Showing posts with label Философи. Show all posts
Showing posts with label Философи. Show all posts

Monday, June 03, 2019

Очироор огтлогч судрын тухай хэдэн үг

Хэдэн жилийн өмнө "Очироор огтлогч" судрыг орчуулан блог дээрээ тавьж байсан юм. Чингэхдээ Накамүра Хажимэ, Кино Казүёши хэмээх япон эрдэмтэд уг судрыг санскрит эх, хятад, эртний япон болон түвэд, англи орчуулгыг ашиглан орчин цагийн япон хэлнээ буулгаж, Иванами хэвлэлийн газраас 1960 онд хэвлүүлснийг олж аван, өөрийн ойлгосон хэмжээнд орчуулсан болно. Түүний зэрэгцээ интернэтэд буй ихээхэн хялбаршуулсан англи орчуулга хийгээд Жибзундамба хутагт төвөөс 2014 онд эмхэтгэн гаргасан "Очироор огтлогч ба түүний тус эрдэм" хэмээх номыг гарын авлага болгон ашигласан юм.
Уг судар уншигч хүмүүнд их ухаарал, эрч хүчийг өгдөг мэт санагддаг юм. Судраас сонирхол татсан хэсгээ цойлдон авч хувийн сэтгэгдэл, ойлголтоо дурдъя. Тухайлан судалсан хүн биш тул, зөвхөн хувийн мэдрэмжид тулгуурласан гэдгийг та бүхэн болгоогоорой.
Бурхан багш бадар барин явж тухайн өдрийн хүнсээ олмогцоо түүнийгээ зооглож, цэцэрлэгт хүрээлэнд очоод шавь нартаа ном айлддаг байжээ. Чийглэг, бүгчим халуун Энэтхэгт бол цэцэрлэгт хүрээлэнд амьдран сууж болно.
Субуди хэмээх шавь нь хэрхэн гэгээрэхийг асуухад Бурхан багш: “Хамаг амьтныг цөм нирваанд хүргэвч “амьд”, “бодгаль”, “хувь хүн” гэсэн бодолд автсан хэн боловч нирваанд хүрэхгүй” гэв. Бурхан багшийн айлдсан хамаг амьтан гэгчийн дотор “өөрөө төрөн мэндэлсэн” гэдэг үг байдаг нь миний анхаарлыг онцгой татав. Аливаа биетэн өөрөө төрөхгүй, ямар нэг юмнаас “–аас” мэндлэх болохоос өөрөө төрөн мэндэлнэ гэж үгүй. Гэтэл энэ нь бидний өрөөсгөл бодол байж. Сансар, цаг хугацаа, орон зай “өөрөө төрөн мэндэлсэн” байдаг билээ.
Бурхан багш цааш нь гэгээрэхийг хүссэн хүн өглөг өгөх тухай өгүүлэв. “Эдэд үл автан өглөг өгөгтүн. Ямар нэг зүйлд баригдаж өглөг өгч болохгүй. Дүрсэд оршин өглөг өгч болохгүй. Дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хийгээд сэтгэлд оршин өглөг өгч болохгүй. Субуди, энэ мэтчилэн гэгээрлийг эгээрэгч хүмүүн мөрөө үлдээхийг хүсэн өглөг өгч болохгүй юм.” Өглөгийн тухайд Бурхан багш “Баярлуулсан бол дуугүй яв, баярласан бол дурсаж яв”, даруухан байхын утга учрыг номлож байна.
Цаашлаад өглөг өглөгийн дотроос номын өглөг хязгааргүй буян хураадгийг Бурхан багш айлджээ.
“...Тэгэхээр Субуди, сайн язгуурт хөвгүүд, охид энэхүү хязгааргүй орчлонг долоон эрдэнээр дүүргэж өглөг өгсөн байлаа ч энэ номын дөрвөн мөр шүлгийг аваад бусдад үзүүлж, номлон сонсговоос энэ нь энэхүү үйлдлийнхээ үрээр илүү их цаглашгүй буяныг хураасанд тооцогдмуй” гэв.
Субуди асуув: “Багш минь ээ, ирэх 500 жилд зөв сургаал мөхөх цагт энэ судрыг номловч үнэн хэмээн бодох хүн байх болов уу?” “Субуди, ингэж хэлж болохгүй. Үүнээс чинагш ирэх хоёр дахь 500 жилийн зөв сургаал мөхөх цагт сахилыг сахиж, буян хураасан, бодол гүнзгий гэгээрлийг эгээрэгч хүмүүн эдгээр үгийг сонсоод үнэн хэмээн бодох болно.”
