Monday, July 30, 2007

Мань эр баригдчихжээ.

Дунд сургуульд байхад акт бичүүлчхээд хичээлээ таслах тохиолдол байдаг байлаа. Тэгээд баригдчихвал...

Их аварга Дагвадорж зүүн тохой, нурууны ясны хугаралттай гэсэн онош тогтоолгон зуны жюнгёод /сумогийн үзүүлэх тоглолт/ оролцохгүй гэж Сумогийн холбооноос чөлөө авсан байж л дээ. Гэтэл мань нөхөр сая ирэхдээ Монголд ирж амарч байсан хөл бөмбөгийн од агсан Наката Хидэтошитэй бөмбөг өшиглөж байгаад япончуудад баригдчихаж. Монголын телевиз, сонингоор нэг Накататай хамт хөл бөмбөг тоглож байгаа Асашёорюүг гаргасан хэрэг л дээ. “Яс хугаран хэвтэрт орох шахуу болсон” аварга эр хүн нүүр дүүрэн инээчихсэн хөл бөмбөгийн талбайд үзэж тарахыг хорвоогоор нэг цацаж орхижээ. Яах ч аргагүй факт.

Их аварга маань өнөөдөр Японд буцаж очингуутаа Сумогийн холбооны ерөнхийлөгчөөс уучлал гуйсан байна. 8 сарын 1-нд тус холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Их аваргыг Такасаго ояката багштай нь хамт донгодохоор болжээ.

“Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг“гэдэг байх аа. Нууц товчоонд нэг ийм үг байдаг санагдаад хальт хайтал гарч ирдэггүй. Эрхэм уншигч олчихвол коммент үлдээгээрэй.

Зургийг Майничи сонин 2007 оны 7 дугаар сар 30


Tuesday, July 03, 2007

Орхоны хөндийгөөс Хэрлэн тэгээд Туул

Зун цаг хөдөөгүүр явах ажил их гарч байна аа. Интернэт шагайх цаггүй болж байгаа нь жаахан тиймхэн. Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ. Сайн хүн болох гэж аяны богцоо задалнаа. Тэгээд суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг Монголын түүх соёл, байгалийн онцлогийг сонирхдог хүнд санал болгочихмоор нэг маршруттай болоод авлаа.

УБ- Хархорин - Эрдэнэ зуу- Хөшөө цайдам-Өгий нуур-Хар бухын балгас гээд хоёр өдрийн дотор машинаар тойрч болж байна. Хархорин, Эрдэнэ зуу ч яахав ойлгомжтой. Харин Эрдэнэ зуугаас 30-аад км чанх хойш давхиад Хөшөө цайдам дахь Билгэ хаан болоод Кюльтэгиний гэрэлт хөшөөг сонирхвол зүгээр. Эдүгээ Туркын Засгийн газрын хамтын ажиллагаагаар эдгээр хөшөөг бороо салхинаас хамгаалах байшин барьж, Түрэгийн үеийн чулуун дурсгалыг хамгаалах ажил ид явагдаж байгаа юм байна. Энэ найман сард гэхэд эдгээр ажил бараг хийгдэж дуусна гэж дууллаа.

Хөшөө цайдамаас хойшоо 20 илүү км давхиад талын үзэсгэлэнт цэнхэр нуур Өгий дээр очно. Энэ нуур ховордсон нүүдлийн шувуу ирж үрждэгээрээ дэлхийн хэмжээнд алдартай агаад тэр ч утгаараа Рамсарын конвенцид бүртгэгдсэн олон улсын ач холбогдолтой уст намгархаг газар болно. Эндээс зүүн хойш гарч давхиад Булган аймгийн Дашинчлэн сумын нутагт ороход 10-р зууны үеийн Киданы нийслэл байсан Хар бухын балгасыг үзэж болно. Хар бухын балгас дүнсийн байгаа энэ тал Киданы үед усаар арвин, хичнээн сайхан тал байсан бол. Цогт хунтайжийн цагаан байшингийн туурь эндээс бас холгүй.

Монголын өндөрлөг тал эрт цагаас нүүдэлчдийн өлгий болсон нутаг. Монгол аймаг хүчирхэгжин, Чингис хаан Хэрлэнгийн хөвөөнөө мэндлэх хүртэл Орхон голын хөндийд Түрэг, Кидан зэрэг нүүдэлчид төр улсаа байгуулж ирж. Чингисийн үед Хэрлэн Ононгийн бэлчир газарт төр улсын төв шилжиж, түүний дараа Өгөдэй хааны үеэс Орхон голд эргэн төвлөрч, 17 дугаар зуунаас Туулын бэлчирт ирж эдүгээгийн Улаанбаатартай золгосон гэж үзэж болох болов уу. Орхоны хөндийгөөс Хэрлэн тэгээд Туул. Голоо дагаж ирсэн хөгжил. Ус элбэгтэй газарт хөгжил, төвлөрөл явагддаг гэж ярьдаг.

Монголд үзэх газар юутай их. Аргагүй л агуу уудам юм даа. Морьтой болоод завтайсан бол.