Saturday, December 23, 2006

Хамар Лодон- төгсгөл

Хамтын ялалтаа олохоос өмнө Хамар Лодондоо буучих нь энэ үү?

Нэгдэл дээр “Силиньбү”
[1]-г буудах андгайлалтын их хурал болов. Ядуу малчны төлөөлөгч гэж Хамар Лодон бяцхан жанжны моторын ард сундлан ирээд тэргүүлэгчийн тайзанд залагдан гарсан нь дамжиггүй. Хамар Лодон энэ яваа насандаа ийм өвтэгш цуглаанд анх оролцож, мянган хүний өмнө тонгойн сууж байгаа тул зүрх нь эрхгүй савлаж, зайнгуу зайдалсан юм шиг овгонож байлаа.

Дайсан гээд элдэв эсийн малгай пайзтай нэгдлийн шүүжи[2], Намжил залан, Сүмийн гэгээн, Хялар Дамбий... гээд бөөн чөтгөр шулмыг олны олны эсрэг толгой бөхийлгөн зогсоожээ. Намжил залангийн адуунд явж байсан нэгдлийн дарга, Сүмийн гэгээний хөлсгүй албанд баригдаж байсан Хялар Дамбий нар өөрийн дайсан этгээдтэйгээ зэрэгцэн тонгойсон нь даанч эвгүй юм уу гэж Лодон бодов.

Бяцхан жанжны хийсэн илтгэл нь Хамар Лодонг нэг мөсөн хиртхийлгэв. Хүүе дээ хө. Гүрэн төр чинь төвшингүй болсон юм байна шүү! Сүрхий бүдүүн[3] хэрэг гарч гэнэ. Нэгдлийн шүүжи бас саваагүй дунд нь дэлдэгнэж Намжил заланг өргөн босгоод далдуур нэг нууц яам байгуулахаар хүчилж гэнэ. Хошуу яам гарахад[4] хүрвэл бүхэл шүүсний ам ширээ хийх нь лав. Ам ширээ хийхэд хүрвэл Хамар Лодонг модны албанд барьж аваачих нь гарцаагүй. Тэр нь ч гайгүй л байна. Агдвал хэдэн жин махаа гээнэ л биз. Хамгаас хэцүү нь харин яамны агаруу хавтсаар авдар хийсэн учир. Зүсч зүйгээд сүйтгэсэн мөртөө нүүрийн хавтсыг нь хумс мэт нимгэртэл нь хуссаныг амбан ноёнтон ажин авбал хөнгөндөө насны боол болгож, хэлтэсхийвэл чавганцын хар хүний орыг даруулахад[5] ойрхон шүү...Ай энэ нэгдлийн шүүжигийн хор ярвигтай гэж...Цус чамайг цохиж унагаахад бүр таарна. Цохиод алавч саналгүй. Хамар Лодон манчуурган хамраа угт нь тултал улайлгаж суурьгүй оволзож байтал Мэнгэтийн хүү:
- Одоо ядуу малчны жинхэнэ төлөөлөгч нөхөр Лодон чухал яриа тавина гэж зарлаад уурганы булцуу гэмээр сонин эд өмнө нь авчирч тавив.
Ярайтал суусан мянган амьтны аянга мэт нижигнэсэн алга ташилт Хамар Лодоны зүрхийг пүл пүл түншүүлж, сандарч тэвдэхийн туйлд хүргэжээ. Хэдэн үг ярихгүй бол Мэнгэтийн хүүд осолдож, бяцхан жанжинд гологдож мэднэ шүү. Ярьчихъя гэхэд ийм олон хүний өмнө байтугай үүр аравны цуглаан дээр ч хэдхэн үгэнд хэлээ булзааж, хамаг амьтны хар инээд болж явсан даг. Хөгшин бух жороо сурах
[6] л хэрэгтэй болж дээ. Юу ч гэсэн “Хамгийн дээд заавраа” уншиж байгаад болъё гэж бодоод Хамар Лодон дарагдсан ишгийн муухай хоолойгоор:
- Хамгийн...дээд заавар: Хэн чинь дайсан бэ...Хэн миний хань вэ...Энэ бол...хувьсгалын түрүү худ мөн...гэв.
Цааш тээглээд хоолойгоо засч байтал Мэнгэтийн хүүгийн царай нь нэг л хачин болж аваад төмөр булцуугаа суга татан авчхав. За болжээ, тэртээ тэргүй хэдэн үг эвлүүлж хэлээд тамаас хурдхан мултаръя. Бяцхан жанжин нэг зэрэг хөл болж, чих чихээ зуулцсанаа
[7] Мэнгэтийн хүү гэнэт:
- Хамар Лодон тайзнаас буу гэж хашгирав.
- Өө, доор буугаад яривал олон хүн тод сонсоход амар гэж байна уу? За за... гэж Хамар Лодон тавцангаас буухын дагуу “Нэгдлийн шүүжи үнэхээр олиггүй...” гэж аман дотроо төвтнөж явна.
- Тэнд зогс гэж Мэнгэтийн хүү чөтгөр шулмын зүг заасанд,
“Юу билээ хө?” гэж Хамар Лодон зог туссанаа ханзархай гутлын хоншоороо харж орондоо бэрвийн зогсов. Тайзан дээрээс гэнэт,
- Одоогоор ажиллагаатай хувьсгалыг эсэргүүцэгч Хамар Лодонг цохин унагаая!” гэж чих дүлийртэл хашгирсанд Хамар Лодон цочоон дээрээ нүд нь орой дээрээ гарав.
“Лам гончигсүм!” Хоромхон зуур ижил дасал харцнууд нь ирийж үзүүрлэсэн хилэнт харц болон хувирч, хэдэн мянган зангидсан нударга бүр л түүний өөд зангалцана. Хамар Лодон чичирч дагжсаар чавганцынхаа ард очиж тонгойв.