Эрдэм мэдлэгийг ном судар, өөрөөр хэлбэл, бичгийн хэл хэмээх хэрэглүүрээр дамжин үнэн зөв өвлүүлж болох эсэхийг Субуди эргэлзэн лавлахад Бурхан багш болно гэж хариулсан байна. Энэ бол маш чухал асуулт. Хүн төрөлхтөний танин мэдэхүй хэл хэмээх мэдээлэл хадгалагч дотор байршиж, үе дамжина гэсэн үг. Энэ бол боловсролын үндэс билээ.
Бурхан багш цааш нь аливаад үл хүлэгдэх, үл автах, эрх чөлөөтэй байхыг сэнхрүүлэв. “...Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгч хүмүүнд “юм хэмээх бодол” төрөх аваас тэдэнд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх, хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг. Хэрэв “юм бус юм хэмээх бодол” төрөх аваас тэдэнд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх , хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг. Яагаад вэ? Үнэндээ бол Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн номыг барьж үл болохын сацуу ном бусыг барьж ч үл болох билээ. Сал хөлөглөгчөөр үлгэрлэснийг мэдэх хүмүүн номыг хүртэл хаях хэрэгтэй. Ном бус бол бүр ч тэгэх ёстой.”
Бурхан багш гэгээрэлд хөтлөх завийг хөлөглөн гэгээрлийн чинад буюу нөгөө эрэгт хүрсэн хүмүүн өнөөх “завь”-иа устгах тухай санааг илэрхийлжээ. Өөрийг нь гэгээрэлд хүргэсэн эрдмийг үгүйсгэж, түүнийгээ хаяж, аливаад үл баригдах оюун санааны эрх чөлөөг тунхагласнаараа Бурхан багш ягшмал байдалд баригдахгүй байхын учрыг ухуулсан хэрэг. Лам нартай ярьж байхад “номын хор гүйх” гэж байдаг гэнэм. Тэрэг тэргээр нь ном уншсан лам хүн тэр номондоо хэт баригдаж, амьдралаас хэт тасрахыг, тулгуур үзэлтэн болохыг монголчууд ийнхүү өгүүлсэн хэрэг. “Номын хор”-оо дарж чадваас “цагааширсан” хэмээнэ. Хүн ном уншиж танин мэдэх тусмаа үүнийг өөртөө сануулж байвал зохилтой ажгуу.
Бурхан багш цаглашгүйн тухай айлдав. “Субуди хэрхэн сэтгэнэм? Ганга мөрний элсний тоогоор Ганга мөрөн оршино гэж үзье. Тэгвэл тэдгээр мөрний элс олон байх уу? Субуди хариулруун: - Багш минь ээ, ганц Ганга мөрөнд цагшлашгүй олон буй за. Тэгвэл олон Ганга мөрөн болбоос бүр ч их болох биз ээ.” Багш айлдруун:..Тийм олон Ганга мөрний элсний тоотой адил ертөнцийг охид хөвгүүд долоон зүйлийн эрдэнээр дүүргээд өглөг өгсөн гэж бодъё. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Эдгээр охид, хөвгүүд энэ үйлээрээ их буян хураах болов уу?” Субуди хариулруун: - Багш минь ээ, Жаргалтай хүмүүн минь ээ, тэдгээр охид хөвгүүд олон, олон хэмжээлшгүй, тоолж баршгүй буяныг хураах болно...
Судрын төгсгөл хэсэг сэтгэл хөдлөмөөр.
Энэ цагт Субуди бээр номыг сонссондоо сэтгэл догдлон нулимс дусаав. Тэрбээр нулимсаа арчаад багшдаа хандан ийн өгүүлрүүн: - Багш минь ээ, Жаргалтай хүмүүн минь ээ, гайхамшигтай. “Дээдийн замыг хөөгч хүмүүн”-ий тусын тулд бас тэгээд “Хамгийн зөв замыг хөөгч хүмүүн”-ий тусын тулд Амгалангаар ажирсан бээр энэхүү судрыг номлосон нь гайхамшигтай билээ...
Үзэгдэх ертөнц хэмээгч нь
Од, нүдний сүүдэр, улалзах гал
Зэрэглээ, шүүдэр, усны хөөс
Зүүд, гилбэлгээн, үүл мэт
Судрыг амтархан уншихыг оюун билэгт уншигч танаас хүснэм. Яваандаа судрын үг хэллэгийн тухай тайлбарыг хамтад нь орчуулж тавих бодолтой байна. 

