Wednesday, March 29, 2006

Санкэй шинбүнтэй уулзсан Ерөнхий сайд буюу яриа нийлээгүй улсууд

Японд ирээд буй Ерөнхий сайдын айлчлалын талаар эндхийн сонинд олигтой мэдээ гарахгүй буй тул Монголын сониноос шүүрдэхээс өөр арга алга. "Өнөөдрийн Монгол" сонины өнөөдрийн дугаарт товчхон мэдээ гарсныг танилцуулъя. Ерөнхий сайд Японы парламентийн Дээд танхимын даргатай өчигдөр уулзаж, 800 жилийн ойгоор түүнийг Монголд айлчлуулахаар Нямдорж дарга урьсныг уламжилжээ. Бас Санкэй сонины сурвалжлагчид ярилцлага өгсөн тухай тус сонинд цухас дурдсан байна. Энхболд болохоор Санкэй сонины сурвалжлагчид Монголоос боловсон хүчин сургах, Японы хувийн хэвшлийн сонирхлыг Монголд татах хүсэлтэй байгаагаа байдгаараа тайлбарласан бололтой юм. Цаад сурвалжлагч нь Японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг зохицуулахад Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа цөөхөн орны нэг Монгол улсын оролцох боломж болон Хятад Орос, Америктай харилцаагаа хэрхэн хөгжүүлж байгааг голчлон асууж. Яахав дээ, Японы олон нийт, хэвлэл мэдээлэл биднийг ийм хэмжээнд сонирхож байна гэж хэлэх үү дээ.
Харин Японы Гадаад хэргийн яамны сайт дээр Энхболд Коизуми нарын уулзалтын дараа хоёр орны Гадаад хэргийн яамдын түшмэд бэлдсэн хамтарсан мэдээг тавьжээ. Зарим нэгэн сонирхол татахаар газар харагдаж байна лээ. Жишээ нь, энэ оны 4 сарын 1 нээс 12 сарын 31 хүртэл Японы жуулчдыг Монголд визгүй нэвтрүүлнэ гм. Завтай үеэрээ орж үзнэ биз ээ. Доор хаягийг нь тэмдэглэв.
http://www.mofa.go.jp/mofaj/kaidan/yojin/arc_06/mongolia_gh.html

