Saturday, February 25, 2012

Могол угсаатныг сурвалжилсан нь

Миний бие "Могол угсаатныг сурвалжилсан нь" номыг орчуулан 2011 онд хэвлүүлэхдээ доорх үгийг бичсэн билээ. Сүүлийн үед хүмүүс уг номыг сонирхон уншиж, санал бодлоо илэрхийлэх болсонд мөхөс орчуулагч би туйлын баяртай байна.


ОРЧУУЛАГЧИЙН ҮГ

Японы нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Үмэсао Тадаогийн анхны бүтээлийн нэг болох “Могол угсаатныг сурвалжилсан нь” хэмээх аян замын тэмдэглэлийг уншигч танд толилуулж буйдаа баяртай байна. Ойрхи Дорнодоос Зүүн Ази хүртэл сунасан Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрт монгол цэрэг суурьшиж, тухайн газар оронд дэг журам тогтоон төрийн эрхийг атгасан найман зууны түүхийн улбаа өнөөдөр ч үлдэн хоцорчээ. Үүний нэг жишээ нь, Афганистанд байгаа моголчууд юм. Тэд Чингис хаан, Хүлэг хаан, Цагаадайн Монголын тал нутгаас дагуулж аваачсан их цэргийн үр удам болно. Зохиогч 1955 онд Киотогийн их сургуулийн эрдэмтдийн багт багтан, Афганистаны Горат, Херат нутгаар аялж, дундад зууны монгол хэлний нэг болох могол хэл болоод моголчуудын ахуй амьдралын судалгааг хийсэн тухайгаа энэхүү номонд өгүүлжээ. Өнөөгийн монгол бичигт ул мөрөө үлдээсэн дундад зууны монгол хэлний онцлогийг хадгалсан могол хэлээр ярилцдаг цөөхөн ч гэсэн могол хүмүүс 1955 он гэхэд байсан тухай уншигч та энэ номноос олж мэдэх болно.

Афганистанд моголчуудаас гадна бидэнтэй адил царай зүстэй хазара хэмээх үндэстэн суудаг. Тэдний ярилцдаг перс хэлний нэг аялгуу болох фарси хэлнээ олон монгол үг байдаг, хазара нар өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг, Афганистаны голлох үндэстэн болох паштунууд тэднийг олон зууны турш харь хүмүүс хэмээн ялган гадуурхаж ирсэн зэргээс харахад бидэнтэй элэг нэгтэн байх сэжүүр нэлээд байгаа юм. Гэхдээ хазара нарын гарал үүслийн талаар одоо ч маргаантай хэвээр. Зарим судлаачид тэднийг Македоний Александрын байлдан дагуулалтын үед Афганистанд ирж суурьшсан гэдэг байхад зарим нь Бамияны хөндийд манай эриний 1-р зуунд Буддын шашинтны гүрэн байгуулсан Кушаны эзэнт улстай холбодог, зарим нь Чингис, Цагаадай, Хүлэг хааны их цэргийн үр удам хэмээнэ. Харин Афганистаны Горат, Херат нутгаар төвлөрөн суугаа моголчууд могол хэлээр ярьдаг нь эдүгээ ч анхаарал татаж байгаа хийгээд тэднийг монгол гаралтай гэдэгтэй эрдэмтэд санал нэгддэг ажээ.[1]

Түүхэн баримтаас жишээ татъя. “Монголын нууц товчоо”-ны 259-д “...Чингис хаан Бала-г хүлцэн, Алтан горхины нуруун, Султаны зусланд зусч, Толуйд элчин илгээв. “Он халуун болов. Бусад цэргүүд буув зэ. Чи бидэнд нийл!” хэмээж илгээвээс, Толуй, Ирү, Нисабур тэргүүтэн балгадыг авч, Систан балгасыг эвдэж, Чухчэрэн балгасыг эвдэн бүхүйд элчин энэ хэл хүргэвээс, Толуй Чухчэрэн балгасыг эвдээд, харин бууж ирээд, Чингис хаанд нийлэв” [2]гэж дурджээ. Толуй эдгээр балгадыг эвдсэн нь 1221 он бөгөөд Ирү гэдэг нь бидний номонд олонтаа дурдагдах Херат, Чухчэрэн гэдэг нь моголчуудын суугуул нутаг Хератын өмнүүр урсах Хари Рүд голыг хэлж буй хэмээн нууц товчоо судлаач эрдэмтэн И.Рашвилц гуай тайлбарлажээ.[3]

Үмэсао Тадаогийн судалгаанаас хойш 55 жил өнгөрлөө. Тайварагийн ойролцоох Хари Рүд голын дагуу тархан суурьшсан моголчууд өнөөдөр яажшуухан аж төрж байгаа бол? Тэд эх хэлээ хэдийн гээгээд могол хэмээх хэл мөхөж устсан болов уу? Эсвэл энэ номонд дурдсан могол хэлээр чөлөөтэй ярьдаг цөөн хүмүүсийн үр ач нь хэл соёлоо хадгалан үлдсэн үү?