Түмэн нүдтэй тэнгэр, төрөлхийн мэргэн жанжин аа! Хамар Лодон чинь хаана та нарын үгээр явсангүй вэ? Хувьсгалыг ингэж хийдэг гэж би та нараас сурч мэдээд гагц сэтгэл барьж, төө салалгүй мөрдсөөр ирсэн...Алтан луугаа хусч хаялаа, амраг чавганцаа голоод хаялаа, дөрвөн хуучин суртлаа булж тавилаа, таван улааныг бүрдүүлж тавилаа. Хамар Лодонд өөр цааш хэдийхэн чадал байх вэ?! Та нарыг эсэргүүцэх байтугай дагаад бас завдахгүй байна шүү! Хамт байлдаж, хамтын ялалтаа олохоос өмнө Хамар Лодондоо буучих нь энэ үү?! Буух мөртөө дайсантай цуг харлуулчихна гэж үү! Хамар Лодоны гомдлын нулимс нь хорих завдалгүй энгэрийг нь дэвтээнэ.

Хамар Лодон ингэж гомдолтойхон тонгойгоод нэг мэдсэн чинь арван жил болжээ. Энэ хооронд юу болж яаж явснаа тэр өөрөө ч хэлж мэдэхгүй. Сүг сүнс нь тамын ёроолд хэвтээд хоосон махбод төдий овойж байсан тул амь гол байгаад дуугарч болохгүй, хатуу хүнд хөдөлмөрийг биелүүлээд ашиг шим хүртэж болохгүй гэдгийг л цээжилж явсан. Амьдралын замд түүнд хумхийн төдий л гэгээ олгосон хүн нь гэвэл залуугаа өнгөрөөж, жач[8] нь цайж эхэлсэн чавганц Жагриймаа нь л ажээ.

“Хэн хэнээ хэлэлгүй, хээр морио гуядалгүй. Чиний миний заяа нэг л. Гомдоод ч яах юм, хорсоод ч яах юм” гээд хөгшин чавганц түүнтэй бэрх ойртож, ооч ус оловч хувааж уугаад зүсэм бяслаг оловч талалж идсээр өдий болжээ. Энэхүү ертөнцийн хар шуурганд нэгдлийн шүүжи, Хялар Дамбий... ар араасаа эрлэгт очиход Хамар Лодон харин зэрлэг өвс шиг амь бөхтэйдөө л золоор үлджээ. Хөрөх шахсан зүрхэнд нь бүлээн цус олголоо гэвэл тэр нь чавганц Жагриймаагийн сулхан шивнээ ба өрөвдлийн харц л. (Төгсөв)

[1] Нэгдлийн удирдлагыг гэсэн утгатай аж. Ханзаар нь бичвэл 司令部。
[2] Нэгдлийн даргыг ингэж хэлдэг аж. Шүүжи гэдэг нь 書記 гэсэн хятад үг юм байна.
[3] Том гэсэн утгатай. Манай Сүхбаатар аймагт том хүнийг бүдүүн хүн ч гэж хэлдэг.
[4] Байгуулахад
[5] Араас ороход ойрхон гэсэн утгатай. Жагриймаагийн анхны хар хүн нь Намжил залангийн адуунаас ногт гүйлгэж, гянданд нас эцэслэснийг хэлж байна.
[6] Уг нь азарга гэдэг. Гэхдээ бух гэвэл илүү хошин аяс орж байна.
[7] Чих чихэндээ шивнэлдээд
[8] Чамархайн дээд хэсгийг ингэж хэлдэг ажээ.

