Friday, August 17, 2007

Робокон тэмцээнд Монгол улсыг тeлeeлeн оролцох багийг ЭМОС клуб дэмжив

Робокон хэмээх долоон жилийн өмнө шинээр мэндэлсэн үгийг уншигч та лав дуулсан биз ээ. Робот контэст гэсэн англи үгийн эхний үеүдийг нийлүүлээд бүтээчихсэн хэрэг. Тусгайлан зассан дэвжээн дээр хүнээр удирдуулаагүй роботууд цагираг булаалдан шонд зоож оноо авдаг тэмцээн. Нэгэнт хүн удирдахгүй тул роботууд бичигдсэн програмд үндэслэн, дэвжээн дээрх зам, өөрийн талын цагираг, шон зэргийг бие даан олж шонд цагираг углан оноо авснаар тэмцээнд ялагч болдог. Эсрэг талын роботууд яг нэг адил дэвжээний нөгөө хагаст энэ ажлыг шуурхайлна. Дундуур нь эсрэг талын оноо хийгч ажилчин роботуудын хөлийг тушин хөдөлгөөнгүй болгодог террорист роботууд хөлхөлдөнө. Дэвжээний гадаа роботууддаа зориулан хүрээн дээр цагираг аваачиж тавьдаг удирдлагатай робот барьсан нэг залуу тойрон гүйнэ. Роботууд хүний тусламжгүйгээр дэвжээн дээр үзэж тарж байгааг харахад аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг.

Тус тэмцээнийг Ази Номхон далайн техник мэргэжлийн их дээд сургуулиудын хооронд жил бүр зохиохоор долоон жилийн өмнө Япон улсаас анх санаачилахад Монгол улс энэ тэмцээнд оролцохоор хамгийн түрүүнд гар өргөн, дотооддоо тэмцээн зохион байгуулснаар манай улсын хувьд долоо дахь тэмцээн болж байгаа юм байна. Харин олон улсын хувьд бол зургаа дахь тэмцээн ажээ. Шинэ юмыг соргог хүлээн авч, өндөр технологийн тоймгүй олон ололтыг биедээ шингээсэн “амьтай” роботуудыг бүтээхээр зориг шулуудсан Монголын инженер залуусын гал эрмэлзлийг бахдууштай, магтууштай.

Энэ жил МУИС-ийн МТС-ийн “Соёмбо” баг Үндэсний хэмжээний тэмцээнд түрүүлж, Ханой хотноо зохиогдох Робокон 2007 тэмцээнд оролцох эрхээ олж авчээ. АНД-н 20 гаруй орны шилдэг багуудтай Монгол залуусын бүтээсэн “өөрөө шийдвэр гаргачихдаг” сүрхий роботууд өрсөлдөх нь. Нөгөө талын роботууд ч гэсэн хүчтэй, ухаантай айхтар эд байж таарна. Ер нь ширүүн тэмцээн болох нь.

Манайхны ухаалаг роботуудын түүхий эд ангийн ихэнх нь Бээжингийн зах, Зуун айлын зах дээрээс боссон гэх. Хөгжилтэй орныхны мөнгөтэй багтай харьцуулахад гудамжны хог дээрээс шахуу робот босгочихдог Монгол залуусын хатан зориг, чадвар бахархалтай.

Соёмбо багийг МУИС, МЦХК гээд хэд хэдэн газрууд ивээн тэтгэсэн аж. Харамсалтай нь хөрөнгийн хэмжээ хязгаарлагдмал, цаг хугацаа давчуу. Олон улсын тэмцээнд баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох нь амжилт гаргах хамгийн том нөхцөл. Вэб орчинд өвөр зуураа холбогдсон ЭМОС клубын залуус чадах хэмжээгээрээ клубээсээ болон хувиасаа хандив цуглуулан Соёмбо багт өчигдөр гардуулж өглөө. Дэм дэмэндээ дээс эрчиндээ.

Вьетнамын тэнгэрт Монголын сүлд дуулал эгшиглэх болтугай. Соёмбо багтаа амжилт хүсье. Монголын оюун бадрах болтугай.

Жич: Зургийг удахгүй байрлуулна.