Showing posts with label Улс төрийн шүүмж. Show all posts
Showing posts with label Улс төрийн шүүмж. Show all posts

Monday, February 04, 2019

Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ

2019 оны 1 дүгээр сард Де факто сонины 79 дугаарт бичиж хэвлүүлсэн "Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ" хэмээх бяцхан бодролоо оны босгон дээр уншигчтай хуваалцъя.
Цахим ертөнц сүүлийн жилүүдэд бидний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа. Өнөөдөр Монголд төрийн зүгээс авдаг аливаа тодорхойлолт, лавлагааг цахим машинаас авч, мөнгө зээлэхийг ухаалаг утсаар шуурхай гүйцэтгэдэг болов. Цахим орчин цаашид хөгжсөөр сүүлийн жилүүдэд блокчэйн орж ирлээ.
Гүржийн засгийн газар блокчэйний технологийг газар өмчлөлийн бүртгэлийн системд ашиглахаа саяхан зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Блокчэйнийг үнэн зөв мэдээллийг блок блокоор буюу тархай байдлаар хянан, удирддаг нягтлан бодох бүртгэлийн систем гэж хялбархан томъёолж болно. Уламжлалт эдийн засгийн харилцаанд ард түмний итгэл хүлээсэн төр засаг мөнгөний ханшийг дангаараа баталгаажуулдаг байв. Хэрэв ийм баталгаа байхгүй бол мөнгөн тэмдэгт зүгээр л цаас болон хувирах нь ойлгомжтой. Тэгвэл блокчэйнд суурилсан биткойн гэх мэт виртуал мөнгөнд засгийн газрын ямар ч баталгаа байхгүй. Гэвч биткойныг эзэмшигч нар цахим гарын үсгээр баталгаажсан үнэн мэдээллийг хуваалцдаг. Жишээлбэл, данс эзэмшигч өөрийн дураар мөнгөө нэмж хасч чадахгүй агаад данс хооронд шилжсэн мөнгөн дүнг дураар өөрчлөх боломжгүй, энэ нь оролцогч талуудад нээлттэй байдаг. Засгийн газрын зүгээс ямар нэг баталгаа гаргаж, хяналт тавиагүй ч технологийн шийдлийн хувьд дурын хүн зоргоороо дансны бүртгэлд хөндлөнгөөс оролцон, өөрчлөлт оруулах боломжгүй болсноор биткойны үнэ цэнэ өсч буй юм.
Блокчэйний ийм шинж чанарыг газрын бүртгэлд ашиглах бодлогыг Гүржийн засгийн газар дэвшүүлсэн хэрэг. Блокчэйний тогтолцоонд суурилсан тул газрын бүртгэлийн итгэлцэл өндөр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, газрын эзэн хэн, хэнээс хэнд очсон гэдэг бүртгэл нь ойлгомжтой, хэн ч дураар өөрчлөх эрхгүй гэдэгт гол санаа нь оршино. Ингэснээр газар өмчлөлийн эрх зуун хувь баталгаажна. Манайд төрөөс хувь хүнд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын бүртгэл нууц шинжтэй, заримдаа ямар нэг шалтгаанаар “эзэн” гэнэт өөрчлөгддөг, эсвэл давхцсанаар маргаан гардаг тохиолдол нэлээд ажиглагддаг. Энэ шударга бус байдлыг блокчэйний технологиор бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Газар эзэмших, өмчлөх бүртгэл илүү баталгаатай болсноор ХАА-н хөгжилд эергээр нөлөөлөхөөс гадна газраар барьцаалсан зээл хөгжих гэх мэт эдийн засгийн аливаа харилцаа идэвхижнэ.
Эстоний жишээг харъя. Интернэтийг иргэний үндсэн эрхэд тооцож, нийгмийн хөгжлийн суурь болгосон тус улсад төрийн үйлчилгээний 99 хувь нь бүрэн цахимжжээ. Гэрлэх, үл хөдлөх хөрөнгөний борлуулалтаас бусад тохиолдолд төрийн үйлчилгээг цахимаар гүйцэтгэнэ. Төр агаар мэт оршино гэсэн үг. Агаар бидний амьдралын үндэс боловч бид амьсгалах тоолондоо үүнийг мэдэрдэггүй. Төрийн үйлчилгээ үүний адил байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулсныг цахим засаглал буюу e-Governance хэмээн нэрлэнэ.
Эстонийн цахим бодлогын бас нэг онцлог нь e-Residency буюу цахим харьяатын асуудал юм. Энэ нь гадаадын харьяат хүнд Эстонийн засгийн газраас цахим харьяалал олгон, Эстонийн төрийн цахим үйлчилгээг олгодог систем болно. Цахим харьяат болсон хүн Эстонид бизнес эрхлэх, хуулийн этгээд байгуулах, данс нээх, интернэтээр татвар төлөх боломжоор хангагддаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэгэн суваг болдгийг бид анхааралтай ажиглах хэрэгтэй. Хүн ам цөөн, гадны хөрөнгө оруулалт байнга шаардлагатай болдог манай жижиг зах зээлд Эстонийн энэ туршлага нэмэр болох нь дамжиггүй. Эстонид блокчэйний технологийг хувь хүмүүсийн эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээний салбарт нэвтрүүлж буй ажээ.
Хөгжиж буй орнуудад цахим технологи олон боломжийг бий болгожээ. Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг ХХ зуунд бүрдүүлж чадаагүй хөгжиж буй орон цахим технологийн хүчинд дулдуйдан хөгжингүй оронтой эн зэрэгцэх эсвэл давуу байдалтай болох боломжтой болжээ. Үүнийг reverse innovation буюу урвуу инноваци гэдэг. Монгол дахь гар утасны үйлчилгээ үүний нэг жишээ. Монголчууд суурин утсыг бүрэн нэвтрүүлж чадалгүй XXI зуунтай золгосон ч гар утасны хэрэглээгээр аль ч хөгжингүй орноос дутахгүй түвшинд богино хугацаанд хүрчээ. Бид өнөөдөр гар утсаар төлбөр тооцоо, нийгмийн сүлжээ, интернэт, зээл, холбоо гээд бүхий л зүйлийг гүйцэтгэж байна. Богино хугацаанд ийм үр дүнд хүрсэн нь угаас холбоо харилцааны дэд бүтэц сул байсантай холбоотой. Тиймээс суурин утастай зууралдаад байх шаардлага Монголын холбооны салбарт байсангүй.
Монгол улс далай тэнгисээс алслагдан эх газрын гүнд оршдог нь олон улсын эдийн засгийн харилцаанд ороход “зайн дарангуйлал”-д өртөхөд хүргэдэг. Бидэнд шударга зөв, нээлттэй нийгмийг цогцлоон, “зайн дарангуйлал”-ыг арилгах боломж байна. Энэ бол цахим засаглал, блокчэйн болой. Нэхэж бус амдаж хөгжицгөөе.
П.Наранбаяр (Ph.D, Олон улс судлал)

Saturday, September 24, 2011

Догма

Хууль шүүрдэх гэдэг ажил эхлээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй 460 гаруй хууль хоорондоо давхцсан, зөрчилдсөн, зарим талаараа хийдсэн болохоор цэгцлэх санаатай төрийн байгууллагуудын хүрээнд эхлүүлсэн ажил л даа. Явц нь ч тийм муугүй. Зарим нэг хууль дээр хийсэн задлан шинжилгээг харахад ийм бодол төрсөн.
Гэхдээ
улиг болсон загварт автсан сэтгэлгээг манай хуулиудыг уншихад хэнбугай ч мэдрэх буй за. Доорх догма загварыг бид бүгдээрээ л мэднэ дээ.

Tuesday, October 27, 2009

Хуулийг яаж ойлгох вэ?

Сүүлийн үеийн асуудлаар хувийн бодлоо дурдах гэсэн юм. Буруу зөрүү байх нь мэдээж. Мэргэн уншигч тунгаана биз.

Ерөнхий сайд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө барилаа. УИХ-ын намуудын бүлгийнхэн зурагтаар ярихыг сонсоод байх нь ээ, "Ерөнхий сайд, /таслал/ Засгийн газрын гишүүд" гэж ярьж байх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь Засгийн газрын кабинетэд үл хамаарна, тэгэхээр орных нь ЕС-ыг томилчиход асуудал шийдэгдэнэ гэсэн маягийн тайлбар тавиад байна. Үндсэн хуулийг сөхөөд үзвэл,

40-р зүйлийн 2-т,
"Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно."
43-р зүйлийн 2-т,
"Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэжээ.

Энд ямар нэгэн "өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол тэгнэ ингэнэ" гэсэн заалт алга. Ажлаа өгсөн л бол, өөрөөр хэлбэл, огцорсон л бол 40-р зүйлийн 2-ийн дагуу бүрэн эрх дуусгавар болж, дараагийн ЕС Засгийн газрыг эмхлэн байгуулж, УИХ-р томилуулна гэсэн гаргалгаа гарч байна.