Monday, February 05, 2018

Мэдлэг бол хүч

Шинжлэх ухаан бол хүн төрөлхтөний мэдлэгийн салшгүй хэсэг. 17-р зууны үеийн сэтгэгч Фрэнсис Бэкон "Мэдлэг бол хүч" (scientia est potentia) гэж хэдэнтээ хэлсэн байдаг юм. ШУ-г хөгжүүлсэн, эзэмшсэн үндэстэн хүчирхэг байдгийг бид 17-21-р зууны өрнө дахины хөгжлөөс хардаг. Египетийг байлдан эзэлсэн Наполеон ШУА-ийн эрдэмтдээ тэр чигээр нь дагуулан явж, Египет, түүн дотроо пирамид судлал, эртний бичээс судлалд үнэтэй хувь нэмэр оруулсныг бид түүхээс мэднэ.
Хэд хоногийн өмнө хятадууд хүн дүрст бич буюу шимпанзег клонийн аргаар бүтээснээ дэлхий нийтэд зарлав. Түүнээс хоёр хоногийн дараа Япон улс гахайн бие дотор хүний таван цул эрхтэнг ургуулахыг зөвшөөрснөө зарлав. Биологийн ШУ-ны хөгжил хүн төрөлхтөний ёс суртахууны хилийн дээсийг алхахад ойрхон байна. Хүн төрөлхтөн "Бид юу нээж чадах вэ?" бус "Бид юуг хийхгүй байх ёстой вэ?" гэсэн асуултын өмнө ирлээ.
Монгол Улсын биологийн ШУ-ны хөгжилд миний бие санаа зовнино. Аль 1992 онд тархины мэдрэлийн эс нөхөн сэргээгдэж үүсч байдгийг баталчихсан атал манай биологийн сурах бичиг одоо хүртэл нөхөн сэргээгддэггүй хэмээн зааж байна. Нэр томъёо замбараагүй, сурах бичгийн төлөвлөлт муу. 9-р ангид үздэг нэг сэдэв 11-р ангид яг бахь байдгаараа копи пэйст хийгдээд номын хуудаснаа байх жишээтэй. Хэдэн жилийн өмнөх олимпиадын асуултыг харахад "...Монгол улсын бахархалт цэцэг нь аль вэ?", ...Сарьсан багваахайн нэгдүгээр хуруу тавдугаар хурууны хоорондох сарьсын тухай асуусан байх юм.
Биологи бол 21-р зууны Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол хөдөлгөгч хүчин салбар юм. Улс орнууд энэ чиглэлд их хөрөнгө хүч оруулж, "Мэдлэг бол хүч" гэсэн бодлогоо хэрэгжүүлж байна. Манай улсын биологийн боловсрол ерөнхий боловсролын түвшиндээ иймэрхүү л байна.

Tuesday, January 23, 2018

Нөхөрсөг тооны тухай

Математикт гоо сайхан оршдог хэмээдэг. Гоо сайхныг хайвал хаа сайгүй л бий. Байгаль, хүний нийгмийн энд тэнд оршино. Гагцхүү хайж, олж харах нүд хэрэгтэй. Үүний тулд тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй юм.
Нөхөрсөг тоо гэж байна аа. Хоорондоо учиргүй хайртай хос тоо. Хязгааргүй үргэлжлэх байгалийн буюу натурал тоон доторхи эхний нөхөрсөг тоо бол "284, 220" болой.
220-ийн өөрөөс бусад хуваагч нь 1, 2, 4, 5, 10, 11, 20, 22, 44, 55, 110 агаад нийлбэр нь 284. 284-ийн өөрөөс бусад хуваагч нь 1, 2, 4, 71, 142 агаад нийлбэр нь 220. Нөхөрсөг тоо гэдэг нь өөрөөс бусад хуваагчийн нийлбэр нь нөгөө хос тоотойгоо тэнцүү байдаг тоог хэлнэ.
Ийм хос тоо оршдогийг алдарт Пифагор нээсэн гэдэг. Түүний дараа хүн төрөлхтөн нөхөрсөг тоо хэд хэдийг олжээ. Байгальд ийм гайхамшиг оршино гэдэг далд орших гоо сайхан юм.
Харин хүн төрөлхтөний өмнө дараах асуулт одоо ч байдаг ажээ. "Нөхөрсөг тоо хязгааргүй орших уу?"
Жич: Нөхөрсөг тоог танилцуулсан номыг надад санал болгосон 16-р үеийн төгсөгч шавь Намуундаа талархлаа илэрхийлье.