2006 оны 3 дугаар сар 29
Бэсүд.П. Наранбаяр

Tuesday, March 28, 2006

Монгол хэмээх арлыг тойрсон дэлхий-2

Даяарчлал, бүс нутагчлал өрнөж буй ертөнцийн дотор Монгол хэмээх ажин түжин арал шовойж буй дүр зургийн талаар уншигч авхайтай бодлоо хуваалцах гэсэн юм. Энэ нь миний энэ урт ярианы гол сэдэв л дээ.
Даяарчлалын эрин үед орон зайнаас үл хамааран хүн болон бараа үйлчилгээ, мэдээллийн урсгал урьд хожид байгаагүйгээр эрчимжиж байгаа тухай судлаачид бичдэг. Тэдний бичсэн бичээгүй та бид өдөр тутмын амьдралдаа даяарчлалын үрийг амсч байна. Интернэт, өдөр тутмын хэрэглээний импортын бараанууд, гадаадад гарч ажиллаж буй монголчууд, зундаа Монголд ирж жуулчилдаг олон мянган гадаадууд гээд л. Харин даяарчлалын нэг том хэсэг болох бараа үйлчилгээний хөдөлгөөнд томоохон үүрэг гүйцэтгэж буй субьект бол яахын аргагүй Дэлхийн худалдааны байгууллага. Энэ байгууллага Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн эдийн засгийн шалтгаан болох блок эдийн засгийн системийг үгүйсгэж, дэлхийн хэмжээний чөлөөт худалдааг хөгжүүлэх, худалдааны аюулгүй байдал, нийтлэг дүрэм зан заншлыг мөрдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Дэлхийн худалдааны байгууллага бүс нутаг болон хоёр талын хооронд эдийн засгийн блокчлол хаалт үүсэхээс хамгийн их сэрэмжилдэг. Үүний тулд уг байгууллага худалдааг либералчилж, оролцогч талууд аль нэгэндээ худалдааны хэт тааламжтай нөхцлийг тусгайлан олгохгүй байх өөрөөр хэлбэл, олон улсын худалдаанаас ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад анхаарч ирсэн байдаг. Энэ талаар тодорхой хэмжээнд амжилтанд хүрснийг хэн ч мэднэ. Гэвч сүүлийн үед хүчээ аваад буй Чөлөөт Худалдааны Гэрээнүүд (FTA буюу монголоор товчилж ЧХГ гэе) уг байгууллагын суурь зарчмыг ганхуулж эхлээд байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. ЧХГ гэдэг маань тухайн бүс нутаг болоод оролцогч улсууд дотроо өөр хоорондоо зарим нэр төрлийн бараанд гаалийн татвар харилцан оногдуулахгүй байх, ДХБ дотор оногдуулж буй нэн тааламжтай нөхцлөөс илүү хөнгөлөлттэй нөхцлийг бие биедээ олгож буй гэрээг хэлээд байгаа юм. Даяарчлалтай зэрэгцэн явагдаж буй бүс нутгийн нэгдлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа нь чөлөөт худалдааны гэрээ олноор байгуулагдах дэвсгэр болж байна гэж үзэж болно. Монгол улстай хамгийн ойр байгаагаас нь эхлээд ийм нэгдлүүдээс нэр цохоход ASEAN, 2002 оноос Японы ерөнхий сайд Коизуми Жюничиро яриад яваад байгаа Зүүн Азийн Нэгдэл буюу EAC, тэгээд АPEC гэж байна. Америк тивд алдарт NAFTA, Европт хил хязгаар, мөнгөн тэмдэгтээ нэгтгээд бараг нэг улс шахуу болчихсон Европын Холбоо буюу EU оршин байна. Эдүгээ дэлхий дээр иймэрхүү бүс нутгийн блокуудын тоо 16 даваад явж байна. Эдгээр бүс нутгийн нэгдлүүд Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд тодруулбал, Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 24 дүгээр зүйлд заасан гаалийн холбоотон болох (trade union), чөлөөт худалдааны бүс байгуулах (Free trade area) эрхээ ЧХГ байгуулах замаар хэрэгжүүлж байна. Дэлхийн худалдааны байгууллага дээр бүс нутгийн ЧХГ 2005 оны байдлаар 280 орчим бүртгэгдсэн гэсэн баримт ч байна. Мөн хоёр талын хооронд байгуулагдаж буй ЧХГ-г ч гэсэн анхаарал татаж байна. Япон улсаар жишээ авъя. Энэ улс ASEAN-ий орнуудтай ЧХГ байгуулах бодлого барьж, Сингапур, Филиппин зэрэг улсуудтай байгуулчхаад байна. Филиппинээс мэргэшсэн сувилагч, асрагч нарыг Японд чөлөөтэй оруулах болсон тухай заалт манайхны хорхойг хүргэж л таарна. Монголоос гадаад оронд, ялангуяа бидэнтэй царай зүс, сэтгэл санаагаараа ойр байдаг Японд ирж ажиллах хүсэлтэй олон хүн байдаг. Уг нь манай гадаад бодлогыг хэрэгжүүлж буй төрийн түшмэд унхиатайхан шиг бол Филиппиний энэ жишээ орой уруу нь ормоор л юм. Байдаггүй ээ. Монголын Гадаад Хэргийн яам, Үйлдвэр худалдааны яамныхан нүдэн балай, чихэн дүлий сууж л байх юм. Япон улс урд хөрш Хятад болон Солонгостой ЧХГ байгуулах хэлэлцээг явуулж байна. Улс төрийн хүрээнд Хятад Япон хоёр Ясукүни сүм хэмээх хэрүүлийн алимтай суугаа ч эдийн засгийн ашиг сонирхол тэднийг ийнхүү худалдааны холбоотон болгоход хүргээд байгааг харахад сонин. Өмнөд Солонгос Хятад Японы чөлөөт худалдааны хэлэлцээрийн явцыг ажигласхийгээд Япон Хятадтай энэ талаар хөзрөө дэлгэчихсэн аль хэдийн наадаад эхэлчхэж. Эдийн засаг, худалдаа гэдэг гадаад бодлого, улс төрийг тодорхойлж буйн жишээ энэ. Монголыг тойроод дэлхий бужигнаад л, буцлаад л. Даяарчлал гэсэн том давалгаан дотор бүс нутгууд, төр улсууд өөр хоорондоо худалдааны холбоотон, чөлөөт худалдааны түншүүд болсоор л. Энэ нь нэг утгаараа тэд бүс нутаг, хоёр талын эдийн засгийн блок үүсгэж байна гэхэд хилсдэхгүй. Галт тэрэг хэдийн хөдөлжээ. Манайхан танайхан гээд эдийн засгаа хуваасан дэлхийн хаахна бид явна вэ? Бужигнан буцалсан далайг дэмий ширтэн, даяарчлагдаж байна гэж цэцэрхсээр суух уу бид. Ажин түжин арал чигээрээ хоцорч, эрин үеийн давалгаанаас хоцроод, хоосон буйр сахисан үндэстэн болох ч юм бил үү бид. Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орлоо гээд бидэнд юу наалдав? Даяарчлал дотор явагдаад буй энэ блокчлол, худалдааны холбоотны давалгаанд бид хэрхэн мордох ёстой вэ? Ер нь Монгол улсын ДХБ-тай харилцах асуудлыг ГХЯ болоод СЭЗЯ, ҮХЯ-дууд хэрхэн авч үзэж, бодлогоо уялдуулан зангидаж байна вэ? Энэ байгууллага болон бүс нутгийг тойрон явагдаж буй хурал хэлэлцээрүүдийн талаар ямар мэдээлэл хийж буй, үүнийг нь манай сэтгүүлчид олон нийтэд хэрхэн хүргэж байна гээд ярих асуудал зөндөө. Дэлгэсэн яриа маань задраад цаашаа зангидах аргагүй болчих шиг боллоо. Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалаар яриагаа өндөрлөе.
Манай ерөнхий сайд Энхболд энэ бүтэн сайнаас ирэх пүрэв гариг хүртэл Японд айлчлахаар гэргийн хамт ирээд байна. Эндхийн сонин болоод мэдээллийн шугамаар нэг их яригдсан ч үгүй. Харин сумо барилдааны сүүлчийн өдөр Дагвадорж, Батбаяр, Даваажаргал нарын барилдааны завсраар Японы цэнхэр дэлгэцээр нүүр нь гарч, түрүүлсэн бөхөд олгодог олон цомны нэгийг гардуулж олны сонорт хүрсэн байх. Мань эрийн ажлын ерөнхий төлөвлөгөөг Японы ГХЯ-ны сайт дээр тавьчихсаныг олж харав. Японы эзэн хаанд бараалхан, ерөнхий сайдтай нь уулзан гар барьж зургаа авахуулах юм байна. 2006 онд Тулгар төрийн 800 жилийн ойгоор тохиолдуулан энэ онд (энэ он ч гэж дээ одоо бараг 2006 он гараад эхний улирал нь дуусч байна) Монголын жилийг Японд зохион байгуулж, ирэх жил Монголд Японы жилийг зохион байгуулна гэнэ. Өөр юм олж харсангүй. Дөрөв хоног Япон оронд морилон саатах юм байна гэдгийг ойлгов. Харин Ерөнхий сайдыг дагалдан Японд ирсэн нөхдүүд хөлийн тавхайгаа эргэтэл дэлгүүр хэсч Made in Japan-ийг хайх байлгүй дээ. Манайхны ажил нэг иймэрхүү л явагдаж байна.