Харин Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т дараах байдлаар заажээ.
"Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна"

ЕС-ыг нөхөн томилдог юм байж. Энд огцорсон болон чөлөөлсөн гэдэг хоёр өөр ухагдахууныг нэг дор бөөндсөн байна. Үндсэн хуульд заагаагүй ухагдахуунууд тууж явна гэсэн үг л дээ.

Ардчилсан засаглалын схемийг хялбарчлаад харъя.

Чөлөөт сонгууль - УИХ дээр олонхи болох - Засгийн газраа бүрдүүлэх - Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх - Чөлөөт сонгууль - .....давтагдана.

Нэг ийм циклээр дүрсэлж болж байна. Чөлөөт сонгуулиар эхэлж, чөлөөт сонгуулиар цикль дуусч байна. Чөлөөт сонгууль бол олонхийн санаа бодлыг Засгийн эрхэнд тусгах процессийн эхлэл болоод дүгнэлт болох учиртай. Тиймээс гүйцэтгэх засгийг бүрдүүлж буй Засгийн газар нь энэ циклийн тусгал болж, Ерөнхий сайд танхимын гишүүдийн хооронд хариуцлагын тогтолцоо бүрдсэн байх ёстой. Үндсэн хуулийн 43.2 дахь заалт ийм санаа агуулж байна.

Гэтэл манайд ийм биш бололтой. "Улс төрийн тохироо" гэдэг үгийн цаана бүх шийдэл явагдаж байна. Албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн бололтой нөхдүүд ч энэ тохироогоор хамгаалагдан халдашгүй дархан эрх олж, азгүй нэг нь мөн энэ тохироогоор гэмт хэрэгтэн болж байна. Сөрөг хүчингүй парламент Засгийн газрын тухай хуулийн 21.2-ийн бөөндсөн, учир битүүлэг бүрхэг заалтыг барин иргэдийн толгой угааж, танхимаа хамгаалах гэж үхэн хатан зүтгээд байх юм. Иргэдийн байр сууринаас сэтгэдэг хардаг засаглал чухал болоод байна.







Tuesday, May 26, 2009

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа

Элбэгдоржийн ялалтыг талбай дээр нижгэр тэмдэглэж, салют хүртэл буудууллаа. АН-с нэр дэвшигч ийнхүү ялж буй нь 12 жилийн дараа тохиож байгаа болохоор, 7 сарын 1-ний хэрэг явдлаас хойш АН-ын байгуулсан хамгийн том ялалт болохоор, Энхбаяр хэмээх яаж ч болдоггүй том уулыг нураасан болохоор гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энд би сонгуулийг аль болох хөндлөнгийн өнцгөөс харахыг оролдохын сацуу хувийн бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
  • Энэ сонгууль бүхэлдээ хар пиар, сэтгэл хөдлөл давамгайллаа. Бодлого, үзэл суртлын шинж чанартай асуудал гэвэл шударга ёсыг тойрч эсрэгцлээ. Гэхдээ Элбэгдоржийн яриад байгаа ШУДАРГА ЁС-ны талаар Энхбаярын талаас хариуцлагатайгаар, бодлогын шинж чанартай хариулт өгч чадсангүй. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөллөө. Хар пиарууд: Сүрэнхорын захидал, Солонгос дахь Элбэгдоржийг дэмжих клубын асуудал, Элбэгдоржийн гарал үүслийн талаарх цуу яриа гм. Энэ хар пиар дотроос Сүрэнхорын захидал, Элбэгдоржийг дэмжих клубын асуудал ер нь цаашид нухацтай авч үзэх ёстой асуудал байсан болов уу.
  • Хоёр нэр дэвшигч амлалтаараа уралдах гоомой хандлагаа аанай л давтлаа. Энхбаяр оюутны сургалтыг төлбөргүй болгох талаар амлатал Элбэгдорж бүр тэтгэлэг олгох талаар ярив. Энхбаяр улиг болсон 1.5 саяын эх орны хишгийг амлахад Элбэгдорж 2.5 саяыг амлалаа. Энхбаяр морь унаж яваагаа сурталчлахад Элбэгдорж бүр уурга бариад адуун сүрэгт шунган орж байгаа дүрсээ гаргаж амжив.
  • Энхбаяр монгол бичгээр бичиж, есөн хүслийн амлалт гаргаж, дээл өмсөн, уламжлал, билэгдлийн талыг түлхүү барьсны зэрэгцээ малчдыг татвараас, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх гэх мэтээр хөдөөд анхаарлаа хандуулжээ. Элбэгдорж харин эхнээсээ л хотын сонгогчдоо анхаарч, билэгдэл энэ тэр гэсэнгүй. МАХН угаас хөдөөд хүчтэй байдаг. Японд бол төрийн эрхийг олон жил барьсан ЛАН хөдөөдөө хүчтэй байдаг. Төрийн эрхэнд удсан нам хөдөөд хүчтэй, хотод сулхан байдаг нэг тийм хандлага байна. Тиймээс хотын сонгогчдоо илүү анхаарах ёстой байжээ гэдэг нь одоо бол тодорхой харагдаж байна.
Бүхэлд нь харахад популизм, хар пиар, сэтгэл хөдлөл энэ сонгуульд давамгайлах хандлагатай байв. Сонгогчид бид бэлэн амлалтаас бэлэн амлалтын хоорондох сонгуульд дэндүү дасчихаж уу дээ.

Thursday, September 25, 2008

Одоо болж буй улс төрийн амьдрал

Аливааг урьдчилан таамаглах нь утгагүй. Гэхдээ өнөөдөр болж буй процессыг байгаагаар нь олж харахыг хичээх нь чухал. Процессыг олж харахын тулд хамгийн гол хүчин зүйлийг барьж авах хэрэгтэй. Улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хамгийн чухал хүчин зүйл нь сонгууль гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Монгол улсын хувьд парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог. Энэ нь 10 сард болно. Түүний дараа ерөнхийлөгчийн сонгууль 2005 оны зун болно. Эхнийх нь хаяанд ирчихсэн, дараах нь барааны газар дөтлөн айсуй. Энэ хоёр сонгуулиар баримжаалан, өнөөдрийн улс төрийн байдлыг харъя.

Эвслийн Засгийн газар байгуулчихсан нөхдүүд орон нутгийн сонгууль дээр эвсэл байгуулах боломжгүй нь ойлгомжтой. Тэгэхээр орон нутгийн сонгууль дээр эсрэгцэх, бодлогын шинжтэй зөрчлийн тулгуур үүсгэж сонгуульд оролцох ёстой гэсэн үг. Гэтэл Монголд сөрөг хүчингүй улс төрийн нөхцөл байдал үүсээд байдаг. Энэ тохиолдолд, сонгогчид чухам юунд түшиглэн саналаа өгөх вэ гэдэг нь бүрхэгдүү болчхож байгаа юм. Монголын парламентыг дангаар эзэгнэсэн улс төрийн хоёр хүчин эвссэнээрээ орон нутгийн сонгууль утгагүй байдалд орж байна. Энэ байдал нь хэрэв Ардчилсан нам эвслийн засгийн газар байгуулалгүй сөрөг нам хэвээр байсан бол тэдэн үрүү цутгах ёстой байсан саналын их урсгалыг хааж буй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Дараа нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд гүйцэтгэх засаглал дээрээ эвсчихсэн байгаа хоёр нам бодлого, зарчмын хувьд эсрэгцэх нэр дэвшигч гаргах уу үгүй юу? Энэ өөрөө бас л сонин асуудал. Татвар, нийгмийн халамж, мөнгө санхүүгийн бодлого дээрээ эсрэгцэж, хариуцлагатай улс төр хийх ёстой намууд ийнхүү эвсэж орхисноороо орон нутгийн болоод ерөнхийлөгчийн сонгуулийг нэг л утгагүй болгочихлоо.

Бүх урсгал нэг л зүг үрүү чиглэх шиг. Улс төрийн ийм нөхцөл байдал хэнд ашигтай үйлчилнэ вэ?

Tuesday, September 23, 2008

Шинэ Засгийн газрын тухайд

2008 оны сонгууль төрөлтийн хүндрэлийн үе шатаа арайхийн туулж байна. Засгийн газар сая л нэг юм бүрэлдэв. Кабинетын 15 гишүүний 11 нь яамны сайд нар. Үүний 6 нь УИХ-ын сонгуулиар цөөнх болсон Ардчилсан намынхан. Үлдсэн 9 нь сонгуулиар олонх болсон МАХН. Ардчилсан намынхны хэлээд байгаагаар бол МАХН булхай, луйвраар олонхи болсон гэх. Гэвч нотолгоо байхгүй. Нотолгоо үгүй бол эрхзүйн хувьд хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэсэн үг. Уг нь мөхөс миний ойлгож буйгаар, ард түмний дийлэнх нь МАХН-ын бодлогыг дэмжиж саналаа өгөн хүсэл зоригоо илэрхийлжээ. Гэвч хоёр том нам сонгуулийн үр дүнг эх барьж авангуутаа, ард түмний хүсэл зоригийн гадуур төмөр хөшиг татаж байгаад мэс ажилбар хийчихлээ. Тэгээд л МАХН-Ардчилсан намын хүзүү бөөрөөрөө нийлсэн Сиамын ихэр мэндлэв.