Tuesday, December 19, 2006

Хамар Лодон - 8

Хамар хаашаа л Хамар, шар хоргой элгэвч, хүрэн даалимбан тэлийгээрээ ийм сайхан юм солиод нүд ирмэх зуур сахиулсны эгнээнд тавиад орчхов. Лодон урьдын Лодон биш болжээ хө. Одоо чинь жанжин мөртлөө галын ах нь аа! Хамар Лодон гэнэт авдрын ёроолоо уудлан феодал байгаа эсэхийг байцааж эхлэв. Сэмгэр хадаг, шаазан хөөрөг, гуулин цөгц...дөрвөн хуучин суртал гэсэн юм даа, миний энэ чинь гуравхан л байна. Өөр юугаа шилж гаргадаг билээ? Хамар Лодон байдаг хөрөнгө дээрээ нэг зэрэг нүд бэлчээснээ тууз хатгамалтай торгон тэрлэгээ шүүрэн авав. Тэр жил Бадам бэргэний балбархай тогоог бүхэл өдөр засч байгаад хэрэг болгож оёулсан юмдаг. Жагриймаатай гэрлэх үедээ өмсөх гэж цоо шинээр нь хадгалсаар өдий болжээ. Хаявал даанч хайран. Болжээ цааш! Шинэ боловч хуучнаар бодчихъё. Жанжин болсон хүн өдийхнийг алдахад гэмших ёс юу байна?...Хамар Лодон “Дөрвөн хуучин суртал”-ыг чадан ядан бүрдүүлж, үнсэн овоон дээр булж хаяад ялгуусан царайд нь баясгалан туяарав.
Жанжин болсон хүнд өөр юу хэрэгтэй билээ гэж Хамар Лодон сүмийн хүрээнд, гэрийнх нь үүдэнд болж байсан аливаа явдлыг эргэцүүлэв. Өө тийм, малгай ба энгэр дээрээ хөрөг
[1] зүүсэн байх хэрэгтэй. Гартаа жижиг улаан дэвтэр[2] атгасан байх хэрэгтэй. Ам нээх болгон “Хамгийн дээд заавар” гэж унших хэрэгтэй. Гэтэл “Хамгийн дээд заавар” нь юу болохыг Хамар Лодон яг мэдэхгүй тул “Ум ма ни бад ми хум” гэж уншиж болдог болов уу гэж боджээ.
Маргааш нь Хамар Лодон хар бор ажлаа хаяад энд тэнд гүйж, хамгийн дээд заавар гэж боловсорч эхлэв. Чингээд айлын хоол хошин дээр таарвал, хуучин бэлнээн идэж болохгүй шинэ гурил байх хэрэгтэй гэх болжээ. Хамгийн амжилттай сурч хэрэглэсэн нэг удаа гэвэл, хөдөөгийн хэдэн залуус “Байлдах анги” байгуулахад хорхойлж, хавь төсөртөө ганцаар богтсон тэмдэгтэйгээр нь Хамар Лодонг эрэн зөвлөлджээ. Хамар Лодон ч галын ахын сээрдүү зангаар:
- Тэр ч бололгүй дээ, гагц Намжил залан юу гэж байна вэ?” гэж асуужээ. Хэдэн залуус үгнийх нь утгыг олж ядан бие биенээ ширтэлцсэнээ нэг нь:
- Намжил залан юу ч гэсэнгүй. Байлдах анги байгуулбал би бас оръё гэж Залангийн шар хүү л бэрх гуйж байсан гэж ам алдав.
- Бүр тийм болох юм аа. Дайсны хорхойлсон бүхнийг бид эсэргүүцнэ. Байлдах анги гаргаж болохгүй гэж Хамар Лодон ганц үгээр хамаг залуусын түүшийг зууруулжээ[3]. Тиймээс хөдөөгийн хүмүүс Хамар Лодон гэвэл нээрээн хүндэлж биширдгээс гадна бас жаахан айж дагждаг болжээ. Ингэх тутам Хамар Лодон хэнийг ч нүдэндээ хавчихгүй[4] болжээ. Зөвхөн Мэнгэтийн хүүтэй бол тэнхлэг болон нийлнэ. Бяцхан жанжин гэдэг чинь ёстой Шагимунигийн өвгөөс ч илүү сайн зантай улс байна даа. Ханилбал ийм л улстай ханилж, мөрдвөл энэ л замыг мөрдөе! Буруугаа мэдэрсэн байтал мууг нь дурсаад байдаг Хялар Дамбий, цагаан хүний толгой дээр хар тогоо хөмөрдөг хоол хамаарагч, яльгүй юманд өс зангиддаг залуу чавганц...Жанжны минь дэргэд эд чинь ёстой л худгийн мэлхий. Улаан нар, улаан зүрх, улаан дэвтэр, улаан хөрөг, улаан богтсон “туг”, улаан од...Аяа, би чинь ийм хурдан улаан зургаан төрөлтэй болчихлоо. Хэд хоновол арав хорин улаантай болж мэднэ дээ. Ер нь Мэнгэтийн хүү биеэ хэзээд улаан таван төрөл гэж гайхуулсан биш үү. Хамар Лодон одоо түүнийг тэлийдээ ч хавчуулахгүй болсоон[5]. Хуучнаар жишвэл, Хамар би амбан суусан байхад Мэнгэтийн хүү занги л биз.
(Үргэлжлэл бий)