Saturday, March 25, 2006

Монгол хэмээх арлыг тойрсон дэлхий - 1



Бэсүд.П.Наранбаяр
Киото Их Сургууль Магистрын 2 дугаар курс
2006.03.25

Авсаархан, плёнк хэрэглэхгүй, компьютерт зураг видео шууд оруулан хадгалах боломжтой дижитал аппарат эдүгээ ердийн хэрэглээ болжээ. Уншигч та дижитал аппарат худалдаж авсныхаа дараа заавар болон дагалдах хэрэгслийг нь сайтар эргүүлж тойруулан хардаг буй за. Гарт тань буй энэ жижиг аппарат нэгэн сонин үзэгдэл агуулан буйг уншигч авхайд дэлгэн сануулаад гол сэдэвтээ оръё.
Эхлээд аппаратаа хайрцагнаас нь гаргачих. Тэгээд зааврыг нь бас дэлгээрэй. Камерны их биеийг Хятадад, чухал эд ангиуд болон хагас дамжуулагч зэргийг Тайвань, Солонгос, Японд, линзийг Германд, хайрцаг, оосор зэргийг нь Индонезид үйлдвэрлэж, угсралтыг Малайзид гүйцээгээд борлуулалтыг дэлхийн өнцөг булан бүрт тархсан цахилгаан барааны сүлжээний супермаркетууд, эсхүл интернетээр явуулж байгааг мэргэн уншигч та дор нь л анзаарна. Сонин байгаа биэ. Далай тэнгис, хуурай газраар хэдэн мянган бээр алслагдсан улс орнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа энэ нэг муу жижигхэн төмөр хайрцагт тэр чигтээ багтаад орчихож. Таны гарт буй аппарат хэрэв Sony-гийнх бол Sony корпораци, Casio-гийнх бол Casio корпораци дэлхийг хэрсэн үйлдвэрлэлийн торлолыг бий болгочхоод түүн дээрээ үндэслэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийг нь Монголын тал нутгийн Мянгат малчнаас авахуулаад Африкийн хязгаарт буй нүүдэлчин ч хэрэглэж байна гэсэн үг. Дэлхийд явагдаж буй даяарчлал гэж энэ. Дижитал аппаратны өмнө Made in Japan, Made in China уг утгаа алдаж эхэлжээ. Энд Sony, Casio, Sharp гэх мэт үндэстэн дамнасан корпорациуд оршихоос 17 дугаар зуунд Вестфалийн гэрээгээр төрөн гарсан төр улс буюу Nation State үл оршино. Японд ирснийх Японд үйлдвэрлэсэн бараа л авна гэж дэлгүүрээр хөлөө өвдтөл жирийлгэдэг манай дунд насныхны Shopping style мөн л утгаа алджээ. “Сони мони гээд байсан чинь Хятадад үйлдвэрлэсэн хог байна ш дээ” гэж худалдан авсныхаа дараа шогшрох нэгэн ч байх. Жаахан азна. Чухам тантай л яриа дэлгэх гэсэн юм (үргэлжилнэ)

Saturday, March 11, 2006

Орчуулга

Америкын Орос Хятадын дунд хатгасан Монгол хэмээх цүү

Кавашима Казухару (Foresight сэтгүүл January 2006)
Орчуулсан Бэсүд.П.Наранбаяр (Kyoto University, 2006. 3 сар)

13 дугаар зуунд Чингис хаан Зүүн Европ хүртэл газар нутгаа тэлж байсан Орос Хятадын дундах Монгол хэмээх улс. 11 дүгээр сарын 21-ний их үдийн хойно ерөнхийлөгчийн тусгай онгоц “Эйр форс уон”-аар газардсан Америкийн ерөнхийлөгч Ж.Бушийг нүд халхалсан өтгөн манан угтав. Онгоцны буудлын барилга, буух талбайд эгнэсэн хуучин загварын онгоц...Ерөнхийлөгч Бушийг тоссон ийм дүр зураг яг л киноны тайз засал шиг харагдаж байлаа. Америкийн гадаад бодлогын түүхэнд энэ оронд хөл тавьж буй анхны ерөнхийлөгч бол Буш. Ерөнхийлөгчөөс сар гаруйн өмнө Батлан хамгаалахын сайд Рамсфелд Монголд иржээ. Тус оронд болсон хамгийн сүүлийн дээд хэмжээний айлчлал нь 1944 онд Рузвельтийн үеийн дэд ерөнхийлөгч Уэльсийн хийсэн айлчлал ажээ.
Гэвч ерөнхийлөгч Буш газардангуутаа үг ч хэлсэнгүй цэцгийн баглаа хүлээж авуутаа тэргүүн хатагтай Лаурагийн хамт хар кадиллакийн зүг яарав. Энэ ч аргагүй юм. Өтгөн манан гэдэг нь нүүрсний цахилгаан станц болон айл өрхийн зуухнаас гарч буй утаа болоод тэр. Улаанбаатар хот хүртэл лимузинээр 20 орчим минут. Утаан хөшигнөөс болоод хөмсөг зангидсан ерөнхийлөгч Буш зам дагуух байдлыг хараад царай нь зөөлрөв. Арван хэдэн метрийн зайтай номхон зогссон Монгол цэргүүд, инээмсэглэн гар даллах иргэд. Хорстол хайрах хүйтэн агаарт бусад оронд мэдрээгүй халуун дулаан угталтыг олж хараад тэр ажээ.