Хамтарсан ЗГ-ийн үндэслэл нь ердөө энгийн. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг уншаад байсан чинь ерөөсөө зарчмын шинжтэй ялгаа алга. "Эрдэнийн хувь" гэхэд нөгөөх нь "Эрдэнийн хишиг" гэсэн. Хувь хишиг гэсэн монгол хэлний холбоо үг байна. Нарийн дээрээ ярьвал нэг л юмыг зааж байгаа юм. Монгол хэлний үгийн баялаг агуу. Тэгэхээр тангаргаа өргөхгүй тэс хөндөлдөөд хэвтсэн нөхдийг босгож тайтгаруулахын тулд Засгийн газраа хамтран байгуулж, гацаанаас гарцгаасан нь дээр. Угтаа нэг л зүйлийг олон талаас нь тайлбарлаж санал цуглуулсан болохоор один чёрт.

Ингээд 15 суудлын 6 -г нь Ардчилсан намд өгөв. Цаадуул нь боорцгоо хуваахдаа зодолддог банди нар шиг олны өмнө ичих нүүргүй ил цагаан хэрэлдэж эхлэв. Лу.Болд, Баттулга нарын нөхдүүд хамтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж намынхаа эсрэг ажиллан, тэрүүхэндээ бужигнуулав. Нэг нь Батлан хамгаалахын нөгөөх нь Барилга, хот байгуулалтын сайд болцгоолоо. Боорцгондоо цадсан банди нар шиг дуугүй болцгоов. Ичих нүүр алга аа.

МАХН-ын томилгоог харахад, жил гаруйн өмнө нүдэндээ чичлүүлж, газрын авилгачнаараа дуудуулж, чамтай байхад МАХН нурж уналаа гэж дайруулж байсан Энхболдын фракц хичнээн амь бөхтэйгөө харууллаа. Өөрөө шадар сайд,
тойрон хүрээлэгчид нь танхимын гишүүд. Хувьсгалт нам Баяр гэдэг маскаар нүүрээ сольсноос хэтэрсэнгүй.

Thursday, November 01, 2007

Төсөв батлагдахгүй гэнэ үү

Санхүүгийн жил гэж нэг юм байна аа. Японд жишээ нь, жил бүрийн 4 дүгээр сард санхүүгийн шинэ жил эхэлдэг. Манайд бол оны эцэс буюу 12 сард санхүүгийн жил дуусч, дараа оны 1 сард санхүүгийн шинэ жил эхэлнэ. УИХ жил бүрийн 10-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1 хүртэл дараа оны төсвөө хэлэлцэж баталдаг. Энэ 2 сарын хооронд төсвөө баталж амжихгүй бол ирэх ондоо Монгол улс зарцуулах мөнгөгүй амаараа шороо үмхэхэд хүрнэ. Хөдөлбөл хөлс явбал янчаан зогсвол зоос. Нурших шаардлагагүй ойлгомжтой асуудал.More...Гэтэл 2008 оны төсвийг 12 сарын 1-ний дотор хэлэлцэж амжихгүйд хүрээд байгаа тухай өнөөдрийн Өнөөдөр сонины тоймчийн үг буланд нийтэлжээ. Шалтгаан нь,

1. МАХН-ын Их хурал давхцаж, УИХ дахь МАХН-ын гишүүд хурлаасаа чөлөө авснаас төсөв хэлэлцэж чадаагүй

2. Төсөв хэлэлцүүлэх хугацаанд Засгийн газар огцрох гэж байна.

3. УИХ дахь сөрөг хүчин болж буй АН төсвийг батлахын эсрэг байгаа.

Гурван шалтгааныг хувь хүний үүднээс шинжилж харъя.

1. Аль ч улсад эрх барьж буй нам нь төсвөө батлуулж, ЗГ-ийн тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө бүх хүчээ дайчилдаг. Тэд төсвийн хэлэлцүүлгийн хугацаатай давхцуулан аливаа нэг улс төр хийхээс зайлсхийдэг. Гэтэл МАХН энэ удаа тэгсэнгүй. Төсөв хэлэлцэж буй энэ хариуцлагатай үед хурлаа зарлан хуралдуулж, УИХ дахь гишүүдээ өөрсдийн намын хуралдаа татаж орхиж. Улс төрийн хувьд аюултай эрсдэлтэй, хэтэрхий зоримог гэмээр алхам.

2. Нэгдэх шалтгаанаас уялдан хоёрдахь нь гарч ирж байна. Намын дарга солигдсон, Ерөнхий сайд солигдож таарна. Энэ бол нийтлэг жишиг. Гэвч төсвийн хэлэлцүүлэг дундуур энэ нь явагдаж байгаа нь бас л таашаамгүй. Төсвөө батлуулж чадаагүйгээс ЗГ нь огцрох өргөдлөө парламентдаа барьдаг улс орнуудын туршлагыг та бид зөндөө харсан шүү дээ. Нам доторх улс төр Монголын төрийг хатуу чанга барьсаар буйн жишээ энэ.

3. Сөрөг хүчнийхэн төсөв дээр гэдийн, эцсийн мөч хүртэл хөзөр наадах сонирхол байдаг нь парламентат ёс бүхий аль ч улсад байдаг эрүүл үзэгдэл. Тэд төсвийн хэлэлцүүлгийн эцсийн өдөр хүртэл хэлэлцүүлэг маргааныг жонхууруулан сунгаж, эрх баригч намаас аль болох их буулт хийлгэхийг эрмэлздгийг улстөр судлалд аль хэдийн ажигласан байдаг. Харин энэ удаа сөрөг хүчнийхний тавьж байгаа үндэслэл нэлээд ортой санагдлаа. 1-т, Огцрох Засгийн газрын өргөн барьсан төсвийг хэлэлцэхгүй, 2-т, Хэт үрэлгэн төсөл, 3-т, УИХ-р хэлэлцэж батлаагүй одоо тодорхойгүй байгаа олон зүйлээс орлого орж ирнэ гээд төсөвлөсөн байгаа /Оюу толгой зэрэг/ -г тэд буруушааж байгаа ажээ.

Улс төрөөр наадаж болно. Улс орны хувь заяагаар бүү наад.

Thursday, October 25, 2007

Элбэгдорж найр тараав

МАХН-ын 25-р Их хурал сонингуудын нэгдүгээр нүүрийг эзлээд хэд хонолоо. Төрийн эрхэнд байгаа том нам болохоор нийгмээрээ анхаарч байгаа нь ч аргагүй. Сонин, ТВ-нүүд МАХН-р давалгаалаад эхлэхээр АН гээд бусад улс төрийн хүчин ёроолд живэн, олны анхаарлаас хэсэг холдоход хүрэв.


Сонингийн эхний нүүрнээс хэд хоног холдлоо л бол улс төрийн хүчнүүдэд том цохилт болох нь мэдээж. Кока кола гэсэн сурталчилгаа хаа сайгүй байдагтай л адил. Тэд байнга анхаарлын төвд байх ёстой. More...

Тэгээд л Элбэгдоржийн “678 авилгач” гэсэн дайралцаан гарч ирсэн хэрэг. Энэ үг бол манай хэвлэлийнхний хэлээд байгаа зүгээр ч нэг амны хийгээ сул гарган бурсан хэрэг биш. МАХН-ын мэдээллийн давалгааг сааруулах, улмаар АН-ын даргын хувьд сонины тэргүүн нүүр, зурагтын мэдээнүүдийн алтан цаг, аа мөн Ху намын Их хурлын сурвалжлага дундуур Элбэгдорж орж ирэх гэсэн улс төрийн арга техник юм даа. Цагаа олоод дуугарчихсан болохоор өнөөдрийн сонингуудаар эхний нүүрэнд л Ху намын хурлын мэдээний хажууд Элбэгдорж заларч байна. Түүнийг загнасан, зүхсэн, егөөдсөн өгүүллүүд шил шилээ даган хөвөрч эхлэв.

МАХН-аар давалгаалсан мэдээллийн шуурга Элбэгдорж орж ирснээр намжиж эхлэв. Айлын найранд нутаг усаараа нэг цуглачихсан байхад нэг хэлэмгий нөхөр орж ирээд “Та нар муусайнууд бүгдээрээ хулгайч нар” гээд доромжлоод гараад явчихвал найранд ирсэн зочид бүгд уурлах нь зүй. Доромжилсон нөхрийг гадаа гарч навс балбахаар аягүй бол бүгдээрээ гадагшилна даа. Тэгээд сүр дуулиантай эхэлсэн найр тарж байгаа юм.
Улс төрд ч бас найр тараах үзэгдэл гарч байна.

