тайлбар толь та бидний гэрт залрах нь гэж горьдож болох нь. Өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад, өнгөрсөн 40 орчим жилд монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь яагаад хэвлэгдэж чадсангүй вэ?

That’s a question.

Улаанбаатар, 2007 оны 4 сарын 10

Кастын нийгэм Монголд

Намайг бага байхад Эртний дэлхий дахины түүхийн хичээл дээр Энэтхэгийн
боолын нийгмийн тухай зааж байсан юм. Энэтхэгт Каста нэртэй нийгмийн гарал үүслээр нь хүнийг ялгаварлан гадуурхах систем байдаг. Брахман гэдэг хамгийн агуу бурхны тэргүүн, энгэр, мутар, өлмий зэргээс энэтхэгчүүд мэндэлсэн ба тэргүүнээс нь сурвалжтангууд, энгэрээс дундчууд, өлмийнөөс нь боолууд гарсан.Тиймээс сурвалжтан нь үеийн үед сурвалжтан, боол нь үе дамжин боол байдаг нийгэм. Каста нь маш нарийн олон давхаргад хуваагдсан байдаг энэ тэр гээд заалгаж байсан юм.

Монголчуудыг нүүдэлчин гаралтай, хүмүүс хоорондын харилцаа зиндаа заах заншилгүй, догматик бус гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл УБ-т байгаа бодит амьдрал арай л өөр юм. Гар утас машингүй бол хүн биш. Бензин бага иддэг хямд машин унаж, төсөр үнэтэй гар утас барьсан бол дундчуудаас доогуурт тооцогддог. Гар утасны номер дотор бас олон зиндаа байнаа. 9911-тэй утас барьсан хүн бол босс, эсхүл боломжийн мөнгөтэй, жийп унасан бол унаатай хүнд тооцогдох жишээтэй.

Жийп унасан, жин нэмсэн, 9911-тэй утас барьсан шинэ үеийн монголчууд манай нийгмийн өнгө төрх болж байгаа бололтой. Кастын нийгэм бидний хаяанд байна.

Улаанбаатар 2007 оны 4 сарын 7

Ардчиллын өдөр болж байна

Ардчиллын өдөр жил бүрийн 12 сарын 6 нд болдог байсан. Энэ жилээс Ардчилал сонины ойтой давхцуулан 4 сарын 7 -нд уг өдрийг тэмдэглэдэг болж буй гэх юм. 12 сарын дүн өвлийн хүйтэнд Ардчиллын өдрийг тэмдэглэснээс хавар цаг уруу хойш татсан нь мэдээж олон талаараа ашигтай байж таарна. Энэ өдөр Ерөнхий сайд Энхболд хэвлэл мэдээллийнхэнтэй Тэрэлжид өдөрлөг зохион байгуулж буй сурагтай. Ардчиллын өдрийн хэдэн гэрүүд сэтгүүлч сурвалжлагчаар шавуулахгүй амар ч юм уу.

Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын ухаа хонгор морьтой хөшөө, Чингис хааны сүрлэг хөшөөнөөс гадна есөн өрлөг, хөлөг баатруудынх нь дөрвөн хөшөө байна. Тэгэхээр нэг талбай дээр 6 хөшөө баригджээ. Дээр нь бас АН-ын туг намирсан гэрүүд. Хуурайшилттай цагийн сул шороо агаарт бургин, үүлгүй тэнгэрт хаврын бүлээн нар жанжны талбайг төөнөн байна. Харих замдаа талбайгаар дайран сонирхох санаатай сууна.

Улаанбаатар 2007 оны 4 сарын 7