Хамтарсан тунхагт туссан хоёр чухал өгүүлбэр

Монгол газар нутаг томтой ч яахын аргагүй “жижиг” улс. Хүн ам нь 2 сая 800 мянгаас хэтрэхгүй агаад энэ Хятадаас 460 дахин бага тоо юм. Нэг хүнд оногдох ҮНО-роо дэлхийд 180 дугаарт ордог, хүн амын 30 орчим хувь нь ядуу давхаргад хамрагдана. Гадаадад айлчлах угаасаа дургүй Буш энэ орныг зорьсон нь зүгээр л найрамдлын билэгдэл төдий биш юм. Дөнгөж дөрвөн цаг хагас саатсан энэ айлчлалд Америкийн гадаад бодлогын стратеги тэр чигтээ шингэсэн байлаа. Дүгнэлтээ урьдчилан хэлэхэд, Америк улс Еврази дээр ноёрхсон байр суурьтай болохын тулд ойртон түншилж буй Орос Хятадын дунд Монгол хэмээх цүү хатгах бодолтой байна. Монгол 16 дугаар зуунаас 1911 он хүртэл Манж Чин улсын эрхшээлд байж, хүйтэн дайны үед ЗХУ-ын дагуул улс байв. “Монголчууд өнөөдөр ч гэсэн Хятадад дургүй бөгөөд Оросоос мөн болгоомжилж буй” (Америкийн дипломатын мэргэжилтэн) Үүнд дөрөөлөн Монголыг Америкт элэгтэй улс болгон өөрчилж, Орос Хятадад нөлөөлөх нь Бушийн ЗГ-ын стратеги гэж үзэж болно.
Бушийн Монголын Төрийн ордонд тавьсан илтгэлд энэ санаа нь цухалзаж байв. “Та бүхэн он удаан үргэлжилсэн диктатур дэглэмээс ангижирч, анх удаа саналаа чөлөөтэй өгөх үедээ хэрхэн догдолж байснаа санаж буй биз ээ” гэж ерөнхийлөгч Буш Засгийн газар, цэргийн удирдлагуудын өмнө хэлж, 90-ээд оноос эхэлсэн Монголын ардчиллыг магтан сайшаав. Илтгэл нийт 30 минут үргэлжилж, нэр цохоогүй ч “Он удаан үргэлжилсэн диктатур дэглэм” гээд байгаа нь Чин улс болон ЗХУ-г хэлж байгаа нь тодорхой байв. Америкын ерөнхийлөгч цааш нь “Эрх чөлөөний төлөө Америк Монгол ах дүү адил нягтрах ёстой” хэмээн өөрөөр хэлбэл Монголын “халамжлагч” болох санаагаа илэрхийлэв. Мэдээж, Хойд Солонгосын асуудлаар хамтран ажиллах шаардлагатай байгаа Хятад Оросыг шууд дайсан болгож болохгүй. Тиймээс ил цагаан хэлэлгүй ийнхүү цэвэрхэн сануулга өгч буй нь тэр.
Гэхдээ энэ нь зүгээр л чимэг төдий үг байсан бол Жун Нань Хай болон Кремль үүнийг нэг их өлгөж авахгүй биз. Гэвч энэ илтгэлийн дараа ерөнхийлөгч Буш болон Монголын ерөнхийлөгч Энхбаяр нарын гаргасан хоёр нүүр А4 цааснаас хэтрэхгүй товчхон хамтарсан тунхагт Хятад Оросын хувьд зүгээр орхичхож болохгүй хоёр өгүүлбэр орсон байлаа.
Үүний нэг нь, Хамтарсан тунхагийн төгсгөлд “Олон улсын энхтайванд хувь нэмрээ оруулах Монголын чармайлтыг дэмжихын тулд цаашид хамтран ажиллана” гэсэн өгүүлбэр. Харахад ямар ч асуудалгүй юм шиг атал энэ нь хоёр улс цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал нэгдсэнийг харуулж байна. Ерөнхийлөгч Буш уулзалт ярианы үеэр 10 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ амлаж, Монголын армийн орчин үежилтийг дэмжихээ илэрхийлжээ. Тунхагийн сүүлд байгаа уг өгүүлбэр энэхүү цэргийн тусламжийг хэлж байгаа юм.
АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөн дээрээ “Цэргийн тусламж нь Монголын энхтайвны ажиллагаа (PKO)-ны чадавхийг дээшлүүлэхэд чиглэж буй” хэмээж буй ч үүнийг мөнгөн дүнгээр нь хүлээж авах нь учир дутагдалтай. PKO-гоор шалтаглан цэргийн хамтын ажиллагаа удалгүй жинхэнэ хэлбэрээрээ аюулгүй байдлын хамтын ажиллагаа болж өргөжихийг үгүйсгэхийн аргагүй. Ийм шинж харагдаад байгаа юм. Монгол улс 2001 оны 9 сарын Америкт болсон террорист довтолгооноос хойш Америкыг дэмжсэн гадаад бодлогын чиглэлээ тодорхойлж, Иракын дайны асуудлаар үүнийг эсэргүүцэж байсан Орос Хятадаас өөр байр суурь барин 160 орчим хүнтэй элит батальоныг Иракт илгээсэн. Америкийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нэгэн түшмэл ”Хэмжээний хувьд жижиг ч хүн амтайгаа харьцуулахад Монголын илгээсэн цэргийн тоо нь дэлхийд гуравт орж байгаа” хэмээн үнэлж байв.
Хамтарсан тунхагт шингэсэн бас нэг далд санаа нь дараах өгүүлбэрт тусчээ. “Бүс нутаг болон олон улсын улс төр, эдийн засаг, мөнгө санхүүгийн байгууллагуудад Монгол улсыг оролцуулах талаар хамтран ажиллана”. Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC) –д Монгол улсыг элсүүлэх талаар хамтран ажиллана хэмээн Ерөнхийлөгч Буш дээд хэмжээний уулзалтын үеэр амлажээ. Дээрх өгүүлбэр энэ амлалтыг шууд илэрхийлж байгаа ч үүний цаана төвөгтэй асуудал нуугдаж байгаа юм.
АНУ-ын Засгийн газар Монголыг НАТО-гийн түнш улс болгохоор судалж байгаа бололтой. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (SCO) Хятадаас бусад таван улс нь НАТО-гийн түнш улс бөгөөд Монгол улс 2004 оноос Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүн болоод байгаа. Америк энэ төвөгтэй олс татлагын тэнцвэрийг Монголтой түншлэх замаар НАТО-гийн талд татах бодолтой байна. “Олон улсын улс төрийн байгууллагад оролцохыг дэмжих” гэдэгт энэ санаа шингэсэн ажээ.

Америкийг цэргээ татахыг шаардсан цочирдом шаардлага

Америк яагаад Орос Хятад хоёр ойртож буйгаас болгоомжлоод байна вэ? Үүний тулд цагийн зүүг 7 дугаар сарын эхэнд аваачиж, Казахстаны нийслэл Астанад болсон үйл явдлыг харъя. 2005 оны 7 сарын 5-нд Хятад, Орос, Узбекистан, Киргиз, Тажикистан, Казахстаны удирдагч нар цуглаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болов. SCO 2001 онд анх байгуулагдсан агаад 2005 онд тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулсан уг байгууллага батлан гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Афганистанд довтлохоор SCO дотор байрлуулсан бааз, цэргийн ангийн тухайд цаг хугацааны хязгаар тавихыг санал болгож байна” гэсэн нь Цагаан ордны хувьд цочрол болов. Энэ нь террорист халдлагаас хойш Киргиз, Узбекистанд байрлуулсан Америкын цэргийг гарахыг шаардсан шаардлага гэдэг нь тодорхой.
АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юуны тулд хамтран ажиллах гээд байгаа юм бэ гэдэг нь бидэнд ойлгомжгүй хэвээр байна. Энэ байгууллагаас үе үе хэн нэгнийг шахаж гаргах гэсэн санаа цухалздаг. Дэлхийн хоёрдугаар дайн болон хүйтэн дайны үед иймэрхүү блок байсан бол одоо тийм шаардлага байхгүй” гэж SCO-д хандсан Америкын эрх баригчдын болгоомжлолыг илэрхийлж байв.
Хятад Орос 2005 оны зун том хэмжээний цэргийн хээрийн сургуулийг хамтран зохион байгуулсан нь иймэрхүү болгоомжлолыг улам хүчтэй болгосон нь мэдээж хэрэг. Хээрийн сургуулийн талаар мэдээлэл авсан Америкын Батлан хамгаалах яам даруй Орос Хятадад хандан ажиглагчаар оролцох хүсэлтээ тавихад цаадуул нь татгалзжээ. Америкын Бүгд найрамдах намын албан тушаалтны ярьж буйгаас үзэхэд, гадаад бодлогод их нөлөөтэй дэд ерөнхийлөгч Ричард Чейни өнөөдөр ч гэсэн энэхүү цэргийн хамтарсан сургуулийн эсрэг бодлого авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт шаардаж буй бололтой. Рамсфелдийн 10 сард хийсэн айлчлал, Бушийн 11 сард Монголд хийсэн айлчлал нь энэ бүхэнтэй холбоотой.
Ойртон түншилж буй Хятад Оросын эсрэг авч буй Америкын бодлого нь зөвхөн Монголоор зогсохгүй Евразийн хүйс гэж ч хэлж болох Төв Азид мөн эрчтэй явагдаж байна. Энэ бодлогын салхийг хагалсан нь 10 сарын дундуур Төрийн Департаментийн Нарийн бичгийн дарга Кондолиза Райсын Төв Азийн гурван орон болох Киргиз, Казахстан, Тажикистанд хийсэн айлчлал юм. Ялангуяа Киргизид хийсэн айлчлалын үеэр тус улсад байрлаж буй Америкын цэргийн баазыг хэвээр үлдээхийн тулд ерөнхийлөгч Курманбек Бакиевын дэмжлэгийг авах нь хамгийн чухал зорилт болж байв. Киргизтэй хийсэн хэлэлцээ нэлээд ярвигтай байсан ч Кондолиза Райс ямар байсан ерөнхийлөгч Бакиевыг толгой дохиулж дөнгөжээ. Жижиг дунд үйлдвэр, ХАА-н салбарт өгөх тусламжаас гадна мөн Америк цэргийн баазын төлбөрийг нэмэгдүүлэх боломжтой байгаагаа амласан нь ийм үр дүнд хүргэсэн бололтой.
Гэхдээ Евразийн шинэ газрын зургийг будах тоглогч нар Америк, Хятад, Орос гурваар хязгаарлагдана гэж байхгүй. Монголын гадаад бодлого ч гэсэн туйлын хашир хэрсүү явагдаж байна. Бушийг харьсны долоохон хоногийн дараа буюу 11 сарын 28-нд ерөнхийлөгч Энхбаяр Бээжинд очиж, Хятад улсын дарга Ху Зинь Таотай гар барив. 4677 км үргэлжилсэн хоёр улсын хилийн цэсийг тодотгож, хэдэн зуун жил үргэлжилсэн зөрчлийн түүхэнд цэг тавихаар айлчилж буй нь тэр. Ерөнхийлөгч Энхбаяр “Хятад улстай бүх талаар харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байна” гэж Ху даргад шивнэхээ ч мартсангүй. Америк, Хятад, Оросын дипломат тоглоом ийнхүү хүчний тэнцвэрийн шинэ уур амьсгалтай болж байна.