Tuesday, April 10, 2007

Нисдэг авс, галзуу хулгана, золбин шар

Нисдэг авс, галзуу хулгана гэдэг нь хүн тээврийн микроавтобуснууд, золбин шар гэдэг нь такси. Та бидний өдөр тутмын унаа. Аа бас төв замын түрэмгий улаан гэж том оврын автобусыг ёжилно. Улаанбаатарын зам дээр цагдаа угжаа /шүгэл/ хөхөн зогсоод л. Япон, Солонгосын сэконд хайнд машинууд зам түгжин км илүү могойн цуваа үүсгээд л. Дээхэн үед очер гэж аймаар юм байлаа одоо бол түгжрэл гэж цаг, мэдрэл идсэн бухимдал нийгэмд оршин байна.

Замын түгжрэл гэдэг ухагдахуун Монголд алга байв. 1980-аад оны үеийн Улаанбаатарын агаар дээрээс авсан зурагт баруун дөрвөн замаас их дэлгүүрийн үүд хүртэл төв зам дээр 14 объект дуранд өртсөн байдаг, үүнээс 2-нь ердийн хөсөг байсан гэх яриаг дуулж байв. Үнэний ор бий байх. Хүнгүй зэрлэг талд машин мотоцикл хамраараа яйран болтлоо мөргөлдөж, зам дээр хүүхдүүдийг бөмбөг өшиглөж болохгүй гэж Замын цагдаагийн Пионер ах мэдээлдэг л цаг үе байлаа.

1990-ээд оны эхэн үед автобус хүрэлцэхгүй болж зорчигчид нь автобусаа даган шогшдог байлаа. Буудал дээрээ зогсдоггүй ардаг адуу шиг автобуснууд нийгмийн бухимдал үүсгэж, тухайн үеийн зам тээврийн сайд Сандалхан олон ч хүний хараал идсэн дээ, хөөрхий. Автобусанд зорчигч суулгахыг “ачих”, буулгахыг “асгах” гэсэн жаргон энэ үед л гарсан. Автобус хүрэлцэхээ болиод Япон улсын буцалтгүй тусламжаар Хиногийн автобусыг олноор оруулсан нь 1993 он.

Одоо бол хувийн тэрэгтэй болсон Улаанбаатарчууд автобус троллейбусыг ад үзэн, зам дээрээс зайлуулахыг хүсэх болж. Зам зассангүй, түгжрэлээ янзалсангүй гэж Батбаяр засаг дарга, Цэнгэл сайд хоёр олны бухимдлын бай болжээ. Ахиад л Японы тусламжаар зам засаад өгөөч ээ гэсэн гуйлт гадаад зээл тусламжийн бодлогын үндсэн аспект болоод буй.
Цаг хугацаа өөрчлөгднөө гэж. Саналын эрхтэй сонгогч нарын хэрэгцээгээр бодлого хувирдаг цаг. Харин бидний гаднаас гуйх тогтолцоо хувирсангүй.

Улаанбаатар, 2007 оны 4 сарын 10

Ардчиллын өдөр болж байна

Ардчиллын өдөр жил бүрийн 12 сарын 6 нд болдог байсан. Энэ жилээс Ардчилал сонины ойтой давхцуулан 4 сарын 7 -нд уг өдрийг тэмдэглэдэг болж буй гэх юм. 12 сарын дүн өвлийн хүйтэнд Ардчиллын өдрийг тэмдэглэснээс хавар цаг уруу хойш татсан нь мэдээж олон талаараа ашигтай байж таарна. Энэ өдөр Ерөнхий сайд Энхболд хэвлэл мэдээллийнхэнтэй Тэрэлжид өдөрлөг зохион байгуулж буй сурагтай. Ардчиллын өдрийн хэдэн гэрүүд сэтгүүлч сурвалжлагчаар шавуулахгүй амар ч юм уу.

Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын ухаа хонгор морьтой хөшөө, Чингис хааны сүрлэг хөшөөнөөс гадна есөн өрлөг, хөлөг баатруудынх нь дөрвөн хөшөө байна. Тэгэхээр нэг талбай дээр 6 хөшөө баригджээ. Дээр нь бас АН-ын туг намирсан гэрүүд. Хуурайшилттай цагийн сул шороо агаарт бургин, үүлгүй тэнгэрт хаврын бүлээн нар жанжны талбайг төөнөн байна. Харих замдаа талбайгаар дайран сонирхох санаатай сууна.

Улаанбаатар 2007 оны 4 сарын 7

Monday, January 15, 2007

"Үдийн цай" хөтөлбөрийн тухай эргэцүүлэхэд

2006 оны 9 дүгээр сарын 1-нээс улсын болон хувийн дунд сургуулийн нэг хоёрдугаар ангид суралцаж буй 110 мянган хүүхдэд тус бүр 300 төгрөгийн өртөгтэй үдийн цай уулгах “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг улирлыг үджээ. Үдийн цай гэдэг нь тараг, сүү, жигнэмэг зэрэг Монголд үйлдвэрлэсэн бидний өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн байгаа нь сайн хэрэг. Мөн амьдралын төвшинг үл ялгаварлан нэг сургуульд сурч буй хүүхдүүд цугтаа цай ууж, Монгол хүнсний амтыг багаасаа тогтоож, ирээдүйн хүнсний хэрэглээг баталгаатай болгож буй нь алсыг харсан зөв л алхам.

Харин хүүхдүүд гар нүүр, аяга халбагаа угааж цэвэрлэх орчин дунд сургуульд хэр бүрдсэн байгаа билээ дээ. Аягүй бол аяга тавгаа бариад жорлон уруугаа гүйлдэж байгаа даа. Сургуулийн жорлон гэж ямар аймаар юм байдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Суултуур бүтэн, усаа ямар ч проблемгүй татаж болдог зүгээр л энгийн цэвэр жорлонг сургууль байтугай өндөр үнэтэй ресторанд ч олоход бэрх. Гар угаалтуур гэхэд л крантаас ус гоождоггүй, эсвэл бөглөрсөн тагларсан, нус цэр наалдаастай, жорлонгийн өрөө нь өтгөн шингэн холилдсон эхүүн эвгүй үнэр ханхийсэн ийм л орчин байгаа.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их дэлгэрч буй тухай дам яриа чих дэлсэх боллоо. Сонин хэвлэл, интернетийн мэдээнээс шүүгээд үзэхэд энэ талаар нэг их мэдээлэл гарч ирэхгүй л байна. Гэхдээ олны үг ортой гэдэг. “Үдийн цай” хөтөлбөр сүү тарагнаас бус, цэвэр, энгийн, эвдрэлгүй гар угаалтуур, жорлонгоос эхлэх ёстой байж дээ. Аливаа нийтийн хэрэглээний үйлчилгээ дээрх шаардлагыг хангадаг болохын тулд байнгын засвар үйлчилгээ бүхий тогтолцоог бүрдүүлж байж хэрэгждэг зарчимтай. Энэ утгаар нь аваад үзвэл “Үдийн цай” хөтөлбөрт слесарь, цэвэрлэгч нарын гүйцэтгэх үүрэг маш өндөр. Монголын ирээдүйг авч явах багачуудаа халдварт шараар өвчлүүлж, үндэстэн даяараа элэгний үрэвслийн төрлийн вирус тээгчтэй болох гээгүй л юм бол энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Бодлого гэдэг асуудлын олон талт байдлыг судалж (мэрит, демэритийг нь урьдчилан харах) байж, олон хүний гар дамжиж байж боловсрогдон гарч хэрэгжих ёстой. “Үдийн цай” хөтөлбөр боловсруулагдсан шиг Ерөнхийлөгч чиг өгөөд УИХ батлан тогтоол гаргаад, Ерөнхий сайд болон түүнийг нь хариуцсан салбарын сайд нь хүлээн авч тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга нь хэвлэлийнхэнд мэдээлснээр хэрэгжиж байх ёстой эд биш байлтай. Төрийн аппаратын суурьтай судалгаанд тулгуурлан асуудлыг олон талаас нь харж, цогцоор нь шийдэх гэсэн доороос дээш чиглэсэн идэвхтэй хандлага манайд дутагдаад байгаагийн наад захын жишээ энэ.

Monday, December 04, 2006

Иргэний хөдөлгөөний тухай эргэцүүлэхэд

Ойрдоо Өвөр Монголын Батмөнх гэдэг зохиолчийн бичсэн “Хамар Лодон” хэмээх өгүүллэгийг монгол бичгээс буулган цуврал болгон блог дээрээ тавьж байна. Анх өнгөрдөг 11 дүгээр сарын эхээр “Гурав тасарсан Монгол” сэдвээр соёл оюуны өвөө гурав тасалчхаад сууж буй бидний өнөөгийн байдлын талаар бодлоо эмхтгэн бичсэн юм. Чингээд яаж зүгээр гар хумхин суух вэ гэж бодоод монгол бичгээр бичигдсэн Өвөр Монголд алдартай энэ өгүүллэгийг барьж авсан юм. Оюуны өвөө нэгтгэн, нэг суурьтай болоход далайд дусал нэмэр гэж бодсон хэрэг л дээ. Гэтэл цуврал гэдэг тэвчээр буурь заасан ажил болдог юм байна. Үүний өмнө Шионо Нанами гэдэг Японы түүхэн баримтат зохиолч эмэгтэйн Ромын түүхийн талаар бичсэнээс уншаад сэтгэл хөдөлсөндөө хэсэглэн авч танилцуулсан ухаантай. Гэвч нэг их удалгүй үргэлжлүүлээд явах хүсэл тэвчээр барагдаж эхэлснээ тодхон санаж байна.