Wednesday, June 21, 2017

Харри Харлоугийн алдарт туршилт

Америкийн сэтгэл судлаач Харри Харлоугийн 1950-аад онд хийсэн алдартай туршилт бидэнд ихийг өгүүлнэ. Дөнгөж мэндэлсэн сармагчинг эхээс нь салган торонд тусгаарлаж, төмөр утсаар хэрж хийгээд угж бэхэлсэн нэг "ээж", модоор зангидаад үс нөмөргөж сармагчин төрхөнд оруулсан нэ "ээж"-ийг тус тус хийн тавьж өсгөхөд нялх моньш хоол өгдөггүй сармагчин төрхтэй ээж дээрээ очиж дэргэд нь байж торнидог нь ажиглагджээ. Хоёр ээжийг ойртуулан тавиад үзэхэд үстэй ээж дээрээ авирч гараад төмөр утсан "ээж"-ийнхээ угжийг хөхөж байв. Шаардлагатай идэш тэжээлийг зохих ёсоор өгч, ингэж өсгөсөн сармагчингуудыг том болохоор нь ижил сүрэгт нь нийлүүлэхэд тэд хэт аймхай дорой, аль эсвэл хэт хатуу харгис загнаж, сүрэгтэй огт нийлж чадахгүй зожиг, "хүмүүжил"-гүй нэгэн болсон байжээ.
Хүүхдийг гэр бүлийн дотор хайраар дутаалгүй өсгөх нь хангалуун амьдралд мөнгөөр дутаалгүй өсгөснөөс илүү чухал болохыг туршилт харуулна.

Thursday, February 01, 2007

Шуналын тухай Бурхан багш сургасан нь

Өчигдөр иш татсан өвгөний номд Бурхан багшийн сургаал үлгэрээс танилцуулжээ. Утга гүнзгий агаад ёгтлол зүйрлэл гэж агуу тул уншигч тантай хуваалцъя. Ер нь Бурхан багш хийгээд Есүсийн сургаал нэг иймэрхүү ёгт үлгэр ихтэй байдаг. Хүний ой той логик агуулгаас аливаа дүрслэлийг илүү тогтоодог болохоор тэр байх л даа.

Намрын сэрүү унасан жихүүн салхитай өдөр нэг аянчин гэрийн зүг яаравчлан алхаж явна. Анзааран хартал хөл дор нь олон цагаан юм үзэгдэв. Тогтоон ажвал хүний яс байх аж. Яахаараа хүний яс энд хэвтэж байдаг билээ гэж эвгүйцэн бодсоноо цааш замаа хөөн явтал өөдөөс нь аварга бар архиран гарч ирэв. Аянчин цочин сэрдэж, баахан яс барын идэш болсон хүмүүсийнх гэдгийг ухмагц гэдрэг эргэн ирсэн замаараа ум хумгүй дутаав. Гэвч төөрч будилсан бололтой өндөр хавцалд тулж орхив. Хавцлын дор хуйлран эргэх их далай. Араас нь бар. Аргаа барсан аянчин хавцлын хяр дээр ургасан өнчин нарсанд авирав. Гэвч догшин бар холтсонд хумсаа шигтгэн мацаад эхлэх нь тэр. Одоо ч дүүрлээ дээ гэтэл золоор нарсны мөчрөөс ганц мөлхөө ургамал дүүжлэгдсэнийг олж, аянчин түүнээс зууран доош буув. Гэвч мөлхөө ургамал дэмий уртгүй тул аянчин эр агаарт дүүжлэгдэж орхив. Дээр нь өлөн бар хүлээж, доош гярхайлан ажвал догшрон давалгаалах далай дотор улаан, хар, хөх луу унаж ирэх олзоо залгихаар хүлээж байх юм. Гэтэл дээр нь шир шир хийх дуу гарсан тул өлийн хартал хар цагаан оготно ирээд мөлхөө ургамлыг угаар нь таслахаар ээлжлэн мэрж байвай. Энэ чигээр байвал мөлхөө ургамал оготнын шүдэнд тасарч, аянчин ам ангайн хүлээх лууны идэш болох нь гарцаагүй. Аргагүйдсэн эр оготныг туух санаатай зуурсан мөлхөөгөө сэгсрүүлж үзэв. Гэтэл нэг шингэн юм хацар дээр нь дуслав. Амтлаад үзтэл амтат бал. Мөлхөөний угт зөгийн үүр байж тааран, сэгсрүүлэх тоолонд бал унаж ирэх аж. Аянчин балны амтанд шунаж, бар, лууны ам тосон байгааг ч умартан, амь аргацааж буй ганц мөлхөө ургамлаа оготнод мэрүүлж буйг ч эс тоон сэгсрүүлэн сэгсчүүлэн балын амтанд шунаглах бөлгөө.