[1] Мао Зэдуны хөрөг болов уу.
[2] Мао Зэдуны хэлсэн үгийн түүвэр болов уу.
[3] Ам таглахыг хэлж байна. Эрүү түүшийг нь зууруулж, хэлэх үггүй болгов гэсэн үг бололтой.
[4] Тоож харахаа больжээ
[5] Мэнгэтийн хүүгээс нэг улаан илүү болсондоо бардаж байгаа ажээ.

Sunday, December 17, 2006

Хамар Лодон - 7

Хамар би амбан суусан байхад Мэнгэтийн хүү дөнгөж занги л биз

Зүүрэй авдар нь үүдний гадна хаягдаж, цул ногоон хувцасласан Мэнгэтийн хүү жижиг улаан дэвтэр дэлгээд, “Хамгийн дээд заавар:...Цохихгүй бол унахгүй“ гэж олонд ухуулга тавина. Зүүн айлын дархны том алхыг аль завд нь авчирсныг бүү мэд, нэг мариа махтай бяцхан жанжин дээр гэгч далайж зогсоод хажуудхаа яриад дуусмагц авдар дээр няц буулгахад бэлхэн байна. Хамар Лодон эхэр татаж аваад Мэнгэтийн хүүгийн зүг тэмүүлэхдээ авдар дотроос гоожиж гээгдсэн ягаан дурдан алчуур олны хөлд дэвсэгдэн байгааг үзээд сэмхэн шүүрч аваад далайлав
[1].
- Найр бодож өршөөл үзүүлчих дүү минь!
- Горьгүй горьгүй, дөрвөн хуучин суртлыг эвдэх нь манай улаан хамгаалах цэргийн дархан үйлс! Надтай байтугай өвөөтэй минь найртай явсан ч ялдар хаяхгүй
[2]. Юу болсон ч феодалын ёсыг ухуулсан зургийг үлдээж болохгүй!
- Лодон ах нь алтан луугаа... Үгүй, хар феодалаа арилгаад хаячихвал авдрыг маань балбахгүй байж болно уу? гэж Хамар Лодон сэхээтэй сэхээгүй асуусанд:
- Арилгаад хаяна гэнэ ээ? Тэгвэл бас ямар хор тарааснаа олны нүүр дээр мэдэрдэг юм бол яахав, улаан таван төрөлд
[3] багтсанд чинь л найр харж, нэг удаа уучилчихъя гээд сүвээ тулан сүр мандуулж байсан Мэнгэтийн хүү жаахан аядаж зөөлрөв.

Байдаг багажаа бригад дээр тавьсан тул Хамар Лодон гар мухардаж сандарна. Авдрын хөндийгөөр эмтэрч мохсон ойлийн толгой байгааг санаж мурий модонд дөхөмхөн ишлэв.

Түс, муу ойлийн тосолт Хамар Лодонгийн зүрхийг онов. Магнай дүүрэн дааварлах хөлс нь мэлмий дүүрэн туналзах нулимстай нь нийлээд манчуурган хамрынх нь угаар жим болон зурайсаар завжинд нь хүрч шорвог амт амтагдана. Мандаган ч[4] чавганцтай гэрлэсэнгүй, гэрлэсэн бол бас нэг феодалаа арилгуулах болно.

Мэнгэтийн хүү чухам юу бодсоныг бүү мэд, Хамар Лодонд богцон тэмдгээ бэлэглэж зүүлгээд: “Лодонд мэндчилэл хүргэе! Лодонтой хамт байлдаж, Лодонтой хамт ялалт олно! гэж хашгирсаар омогтойхон аяарлан оджээ. Хамар Лодон суга нь хэгзэрч, мөр нь тасарсан сэмгэр хантаазныхаа ханцуйд улалзах амин сахиатай улаан “туг”-ийг санан санан шинжсээр догдлон хөгжсөн гэж жигтэй. Эс л солиоров. (Үргэлжилнэ)

[1] Нуув
[2] Нүүр өгөхгүй
[3] Таван төрөлдөө улаан ядуу явсан
[4] Золоор гэсэн үг бололтой