Хамар Лодон цувралын хажуугаар нэг иймэрхүү сул бичлэг оруулан алаглах бодолтой нэг юм бичээд авсан чинь
Ганбаатар, Хишгээ тэргүүтэй архаг блогчид цувралаа үргэлжлүүл гээд “загнаад” унадаг юм байна. Дэм өгч загнасанд нь баярлаад цувруулаад л бүлэг бүлгээр тавиад байгаа. Хамар Лодонгоо дамарталгүйхэн шиг дуусганаа. Одоо жаахан үлдсэн.

Ойрын хэд хоног Японд 1975 оноос хойш он дараалан тасралтгүй гараад байгаа “Монгол судлал” (モンゴル研究)сэтгүүлийн хуучин шарласан хуудсуудыг эргүүлэн тойруулж өнгөрөөв. Анхаарал татсан судалгааны өгүүллүүд олон байна. Заримаас нь дурдахад 1976 оны дугаар дээр Шибаяма Ютака “Монголчуудын сэтгэлгээний түүхийг авч үзэх нь” (芝山豊『モンゴルの思想史へのアプローチ』), 1977 оны дугаар дээр мөн ижил зохиогчийн “Ардын сэтгэлгээ” (アラトの思想)гэсэн өгүүллийг энд дурдууштай. Би яагаад иймэрхүү сэдвийг сүүлийн үед онгичоод эхлэв ээ гэхээр өнөөгийн Монголд өрнөж буй улс төр хийгээд нийгмийн үзэгдэлтэй холбоотой юм.
Монголд 2005 оны хавраас Эрүүл нийгмийн төлөө иргэний хөдөлгөөнөөс аваад дүрэлзэж эхэлсэн иргэний хөдөлгөөнүүдийг жил илүү өнгөрөөд байгаа өнөөдрийн өндөрлөгөөс хэрхэн базан дүгнэж, дүн шинжилгээ хийж болох вэ гэдгийг өнгөрсөн түүхийн жишээтэй харьцуулан харах гэсэн хэрэг л дээ. Чадвал энэ талаар дараа тухтайхан нэг юм бичиж тавих санаа их байна.

Иргэний хөдөлгөөн гэж юу вэ? Миний ойлгож буйгаар, улс төрчид болоод аливаа нэг эрх мэдэлтэн бус, иргэд өөрсдөө нэгдэн нягтарч, эрх ашгаа хамгаалахаар улс төр, эрх зүйн хүрээнд хөдөлгөөн өрнүүлэн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг болов уу. Японоор жишээлэхэд, 1970-аад оноос байгаль орчны бохирдлын эсрэг арга хэмжээ авч, иргэдийн экологийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахыг төр болон орон нутгийн засаг захиргаанаас шаардсан иргэний хөдөлгөөн газар сайгүй өрнөж, энэ нь Японы төрийн бодлогод гүнзгий нөлөөлсөн байдаг. Японд агаарын бохирдлоор нэгт орж байсан Китакюүшюү хотод өрнөсөн иргэний хөдөлгөөнийг гэртээ суудаг эзэгтэй нар санаачилсан түүхтэй байдаг. Энэ үеэр иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан залуучууд Японы улс төрд одоо ч бий. Тухайлбал, Японы хамгийн том сөрөг нам болох Ардчилсан намыг толгойлж байсан Кан Наото эдний нэг байх жишээтэй.

Харин энэхүү иргэний хөдөлгөөн гэдэг Монголд цоо шинэ үзэгдэл биш ажээ. Түүхийн хуудас сөхөхөд, Манж Чин улсын үеэс Засаг ноёноо дээд шатны шүүхэд мэдүүлэн зарга үүсгэж, улмаар дугуйлан байгуулан, зохион байгуулалттайгаар олон жил үргэлжлэх зарга тэмцлийг амжилттай хөтлөн явуулж байсан жишээ цөөнгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л Ард Аюуш байна. Тухайн үеийн эрхзүйн хэм хэмжээг сайтар мэддэг, хууль дүрэмд нэвтэрхий, бичиг үсгийн боловсролтой, цэцэн цэлмэг үг яриатай, зарга үүсгэн тэмцсэн ардуудын төлөө өөрийгөө золиослох хүчтэй, үнэнч хийгээд ноён нуруутай удирдагчид тухайн цаг үед олноор төрж байжээ. Ийм удирдагч нар нь тухайн үеийн хохь тайж нар хийгээд хошуу тамгын бичээч зэрэг жижиг албан хаагчид байсан нь сонирхол татаж байгаа юм.

“Ард Аюуш” кинонд гардаг шүү дээ. Ард Аюуш найман эрүүг даваад ес дэх эрүү болох Шахаанд орох болоход “Та минь даваад л гараад ирдэг шүү дээ” гэж түүнд ардууд хэлдэг. Энэ киноны алдартай хэсэг гэх үү дээ. 2005 онд өрнөж эхэлсэн иргэний хөдөлгөөнүүдээр "ингээд л даваад гараад ирдэг" үзэл бодолдоо үнэнч нуруутай удирдагч төрсөнгүй нь харамсалтай. Иргэний хөдөлгөөнөөр дөрөөлсөн “өчүүхэн нөхөд” л олон мэндлэх шиг боллоо.
Иргэний хөдөлгөөн нь эхэндээ төрийн алба хийгээд улс төрийн тунгалаг байдлыг хангах, авилгалын эсрэг тэмцэхийг уриалан гарч ирсэн боловч, явцын дунд баялгийг нийтээрээ үнэгүй хүртэх гэсэн утопи агаад явцгүй үзэлд хальтран орсон нь харамсалтай. Уул уурхайг тойрсон улс төр үүнийг гэрчилнэ. Ардчилал гэдэг байгалийн баялаг хийгээд улсын хөмрөгийг зүгээр хуваарилуулж авдаг тогтолцоо биш юм. Ийм популизм аяндаа өөрийгөө мөхөөх аюул дагуулдгийг нуршиж мэргэн уншигчийг чилээх хэрэггүй биз ээ.

Wednesday, November 08, 2006

Гурав тасарсан Монгол

Хорьдугаар зуунд Монголчууд гурав тасарчээ. Нэг хэсэг нь Оросын харьяанд буй буриад зон, нөгөө хэсэг нь Монгол улсад суугаа монголчууд, үлдсэн хэсэг нь Хятадын захиргаанд байгаа өвөр монголчууд. Америкын алдарт монголч эрдэмтэн Рупены аль тэртээ 1964 онд туурвисан “20 дугаар зууны Монголчууд” хэмээх алдарт бүтээл ингэж эхэлдэг. Одоо энэ ном миний гар дор байхгүй буй тул яг үг үсгийн дарааллаар нэхэн санах боломжгүй байна. Гэхдээ ерөнхий утга санаа нь иймэрхүү зүйл байсан юм.

Монгол үндэстэн хил хязгаарын хувьд гурав тасраад зогсохгүй оюун соёлын өвийн хувьд ч өөр хоорондоо нэвтрэлцэхэд бэрхтэй хана босгожээ. Өөрөөр хэлбэл, хорьдугаар зууны сүүл хагасаас эрчимтэй холдож эхэлсэн хэл болон бичгийн ялгааг энд цохлон дурдмаар байгаа юм. Хэлний тухайд өнөөдөр Монгол улсад халх, Өвөр монголд цахар аялгуугаар ярилцах тул өөр хоорондоо нэвтрэлцэх төдийгүй муугүй ойлголцох боломжтой. Харин буриадуудтай оросоор ярихаас өөр аргагүй болсон бололтой. Буриад хэлээрээ ахмад настайчуул ярих төдий бөгөөд залуус нь зөвхөн оросоор л ярьдаг. Хэлний хувьд ч орос хэлний нөлөө нэвт шингэж, ихээхэн оросжсон гэдэг. Буриадад жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газрыг “Хээлтэй эмд совет өгөх дом” гэж нэрлэдэг тухай явган яриа явдаг. Энэ ч ортой байх. Тэр байтугай, Буриадын автономит улсыг тарааж, Эрхүүгийн тойрогт нэгтгэх тухай энэ онд явуулсан санал асуулгаар хүн амын ихэнх нь Оросын гэр бүлд нэгдэхийг дэмжсэн гэж байгаа.