Бурхан багш бараар өвчин болоод үхэл, нарсаар энэ насны зэрэг зиндаа, эд хөрөнгө, нэр хүндийг, хар цагаан оготноор өдөр шөнө, өөрөөр хэлбэл, цаг хугацааг, улаан луугаар хилэн, хар луугаар шунал, хөх луугаар атаа, балаар хүний зугаа цэнгэлийг ёгтолжээ.

Хүн гэдэг өвчин болоод үхлийн аймшигт байнга туугдах авч амьдрах гэж байдгаараа хичээнэ. Гэвч энэ нь ганц мөлхөө ургамал шиг хэврэг эд байх юм. Зүүгдэн зуурсан мөлхөө ургамал цаг хугацаа өнгөрөх тусам элж хорогдон, үхэл ойртох болно. Гэвч хүн гэдэг бүхнийг огоорон “бал” өөд үгүйлэн тэмүүлнэ. Шуналаас ангид байж чаддаггүй хүний мөн чанарыг Бурхан багш ийнхүү зүйрлэсэн байдаг ажээ.

Ашигласан материал
稲盛和夫『生き方』サンマーク出版社2004年

Wednesday, January 31, 2007

Орой уруу орсон үгс

Инамори Казуогийн бичсэн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг орчуулан гаргахад гар бие оролцсоноос хойш энэ хүний бичсэн ярьсан зүйлийг сонирхох болсон юм. Түүний “Амьдрах ухаан” хэмээх номыг уншлаа. Орой уруу орохоор үг олон байна шүү. Хүн ер нь амьдралын их сургуулийг дүүргэж хал үзэн халуун чулуу долоосон ухаалаг буурлын үг яриаг үргэлж дэргэдээ байлгах хэрэгтэй юм.

Санаснаар болдоггүй хорвоо гэж бид амьдралын олон юмнаас шантардаг. Гэтэл энэ нь “санаснаар болдоггүй чинь л бодит амьдрал” гэж боддогоос урган гарч буй юм. Энэ утгаараа санаснаар бүтээгүй амьдрал гэдэг тухайн хүний дүрсэлсэн ёсоор л биеллээ гэсэн үг...Бурхны шашинд “Санаа нь үйлийг дагуулдаг” гэсэн үг байдаг....Тэгэхээр амьдрал гэдэг сэтгэлд дүрсэлснээр болдог ажгуу” хэмээсэн өвгөний алт шиг үгнүүдийг бат бөх гэгч нь цээжиндээ хадаж авлаа. Уншигч та ч гэсэн сэтгэлийн мухарт эдгээр ухаалаг үгсийг хадгалаад аваарай.

“Амны билгээс ашдын билэг”, “Санаж явбал бүтнэ” гэж ардын үгэнд бий. Санаанаас үйл ургаж, үйл нь үрээ дагуулдаг нь хорвоогийн жам. Үүнийг бид үйлийн үр гэдэг. Бодол санаагаа зөв цэгц байлгаж, хүсэл мөрөөдлөө өөдрөг төсөөлж явах нь аз жаргалыг дууддаг ажээ.

