Wednesday, December 31, 2008

2008 он баяртай

2008 он одож байна. Улс төрийн амьдрал давалгаалав. Сонгуулийн жил байлаа. Саналын хуудас тооллого, сонгогчдын үнэмлэх дээр ажилласан тухай барим тавим яриа, 7 сарын 1-ний хэрэг явдал, 250 гаруй залуучуудад ял сонсгосон шүүхийн түргэвчилсэн үйл ажиллагаа гээд л. Эдийн засгийн хувьд халуурлын дээд цэгээс хүйтэрлийн доод цэг үрүү дэндүү хурдан давшиж буй өдрүүд үргэлжлэв. Ингээд л шинэ жилтэй золголоо.

Шинэ жилийн уур амьсгал орсон Улаанбаатарт замын хөдөлгөөн түгжирдэгээрээ түгжирч, асфальтан гадарга мөсөн гулгуур болов. Тэгээд мунхаглаад байх нь ээ, ер нь нийслэлд сүйх тэрэг явуулж яагаад болдоггүй юм бол гэсэн шүү бодол орж ирж байна аа. Машин морь хоёрын аль нь хурдан бэ? Улаанбаатарын замд бол сүйх тэрэг хамаагүй хурдан байж таарна. Яг л энэ зураг дээр байгаа шиг гоё хээнцэр. Гэхдээ үндэсний хэв загварыг өөртөө шингээвэл бүр сайн. Зундаа сүйх тэрэг жуулчдын дуртай унаа болно гэх мэт. Харин замыг нь яаж бий болгох вэ? Энэ далимаар замаа өргөтгөн, нийтийн эрх ашгийн үүднээс газрын мафи гэж нэрлэгддэг улсуудыг задлаад хаячихсан.

Monday, December 15, 2008

Төрөлжин хөгжихүйг үргэлжлүүлэн бодоход

Эркардогийн бичсэн Төрөлжин хөгжихүйг уншаад чөлөөт худалдааны тухай хувийн бодлоо дурдмаар санагдав.

Чөлөөт худалдааны тухай ярьж эхлэхээр Дэвид Рикардогийн нэр заавал гарч ирнэ. Түүний боловсруулсан харьцангуй давуу талын онол одоо ч гэсэн анхаарал татсан хэвээр байна. Аль нэгэн улс өөрийн хамгийн сайн хийж бүтээж чаддаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүч хаяж, түүнийгээ экспортлох замаар хамгийн их ашиг олж чадна. Тухайлбал, хөгжиж буй оронд дарс үйлдвэрлэл хөгжсөн орноос хэд дахин хямд өртгөөр үйлдвэрлэгдэж байвал, тухайн улс өндөр өртөгтэй бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэж илүү зардал хүч гаргах шаардлагагүй. Дарс үйлдвэрлэлд анхаарлаа төвлөрүүлж, энэ салбарт өрсөлдөх чадвараа сайжруулан экспортолж, харин хажуудаа байгаа хөгжсөн орноос тэнд хямд үйлдвэрлэж чаддаг барааг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээрээ хоёр улс хоёул хожно гэж Дэвид Рикардо үзсэн байдаг. Энэ нь чөлөөт худалдааны гол тулгуур онол гэж би ойлгодог.

Өнөөдрийн Дэлхийн худалдааны байгууллага олон улсын чөлөөт худалдааг дэлгэрүүлэх, нэгдсэн нэг дүрэмд оруулахаар их зүйл хийсэн байгууллага. Чөлөөт худалдааг хөгжүүлснээр Хөгжингүй орнууд хожив уу, Хөгжиж буй орнууд хожив уу? Энэ бол өөр асуудал. Монгол улс л лав чөлөөт худалдааны ертөнцөд явж орсноор үндэсний үйлдвэрээ босгож чадаагүй гэж би боддог. Африкын Судан улсад эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэг багшийн маань яриа одоо ч гэсэн сэтгэлд хадаатай байдаг юм. Суданы Ерөнхийлөгчийн зөвлөх түүнийг Суданд мэргэжилтнээр ажиллаж байхад нь дуудаж уулзжээ. Тэгээд, "Судан улсыг ДХБ-д элсүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?" гэж асууж. "Танай улс үйлдвэрлэлийн ямар салбараа хамгийн чухалчлан үзэж байна вэ? Өөрөөр хэлбэл, гадаадын хямд бараа их хэмжээгээр цутган орж ирэхээс хамгаалах бодолтой байгаа үйлдвэрлэлийн салбараа сонгож аваад хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Нэгэнт чөлөөт худалдааны цэвэр өрсөлдөөн бүхий тоглоомын хатуу дүрэмтэй ертөнцөд явж орох тул чухалчилж үзсэнээс бусад салбарыг хаях хэрэгтэй болно. Тэгэхээр ДХБ-д элсэн орно гэдэг дотоодын үйлдвэрлэлийн хөгжлийн сонголтын тухай бодлого юм" гэж хариулсан байна.