Харин Өвөр монголын цахар аялгууг бид түвэггүй ойлгодог. Үүний нэг жишээ нь, ӨМ-ын “Одон” телевиз. Харин уг телевизийн нэвтрүүлгийн дараа экран дээр урсах босоо бичгээ хараад уншиж ойлгодог хүн эдүгээ манайд тийм ч олон бус. Оюуны өв гэдэг бичиг үсгэндээ хадгалагдаж явдаг. Тэгэхээр 1945 оноос хойш 60 жилд бий болгосон Монгол улс дахь крилл үсгийн оюуны өвтэй Өвөр монголчууд болон буриадууд танилцах боломжоор хомс байсан нь ойлгомжтой. Гурван монголын хооронд хил хязгаар оршин тогтнохоос гадна Өвөр монголчууд хэл адил ч бичиг ондоо, буриадууд бичиг адил ч хэл ондоо байхын зовлонг амсч иржээ. Өөрөөр хэлбэл, оюуны өвийн том ангал үүсч орхисон байна. Энэ нь өвөр зуураа оюуны солилцоо, харилцаагаа хөгжүүлэх сонирхол, бодлого дутаж ирсний л харгай. ӨМӨЗО-ны тэргүүн гэж ямар хүн байдаг, эндхийн Коммунист намын хорооны кадрын хэдэн хувь нь хятад үндэстэн, ямар зохион байгуулалттай байдаг, өнөөдөр ӨМ-ын улс төрийн амьдрал ямар байна гэдэг бидний хувьд бөөн оньсого. Буриадуудын тухайд ч мөн л адил. Тэгэхээр Монгол улсын талаар ӨМ-чууд болон Буриадууд тодорхой нарийн ойлголттой явж байгаа гэдэгт би эргэлзэж байна.

Монголд өнөөдөр телевиз сонин олон гардаг болжээ. Эдгээр нь гадаад мэдээ гэхээрээ СNN-ий мэдээг орчуулчхаад Израйль, Ливан, Иракын асуудлыг яриад байхаас бидэнд ойр хилийн цаахнатай байгаа хоёр Монголынхоо тухай ганц үг ч ган хийхгүй дээ. Үл тоомсорлож байгаа юм байлгүй. Тэр байтугай Улаанбаатар хотод 2004 оны 7 сард болсон их үерийн яг ид үеэр Монгол телевиз шуурхай мэдээ цацах нь байтугай, хаана болоод байгаа нь мэдэгдэхгүй хөгийн концерт нэвтрүүлж байсныг санаж байна. Мөн үерийн үеэр нас барсан хүмүүсийн тухай мэдээ цацахаас өмнө Израйльд болсон террор халдлагын тухай нэвтрүүлж дургүй хүргэж байх жишээтэй. 2005 оны 9 сард Хятадууд Монголын хилийн ойролцоо маш том хуурай замын хээрийн сургууль хийв. Газрын зураг дээр харахад Шилийн гол аймагт, яг тэгэхдээ Сүхбаатар аймгийн чанх урд талд уг хээрийн сургууль болсон байлаа. Хэрэв би андуураагүй бол энэ талаар манай мэдээллийнхэн бас л таг дуугүй өнгөрсөн. Ямар ч тоймч энэ талаар нийтлэл бичээгүй. Нөгөө аанай л ярьдаг Израйль, Ливан, Иракаа яриад өнгөрсөн байх. Бид хэдий болтол гадаад мэдээг орчуулах төдийгөөр үзэгчдээ хуурч, өөрийн толгойгүй юм шиг аашилж ирэх вэ дээ. Монгол улсын хувьд амин чухал ач холбогдолтой гадаад мэдээг түрүүлэн цацаж, өөрсдөө дүн шинжилгээ өгдөг мэдээллийн систем дутагдсаар ирсэн.Одоо ч дутагдаж байна. Ингэж чадаагүй нь, хорьдугаар зууны олон улсын нөхцөл байдлын золиос болон гурав тасарсан Монголчуудын хэл соёлын хувьд ч холдон хөндийрсний нэг шалтгаан болов уу.

Монгол улс бол монгол үндэстний гал голомтыг хамгаалан үлдсэн цорын ганц тусгаар улс гэдгийг бид байнга ухамсарлах ёстой. Энэ утгаараа Монгол үндэстний соёл, оюуны өвийн төв (Hub) байх хэрэгтэй. Онходын Жамъян үхэр тэрэг хөллөн Монгол үндэстний нутгаар ар өвөргүй явж олон судар ном цуглуулан, Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Энэ Судар бичгийн хүрээлэнд Жамсраны Цэвээн тэргүүтэй Буриадын орчин үеийн боловсролтой сэхээтнүүдээс авахуулаад Өвөр Монголын мэргэд ч ирж, шинэ цагийн Монголын боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй.

Монголчууд бид хил хязгаараар хэдий тусгаарлагдсан ч оюуны өвөө чөлөөтэй солилцдог болохсон. Интернет, ном хэвлэлийн хөгжил энэ боломжийг улам өргөтгөж байгаа юм. Real ертөнцөд нэгдэж болдоггүй юм бол Интернэт ертөнцөд яагаад нэгдмэл цул байж болдоггүй юм. ХХ зуунд Монголчууд гурав таслагдсан ч оюуны өвөө өөрсдөө гурав таслаад байгаагийн учир юунд оршино вэ?

Tuesday, October 17, 2006

Тогтолцооны тухай бодлоо дурдахад

Монголын улс төр дүн өвлийн өмнө бужигнаад эхлэв. Өнгөрсөн 13-ны баасан гаригт УИХ-ын 24 /Ардын эрх сонин дээр гэхэд 16-ны дугаарт 24 гээд, маргаашийн дугаарт нь 23 гэчихсэн байх юм/ гишүүний нэр бүхий Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн баригдсанаас хойш юм юм л эхэлж буй бололтой. Ерөнхий сайд Энхболд даруй няцаалт өгч, ил захидал маягийн юм бичжээ. Ерөнхий утгыг нь 10 cарын 16-ны Ардын эрх сонин дээр М.Жаргал гэдэг сэтгүүлч тоймлон бичсэн байна. /http://www.sonin.mn/?p=2496/ Няцаалтад дурдсан дараах үгс их анхаарал татсан тул уншигч танд ахин танилцуулах гэсэн юм.
“УИХ-ын гишүүн Л.Гансүх нарын нэр бүхий гишүүдийн Засгийн газрыг огцруулах тухай бичгийг улс төрийн зорилготой, төрийн албыг бүх шатанд цалгардуулан, төр болон олон түмний хоорондын итгэлцлийг алдагдуулах хортой явуулга хэмээн дүгнэсэн байна. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж, улс төрийн хийрхлээс зайлсхийн олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа улам бүр үр дүнтэй болгохыг Засгийн газрынхаа өмнөөс Ерөнхий сайд уриалжээ”

Налуугаар тэмдэглэсэн үгсийг анхааран харна уу. “Хортой явуулга”, “Төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж”, “Олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа...” Яг л 1930-аад оны үеийн хэлмэгдлийн үед хэрэглэгддэг байсан “ангийн дайсан”, “Японы тагнуул”, “суртал ухуулга” гэх мэт үгтэй нэг л төстэй сонсогдоод явчихлаа. За энэ ч яахав. Үгнээс өлгөөд дайрчихдаг улс төрчдийн хувьд бол их л сайхан зууш байна.
“Хортой явуулга гэж юуг хэлээд байгаа юм. Бид Үндсэн хуульд олгосон эрхийн дагуу Засгийн газрыг огцруулах саналыг хуулийн хүрээнд тавьж байна. Үүнийг хортой явуулга гэж хэлээд байгаа юм уу?” гэх мэтээр дайралтад өртөхөөр үг их харагдаад байгаа юм л даа.

Мөн 10 сарын 17-ны Ардын эрх сонин дээр З.Маараг гэдэг хүний бичсэн мэдээнээс харахад /
http://www.sonin.mn/?p=2529/ “МАХН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж бичжээ. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хуулинд хэрхэн заасныг баринтаг задлан үзвэл дараах үндэслэлүүд байх юм. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд,
1. Огцрох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэх,
2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол,
3. УИХ-ын эсхүл Ерөнхийлөгчийн санаачилснаар УИХ шийдвэрлэх
4. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах хүсэлтийг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэжээ.
Тэгэхээр мэдээнд дурдсан шиг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг МАХН хэлэлцэх нь хуулинд заагаагүй хууль бус үйлдэл болж таарлаа. Засгийн газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд болохоор Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар УИХ-д суудал бүхий намын дээд төв байгууллагатай шууд харилцана гэж заасан болохоос аливаа нэг нам дээр ярилцаж байгаад Засгийн газрыг огцруулах эс огцруулах тухай эрхийг олгоогүй ажээ.