Saturday, December 09, 2006

Хамар Лодон - 6

Өвчүү бие цул ногоон хувцастай, богцондоо улаан туг зүүсэн намхан биетэй хар хүү сүмийн индэр дээр намбатай илэрч, ханцуйгаа тохойдоо тултал шуугаад нударгаа хурайлан нэг юм хашгирч гарна. Олон хүн бархилдан балбачиж хэмхлэх дуу үргэлжилсэн тул ямар ном тавьж байгааг Хамар Лодон чих байгаад олж сонсохгүй нь хайрлалтай. Гарцаагүй бяцхан жанжин! Урт сормуустай хар нүд, тэвхгэр хамар, дэлдэн чихээр нь Хамар Лодон ингэж танив. Шинэ цагийн жанжин гэж мөн ч хэцүү, галавыг эзэлсэн Шагимунд ч халдаад байдаг нь лав л хурмастаас бууж ирсэн юм байлгүй. Богцондоо зүүсэн улаан туг нь лав номын үсэгтэй амин сахиа байгаа даа. Гэрэл ойсон тольтой шилээр хэвтээ барсын хөмсгөө дарж, энгэр дээр нь дүлэлзэж харагдах нь гууд суулгасан бурхан болов уу? Хамар Лодон эрхгүй айдас хүрээд дутаахыг бодсон боловч Хамар би Шагимуны хүү биш ядахад холын садан нь ч биш тул гайгүй биз ээ гэж бодов.

Гэнэт бяцхан жанжин улаан дэвтрээ дээр горойлдуулан
[1],
- Чөтгөр шулмыг чирч гаргая! Цохиж унагаая! Шүүрдэн арилгая! гэж нэгэн зэрэг хашгирсанд олон даган орилно.
Чих дүлийрэм хашхиралдаад дунд сүмийн лам нарыг индэр дээр гарган зэрэгцүүлэн тонгойлгов. Цагаан цаасан гoмша
[2]толгой дээрээ суваргалуулсан нь Жаахан сүмийн гэгээн байна. Номын самбар хүзүүнээсээ дүүжилсэн нь Да лам шив дээ. Түүнээс дараах нь цамын хохимой баг зүүсэн тул Хамар Лодон хэн хэнийг нь эс танив.
Олон чөтгөрийн дунд залуу чавганц тонгойж байх нь гэнэт үзэгдэв. Хөөрхий Жагриймаа нь хүзүүнээсээ хянгар дангар хонх дамар дүүжлээд, дагжин чичирч байх нь бэрх. Хамар Лодоны манчуурган хамар нь бохирч эхэлснээ дорхноо цэнтийчхэв. Болж, юун сайн юм! Чамд бас ийм цаг байдаг юм уу? Хамар Лодоны л мууг үзнэ үү чи! Маргаашнаас би бас чамайг “Ширэн нүүрээр миний хатавчийг алхав уу? Шийрээ татсан чинь дээргүй юү?!” гэж хараана даа. Жагриймаад тал тул мантуу, ядвал тахилын балин ч яахав хоёрыг атгуулаад гурвалжин цагаан туг зааманд нь хавчуулсан бол доо! гэж Хамар Лодон бэрх тавлана.

Бяцхан жанжин гэгээн ламхайг хүзүүг нь сунатал дарна. Эд чинь яана гэвэл тэгж, тэнгэрт гарахаас ч буцахгүй улс даа!...Эд чухам яаж шүүрддэгсэн бол? Баргийн шүүр эднийг хөдөлгөж чадахгүй дээ, нэн ч ёлхгор гэдэстэй гэгээн, бөх явсан Да ламыг! Чухам гар буугаар буудаж унагадаг болов уу? Харин сүмийн ариун индэр дээр Шагимуны гэгээн нүдэн доор бүү л цус нөжийг нь бялдаасай. Нүгэл хурааж үйлийн үрээ тарихгүйн төлөө залуу чавганцыг цохин унагах үес нүдээ аньж наминчилъя гэж тэр бодов.