Tuesday, March 07, 2006

Монгол орны ургамал- Экотуризмын баялаг

Монголын уур амьсгал орчин нь ургамалдаа их л таагүй ханддаг. Монголд жилийн 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл нэмэх 5 хэмээс доош температуртай байдаг ба энэ хугацаанд ургамал өсч үржих боломжгүй юм. Ургамал ургахад таатай орчин бүрддэг тавхан сарын хугацаанд ургамал цэцэглэж удмаа үлдээх гэж тэмцэнэ. Чингэхдээ бас хур тунадас багатай, эх газрын эрс тэс хуурай орчныг тэсч гарах шаардлагатай. Тиймээс Монголын ургамал давжааран жижгэрээд шимээ дотогш нь хурааж цаг уурын аливаа таагүй нөхцлийг ажрахгүй байхаар зохилджээ. Үүнийгээ дагаад Монгол газрын ургамал анхилам хурц үнэртэй, шим сайтай тул эмийн ургамал судлалын чиглэлээр дэлхий дахины анхаарлыг сүүлийн үед ихээхэн татах болов. Түүний зэрэгцээ байгалийн аялал жуулчлалын томоохон баялаг болж байгаагаараа гадаадын зах зээлд өндөр үнэлэгдэж байна.

Цэцэг ажиглах, цэцгийн зураг авах аялал сүүлийн үед ихэд яригдах болов. Энэ чиглэлээр ирдэг улсууд бол ихэвчлэн япончууд. Хэдэн мянган долларын үнэтэй зургийн аппарат бариад, цэцэгний зураг авах, цэцгийг байгаль дээр нь ажиглахын тулд тэд ирдэг. Япон соёл заншил нь цэцэг, ургамалтай нягт холбоотой. Сакура цэцэг дэлгэрэх цагаар модны сүүдэрт сууж, архи зууш дэлгэн тавиад хавар цагийн байгаль, цэцгийн үзэмжийг бахдан найз нөхөдтэйгөө найрлан цэнгэнэ. Байгалиас нь тастаж авчирсан цэцгийг үзэмжит байдлаар засч янз бүрийн хэлбэртэй цэцгийн саванд хатгаж урлагийн бүтээл болгодог Икэбана хэмээх урлаг байна. Цай уух ёслолын үед гэрийн хойморт улирлын шинжийг илтгэх цэцгийг тавьсан байдаг. Япон үндэсний дуу шүлэгт улирал илтгэсэн цэцэгсийн нэрс ордог. Мөн Японы муж бүхэн өөрийн билэг тэмдэг цэцэгтэй. Язгууртан гэр бүлийн тамга сүлдэд олон янзын цэцэг дүрслэгддэг. Японы эзэн хааны сүлд удвал цэцэг. Цэцэгний нэр мэдэхгүй, танихгүй япон хүн бараг үгүй. Соёлын энэ дэвсгэр нь тэднийг Монголын тал нутаг, олон болдгийн цэцэгс үрүү уруу татдагаас зайлахгүй.

Монголын өндөрлөг газрын цэцэг ургамал нь экотуризмын асар их нөөц баялаг юм. Монгол улс экотуризмын чиглэлээр төрөөс баримтлах чиглэлийг тогтоон, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал болоод байна. Энэ нь орон нутгийн соёл болоод байгаль орчныг хамгаалсан, ашгаа зөв шударга хуваарилсан, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой, шинжлэх ухааны судалгаанд үндэслэж, түүнд хувь нэмэр оруулсан, энэ төрлийн жуулчлалд оролцогч нар шинэ мэдээллээр хангагдах боломж бүрдсэн жуулчлал байх ёстой юм. Япон жуулчдын авсан гэрэл зураг Монгол орны ургамлын зурагт толь хэвлэхэд хэрэглэгдэж, энэхүү зурагт толийг нь орон нутгийн иргэд авч ашигладаг нээлттэй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Мөн орон нутагт үлдэх ашгийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг дээшлүүлснээр цэцэг ургамал ургах орчинг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгож байх ёстой юм. Нөхөн сэргээгдэх баялгийг нөхөн сэргээгдэх хэмжээнд нь ашиглавал мөнх ашиглах боломжтой. Долоон үеийн дараах үр ач нараа бодож тэдний насаараа идэх үүцийг бид бэлдэж өгөх ёстой.