Хуулийн заалт болон өдөр тутмын амьдрал хооронд байнгын орон зай байдаг. Зан заншлын хүрээ хийгээд шүүхийн тайлбар энэ орон зайд гүүр болдог ажээ. Тэгэхээр,
УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүн,
Эрх баригч нам гэсэн гурван ойлголтын талаар жаахан тунгаацгаая. Олонхи хүн энэ гурван институцыг салган ойлгох гээд байдаг. Гэтэл М.Энхболд бол УИХ-ын гишүүн агаад Засгийн газрыг толгойлсон Ерөнхий сайд, түүний зэрэгцээ МАХН-ын дарга. Эндээс л засаглалын тухай сайтар тунгаан бодох шаардлага урган гарч байгаа юм.

АНУ-д Засгийн газрын гишүүд болон Парламентын гишүүнийг заагладаг. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхийг үл зөвшөөрнө. Монгол улс энэ тогтолцоог 1992 оны Үндсэн хуулиндаа зоож өгсөн боловч, 90-ээд оны сүүлчээр ҮХ-д өөрчлөлт оруулан энэ заалтыг өөрчилж орхисон. Түүнээс хойш Засгийн газрын танхимыг УИХ дотроос болон гаднаас холимог байдлаар бүрдүүлж ирсэн байдаг.

Харин Англи болон Японд Засгийн газрын танхимын гишүүд заавал Парламентын гишүүд байх ёстой. Энэ орнуудад намын дарга нь Ерөнхий сайд болдог зан заншил үйлчилж байдаг. Монгол улс тэгэхээр Америк маягийн тогтолцооноос салж, Англи Япон маягийн парламентын засаглал уруу ойртсон гэсэн үг. Японд энэ систем сүүлийн 60 жилд үйлчилж ирсэн боловч, нэг нам төрийн эрхэнд дэндүү удаан байсан болохоор /дунд нь 2 жил завсарласныг эс тооцвол бараг 60 жил/ нам доторх “том толгойтой” фракцууд бэхжиж, эдгээр нөхдүүд хөшигний цаана хор найруулан, Ерөнхий сайдыг томилж, солин, гарын дор байлгаж ирснээс эрх мэдлийн хоосон орон зай үүсдэг сөрөг тал гарсныг олон судлаач нар ажиглаж, шүүмжилсэн байдаг. Парламентын засаглал үйлчилж буй нөхцөлд сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авсан Эрх баригч намын бодлогыг /сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтууд/ Намын дарга нь Ерөнхий сайд болж аваад хэрэгжүүлж эхлэнэ. Тэгэхдээ бас УИХ-ын нэг гишүүний хувьд тэдний байнгын хяналтад байна гэсэн үг. Нэлээд сайн бодсон шилдэг системийн л нэг.

УИХ болоод намынхаа дэмжлэгээ олохоо байсан Ерөнхий сайд ангалын ирмэгт ирлээ л гэсэн үг. Засгийн газрыг огцруулах эсэхийг хууль эрх зүйн хувьд улс төрийн нам шийдэх эрхгүй боловч эцсийн дүндээ нам доторх шийдвэр, яриа хэлцэл УИХ-ын гаргах шийдвэрийн үндсэн хүчин зүйл болдог нь яахын аргагүй үнэн юм. Энэ нь жижиг тойрогтой мажоритар сонгуулийн тогтолцоонд намаас нэр дэвшин, сонгуульд өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүд намын шийдвэрийг дагаж, түүний нэг эд эс болж явдагтай гүнзгий холбоотой ажээ. Ингэсгээд өндөрлөе. Яриа бүр тэнэж эхлэв.

Sunday, October 15, 2006

"Жаксоны ардчилал" манайд туйлширсаар

Ардын эрх сонины 10 сарын 9-ны дугаарт аймаар мэдээ нийтлэгджээ. Байгаль орчны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Энхээ гэдэг нөхөр тус яамны төслийн ажилтан Пүрэвдоржийг зэрлэг танхайгаар зодож хүнд гэмтэл учруулан, чихийг нь тас хазсан тухай мэдээ юм. http://www.sonin.mn/?p=2209 .Байгаль орчны яамны хэлтсийн дарга яг л вампир шиг харагдаж байсан гэнэ гэж сэтгүүлч дүрсэлжээ.

Зэрлэг халдлагад өртсөн Пүрэвдоржийг би таних юм. Байгаль орчны яаманд цуг ажиллаж байсан нөхрийн хувьд ажлын их чадвартай, үг дуу цөөтэй, нуруутай залуу гэж би дотроо их хүндэлдэг юм. Миний сурч буй Киото хотод байгаль орчны бохирдлын асуудлаар болсон хуралд оролцохоор сая энэ 9 сард ирэхэд нь очиж уулзан, Монголын ойрын сонин сайхныг яриулан хамт хөөрөлдөж суусан билээ. Найз маань, Засаг халагдаж, сайд солигдсоноос хойш олон албан хаагч ажлын байраасаа хөндийрснийг харуусахын сацуу, байгаль орчны салбарт зүтгэхийн үнэ цэнэ, сайхан талыг хуваалцан ярьж, энэ салбарт хүн “дурлачихдаг” юм байна гэж өгүүлж суусансан. Саяхан л ийнхүү хөөрөлдөж суусан нөхөр маань Байгаль орчны яамныхаа хэлтсийн даргын гарт ийнхүү зэрэмдэглэгдэх гэж. Харамсмаар, бас энэ хэлтсийн дарга шиг тохиолдлын шинжтэй нөхөд төрийн албаны удирдлагад ордог болчихсон өнөөгийн улс төр, төрийн албаны тогтолцоог зүхмээр.

Сэтэртэй мөнгөтэй нь ёс суртахуун хийгээд хуулийн хариуцлагаас мултарсаар ирсний харгай Монголын нийгэмд улам л газар авч байна. Аль тэртээ 19 дүгээр зууны Америкт ноёлж байсан “Жаксоны ардчилал” буюу улс төрчид төрийн албан хаагчдыг ангуучилдаг тогтолцоо Монголын төрийн албанд нүүрлэсний гайг бид ийнхүү их ойроос мэдрэх боллоо. Сонгуульд оруулсан хувь нэмрээр нь хүнийг үнэлж, албан тушаалаар шагнадаг энэ тогтолцоо 1880-аад онд Америкт амьсгал хурааснаас хойш Монголд ийнхүү вампир шиг амилж босч ирдэг байж дээ.

Анд минь, хурдан эдгээрэй. Хамтдаа зүтгэе.

Wednesday, September 06, 2006

Гадаад дахь монголчуудын эрх ашиг


Эхлээд 9 дүгээр сарын 5-ны Өдрийн сонин дээр гаргасан мэдээнээс хэсэглэн танилцуулъя. Банзрагчийн Долзодмаа гэдэг хүн уг мэдээг бичжээ.

”Манай улсын харилцаа холбооны зохицуулах хороо­ноос гаргасан шийдвэрээр гадаадаас монгол руу ярих vнийн тарифанд өөрчлөлт оржээ. Суурин телефон руу нэг минутад 80 центээр, vvрэн телефон нь 14 цент болс­ноор урьд өмнөхөөсөө бараг тав дахин нэмэгдсэн болж байгаа юм. Энэ шинэ­чилсэн vнийн тариф нь ес­дvгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Гэвч vнийн энэ өөрчлөлтөөс vvдэж га­даа­даас тухайлбал, АНУ-д суугаа монголчууд нутаг нэгтэнтэйгээ ярих боломжгvй болчихоод байгаа талаар уншигчид мэдээлэл ирvvлэв...” гэжээ.
http://www.sonin.mn/?p=1143

Мэдээнд дурдсанаар бол суурин утас уруу залгах нь үүрэн утсанд залгаснаас бараг дөрөв тав дахин үнэтэй болж таарч байна. Хаана ч гэсэн суурин утасны төлбөр үүрэн утаснаас арай л хямд байдаг гэж би ойлгодог. Энэ мэдээг харахаар тийм биш байдаг бололтой юм. Бас төлбөр нь 80 центээр нэмэгдсэн юм уу, 80 цент болсон юм уу нэг л ойлгомжгүй оргиод явчихлаа. Манай сэтгүүлчид тоо дурдахаараа дунд нь бантан хутгаад хаячихдаг хандлага ажиглагддаг. За энэ ч яахав.