Судалгааны багийн цуглуулсан могол хэлний соронзон хальсны бичлэг Японд хадгалагдсан нь дамжиггүй. Их эрдэмтний үүсгэн байгуулсан Осакагийн угсаатны зүйн музей, эсвэл Киотогийн Их Сургуулийн архивт байгаа биз ээ гэж таамаглана. Үмэсао Тадао нарын экспедицийн үеэр олдсон могол хэлний тайлбар толийг холбогдох судалгаа тайлбарын хамт 1961 онд “Зирнигийн гар бичмэл”[4] хэмээх нэрээр хэвлүүлсэн агаад үүний ганц нэг хуудаснаас уншигч танд сонирхуулах зорилгоор уг номын ард хуулбарлан хавсаргав. Одоо ч бидэнд ойлгогдох монгол үгийг Афганистаны уулын мухраас түүснийг уншигч авгай олж харах болов уу. Мөн тус гар бичмэлийн хэвлэлд зориулж, нэрт монголч эрдэмтэн Н.Поппе хэл шинжлэлийн үүднээс шүүмж бичсэнийг бүрэн эхээр нь орчуулж, номын ард орууллаа. Мэргэжлийн хүрээний судалгаанд бага ч гэсэн хувь нэмэр болох болов уу гэж найдна.

Энэхүү номыг орчуулж, олны хүртээл болгоход туслалцаа үзүүлсэн анд Д.Сайнбаяр, монгол орчуулгын алдаа мадгийг хянан шүүж, Зирнигийн гар бичмэл болон холбогдох судалгааны материалыг олж өгөн үнэтэй зөвлөгөө харамгүй хайрласан Ш.Чоймаа багш, хэвлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ орчуулгын талаар санал бодлоо хайрласан анд П.Баярмагнай болоод Цахим өртөө сүлжээний хамт олонд гүн талархал илэрхийлье.

Эсгий туургатан монголчуудыг тэнгэр ивээг!

Бэсүд П.Наранбаяр



[1] Sayed Askar Mousavi, The Hazaras of Afghanistan – An Historical, Cultural, Economic and Political Study, Curzon Press, Great Britain,1998-ийг үзнэ үү.

[2] Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал “Монголын нууц товчоо”, Улаанбаатар, 2006 он. Шинээр хөрвүүлэн буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа

[3] Rachewiltz.I, The Secret History of the Mongols- a Mongolian epic chronicle of the 13th century, vol2, Brill Leiden-Boston, 2004, p948

[4] Shinobu Iwamura, Natsuki Osada, Tadashi Yamasaki, The Zirni Manuscript - a Persian Mongolian glossary and grammar, Kyoto Japan, 1961-ийг үзнэ үү.