Ашигласан материал:
稲盛和夫『生き方』サンマーク出版,2004

Tuesday, May 30, 2006

Нохойтой харьцах монгол ахуй

Монгол хүн ер нь амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь дуртай ууландаа очиж идээшлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ. Адуу, хонь, ямаа ч мөн л адил. Адуу харин ууландаа хоночихдог адтай мал бололтой юм билээ. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн тэжээвэр амьтан олон. Энэ эмьтдын нэг нь хоточ банхар. Монгол хүний нохойтой харьцах ахуйн талаар жаал хүүрнэе.
Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь их. Боохой ойртвол хуцаж чимээлнэ. Зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан ухаантай нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно. Ульбал зодуулна. Эрхэлбэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино. Жов муу банхар гэсэн үгээр мялаалгаад урам хугаран эсгий гэрийн зүг гэлдэрнэ. “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй”, “Хүүхэд нохойн доог” гэсэн үгнүүдэд монгол хүний нохойд хандах хандлага сайтар илэрчээ. Нохойг хамт тоглох андаа гэж үзэн, эрхэлж наадуулдаг нь хүүхэд болохоор хүүхэд, нохой гэсэн холбоос үг үүссэн юм болов уу. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй, тэдэнд их дөлгөөн ханддаг нь хүүхэд нохой хоёрын ийм нэг гүн нарийн холбоотой хамаатай байхыг үгүйсгэх аргагүй.
Нохойн нас богино. Насаараа эзэндээ зүгтгэсэн нохойг нас эцэслэхэд сүүлийг нь тайрч дэрлүүлэн, аманд нь шар тос хийгээд ирэх төрөлдөө хүн болохыг билэгдэн хөдөөлүүлнэ. Нохой хөдөөлүүлэх монгол ёс харин их л хүндэтгэлтэй, утга учиртай байдаг ажаам. Нохой хөдөөлүүлдэг ийм нарийн ёсыг бий болгосон зөөлөн сэтгэлтэй ард түмэн энэ ертөнцөд чухам хичнээн байдаг бол?
Өндөр хөгжилтэй орнуудад нохойд зориулсан эмнэлэг, саатуулах газар, хувцас, тоглоом гээд тоймгүй их үйлчилгээ байдаг. Хүн шиг хувцасласан нохой, хөдөлгөөн дутан жин ихдэж зөнөсөн нохой ч их бий. Энд нохой хүнээс ялгаагүй амьдарч, нас эцэслэхээрээ тусгайлан бэлдсэн нохой муурны оршуулгын газарт заларна. Тэд нохойг хүний төвшинд тэжээн эрхлүүлээд, нохойн төвшинд оршуулдаг ажаам. Тэд нохойг нохой болон мэндлэхийг хүсдэг бол монгол малчин нохойг нохой шиг тэжээж, хүн болгон оршуулж, хүн болон мэндлэхийг хүсдэг ажээ. Хүн шиг амьдралыг туулсан нохой, нохойн ёсоороо насаа барсан нохой. Аль нь илүү жаргал үзсэн бол? Харин эсрэгээр нь хүнийг нохой шиг амьдруулахыг хэн ч үл тэвчинэ. Нохойд нь нохойн жаргал, хүнд нь хүний жаргал. Хорвоогийн жам гэдэг энэ ажаам.
“Өвлийн нар нь ээ хө
Өвөлдөө дулаан даа хө” гэсэн ардын дуу онож хэлсэн ажээ.


Зургийг http://www.tibetanmastiff.org/photogallery/displayimage.php?album=11&pos=9 сайтаас татав.