Өнөө намхан биетэй бяцхан жанжин өндөр тарган гэгээний өөд цоройн, шар орхимжийг нь хуу татаад “Чөтгөрийн арьс” гэж амандаа зүхсээр дүрэлзэх галд шидэж оруулав. Хүрэн шар өнгө нь чөтгөрийн ивээлт өнгө юм байна шүү гэж бодсоор Хамар Лодон Да ламын ичгүүр гутамшгийг шохоорхохоор урагш нүртэл хөлд нь нэг хав хатуу юм торов. Нүд хаявал луун хээтэй мөнгөн цогц ажээ. Хамар Лодон өөрийн эрхгүй өлмийгөөрөө хамж ойртуулаад сэмхэн шүүрч өвөрлөх санаатай бөхийснөө хөлс хир болсон сэмэрхий хантаазныхаа дээгүүр шар хоргой элгэвч давхарлан өмсч яваагаа гэнэт олж үзэв. Ээ балар аа! Жагриймаагийн оёж дурсгасан энэ элгэвчийг тэр ерөөс ил бултайлгасангүйсан. Өнөөдөр жанжин үзэх гэж хийрхэж байсаар тэрлэгээ өмсч ирэхээ таг мартжээ. Хамар Лодоны дотор пал хийж, эд чинь гэгээнийг хүртэл ногооны бярууны бэнтэй үзэхгүй хааш нь зална гэвэл тийш нь гуядаж байх юм чинь Хамар Лодонг нэн юу байх вэ. Шар элгэвчтэй нь галд шидсэн ч бүр чадах гарууд аа. Үгүй ер нь бяцхан жанжны нүдэнд өртөөгүй заванд гээд тэр ар дахь хүмүүсээ бөгсөөрөө нүдчин байж олны хүрээнээс чүү чамай шувталж гараад год зугтав.

Хэдэн давааг мэдээтэй мэдээгүй давж, нуурын усыг гуталтайгаа туучиж гүйсээр хотоо ойртсоноо мэдэв. Гэр үрүүгээ саравчилснаа зог тусч мэлрэв. Майжиг бор гэрийнх нь үүдэнд хүн амьтан овооролдон хөл болж байна. Бодвол хувьсгал хийж байгаа бололтой. Хамар Лодоны толгойн үс нь нэг нэгээрээ босоод шар элгэвчээ тайлж хумьж хумиад дэрсний соль доор эвтэйхэн шургуулж тавив. Урагш хоёр алхснаа ер нь жаахан ханамжгүй санагдаад байхаар нь хар торгон тоорцогноосоо ханзархай майжиг гуталдаа ортол дахиж нэг нэгжилт хийв. Чингээд хүрэн даалимбан тэлийгээ түгдрэлгүй тайлж аваад өвсний өтгөнд гулдайтал шиджээ. Одоо юу ч гэсэн гайгүй байх гэж Хамар Лодон уртхан амьсгаа аваад уужим захтай давхар өмдөө татсаар гэрийн зүг гэгэлзэн алхав. (Үргэлжилнэ)


[1] эргэлдүүлэн
[2] Нэг зүйлийн ламын малгайг хэлдэг ажээ.

Thursday, December 07, 2006

Хамар Лодон - 5

Эд чинь яана гэвэл тэгж, тэнгэрт гарахаас буцдаггүй улс даа!

Зуны сүүлч намрын эхний нэг өдөр бяцхан жанжин
[1] нарыг тээсэн ногоон машин Жаахан сүмд хувьсгал хийхээр хувьсгал хийхээр ирсэн онц сонин чимээ дуулдав. Урьд Хамар Лодон хагас шөнийн нойроо бүрэлгэж байгаад хуурчийн амаар “жанжин мордуулж”[2] байсан билээ.

Гэрэл туссан гэгээн магнай
Хэвтээ барсын хар хөмсөг
Намрын усан мойл нүд
Начин шонхрын суурь сормуус
Мяндсан хуяг
Мөнгөн дуулга
Сувдан хуяг...одоогийн жанжин мөн л ийм байгаа даа. Ядахдаа,
Өргөн чих мөрөө дарж
Өндөр мөч өвдгөөс илүүдсэн[3]
Заан заанаар биетэй л байх ёстой.
Хүнд төмөр дам илдийг
Хүдэр гартаа бариад
Хүлгийн зүгтээ хүрч
Хөмөлдрөг жолоо сугсраад
Төмөр зуузай янгинуулж
Дөрөөн дээрээ дав хийж...Одоогийн жанжин төмөр илдгүй ч ган буутай байлгүй. Машин дээрээ дав хийж мөн ч жавхаатай байлгүй. Бас тэгээд бяцхан гэнэ шүү. Богд Чингис
[4] долоон настай дайнд мордож, Гунан Улаан Баатар мангасыг дарахад гуравхан настай байсан даг. Жанжныг бяцхан гэж бүү хиричилье[5]. Нэн ч ногоон машинтай жанжныг.

Хамар Лодон бодох тусам завыг алдаж болохгүй гэж биеэ эрчилнэ. Одоо нүдээ нээхгүй хэзээ нүдээ нээх вэ. Хамар Лодон гар дахь ажаа
[6] хаяад хамаг тэнхээгээрээ Жаахан сүм өөд гүйхдээ тэрлэгээ өмсөхөө ч мартжээ. Лодон Жаахан сүмд ойрттол ганжирын оронд хатгасан шар үсэгтэй улаан туг түүнийг уриалан далласанд хар хурдаараа пуужин шиг тавиад хүрэв. Тоос тортог, утаа манан сүмийн хүрээг залгиж, тун олон хүн цугласан тул Лодон өлмий дээрээ яаж өндөлзсөн ч дотор юу болж байгааг олж үзсэнгүй. Манчуурган хамар нь цэнтийж аваад хөмхий зуумагц хар чадлаараа олныг хавиргалан шунгасаар дөнгөж дотогшиллоо.

