Monday, February 04, 2019

Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ

2019 оны 1 дүгээр сард Де факто сонины 79 дугаарт бичиж хэвлүүлсэн "Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ" хэмээх бяцхан бодролоо оны босгон дээр уншигчтай хуваалцъя.
Цахим ертөнц сүүлийн жилүүдэд бидний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа. Өнөөдөр Монголд төрийн зүгээс авдаг аливаа тодорхойлолт, лавлагааг цахим машинаас авч, мөнгө зээлэхийг ухаалаг утсаар шуурхай гүйцэтгэдэг болов. Цахим орчин цаашид хөгжсөөр сүүлийн жилүүдэд блокчэйн орж ирлээ.
Гүржийн засгийн газар блокчэйний технологийг газар өмчлөлийн бүртгэлийн системд ашиглахаа саяхан зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Блокчэйнийг үнэн зөв мэдээллийг блок блокоор буюу тархай байдлаар хянан, удирддаг нягтлан бодох бүртгэлийн систем гэж хялбархан томъёолж болно. Уламжлалт эдийн засгийн харилцаанд ард түмний итгэл хүлээсэн төр засаг мөнгөний ханшийг дангаараа баталгаажуулдаг байв. Хэрэв ийм баталгаа байхгүй бол мөнгөн тэмдэгт зүгээр л цаас болон хувирах нь ойлгомжтой. Тэгвэл блокчэйнд суурилсан биткойн гэх мэт виртуал мөнгөнд засгийн газрын ямар ч баталгаа байхгүй. Гэвч биткойныг эзэмшигч нар цахим гарын үсгээр баталгаажсан үнэн мэдээллийг хуваалцдаг. Жишээлбэл, данс эзэмшигч өөрийн дураар мөнгөө нэмж хасч чадахгүй агаад данс хооронд шилжсэн мөнгөн дүнг дураар өөрчлөх боломжгүй, энэ нь оролцогч талуудад нээлттэй байдаг. Засгийн газрын зүгээс ямар нэг баталгаа гаргаж, хяналт тавиагүй ч технологийн шийдлийн хувьд дурын хүн зоргоороо дансны бүртгэлд хөндлөнгөөс оролцон, өөрчлөлт оруулах боломжгүй болсноор биткойны үнэ цэнэ өсч буй юм.
Блокчэйний ийм шинж чанарыг газрын бүртгэлд ашиглах бодлогыг Гүржийн засгийн газар дэвшүүлсэн хэрэг. Блокчэйний тогтолцоонд суурилсан тул газрын бүртгэлийн итгэлцэл өндөр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, газрын эзэн хэн, хэнээс хэнд очсон гэдэг бүртгэл нь ойлгомжтой, хэн ч дураар өөрчлөх эрхгүй гэдэгт гол санаа нь оршино. Ингэснээр газар өмчлөлийн эрх зуун хувь баталгаажна. Манайд төрөөс хувь хүнд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын бүртгэл нууц шинжтэй, заримдаа ямар нэг шалтгаанаар “эзэн” гэнэт өөрчлөгддөг, эсвэл давхцсанаар маргаан гардаг тохиолдол нэлээд ажиглагддаг. Энэ шударга бус байдлыг блокчэйний технологиор бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Газар эзэмших, өмчлөх бүртгэл илүү баталгаатай болсноор ХАА-н хөгжилд эергээр нөлөөлөхөөс гадна газраар барьцаалсан зээл хөгжих гэх мэт эдийн засгийн аливаа харилцаа идэвхижнэ.
Эстоний жишээг харъя. Интернэтийг иргэний үндсэн эрхэд тооцож, нийгмийн хөгжлийн суурь болгосон тус улсад төрийн үйлчилгээний 99 хувь нь бүрэн цахимжжээ. Гэрлэх, үл хөдлөх хөрөнгөний борлуулалтаас бусад тохиолдолд төрийн үйлчилгээг цахимаар гүйцэтгэнэ. Төр агаар мэт оршино гэсэн үг. Агаар бидний амьдралын үндэс боловч бид амьсгалах тоолондоо үүнийг мэдэрдэггүй. Төрийн үйлчилгээ үүний адил байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулсныг цахим засаглал буюу e-Governance хэмээн нэрлэнэ.
Эстонийн цахим бодлогын бас нэг онцлог нь e-Residency буюу цахим харьяатын асуудал юм. Энэ нь гадаадын харьяат хүнд Эстонийн засгийн газраас цахим харьяалал олгон, Эстонийн төрийн цахим үйлчилгээг олгодог систем болно. Цахим харьяат болсон хүн Эстонид бизнес эрхлэх, хуулийн этгээд байгуулах, данс нээх, интернэтээр татвар төлөх боломжоор хангагддаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэгэн суваг болдгийг бид анхааралтай ажиглах хэрэгтэй. Хүн ам цөөн, гадны хөрөнгө оруулалт байнга шаардлагатай болдог манай жижиг зах зээлд Эстонийн энэ туршлага нэмэр болох нь дамжиггүй. Эстонид блокчэйний технологийг хувь хүмүүсийн эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээний салбарт нэвтрүүлж буй ажээ.
Хөгжиж буй орнуудад цахим технологи олон боломжийг бий болгожээ. Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг ХХ зуунд бүрдүүлж чадаагүй хөгжиж буй орон цахим технологийн хүчинд дулдуйдан хөгжингүй оронтой эн зэрэгцэх эсвэл давуу байдалтай болох боломжтой болжээ. Үүнийг reverse innovation буюу урвуу инноваци гэдэг. Монгол дахь гар утасны үйлчилгээ үүний нэг жишээ. Монголчууд суурин утсыг бүрэн нэвтрүүлж чадалгүй XXI зуунтай золгосон ч гар утасны хэрэглээгээр аль ч хөгжингүй орноос дутахгүй түвшинд богино хугацаанд хүрчээ. Бид өнөөдөр гар утсаар төлбөр тооцоо, нийгмийн сүлжээ, интернэт, зээл, холбоо гээд бүхий л зүйлийг гүйцэтгэж байна. Богино хугацаанд ийм үр дүнд хүрсэн нь угаас холбоо харилцааны дэд бүтэц сул байсантай холбоотой. Тиймээс суурин утастай зууралдаад байх шаардлага Монголын холбооны салбарт байсангүй.
Монгол улс далай тэнгисээс алслагдан эх газрын гүнд оршдог нь олон улсын эдийн засгийн харилцаанд ороход “зайн дарангуйлал”-д өртөхөд хүргэдэг. Бидэнд шударга зөв, нээлттэй нийгмийг цогцлоон, “зайн дарангуйлал”-ыг арилгах боломж байна. Энэ бол цахим засаглал, блокчэйн болой. Нэхэж бус амдаж хөгжицгөөе.
П.Наранбаяр (Ph.D, Олон улс судлал)