Saturday, September 24, 2011

Догма

Хууль шүүрдэх гэдэг ажил эхлээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй 460 гаруй хууль хоорондоо давхцсан, зөрчилдсөн, зарим талаараа хийдсэн болохоор цэгцлэх санаатай төрийн байгууллагуудын хүрээнд эхлүүлсэн ажил л даа. Явц нь ч тийм муугүй. Зарим нэг хууль дээр хийсэн задлан шинжилгээг харахад ийм бодол төрсөн.
Гэхдээ
улиг болсон загварт автсан сэтгэлгээг манай хуулиудыг уншихад хэнбугай ч мэдрэх буй за. Доорх догма загварыг бид бүгдээрээ л мэднэ дээ.
  • Хуулийн зорилго (Энэ ч яахав дэлхийн аль ч хуулинд байдаг. Мэдээжийн байх ёстой зүйл)
  • Ёс юм шиг "Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй энэхүү хууль зөрчилдвөл олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэсэн заалт орж ирнэ. Энэ заалтыг уншихаар уур хүрээд явчихдаг юм. Хоёр шалтгаантай юм. Нэгдүгээрт, ер нь олон улсын гэрээтэйгээ зөрчилдөх юм хийсэн юм бол яах гэж энэ хуулийг гаргадаг байна аа. Дотоодын болон олон улсын эрх зүйн үүднээс хуулиа сайтар боловсруулаагүй байгаагаа ил тод зарлаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, дотоодын хуулиа шууд л доош нь хийж байгаа гэсэн үг. Нарийндаа яривал "Үндэстэн- Улс" гэсэн зарчмын асуудлыг бид хэрхэн авч үзэж байгаагаа нэг бодох цаг болсныг харуулж байгаа юм.
  • Тэгээд л төр, УИХ, Засгийн газар, Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Засаг дарга, ИТХ, төрийн захиргааны төв байгууллага (яам), төрийн захиргааны байгууллага (агентлаг), ТӨУҮГ, ТББ, ААН, Иргэн гээд бүх субьектуудэд эрх, үүргийг хуваарилж гарна даа. Бараг бүх хуулинд шүү. Ингэхээр хоорондоо ижил баахан хууль гарч, өнөөх давхцал чинь гараад ирж байгаа юм.
  • Эрх, үүргийг ч гэсэн хольж бичнэ. "Бүрэн эрх" гэж байгаад л жагсаана даа.
  • УИХ, ИТХ-уудын Үндсэн хууль, холбогдох гол хуулиудад - жишээ нь ЗЗНДНТУТХ гм - нэгэнт заачихсан байгаа эрх үүргүүдийг эцэс төгсгөлгүй задалж, нуршина. Угтаа бол эдгээр байгууллагууд төсөв, бодлогыг баталдаг л газар шүү дээ.
  • Тэгээд Засаг дарга, яам, агентлагаар нь хуваарилж эхэлнэ. Гэтэл эдгээр нь ч гэсэн Засгийн газрын тухай хууль, ЗЗНДНТУХ, Яамд болоод агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль гм гол хуулиудад нэгэнт заасан байдаг. Угтаа бол эдгээр байгууллагууд нь төсөв, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх л байгууллагууд шүү дээ.
  • Нэр томъёог нэг цэгцэлмээр. Central Government, Local Government, Intergovernmental relations, State, Cabinet гэх мэт үгнүүд хуулийн хүрээнд хоорондоо ихээхэн холилдсон байдалтай, хэт нуршуу, эсхүл андуурмаар байгаад байгаа юм.

Thursday, September 15, 2011

Зүг чиг

Токио бол нүсэр хот. Цахилгаан тэрэгний буудал хооронд олны давалгаанд түрэгдсээр саахалтын газрыг туулахад зүг чиг гэдэг утгаа алдах ажаам.

Ийн явсаар нэг л мэдэхэд нар шингэж, өдөр шөнийн зааг арилна. Хот гэрэлд умбана. Бугуйн цагаар өдөр шөнийг мэдэж, буудлын нэрээр суугаа газраа тоймлоно. Үүнийг хөөцөлдөж, түүнийг гүйцээсээр, нэг л мэдэхэд их хотын амьдрал урсана. Цонхны гэрэл гялбалзаж, тансаг тохилгыг илтгэнэ. Гэвч олон цонхны цаана их хотын ганцаардал, зожигрол нүүрлэн байгаа даа.

Wednesday, September 14, 2011

Наритад болсон явдал

Токио хотын Наритад өнөөдөр буулаа. Бүгчим халуун агаар өөдөөс пүнхийгээд, Монголоос өмсч ирсэн зузаан жинс гуянд наалдаж, пөөнийгөөд л. Хилийн шалганаар дороо гарч, ачаагаа ч даруй олоод авлаа. Гэтэл хажууд нээх хөөрхөн нохой ирээд чемоданыг маань үнэрлээд эхэллээ. "Үү жүү жүү, хөөлхий ш дээ" гэж бодоод доош хартал мань хашир хорио цээрийн шалгалт гэсэн хүзүүвч зүүсэн албан үүргээ гүйцэтгэж яваа лут золиг байдаг байгаа. Төдөлгүй гаалийн ажилтан ирж, намайг хажуу тийш нь аваачлаа. Чемодан нээлгэлээ. Ундааны цаасан саванд түнтийтэл чихээд, хар гялгар уутаар нямбайлан боосон хонины хэдэн боодол махыг маань хураагаад авчихлаа. Хайран мах.