Мөрөө цавчуулж, толгой нь салсан махранз
[7] хагархай хэнгэрэг дэрлэж унаад, Шигамунигийн[8] гэгээн дүр дуганы саравчнаас боомилогджээ. Самбар самбар судар ном сүмийн хүрээнд галд авалзаад хүжийн үнэртэй хөх утаа огторгуйд бургилна. Бүү л судар номон дээр гишгэж хилэнц нүгэл үйлдье гэж Хамар Лодон олны дунд шахцалдахдаа байн байн хөл доорхоо ажиглана.(Үргэлжилнэ)

[1] Бошгийг халдаг эвлэлийнхнийг хэлж буй бололтой. Өвөр Монголын тал нутагт Соёлын хувьсгал хэрхэн эхэлснийг энэ хэсэгт дүрсэлжээ.
[2] Тууль хайлахыг сонссоноо хэлж байна. Бодвол туулийн баатар дайнд мордсон хэсэгт ийм дүрслэл байсан бололтой.
[3] Гурван улсын үлгэр туужид гардаг Гуань-У бололтой.
[4] Богд Чингис гэсэн нэрийг шүүмжлэх хандлага гарч ирж байна. Галаарид гуайн өгүүллийг харна уу.
[5] Басъя
[6] Ажлаа
[7] Сүмийн үүдэнд байдаг догшин дүртэй сахиулсан бурхад. Японоор 四天王 гэдэг.
[8] Бурхан багш.

Monday, December 04, 2006

Иргэний хөдөлгөөний тухай эргэцүүлэхэд

Ойрдоо Өвөр Монголын Батмөнх гэдэг зохиолчийн бичсэн “Хамар Лодон” хэмээх өгүүллэгийг монгол бичгээс буулган цуврал болгон блог дээрээ тавьж байна. Анх өнгөрдөг 11 дүгээр сарын эхээр “Гурав тасарсан Монгол” сэдвээр соёл оюуны өвөө гурав тасалчхаад сууж буй бидний өнөөгийн байдлын талаар бодлоо эмхтгэн бичсэн юм. Чингээд яаж зүгээр гар хумхин суух вэ гэж бодоод монгол бичгээр бичигдсэн Өвөр Монголд алдартай энэ өгүүллэгийг барьж авсан юм. Оюуны өвөө нэгтгэн, нэг суурьтай болоход далайд дусал нэмэр гэж бодсон хэрэг л дээ. Гэтэл цуврал гэдэг тэвчээр буурь заасан ажил болдог юм байна. Үүний өмнө Шионо Нанами гэдэг Японы түүхэн баримтат зохиолч эмэгтэйн Ромын түүхийн талаар бичсэнээс уншаад сэтгэл хөдөлсөндөө хэсэглэн авч танилцуулсан ухаантай. Гэвч нэг их удалгүй үргэлжлүүлээд явах хүсэл тэвчээр барагдаж эхэлснээ тодхон санаж байна.

Хамар Лодон цувралын хажуугаар нэг иймэрхүү сул бичлэг оруулан алаглах бодолтой нэг юм бичээд авсан чинь
Ганбаатар, Хишгээ тэргүүтэй архаг блогчид цувралаа үргэлжлүүл гээд “загнаад” унадаг юм байна. Дэм өгч загнасанд нь баярлаад цувруулаад л бүлэг бүлгээр тавиад байгаа. Хамар Лодонгоо дамарталгүйхэн шиг дуусганаа. Одоо жаахан үлдсэн.