Монгол улс төрөлжиж чадав уу? Хамгаалах салбараа сонгож чадав уу? Бидний хамгийн сайн чаддаг үйлдвэрлэлийн ямар салбар байна? ДХБ-д элсэн орсноос хойш боловсруулаагүй ноолуур их хэмжээгээр Хятад уруу гардаг болсон, Хятадын худалдаачид бэлэн мөнгө барин гар дээрээс шууд ноолуур худалдан авдаг болсноор ноолуурын үнэ тэнгэрт хадаж, дотоодын үйлдвэрлэгч нар түүхий эдээ хурааж чадахгүй зогсоход хүрсэн гашуун туршлага саяхных. Хятад Орост үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүн 40 сая малтай Монгол улсын дэлгүүрийн лангуунд ярайж байна. Гадаадын сүү сүүн бүтээгдэхүүн Монголынхоос хямд. Дээр нь бас импортын даршилсан өргөст хэмх, помидор, жимсний чанамлууд. Ай яа яа, бид сонголтоо хийж чадсангүй. 1996 онд ДХБ-д элсэн орохдоо энэ тухай үндэсний үйлдвэрлэгч нартайгаа ч зөвлөлдсөнгүй...


Friday, December 05, 2008

Андерсений "Шидэт хэт"

Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлиг Монголд хамгийн борлуулалт сайтай ном болж байгаа бололтой. Интэр номын дэлгүүрээр ороход тэндхийн бэст сэллэр болсон байна лээ. Хүүтэйгээ цуг унших санаатай тус тусаас нь нэгийг авлаа. Тэгээд энэ жил сургуульд орсон хүү маань дөнгөж уншиж сурч байгаа болохоор оройдоо ганц нэг мөрөөр нь явуулсаар байгаад хэд хэдэн үлгэрийн цаана гараадхав.

Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү.

Нэг цэрэг дайн дуусаад гэртээ харих замдаа шуламтай тааралдана. Шулам түүнийг агуйд орж хөсрий хаягдсан хэт авчирч өгөхийг хүснэ. Хонгилд байгаа алт мөнгийг дураараа авагтун гэсэн үгэнд шунагтсан цэрэг агуйд орон үүргэвчээ алт мөнгөн зоосоор дүүргэн гарч ирээд шулам эмгэнээс хэтийг юунд хэрэглэхийг асууна. Эмгэн чамд хамаагүй хаданд чимээгүй гэхээр нь алж орхино. Ингээд л шууд дээрэм, аллага гарч байгаа юм. Эмгэн уг үлгэрт шулам л гэж гарахаас ямар нэг алуулахаар муу үйл хийсэн тухай огт гарахгүй.

Тэгээд хөрөнгөтэй болсон цэрэг хотын хамгийн үнэтэй зочид буудалд тансагласаар мөнгөө бараад дээврийн хөндийд ядуухан амьдрахдаа хэтээ санан цахиж үзтэл том ноход гарч ирэн юу санасан есөн хүслийг нь биелүүлж өгнө. Ингээд амар хялбар амьдралыг шууд л сурталчилж байгаа юм.

Цэрэг бүр давраад
шидэт нохдоороо хааны охиныг унтаагаар нь хулгайлуулан авчирч, шөнөжингөө дэргэдээ байлган үнсэж үлгэнэ. Ингэхэд охин огт сэрэхгүй. Эцэст нь хааны охиныг шөнө хулгайлдаг хэрэг нь илэрч баригдана. Дүүжлүүлэхийн даваан дээр шидэт ноход нь ирж аварна. Хаан нохдоос айсандаа гүнжээ өгч, дээр нь бас хаант улсын талыг бэлэглэнэ.

Үлгэрийн зохиомжийг бүхэлд нь харахад үнэнч шударга хөдөлмөрлөх, хүн алж, хүрээ талахгүй байх ёс суртахууны хэм хэмжүүр үл оршино. Гайхмаар шүү. Андерсен юу хэлэх гэсэн юм бол?

Хүү маань надаас "Аав аа, энэ цэрэг шулмыг яагаад алчихав?" гэж асуухаар нь тайлбарлаж чадсангүй. Тэгээд яахав, шулам гэдэг угаасаа муу хүн байдаг юм гэхээс өөр тайлбар олдсонгүй. Андерсен муу хүнийг тонилгож байх ёстой гэж хэлэх гэсэн юм болов уу.