П. Наранбаяр 2003 оны 10 дугаар сар 7 Улаанбаатар

Авсаархан агаад тодорхой сэтгэлгээг үгүйлэх нь

Монгол улсын хөгжлийн зангилааг зөв олж харах нь чухал. Зангилааг олохын тулд бидэнд тодорхой агаад рациональ маягийн сэтгэлгээ хэрэгтэй юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хөгжлийн олон арга замаас бидэнд дөхүү, манай улс үндэстний онцлог, байгалийн нөөц болон хязгаарт тохирсон тулхтай хөгжлийг хангах боломжтойг замыг сонгохыг хэлж байгаа юм. Монгол улс өнөөг хүртэл чадаж ирсэн зүйлсээ өвлөн авч, нандигнан хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид бид шинээр сурч, өөрийн болгож чадах хөгжлийн аливаа боломжийг нээх нь зүйтэй.

Харамсалтай нь бид тодорхой агаад бүтээлч сэтгэлгээнээс их холдсон бололтой. Ийм байдлыг бид өнөөдөр хаана ч гэсэн харж болж байна. Хэдэн жишээ харъя.

Хоёр жилийн өмнө би вээр Завхан аймгийн Улиастай хотод очиж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийгээд аймгийн захиргааны зарим ажилтнуудтай уулзах завшаан тохиож билээ. Тэр үед УИХ-с Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал батлагдаж, Баруун бүсийн төв нь Завхан аймгийн Улиастай хот байхаар шийдэгдсэн тухай амтай болгон л ярьж байлаа. Улиастай хот хорь орчим мянган хүнтэй бөгөөд Баруун бүсийн төв болсон тул арван жилийн дотор хоёр зуун мянган хүнтэй том хот болно гэж хөөрцөглөж байлаа. Том хот болох сайхаан. Түм түжигнэж, бум бужигнаад л, дэлгүүрт нь өнгө өнгийн бараа алаглаад л, соёл үйлчилгээ, баар ресторан гэдэг нийслэлээс ч дутахгүй. Ийм дүр зургийг тухайн үед олон хүн төсөөлж байсан биз.

Гэтэл том хотыг барьж байгуулахад улс орны эдийн засгийн хүчин чадал нэн чухал. Түүний дээр усан хангамжийн асуудал хот байгуулалтын үндэс болно. Цэвэр бохир усны сүлжээ, хог хаягдлыг зайлуулах, устгах байгууламж гээд нарийн тодорхой төлөвлөгөө, судалгаа хэрэгтэй. Гэтэл Улиастай хот тухайн үед л миний олж харснаар дан ганц физик шүүлтүүрээр бохир усаа цэвэрлэдэг задгай байгууламжтай, хот даяарх бохир цэвэр усыг хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй байв. Хот байгуулалтын ямар төлөвлөгөө, хөгжлийн ямар судалгаа хийгдсэнийг албан тушаалтнуудын амнаас сонссонгүй. Хөрөнгө байхгүй гээд энэ талаар гар хумхин суусан болов уу гэж таамаглана. Хоёр зуун мянган том хүнтэй том хотыг авч явах хот байгуулалтын инженер хийгээд албан хаагчдыг бодлоготой бэлдэх талаар юу ч хийгээгүй нь бүр тодорхой. Хоосон хөөрцөглөөд л, төсөв мөнгө хүрэхгүй ядаж байж аймгийнхаа 80 жилийн ойг баярхан тэмдэглээд л, Улиастай хотын арын толгой дээр уул нутгаас гаралтай хутагтуудын суваргыг босгоод л. Шашин зан үйлийг хүндэтгэлгүй яахав. Гэхдээ хөгжихийн тулд бидэнд юу хэрэгтэй билээ гэдгийг тодорхой сэтгээсэй. Монголын орон нутгийн засаг захиргаа, түүний бодлого боловсруулалтын дүр зураг ерөнхийдөө иймэрхүү л байгаа. Ай хөөрхий.

Ховд аймгийн Эрх чөлөөний талбайд Ард Аюушийн хөшөөтэй зэрэгцүүлэн Галдан бошготын хөшөөг 90 сая төгрөгөөр босгосон тухай та бүхэн дуулсан байх. Галдан бошгот хэмээх Монголын түүхэн их хүний тухай бид Ж. Пүрэвийн “Манан будан” романаас өөр юу мэдэх билээ. Хөшөө нь чухал бус эх түүхээ сайтар уншиж судлах нь дээр байлтай. Ховд аймаг төсвийн мөнгөөрөө сургууль цэцэрлэгээ бүрэн тордоод авч явж чадаж байгаа юм уу. Үүнд би эргэлзэж байна.

Ховд аймгаас гараагаагаа эхэлсэн нэг талбай дээр хоёр хөшөө зэрэгцүүлэх энэ хачин чамирхал Улаанбаатар хүртэл давалгаалан орж ирэв. Одоо Сүхбаатарын талбай дээр Жанжны хөшөөтэй зэрэгцүүлэн Чингисийн цогцолбор хөшөөг барих нүсэр төсөл босоод бөөн юм болж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцэх шахуу өртэй орон байж бид эртний хүчирхэг Ром шиг, Наполеоны үеийн Париж шиг л хөшөө цогцолбороор баярхах болов. Тулгар улс байгуулагдсаны 800 жилийн ой галзуу хүнд салхи нэмэр гэдгийн үлгэрийг авчирч байх шиг. Уг нь зөв талаас нь ашиглавал Монгол улсад ашиг буянаа өгөх л ой юмсан. 800 жилийн угтан, Буянт-Ухаагийн онгоцны буудал болон тэр хавийн тэгш талыг “ухаант” сайд Батхүүгийн санаачилгаар Чингис хэмээн нэрийдэж буй бололтой. Мөн барууны орнуудад Чингис гэлгүй Гэнгис гээд байгаагийн учрыг олох гэж манай хариуцлагатай ажилтнууд хэдэн сар хөөрхөн ажил удаж мунгинав. Хөөрхийс мунгинаж л байг.