Ойрын хэд хоног Японд 1975 оноос хойш он дараалан тасралтгүй гараад байгаа “Монгол судлал” (モンゴル研究)сэтгүүлийн хуучин шарласан хуудсуудыг эргүүлэн тойруулж өнгөрөөв. Анхаарал татсан судалгааны өгүүллүүд олон байна. Заримаас нь дурдахад 1976 оны дугаар дээр Шибаяма Ютака “Монголчуудын сэтгэлгээний түүхийг авч үзэх нь” (芝山豊『モンゴルの思想史へのアプローチ』), 1977 оны дугаар дээр мөн ижил зохиогчийн “Ардын сэтгэлгээ” (アラトの思想)гэсэн өгүүллийг энд дурдууштай. Би яагаад иймэрхүү сэдвийг сүүлийн үед онгичоод эхлэв ээ гэхээр өнөөгийн Монголд өрнөж буй улс төр хийгээд нийгмийн үзэгдэлтэй холбоотой юм.
Монголд 2005 оны хавраас Эрүүл нийгмийн төлөө иргэний хөдөлгөөнөөс аваад дүрэлзэж эхэлсэн иргэний хөдөлгөөнүүдийг жил илүү өнгөрөөд байгаа өнөөдрийн өндөрлөгөөс хэрхэн базан дүгнэж, дүн шинжилгээ хийж болох вэ гэдгийг өнгөрсөн түүхийн жишээтэй харьцуулан харах гэсэн хэрэг л дээ. Чадвал энэ талаар дараа тухтайхан нэг юм бичиж тавих санаа их байна.

Иргэний хөдөлгөөн гэж юу вэ? Миний ойлгож буйгаар, улс төрчид болоод аливаа нэг эрх мэдэлтэн бус, иргэд өөрсдөө нэгдэн нягтарч, эрх ашгаа хамгаалахаар улс төр, эрх зүйн хүрээнд хөдөлгөөн өрнүүлэн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг болов уу. Японоор жишээлэхэд, 1970-аад оноос байгаль орчны бохирдлын эсрэг арга хэмжээ авч, иргэдийн экологийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахыг төр болон орон нутгийн засаг захиргаанаас шаардсан иргэний хөдөлгөөн газар сайгүй өрнөж, энэ нь Японы төрийн бодлогод гүнзгий нөлөөлсөн байдаг. Японд агаарын бохирдлоор нэгт орж байсан Китакюүшюү хотод өрнөсөн иргэний хөдөлгөөнийг гэртээ суудаг эзэгтэй нар санаачилсан түүхтэй байдаг. Энэ үеэр иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан залуучууд Японы улс төрд одоо ч бий. Тухайлбал, Японы хамгийн том сөрөг нам болох Ардчилсан намыг толгойлж байсан Кан Наото эдний нэг байх жишээтэй.

Харин энэхүү иргэний хөдөлгөөн гэдэг Монголд цоо шинэ үзэгдэл биш ажээ. Түүхийн хуудас сөхөхөд, Манж Чин улсын үеэс Засаг ноёноо дээд шатны шүүхэд мэдүүлэн зарга үүсгэж, улмаар дугуйлан байгуулан, зохион байгуулалттайгаар олон жил үргэлжлэх зарга тэмцлийг амжилттай хөтлөн явуулж байсан жишээ цөөнгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л Ард Аюуш байна. Тухайн үеийн эрхзүйн хэм хэмжээг сайтар мэддэг, хууль дүрэмд нэвтэрхий, бичиг үсгийн боловсролтой, цэцэн цэлмэг үг яриатай, зарга үүсгэн тэмцсэн ардуудын төлөө өөрийгөө золиослох хүчтэй, үнэнч хийгээд ноён нуруутай удирдагчид тухайн цаг үед олноор төрж байжээ. Ийм удирдагч нар нь тухайн үеийн хохь тайж нар хийгээд хошуу тамгын бичээч зэрэг жижиг албан хаагчид байсан нь сонирхол татаж байгаа юм.

“Ард Аюуш” кинонд гардаг шүү дээ. Ард Аюуш найман эрүүг даваад ес дэх эрүү болох Шахаанд орох болоход “Та минь даваад л гараад ирдэг шүү дээ” гэж түүнд ардууд хэлдэг. Энэ киноны алдартай хэсэг гэх үү дээ. 2005 онд өрнөж эхэлсэн иргэний хөдөлгөөнүүдээр "ингээд л даваад гараад ирдэг" үзэл бодолдоо үнэнч нуруутай удирдагч төрсөнгүй нь харамсалтай. Иргэний хөдөлгөөнөөр дөрөөлсөн “өчүүхэн нөхөд” л олон мэндлэх шиг боллоо.
Иргэний хөдөлгөөн нь эхэндээ төрийн алба хийгээд улс төрийн тунгалаг байдлыг хангах, авилгалын эсрэг тэмцэхийг уриалан гарч ирсэн боловч, явцын дунд баялгийг нийтээрээ үнэгүй хүртэх гэсэн утопи агаад явцгүй үзэлд хальтран орсон нь харамсалтай. Уул уурхайг тойрсон улс төр үүнийг гэрчилнэ. Ардчилал гэдэг байгалийн баялаг хийгээд улсын хөмрөгийг зүгээр хуваарилуулж авдаг тогтолцоо биш юм. Ийм популизм аяндаа өөрийгөө мөхөөх аюул дагуулдгийг нуршиж мэргэн уншигчийг чилээх хэрэггүй биз ээ.