Saturday, April 02, 2011

Тарган дарга

Аливаа хэлнээ үгс хоорондоо нийлж холбоо хэлхээ үүсгэхдээ өөрийн гэсэн дүрэм, мэдрэмжийг шаарддаг ажээ. Ухаандаа, "урин" гэдэг үг байлаа гэхэд хамгийн түрүүнд "урин хавар", "урин дулаан", "урин цаг", "урин харц" гэж буухаас "урин хоол", "урин гар" гэхгүй шүү дээ. "Халуун хоол", "дулаан гар" гэж л хэлнэ. Хэлний хэрэглээ төрөлх мэдрэмж, сэтгэлгээг шаарддагтай энэ нь холбоотой. Нэг багш маань бидэнд доорх зүйлийг ярьж өгсөн юм.

"Тарган гэдэг үгийг ХААИС-ийн оюутнуудад өгөөд нийлэмж, холбоо үг зохиох даалгавар өгсөн чинь, ихэнх нь "тарган тавтай", "тарган мал", "тарган хонь" гэх мэтээр бичсэн байв. Харин нэг нөхөр "тарган дарга" гэж бичсэн байхаар нь дуудаад уулзтал хотын хүүхэд байсан."

Friday, October 08, 2010

Наран, Саран, Морин...

"Нар, сар, морь" Тийн ялгаллын нөхцөл залгангуут "нарны", "сарны", "морины" гэж нууц "н" гарч ирнэ. Хэлэнд бас ген гэдэг юм байдаг бололтой. Дундад зууны монгол хэлэнд бол "наран, саран, морин" байж. "Нар, сар, морь" болж бөгснөөсөө нүцгэрсэн нэр үг нөхцөл залгах болохоор жийрэглэх "н"-ийг эртний өвөг дээдсээсээ дуудан ирүүлж буй хэрэг. Та хэдэн нэр үгэнд "н" залгаад үзээрэй. Жишээ нь,

Амь-амины- амин
Нүд-нүдний- нүдэн...


Thursday, October 07, 2010

Нохой ирвэс

Гепард хэмээх дэлхий дээрх хамгийн хурдан хөлтэй муурын овгийн амьтныг монголчууд дээр үеэс үчимбэр, нолорвос гэж нэрлэж иржээ. Нолорвос гэдэг нэрийг дуулсан маань нэлээд хэдэн жилийн өмнө юм. Тухайн үед би Вашингтоны конвенцийн гарын авлага бэлдэх ажилд оролцож байлаа. Уг конвенцийн 1, 2-р хавсралтад монгол орноос бүртгэгдсэн амьтдын дэлгэрэнгүй танилцуулга, зураг, тэгээд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн биологийн төрөл зүйлийн жагсаалтыг баг, овог, төрөл, зүйл, зүйлхэнээр нь монгол хэлээр жагсаах гэсэн тэрүүхэндээ нүсэр ажил байсан юм. Төрийн талаас бидний хийх ажил гэж юу байхав, санхүүжилт, хэвлэлтийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэлээ. Амьтан, ургамал судлаач үндэсний эрдэмтэд маань энэ ажлыг гардсан юм. Тэгэхэд телевизийн дэлгэцээр бидний олонтаа харсан энэхүү гепард хэмээх ирвэсийг "нолорвос" гэж нэрлэдгийг анх олж мэдсэн юм даа.
- Яагаад нолорвос гэж нэрлэдэг юм бэ? гэж намайг асуухад, хөхтөн амьтан судлаач С.Дуламцэрэн гуай,
- Хүүхээ, монголчууд чинь энэ амьтныг эртнээс эзэн хааны ордонд гаршуулан тэжээж, анд ашигладаг байсан юм. Нохой шиг хүнд ээнэгшин дасаж, үнэнч зүтгэдэг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй мий болохоор нь "нохой ирвэс" гэж нэрлэж байгаад аяндаа энэ хоёр үг нийлж, эгшиг зохицох ёсоороо "нолорвос" болсон хэрэг л дээ гэж билээ.
Хожим дуулах нь ээ, үчимбэр нь мий овгийнхон дотроо муурын зарим нэг гол шинжийг өөртөө агуулдаггүйгээрээ анхаарал татдаг гэнэ. Тухайлбал, тэд модонд асдаггүй, хумсаа нуудаггүй агаад нохой шиг хүнд дасамтгай байдаг ажээ.

Их эзэнт гүрэн байгуулж явсан өвөг дээдэс маань аливааг их л нямбай нарийн ажигладаг байж дээ.