Monday, July 31, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь-1

Түүх давтагддаг гэж ярьдаг. Эртний Ром Грекийн хот улсуудын талаар уншиж суутал нэгэн сонин түүх гараад ирэх нь тэр. Уг нь арван жилд байхад ерөнхий рамыг нь Эртний дэлхий дахины түүхийн хичээл дээр үздэг л дээ. Гэхдээ тухайн үед нарийн ширийн ухаагүйн дээр эдүгээ толгой дотор бүүр түүр бүрэлзэхээс цаашгүй болсон ой ухааныг Шионо Нанами хэмээх Япон судлаач зохиолчийн “Ромчуудын түүх” гэдэг ном сэргээн баяжуулж өгөв. За ингээд яриандаа оръё.
Энэ удаад Фемистокл хэмээх Грек эрийг уншигч тантай хамт хэсэг дагая. МЭӨ 5 дугаар зуунд болсон Грек Персийн дайны үеэр Грекийн хот улсуудын холбооны цэргийг удирдаж ялалт байгуулсан Афины жанжин. Энэ дайн нь Газар дундын тэнгист ноёрхлоо тогтоох гэсэн эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил хийгээд тухайн үеийн Ази, Европын соёл иргэншлийн томоохон мөргөлдөөнөөс үүдсэн байдаг .
Грек Персийн анхны тулалдаан Марафоны талд болох үеэр Грекчүүд хүчээ нэгтгэж чадалгүй Грекийн гол хот улс болох Афин бараг дангаараа тулалдаж, Афинчууд ялдаг. Фемистоклын алдар энэ үеэс эхлэн түүхийн тавцнаа тодорно. Фемистокл Персийн цэрэг дахин довтлон ирэхээс өмнө Афины батлан хамгаалах хүч, нэн ялангуяа тэнгисийн цэргийн хүчийг зузаатгахыг уриалжээ. Харин түүний улс төрийн хүчтэй өрсөлдөгч Аристид эсэргүүцнэ. Тухайн үед Грект хотын иргэдийн санал хураалтаар эрх баригч нэгнийг улс төрийн тавцангаас буулгаж, Афинаас 10 жилийн хугацаагаар хөөдөг тогтолцоо байж. Фемистокл энэ санал хураалтад Аристидийг оруулж, Афинаас хөөснөөр гол өрсөлдөгчөө замаасаа зайлуулна. Үүний дараа Фемистокл хамгийн түрүүнд уурхай олборлолтын орлогыг иргэдэд хуваан олгодгийг болиулж, улсын хөмрөгт төвлөрүүлэн байлдааны усан онгоцонд зарцуулснаар жил хүрэхгүй хугацаанд Афины тэнгисийн цэрэг хүчирхэгжин орчин үежжээ. Марафоны тулалдаанаас 10 жилийн дараа буюу МЭӨ 480 онд Персийн Ксеркс хаан 300 мянган перс цэрэг, 1000 онгоцтойгоор дайрав. Эв түнжин муутай Грекийн хот улсууд энэ удаа хүчээ нэгтгэж, Афины ардчиллыг үзэн яддаг цэргийн дарангуйлалт Спарта хүртэл Персийн түрэмгийллийг эсэргүүцэн босчээ. Грекийн холбоотны цэргийн стратегийг Фемистокл боловсруулав.

Thursday, July 06, 2006

Наадам тоссон торгон агшин

2006 оны наадам дөхөөд манайд хонь, ямааны үнэ суга өсч байгаа тухай мэдээ дуулдав. Тарган хонь бол жар орчим мянга, ямаа дөч орчим мянган төгрөг байгаа ажээ. Энэ жил ялангуяа тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаад гадна дотно, хот хөдөөгийн зочид гээд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн том баяр болох шинжтэй. Жилдээ ганц болдог наадам дөхөхөөр тэнгэр хүртэл хураа хайрлаж, хүн малын зоо тэнийн, ногооны анхилам үнэрт Монгол орон маань бялхана. Хүн бүр билэг дэмбэрлийн сайхан үг ам амандаа хэлэлцэж, уур хилэн, уцаар бухимдлаа түрхэн ч болов мартдаг үе.
Яг энэ үеийг угтаад УИХ-р олон чухал хуулиуд батлагдан гарч, нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж ирсэн туршлага их харагддаг. Хаврын чуулганы хаалт дөхөөд ирдэг болохоор арга ч үгүй юм уу даа. Тухайлбал, энэ жил татварын багц хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, татварын нэг шатлалтай тогтолцоонд шилжихээр хэд хоногийн өмнө УИХ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдаадхав. Нийгэм тэр аяараа зуны дэлгэр цагийн өнгө аяст уярч, ажлаа мартаганаж, алжаалаа тайлан, айраг боодог хөөцөлдөх цагаар улс төрчид бидний амьдралтай нягт холбоотой тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг ийнхүү “ар хударгаар” шийдлээ гээд хэлчихэд бараг л дэгсдэхгүй болов уу. Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтүүдийг ер нь амьдралд нийцсэн, хувийн хэвшилд очиж буй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх зүйл гэж сайн талаас нь үнэлэх нэгэн байхад нийгмийн халамжийн систем, төсөв бүрдүүлэлт, орлогын дахин хуваарилалтын тал дээр санаа зовинох хүмүүс ч байх. Татварын тогтолцоог өөрчлөөд хаячихсан энэ том өөрчлөлт наадмын өмнөх ажин түжин байдал дунд чимээгүйхэн гулссаар төрөлтийн онцын хүндрэлгүй Монголын газар шорооноо мэндлэх нь дээ. Эх барьж буй УИХ-ын гишүүд дотор 2004 онд бөөн бөөнөөрөө сонгогдсон манай үндэсний бизнесменүүд олон бий. Улс төр бол нийгэмд оршин буй ашиг сонирхлын бүлгүүдийн хүчний харьцаан дээр оршино гэсэн үзлийн үүднээс харах юм бол дэндүү гэмээр мэдээжийн л үр дүн.
Монголд өвөл хавар намар улс төр буцалдаг гэж их ярьдаг. Зуны амралтаа дуусгасан НИЙГЭМ намар болохоор ТӨРИЙН эсрэг дайрч эхэлнэ. Тэгээд өвөл бухимдлаа хурааж байгаад хавар нь зад жагсана. Гэтэл харамсалтай галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн байдаг. Хамгийн чухал тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд чухамдаа зун, зун зундаа наадмын налгар өдрүүд эхлэх торгон агшинд шийдэгдээд та биднийг намар сэхээ орохыг хүлээгээд сууж байдаг нь үүний тодорхой баталгаа. Наадам тоссон торгон агшин манай улс төрийн нүүр царай...