Wednesday, January 31, 2007

Орой уруу орсон үгс

Инамори Казуогийн бичсэн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг орчуулан гаргахад гар бие оролцсоноос хойш энэ хүний бичсэн ярьсан зүйлийг сонирхох болсон юм. Түүний “Амьдрах ухаан” хэмээх номыг уншлаа. Орой уруу орохоор үг олон байна шүү. Хүн ер нь амьдралын их сургуулийг дүүргэж хал үзэн халуун чулуу долоосон ухаалаг буурлын үг яриаг үргэлж дэргэдээ байлгах хэрэгтэй юм.

Санаснаар болдоггүй хорвоо гэж бид амьдралын олон юмнаас шантардаг. Гэтэл энэ нь “санаснаар болдоггүй чинь л бодит амьдрал” гэж боддогоос урган гарч буй юм. Энэ утгаараа санаснаар бүтээгүй амьдрал гэдэг тухайн хүний дүрсэлсэн ёсоор л биеллээ гэсэн үг...Бурхны шашинд “Санаа нь үйлийг дагуулдаг” гэсэн үг байдаг....Тэгэхээр амьдрал гэдэг сэтгэлд дүрсэлснээр болдог ажгуу” хэмээсэн өвгөний алт шиг үгнүүдийг бат бөх гэгч нь цээжиндээ хадаж авлаа. Уншигч та ч гэсэн сэтгэлийн мухарт эдгээр ухаалаг үгсийг хадгалаад аваарай.

“Амны билгээс ашдын билэг”, “Санаж явбал бүтнэ” гэж ардын үгэнд бий. Санаанаас үйл ургаж, үйл нь үрээ дагуулдаг нь хорвоогийн жам. Үүнийг бид үйлийн үр гэдэг. Бодол санаагаа зөв цэгц байлгаж, хүсэл мөрөөдлөө өөдрөг төсөөлж явах нь аз жаргалыг дууддаг ажээ.

Ашигласан материал:
稲盛和夫『生き方』サンマーク出版,2004

Monday, January 15, 2007

"Үдийн цай" хөтөлбөрийн тухай эргэцүүлэхэд

2006 оны 9 дүгээр сарын 1-нээс улсын болон хувийн дунд сургуулийн нэг хоёрдугаар ангид суралцаж буй 110 мянган хүүхдэд тус бүр 300 төгрөгийн өртөгтэй үдийн цай уулгах “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг улирлыг үджээ. Үдийн цай гэдэг нь тараг, сүү, жигнэмэг зэрэг Монголд үйлдвэрлэсэн бидний өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн байгаа нь сайн хэрэг. Мөн амьдралын төвшинг үл ялгаварлан нэг сургуульд сурч буй хүүхдүүд цугтаа цай ууж, Монгол хүнсний амтыг багаасаа тогтоож, ирээдүйн хүнсний хэрэглээг баталгаатай болгож буй нь алсыг харсан зөв л алхам.

Харин хүүхдүүд гар нүүр, аяга халбагаа угааж цэвэрлэх орчин дунд сургуульд хэр бүрдсэн байгаа билээ дээ. Аягүй бол аяга тавгаа бариад жорлон уруугаа гүйлдэж байгаа даа. Сургуулийн жорлон гэж ямар аймаар юм байдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Суултуур бүтэн, усаа ямар ч проблемгүй татаж болдог зүгээр л энгийн цэвэр жорлонг сургууль байтугай өндөр үнэтэй ресторанд ч олоход бэрх. Гар угаалтуур гэхэд л крантаас ус гоождоггүй, эсвэл бөглөрсөн тагларсан, нус цэр наалдаастай, жорлонгийн өрөө нь өтгөн шингэн холилдсон эхүүн эвгүй үнэр ханхийсэн ийм л орчин байгаа.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их дэлгэрч буй тухай дам яриа чих дэлсэх боллоо. Сонин хэвлэл, интернетийн мэдээнээс шүүгээд үзэхэд энэ талаар нэг их мэдээлэл гарч ирэхгүй л байна. Гэхдээ олны үг ортой гэдэг. “Үдийн цай” хөтөлбөр сүү тарагнаас бус, цэвэр, энгийн, эвдрэлгүй гар угаалтуур, жорлонгоос эхлэх ёстой байж дээ. Аливаа нийтийн хэрэглээний үйлчилгээ дээрх шаардлагыг хангадаг болохын тулд байнгын засвар үйлчилгээ бүхий тогтолцоог бүрдүүлж байж хэрэгждэг зарчимтай. Энэ утгаар нь аваад үзвэл “Үдийн цай” хөтөлбөрт слесарь, цэвэрлэгч нарын гүйцэтгэх үүрэг маш өндөр. Монголын ирээдүйг авч явах багачуудаа халдварт шараар өвчлүүлж, үндэстэн даяараа элэгний үрэвслийн төрлийн вирус тээгчтэй болох гээгүй л юм бол энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Бодлого гэдэг асуудлын олон талт байдлыг судалж (мэрит, демэритийг нь урьдчилан харах) байж, олон хүний гар дамжиж байж боловсрогдон гарч хэрэгжих ёстой. “Үдийн цай” хөтөлбөр боловсруулагдсан шиг Ерөнхийлөгч чиг өгөөд УИХ батлан тогтоол гаргаад, Ерөнхий сайд болон түүнийг нь хариуцсан салбарын сайд нь хүлээн авч тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга нь хэвлэлийнхэнд мэдээлснээр хэрэгжиж байх ёстой эд биш байлтай. Төрийн аппаратын суурьтай судалгаанд тулгуурлан асуудлыг олон талаас нь харж, цогцоор нь шийдэх гэсэн доороос дээш чиглэсэн идэвхтэй хандлага манайд дутагдаад байгаагийн наад захын жишээ энэ.