Эдүгээгийн Ерөнхий сайд М.Энхболд хэдэн жилийн өмнө хотын мэйр байхдаа зурагтаар гарч, Улаанбаатар хотын захирагч анх болох үед тулгамдаад байсан асуудал нь хотын 360 жилийн ойг тэмдэглэх ажил байлаа гэж ярьж байсныг санаж байна. Мань эрийг хотын захирагч байх үед жуулчдын өөдөөс танкны их буу ангайж харагдаад эвгүй байна гэж танктай хөшөөг Зайсан толгой уруу 30 орчим сая төгрөгийн зардлаар зөөн зайлуулж, нийслэлийн төв талбайг гурав орчим тэрбум төгрөгөөр хятад ажилчид зарж байж цардуулсан. Аялал жуулчлалын жилийг угтаж байгаа нь тэр гэнэ. Иш чааваас гэж энэ мөнгөөрөө онгоцны буудлаа тордоод авах ухаан байсангүй юу. Сүхбаатарын талбайг үзлээ гээд хэн бидэнд мөнгө төлөх юм бэ? Сүхбаатарын талбай цастай өдөр хүн халтирч хөлөө хугалчихмаар толигор боллоо гээд хотын оршин суугчдын амьдралд хэр нөлөөлөх юм бэ? Цардсан газар ингээд үхмэл хөрөнгө болоод л дуусав.Монголд ирж буй жуулчид Улаанбаатар хотыг үзэх гэж бус хөдөөгийн байгаль, малчны амьдралыг биеэр үзэх гэж ирдэг гэхэд бараг хилсдэхгүй. Аялал жуулчлалын жилд төсөвлөсөн мөнгөөрөө хөдөөгөө тордох, аялал жуулчлалын чиглэлийн дотоодын нислэгийн онгоцоо сайжруулаад авах бодол байгаагүй л юм байх даа.

Аялал жуулчлал хөгжүүлж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ гэж бид олон жил ярив. Гэтэл сүүлийн 10 жилд Монголд ирж буй жуулчдын тоо жил бүр 20 мянга дотор эргэлдэхээс хэтэрсэнгүй. Жуулчдын тоо өсдөггүй ээ, харин 20 мянган үйлчлүүлэгч, цөөхөн маршрут дунд эргэлдсэн жижиг зах зээл үрүү олон компаниуд өрсөлдөн орж, үнээ унагааж, байгалийн аяллын нөөц болсон үзэмжит газрууд гадна дотнын хүний хөлд дарагдан нооройж эхлэв. Өндөр хөгжилтэй орны завгүй жуулчид Монгол уруу зүглэх цорын ганц боломжтой суваг нь агаарын зам. Гэтэл Монгол улс уруу орж ирэх агаарын урсгалыг МИАТ хэмээх том монополь тэс хөндлөн хэвтээд хаачихсан. МИАТ-ын олон улсын онгоцны тариф тэнгэрт тулсан үнэтэйг захын гадаад хүн батлаад өгнө. Үнэ өндөр нөхцөлд Монгол улс аялал жуулчлалын зах зээлд хэрхэн өрсөлдөх юм бол. Дээр нь бас Буянт-Ухаагийн онгоц буух цардсан талбай хязгаарлагдмал тул олон зорчигч нэг дор хямдхан зөөчихдөг хүн тээврийн аварга онгоц буух боломж муутай, онгоцны буудлын үйлчилгээ муу, нойлийн өрөө нь нойль заачихсан, онгоц цагаараа нисэх нь өдрийн од шиг, менежментийн хувьчлал хийгдсэн ч санхүүгийн асуудал нь бахь байдгаараа. Шийдвэрлэх шаардлагатай тодорхой асуудлууд шил шилээ дараад хэвтсээр л. Гэхдээ Буянт-Ухаа дэлхийд дуурсагдсан Чингис хаанаараа нэрлэгдээд удаагүй байгаа. Бодвол Чингисийн нэртэй онгоцны буудал гэж дуулаад гадаадын жуулчид яргуйнд орсон ямаа шиг хошуурах юм байлгүй. Бидэнд тодорхой агаад рациональ сэтгэлгээ дутаад байгаагийн жишээ энэ.

Монгол газар нутаг өргөнтэй ч хүн ам цөөн авсаархан орон. Авсаархан оронд авсаархан агаад голчийг олсон тодорхой сэтгэлгээ, хөгжлийн үзэл баримтлал хэрэгтэй. Авсаархан орон гээд дэлхийн дотор өөрийгөө жижигрүүлж, бахархал юугаан гээх шаардлагагүй. Гэхдээ чаддаг зүйл, чадах зүйл, чадахгүй зүйлээ ангилан ялгаж, чингэсний үндсэн дээр хөгжлөө тодорхойлох нь чухал. Саалийн хэрээр саваа бэлд гэсэн үг байдаг. Чадал нь гүйцээгүй атлаа бусдыг дууриасан үйлдвэржилтийн бодлого ямар үр дагавар авчирсныг социализмын үеийн бүтээн байгуулалтын түүх бидэнд бэлээхэн харуулсан. Түүхийн алдаа оноог тунгааж, замнах зам, бүтээх хэлбэрээ зөв олж тогтоох нь юунаас ч чухал. Үүнд дан ганц Монголчуудын сэтгэлийн чин зориг хэрэгтэй болоод байгаа юм.

Бэсүд. П. Наранбаяр
Киото Их Сургууль, магистр
2006.03.01

Улаан хошуут хаачив?