Tuesday, April 25, 2006

Бодрол

Шүтлэг шүүмжлэлийг шүүмжлэх нь
Шашин гэж номлол болоод шүтлэгийн цогц юм. Шүтлэггүй шашин гэж оршихгүй бол шашингүй шүтлэг дангаар оршиж болно. Шашингүй шүтлэгийн гол төлөөлөл нь бөө мөргөл, онго сүнс тахилга гэж би ойлгодог. Тэгвэл шашин шинжлэх ухаан хоёрын зааг ялгаа юунд оршино вэ. Энэ талаар олон мэргэд бясалгаж ирсэн. Хамгийн гол ялгаа нь шинжлэх ухаан бүх юмс үзэгдэлд хөдөлшгүй баталгаа шаардаж, аливаа зүйлд эргэлзэн хандах танин мэдэхүйн хандлагыг голлодог. Энэ утгаараа шинжлэх ухаан нь шүтлэг гэсэн тулгуур баганагүйгээр учир шалтгааны холбоосон дунд оршдог гэж ойлгож болох мэт. Харин шашинд бол туйлын үнэн болох бурхад, эзэн тэнгэр, аллах оршиж, энэхүү шүтлэгийн баганад тулгуурлан номлолоо бүрдүүлдэг. Шүтлэгийг батлах шаардлагагүй. Шүтлэг ямар нэгэн нөхцөлгүйгээр итгэхийг шаардана. Ийм итгэлээ шашинд өгсөн хүнийг шүтлэгтэн гэнэ. Шүтлэгийн илүү гүнзгий хэлбэрийг сүсэг хэмээнэ. Ийм хүмүүсийг сүсэгтэн, сүсэг бишрэлтэн хэмээнэ.
Шашин бас олон төрлийн ухааныг өөртөө шингээх чадвараараа шинжлэх ухаанаас хамаагүй илүү. Тухайлбал шашны дотор анагаах ухаан, одон орон, цаг хугацаа, орон зайн хэмжилтүүд, утга зохиол, түүх, угсаатан зүй, ёс заншил, төр барих ухаан буюу улс төр, эдийн засгийн номлолууд гээд олон төрлийн ухаан шингэсэн байдаг. Дээр нь бас тухайн улс үндэстний айдинтитиг бүрдүүлж, салшгүй нэг хэсэг нь болно. Харин шинжлэх ухаан бол их хажигч. Шашны номлолоос алиныг нь ч өөртөө ойртуулахгүй. 19, 20-р зуун шинжлэх ухааны ялалтын зуун байсан гэж ярьцгаадаг. Гэвч буддизм дотор шингэсэн анагаах ухааны зарим ололтыг одоо хүртэл шинжлэх ухаан тайлж чадаагүй явна.
Шүтлэг болон шашны тухай ийнхүү ялган тунгаасны дараа өнөөгийн Монголын нийгэм дэх бурхны шашны талаарх ажиглалтаа дурдъя.
“Монголчууд бурхны шашны цаад санааг нь ойлгохгүй хоосон ном уншуулж, залбирдаг. Төвд номны учир агуулгыг нь ч мэдэхгүй, мөргөж шүтэх нь утгагүй хэрэг” хэмээн олон хүн шүүмжилдэг. Залбирах, мөргөх, тарни унших, ном уншуулах, засал хийлгэх, мөр гаргах, адис авах, элс цацах гэх мэт үйлдэл нь шүтлэгийн орчин юм. Монголчууд бидний өдөр тутмын амьдралд шүтлэг хангалттай сервис үзүүлж байна гэсэн үг л дээ. Бидний хэрэгцээг хангах зориулалттай жирийн л нэг үйлчилгээ. Хүний шүтлэгийн хэрэгцээг рациональ үзлээр харж шүүмжлэх нь ямар ч утгагүй хэрэг. “Ойрдоо ажил жаахан явж өгдөггүй, хийморийн сан тавиулъя”, “Манай тэр маань хагалгаанд орно. Гандангийн хуралд даган баясъя” гэх мэтээр шүтлэг, сүсэг бишрэл нь бидний сэтгэлийн орон зайн дахь хэрэгцээнээс хэтрэхгүй юм. Сүүлийн үед CD дээр бичсэн бурхны ном, гар утсаар ном уншуулах үйлчилгээ гарч ирээд буй нь шүтлэг гэдэг сэтгэлийн хэрэгцээг хангасан үйлчилгээ гэдгийг давхар батлаад өгч байгаа хэрэг. Гэвч сэтгэлийн хэрэгцээг гар утас мутасханаар хангах гээд байгаа нь жаахан хэтэрч буй хэрэг л дээ.
