Friday, May 11, 2007

Бултаар бүтээх эрин

Үмэда Мочио гэдэг хүний ВЭБ-ийн эволюци, Чикума шиншё 2006 номыг зав чөлөөгөөрөө харлаа. Би ер нь блог дээрээ компьютерт паг хүн гэдгээ олонтаа дурдаж ирсэн хүн. Тэгээд энэ чиглэлээр бичсэн зүйлийг шагайж харалгүй хажуугаар нь явдаг байжээ. Харин ойрноос БҮГДЭЭРЭЭ Сайт дээр хааяа юм бичдэг болж, ер нь энэ ВЭБ ертөнц дээр юу болоод байгааг бага сага олж мэдэх санаатай энэ номыг андаасаа зээлэн авч уншсан юм. Ерөнхий санаагаа ойлгомжтой цэгцэлж бичсэн нь таалагдлаа. Мөн над шиг нэтийн талаар маруухан мэдлэгтэнд таарсан хялбар тайлбартай ном байв. Харин номын сүүл хагас нэлээд нуршуу болсон санагдлаа. Гол санааг зангидъя.

Интернэт, компьютерийн технологи тасралтгүй хямдарч, жирийн хэрэглэгч төсөрхөн зардлаар өндөр хурдтай интернэт ертөнцөд чөлөөтэй аялах боломжтой болов. Энэхүү IT дэвшил нь жирийн иргэд нэт ертөнцөд дуу бичлэг видео чөлөөтэй оруулж байрлуулах (You Tube), үзэл бодлоо үнэгүй нэт талбарт дэлгэх (e-blogger) боломжийг олгож, өнөөдрийг хүртэл дангаар ноёлж ирсэн мэргэжлийн мэдиа (телевиз, радио, сонин, сэтгүүл)-гийн орон зайг ганхуулж эхлэв. Мэдиа салбарын мэргэжлийн болоод мэргэжлийн бусынхны энэ зөрчилт харилцаа цаашид ч өрнөж, мэргэжлийнхний гар дор байсан мэдээлэл хязгааргүй цацагдах болж, хэн нэгэнд нь заавал хүрдэг тогтолцоо ноёлно гэж үзжээ.

Мөн нэтэд орсон хэрэглэгч бүр чөлөөтэй нэвтэрч нийт дундаа боловсруулж бүтээн байгуулдаг Open source-ийн тухай дурджээ. Тухайлбал, Британикагийн алдарт тайлбарт толийг хэд дахин нугалан даваад буй Векипедиаг энд би дурдмаар байна. Уншигч та хүсвэл энэ нээлттэй тайлбар тольд давхиж ороод өөрийнхөөрөө засвар хийж, үг нэмээд үзээрэй. Сонирхолтой шүү.

Интернэт х Технологийн хямдрал хэмээх хувьсгал х Open source.

Эдгээр нь интернэтийн наад талд ямагт оршсоор ирсэн хэрэглэгчдийг өөрчилж, интернэтээр биднийг хангаж буй цаад талын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг өгч байгаа юм байна.

Бусдаар бүтээлгэдэг байсан Вэб 1.0 –ийн үе дуусч, өөрсдөө вэбээ бүтээдэг Вэб 2.0-ийн эрин үе эхэлжээ. Эрин үе шинэчлэгдэж, нийгмийг хамарсан нийтийн үзэл бодол өөрчлөгдөхийг Парадайм шифт гэдэг. Парадайм шифтийн эрин үе Монголыг тойрохгүй нь гарцаагүй. Мэдээллийг өмчилж, өмхийртөл нь дардаг социализмын үеийн сэтгэлгээг интернэт өөрчилж байна. Бүгдээрээ бүтээх эрин иржээ.