П.Наранбаяр, Киото Их сургуулийн магистрант

Хүйтэн цустай амьтад биеийн дулааныг зохицуулах тогтолцоогүй тул орчны температурыг дагаж биеийн температур нь өөрчлөгдөж байдаг. Хүйтэн цустанд сээр нуруугүйтэн, загас, хоёр нутагтан, мөлхөгчид гээд олон төрлийн амьтад ордог. Харин энэхүү хүйтэн цустнаас хүн төрөлхтний шинжлэх ухаанд хамгийн их хувь нэмэр оруулсан амьтан бол мэлхий. Анагаах ухаан, биологи, физиологийн ухаанд олон ч мэлхийг ашиглаж, туршилтын ширээн дээр цааш нь харуулсан гэдэг. Эдүгээ ч манай Анагаахын оюутнууд туршилтад хэрэглэх мэлхийгээ барихаар голын эрэг үрүү харайлгадаг гэж дуулсан юм байна. Мэлхий ашигласан нэгэн сонирхолтой туршилтын талаар хэдэн жилийн өмнө аль нэгэн номны хуудаснаас харж байснаа санаж байна. Харин чухам ямар номонд уг туршилтын тухай бичсэн байсныг одоо мартаж орхижээ. Туршилтын агуулга нь маш энгийн боловч мэлхийний хувьд дэндүү хэрцгий гэмээр зүйл байж билээ. Хэрэв та буцалгасан халуун усанд мэлхийг аваачиж хийвэл огло харайн савнаас гарч зугтана. Тэгвэл мэлхийг хүйтэн усанд хийж байгаад усыг аажмаар халаавал яах вэ? Ус буцалтал мэлхий савтай усандаа байсаар чанагдаж үхдэг гэж бичсэн байж билээ. Хүйтэн цустны биеийн дулаан орчны температурын өөрчлөлтийг дагаж халж хөрөх тул мэлхий чанагдаж үхтлээ савтай усны халуун өөрийг нь үхэл үрүү аваачна гэж анзааралгүй байсаар нүд анидаг ажээ. Мэлхий орчны дулааны огцом өөрчлөлтийг мэдэрдэг атлаа аажим өөрчлөлтийг тун ч молхи мэдэрдэг ажээ. Энэ туршилт хүн болон хүрээлэн буй орчны харилцааны талаар тунгаах нэгэн сэжүүр болж байгаа юм.
Хүн хүрээлэн буй орчны аажим өөрчлөлтийг туршилтын мэлхийтэй адил анзааралгүй аль эсвэл анзаарлаа ч гэсэн үл тоомсорлон өнгөрөөдөг гэж хэлбэл бараг л хилсдэхгүй болов уу. Дэлхийн дулаарал, озоны давхаргын цооролт, цөлжилт, биологийн төрөл зүйлийн хомсдол, орчны гормоны асуудал гэх мэт дэлхий нийтийн хэмжээнд яригдаж байгаль орчны асуудлуудыг бодгаль хувь хүмүүс хэрхэн хүлээн авч, ухамсарлаж байгаа бол? Өнөөдөр хэрэглэж буй бензин, тос, нүүрсийг өдий хэмжээгээр хэмнэвэл дэлхийд нүүрлэж буй дулаарлыг хөнөөлийг арилгахад төдий хэмжээний хувь нэмэр болно гэж та бид өдөр тутмын амьдралдаа бодож, хэрэгжүүлдэг үү? Үгүй шүү дээ. Дэлхий энэ тэрээ болиод бүр ойрхны асуудлаас хөндөж үзье л дээ. Улаанбаатарчуудын усны үрэлгэн хэрэглээ тун аймаар. Өдөр шөнөгүй крантаа гоожуулж, эвдэрсэн жорлон ус алдаж, байраараа нэг усанд автах нь энүүхэнд. Гэтэл хаврын ид хуурайшилтын үед Улаанбаатарын усны эх үүсвэр болсон Туул гол хэдэн жилийн өмнө ширгэж байсныг санаж буй хүн олон байгаа байх. Зун хэт халж бороо орохгүй улаан шороо эргэсэн өдрүүд олширч байгааг бид бүгдээрээ мэднэ. Гэтэл санаа амар сууж, ус хэрэглэхдээ үрэлгэн цамаан загнаж буй хүмүүсийг юу гэж үзэх вэ? Улаанбаатарчуудыг тойрсон хүрээлэн буй орчин өдрөөс өдөрт аажим аажмаар өөрчлөгдсөөр байна. Бид бас л анзаарахгүй бүхнийг гарын салаагаар урсах хуурай элс мэт цагийн салхинд туучхаад бүгдийг мартаганасаар л сууна. Улаанбаатарыг тойрсон амьтны ертөнцөд ч нэлээд өөрчлөлт гарсан мэт санагдах юм.
Улаан хошуут гэж шувуу хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод их үзэгддэг байсныг та бид сайн санаж байгаа байх. Өвлийн сэрүү орсон намрын сүүл саруудад айлын тагтан дээр борцолж тавьсан махнаас хувь зооглох гэж сүрэглэн дайрах тул байнга ад үзэгдэнэ. Хэрээ мэт тас хар атлаа нарийн махир улаан хошуутай, биеэр хэрээнээс багашаархан шувуу байсан. Эдүгээ энэ шувуу ор тас үзэгдэхээ байжээ. Хаашаа алга болсон юм бол. Лав л ойрын хэдэн жил харагдаагүй. Мөн Туул голд умдаалдаг байсан Богд уулын буга, Улаанбаатар хот дотор бас ч үгүй нэлээд харагдаад байдаг байсан эрвээхэй гээд л дурдаад байвал цаг цаас нэлээд идэх бололтой. Өдрөөс өдөрт хаяа тэлж, хүн ам нэмэгдэн, хогондоо дарагдаж буй улсын маань нийслэл. Хүмүүстэй зэрэгцэн суурьшиж байсан амьтад нь хотоос үргэн дайжиж байгаа бололтой. Амьтад орчны таагүй өөрчлөлтийг соргог мэдэрдэг ажээ. Улаанбаатарын хүрээлэн буй орчин улам л ядуурч, ногоон цэцэрлэг “газарт орж” барилгын талбай болж дуусав. Орчны энэхүү өөрчлөлтийг үл тоомсорлон хүмүүс бид улам л үрэлгэн, харалган загнасаар л. Их хот бидний хэрэглээг даалгүй хэдийд сөхрөн унах бол?


2005 оны 10 дугаар сар 8

Анхны алхам

Атар эзэмших хөдөлгөөн 1960-аад онд Монгол оронд давалгаалж байхад ийм нэртэй кино тухай үедээ хит болж байсан гэдэг. Интэрнэтийн ертөнцөд блог хэмээх жижиг трактор бариад газар сэндлэх ажлаа эхлүүлэхдээ өөрийн эрхгүй энэ нэр цээжинд орж ирэв. Өнөөдрөөс эхлэн би ч гэсэн тариаланч боллоо. Өнөөдрийг хүртэл би бусдын тарьчихсан тариаг харж, нүд хужирлаж явснаас хэтэрсэнгүй. Сайн нөхрийн зөвлөснөөр интернэтийн ертөнцөөр дүүрэн байгаа үнэгүй олон тракторын нэгийг барьж аваад унаад үзсэн чинь ер нь нэг л гарт ороод ирэх шинжтэй. Барихад ч хялбар юм. Элдэв зөвшөөрөл энэ тэр шаардаад байхгүй. Над шиг техникт А ч үгүй хүн хэзээ язааны жолооч шиг л руль мушгиад байх янзтай. Амархан лүд юм аа.

Амархан лүд юм аа гэж настай хүний амнаас гарам үгийг хээв нэг хэлж орхисны дараа санаанд нэгэн бодол зурсхийн орж ирэв. Бидний өвөө эмээ нар Атар эзэмших хөдөлгөөн өрнүүлж чадсан юм чинь залуучууд бид Блог эзэмших хөдөлгөөн яагаад өрнүүлж болохгүй гэж. Блог эзэмшицгээе. Интернэтийн ертөнц үрүү дайраад! Урагшаа!

Бэсүд Наранбаяр
Киото хот
2006.03.07