Wednesday, January 03, 2007

БЛОГ ертөнцөөс БҮГДЭЭРЭЭ ертөнц үрүү

Их сургуулиа төгсөөд төрийн албанд орж цөөн хэдэн жил зүтгэлээ. Дараа нь Киото хотод ирж ахиад л их сургуулийн ширээнд сууж, номын дуу сонсон хоёр оныг үдэв. Номын дуу сонсохоор нийгэмд гарч ажиллаж байсан үед ажиглаж, мэдэрсэн зүйл маань тархинд боловсорч, цээжинд хурж эхэлдэг юм байна. Цээжиндээ байгаа бодлоо энд суугаа Монголчуудтайгаа хуваалцах дуртай боллоо. Пиво задалж байгаад л ороо бусгаа цагийн байдлын тухай цэцэрхэн суудаг байв. Хоосон цэцэрхэл хонгиогүй сумтай адил. "Буу хална" гэж оносон хэллэг юм гээч. Тэгээд л анд Тулгатын танилцуулснаар блог гэдэг ертөнцийн барааг харж золгов.

Намайг ерхөг найгасан цэлгэр
атарт авчраад тавьчихсан юм шиг л санагддаг юм байна. Газар хагалж, контентсийн тариа ургуулах бүх багаж, хэрэгсэл нь бэлэн. Анжис чирсэн "саалийн фермийн салга улаан"-ууд үнэгүй ярайж байнаа. Бариад үзсэн чинь болж байна.Интернет дээрээс хотмэйл төдийхөн эргүүлдэж, хов живийн чатаар энэ ертөнцийг төсөөлж байсан хүү "атар эзэмшихээр" эргэлт буцалтгүй шийдэв.

Анхандаа ч баруун солгойгүй хагалаад л дайрлаа. Би хаана явж байна, хаашаа явж байна, бусад маань хаа байна, хэн нь тариа, хэн нь буурцаг, хэн нь ногоо тарьж байна бүү мэд. Тоос манаргаад л, хар утаа хаяад л өдөр шөнөгүй манарган хагас оныг барав. Тэгээд орчноо ажиглах сөгөөтэй болоод хараад байх нь ээ, блог ертөнц гэдэг өөрийн хөгжлийн хандлагатай, иргэний нийгмийг өөрчлөх чадалтай, нэг том хүч болж байгааг анзаарав. Эзэмшсэн атар хэдэн мянган га-д хүрч, эзэнгүй тал бүрэн сэржээ. Тэгэхээр хэн нь хаана юу тарьж байгаа гэх мэт наад захын мэдээллээ өвөр зуураа солилцож, зохион байгуулалтыг нь сайжруулчихвал АТАР маань цаашдаа ангаж цөлжсөн Монголын НИЙГМИЙГ өөрчилж чадах юм байна гэж бодогдох болов.

Сэтгүүлч
Галааридын хэлээд байгаа ИРГЭН СЭТГҮҮЛЧ нарыг мэндлүүлж, БЛОГ ТОЙМЧИД-ыг цуглуулаад, тариалалтын явцыг бүх атарчдад мэдэгдэж байх Диспетчерийн цэг байгуулах шаардлагатай болжээ. Энэ талаар Тулгат, Зоригт, Ганбаатар, Говь Отгонбаяр гээд л блогын ертөнцийн тэргүүн эгнээнд яваа нөхөд аль эртнээс дуугарч эхэлсэн л дээ. Ингээд уулзах боломжтой байгаагаар нь Тулгат, Зоригт нартай санал солилцож, мөн тухайн үед Токиод ажлаар ирээд байсан Буянцогт, Отгонбаяр нартай зөвлөж, БҮГДЭЭРЭЭ хэмээх сайтыг бий болгохоор зорьсон юм. Энэ нь АТАР-уудын уулзварын цэг - HUB, замч хөтөч, иргэнийн сэтгүүлзүйн тэргүүн талбар болох болно гэж төсөөлж байна. БҮГДЭЭРЭЭ аяны шувуу болгон хуран чуулдаг замаг сайт нуур байх болно. БҮГДЭЭРЭЭ нийгэмд гэгээ авчрах их хүч болох болно.

I HAVE A DREAM TODAY!