Шүтлэг бол хүний жирийн л хэрэгцээ агаад энэ нь универсаль шинжтэй. Шүтлэгийн орчин хаана ч байдаг. Өндөр хөгжилтэй Японд энэ бүр ч түгээмэл үзэгдэл. Гэрийн ойролцоо хаана ч гэсэн очоод мөргөчихөөр сүм, шинто мөргөлийн газрууд байна. Шалгалт дөхөөд ирэхээр оюуныг тэтгэгч бурхдыг тахисан сүмд очин, сахиус худалдаж аван мөргөнө. Талийгаачийн хойдохын буяныг уншуулан, ажил төрлөө даатгана. Японд бурхны шашны сэтгэлгээ, бясалгалыг голлосон урсгал болох Зэн буддизм хөгжсөн гээд л манай судлаач, сэтгүүлч нар шагшран магтдаг. Энэ үнэн. Гэвч үүний хажуугаар мааний зургаан үсгээ хэлээд байвал диваажинд заларна гэх мэтээр хялбарчлан номлодог урсгалыг хамруулаад бурхны шашны 10 гаруй урсгал энэ оронд байж л байна. Энэтхэг, Хятадаас дамжиж ирсэн буддын шашин Японд орж ирэхдээ японжиж, япончуудын гараар олон урсгал бий болсонд хэргийн зангилаа нь оршдог болов уу. Бурхны шашин Японд 7 дугаар зуунд орж ирэхдээ анхандаа язгууртнуудын дунд дэлгэрч, төрийн нэгдмэл байдлыг хадгалах сэтгэлгээний төв болсон байдаг. Энэ шашныг Нарагийн буддизм гэж судлаачид нэрлэдэг. Түүний дараа самурай нар буюу цэргийн эрхтнүүд төрийн эрхийг барьж эхлэхдээ Зэн буддизмыг Японд дэлгэрүүлсэн байдаг. Гэвч жирийн тариачдад илүү ойр, ойлгомжтой, зардал багатай шашин хэрэгтэй байсан агаад энэ хэрэгцээг нь жёодо шашин буюу мааний зургаан үсгээр диваажинд очих тухай номлосон шашин хангасан хэрэг. Жёодо шашин нь хатуу сахил санваарийг үл шаардана. Шүтлэгийн орчин илүүтэй туссан шашин гэж ойлгож болох юм.
Монголд дэлгэрсэн бурхны шашны тухайд Занабазар, Агваанлувсанбалдан, Заваадамдин, Данзанравжаа гээд Монголын олон сэтгэгчид төрөн гарсан боловч харамсалтай нь тэдний сэтгэлгээ шашны урсгалыг нээх хэмжээнд хүртэл хөгжиж чадаагүйн дээр ном зохиолыг нь өнөө үеийн сэхээтнүүдэд бүрэн хүргээгүй, олны хүртээл болгоогүйд хэргийн учир нь оршиж буй болов уу. Мөн өнөөдөр олон лам хувраг бурхны номд шамдаж, 21 дүгээр зууны Монголын бурхны шашны шинэ хөрс бүрэлдэж буйн зэрэгцээ судлаач нарын дунд бурхны шашин судлал нэг үеэ бодвол нэлээд хурдацтай хөгжиж буй мэт санагдана. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” крилл үсгээр хэвлэгдэн, шашны нэр томъёоны тайлбар толиуд ар араасаа цувран гарч буй нь энэ бүхний эхний алхам гэж үзэхэд хангалттай үндэслэл болно.
Урьд үеийн сэтгэгчдийн талаарх судалгааны бүтээлийг шүтлэгтнүүдэд хүргэж, шашны хөгжлийг хангах нь юунаас чухал болой. Бид шүтлэг, шүтлэгийн орчинг шүүмжлэх, түүнийг хөгжүүлэх гэж оролдох бус, түүнийг агуулан буй орон зай болох шашинг хөгжүүлэхэд анхаарах ёстой мэт бодогдоно. Шүтлэгийн орчин чөлөөтэй байх ёстой агаад шүтлэгтэндээ үйлчилсний төлөө шашнаа шүүмжлэх нь учир дутагдалтай юм. Сэтгэлгээний агууламж хомсхон гэж шүүмжлээд байдаг шарын шашинд бясалгалын том ухаан оршдог. Бид л өөрсдөө хар авдрандаа далд хийчхээд байхгүй гэж тас гүрийгээд, хоосон тэнэгээ гайхаад байгаа бус уу. Айлаас эрэхээр авдраа уудал.
Хар авдранд ном бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хамаагүй басч болохгүй.