Гадаадад суугаа Монголчуудын эрх ашиг ийнхүү Монголын төрийн бодлогоос хамааран ийнхүү хохирч эхэллээ. Интернетийн нөлөөгөөр дэлхий даяар харилцаа холбооны төлбөр хямдарч, е-мэйлийн софт ашиглавал өвөр зуураа үнэгүй ярьж, чатлах боломжоор хангагдаж байгаа нь ердийн үзэгдэл болоод уджээ. Монгол байтугай өндөр хөгжилтэй улс орнуудын коммуникацийн салбарууд үйлчилгээний төлбөр хямдрах энэ хандлагаас яаж ч оролдоод мултарч чадахаа больсон. Үүнийг ч ойлгож, дасан зохицохын зэрэгцээ шилэн кабель гэх мэт мэдээлэл технологийн шинэ дэд бүтцэд хөрөнгө хаяж, уг салбар дахь ажилгүйдлын аюулыг гэтлэн давж байх жишээтэй. Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хандлагыг эс тоомсорлон унаагаа ухрах араанд нь оруулжээ. Эс тоомсорлосон уу, эсвэл санаанд орсноороо ухвар мөчидхөн дайрав уу. Хэвлэл мэдээллээр ийнхүү үнэ нэмэх гэж буйгаа урьдчилан мэдээлээгүй, гарч ирэх эерэг сөрөг үр дагаврын талаар бүрэн тооцож чадаагүй, тариф нэмэх үндэслэлээ хэвлэл мэдээлэлд сайтар тайлбарлаагүйгээс үзэхэд лав л энэ Хороо бүдүүн зүрх гарган дайрснаас зайлахгүй. Accountablity буюу иргэдэд бодлогоо тайлбарлаж өгөх хариуцлагаас эд лав мултарч чадахгүй дээ. Гэхдээ манайд энэ төрлийн хариуцлагыг үүрэх, үүрүүлэх харилцаа одоогоор сул хөгжсөн л дөө. Тэр утгаараа энэ хорооныхон азтай улсууд болж таарлаа.

Гадаадад зуу мянга хол давсан монголчууд сууж байна. Тэдний ихэнх нь БНСУ, АНУ, ХБНГУ, Япон, Орос, Хятад гэх мэт Монгол улсаас суух ЭСЯ-дтай газарт байгаа юм. Тэгэхээр УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэд саналаа өгөх боломж бүрэн байна гэж үзэх ёстой. Монголоос чадалтай, эрчтэй хүчтэй залуучууд хөдөлмөрлөх, сурахаар гадаадад сууж байна. Тэдний ашиг сонирхол Монголын улс төрд тусгалаа олж байх ёстой нь бодоожийн зүйл. Бараг 200 мянга дөхөөд буй сонгуулийн насны эдгээр монголчуудын санал хүсэлт одоогоор Монголын хаана ч биеллээ олохгүй байна гэхэд хилсдэхгүй. Тэдний таван хурууны хумсаа тамтартал ажиллаж, тэмцэж байж олсон мөнгийг хүртээд суухаас тэдний эрх ашгийг Монголд авчрах, хамгаалах, улс төрд тусгаж өгөх талаар та бид гар хумхиж иржээ. Гадаадад байгаа монголчууд дунд юм үзэж, нүд тайлсан, асуудлыг харах харааны өнцөг тэлсэн хүн олон бий. Монголын нэгэн хэв аястай болсон улс төрд ийм хүмүүсийн санал шинэ уур амьсгал авчирна. Энэ нь шинэ типийн улс төрчдийг төрүүлэн гаргах, жалганы улс төрөөс ангижрах боломжийг олгохыг үгүйсгэх аргагүй.

Харилцаа холбооны зохицуулах хорооны энэ ойлгомжгүй гэнэтийн Пёрл Харборын дайралт шиг шийдвэрээс болоод Америкаас байтугай Японд суугаа монголчууд хүртэл IP утсаар дамжин холбогдох боломжгүй болоод байгаа юм. Дээр нь бас тав дахин үнэтэй гээд байгаа. Хэнээс ч асуулгүй, хэнтэй ч зөвлөлгүй гэнэ гэнэ аймшгийн шийдвэр гаргаад байдаг ноён Төртэй ингээд заамдалцах хэрэг гарч байна даа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тухай доорх вэб сайтаас бага сага уншиж танилцах боломжтой байна.
http://www.crc.gov.mn/english/medee.aspx?num=1

Tuesday, September 05, 2006

Азтай улсууд

Өчигдрийн Ардын эрхийг харж суутал жижигхэн атлаа сонин мэдээ анхаарал татав. Ерөнхий сайд М. Энхболд Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Конгрессын гишүүн Ж. Колб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Америкын парламентч эр М. Энхболдыг НҮБ-ын чуулганд оролцох гэж байгаа тухай сонссон гэхэд, Ерөнхий сайд “Хэрвээ АНУ-ын Элчин сайдын яам виз гаргаж өгвөл АНУ-д очно оо. Иргэд маань виз аваад баярладаг тул би ч виз аваад баярлах байх” гэж инээмсэглэн нэмж хэлэв гэсэн байна. Дорхноо л сонин.мн дээр дэлхийгээр нэг тарсан монголчууд сэтгэгдлээ үлдээжээ. Болж, визээ өгөхгүй онгироод байгаа муу Америкуудыг “байдалд оруулах” нь зүйтэй гэсэн нэгэн байхад зарим нь Ерөнхий сайд байж арай ч дэндүү өөрийгөө дорд тавьжээ гэх нэг нь ч байх. Хамгийн гол нь Ерөнхий сайд гэдэг Монголын төрийг толгойлж байгаа улс төрч агаад энэ утгаараа энэ хүний хэлсэн ярьсан болгон Монгол улстай холбоотой юм. Энхболд бол Энхболд гэсэн махбодыг төлөөлж буй бус Үндсэн хуульд заасан Ерөнхий сайд хэмээх албан тушаалыг төлөөлж буй. Тиймээс Ерөнхий сайдын амнаас унасан авиа болгон Энхболд хэмээх бодгаль бус төрийн нэг институцийн хэлж ярьж буй зүйл гэж ойлгох нь зүйтэй.
Японд Ерөнхий сайдынхаа өдөр тутмын ажил амьдралыг сонины нэг буланд өдөр бүр тавьдаг. Өглөө тэдэн цаг тэдэн минутад өргөөнөөс гарав гэдгээс авахуулаад орой өргөөндөө орох хүртэл нь яс дагачихсан товч тэмдэглэл байна. Цаг минут болгоныг нарийн тэмдэглэж, бүр үсээ хаана засуулсан, хаанахын ресторанд ямар улсуудтай хоол идсэнийг хүртэл танд “ховлоод” өгнө. Ер нь л Ерөнхий сайдын өргөөний гадна ажиллаж байхдаа хаагуур юу хийж явааг дурайтал нь бичнэ. Ийм мэдээ өдөр бүр сонингийн “Ерөнхий сайдын нэг өдөр” гэдэг буланд гарна. Ингээд л ард түмэндээ яс тас тагнуулаад цагдуулчихдаг Японы Ерөнхий сайд мөн үйлтэй хүн ээ.
Бас болоогүй ээ. Иймэрхүү мэдээ орон нутгийн сонингуудад хүртэл өөрсдөөс нь сонгогдсон парламентын гишүүн тус бүр дээр гарсан байдаг. Парламентын гишүүд нь хүртэл санаа амар хаа нэгтээ хэн нэгэнтэй “хор найруулж”, эрх мэдлээ урвуулж болдоггүй. Манай парламентч нар эдний хажууд ёстой олон нийтийн хяналтын зовлонг үзээгүй “эвдрээгүй” нөхөд байхгүй юу. Хяналт байтугай хэлсэн үгэндээ “ороогдохын” зовлонг манайхан бага эдэлнээ. Эдэлнээ ч гэж дээ эдэлдэг юм болов уу. “Кондом, кондом бас дахин кондом” гэсэн алдарт үгийг манай Эрүүл мэндийн сайд л үлдээсэн байх. Өмнөх ерөнхийлөгч сэнтийнээс буухад "анд" нар нь нийлж жип бэлэглээд л. Түүнийг нь хадгаар мялааж, хүү нь унахаар болсныг манай сониныхон тухайн үед нь шуурхай мэдээлсэн. Сайн хэрэг. Гэхдээ уг мэдээнүүд экс ерөнхийлөгчийн хүү хөлөглөх болсон шинэ унааг нь магтан сайшаасан байсан санагдана. Ингээд гар цайлгаснаа бэлгэнд авсан машинтай нь хамт магтуулан дуулуулсаар буудаг манай улс төрчид тэнгэрийн умдаг атгасан азтай нөхөд шүү. Монголын сонингоор ийм мэдээ гардаг нь ертөнцөөр нэг тарвал эвэртэй туулай л гэсэн үг.
Ахиад болоогүй ээ. Японы яам тамгын газруудын хажууд Сэтгүүлчдийн клуб гэж бас байнаа. Энд тэндхийн сонин тв радиогийн сурвалжлагч нар нэгдэн клуб байгуулчхаад яамдын түшмэдийг сахиад цагдаад суучихна. Энэ сурвалжлагч нар аль нэг яам тамгын газрыг олон жил “мөшгин цагдах” тул сүүлдээ бүр мэргэшээд ажилдаа дөнгөж орсон залуу албан хаагч байтугай олон жил төрийн алба хашсан хашир бурхинуудыг ч андахаа байж “агнаад янзлаад өгдөг” болчихно. Мэдээллийн үнэн худал төдийгүй цаад учир начрыг нь хүртэл гадарлаад байгаа хүнийг “маллана” гэдэг гонжийнжоо. Манай сэтгүүлч нар шиг “Мэдээлэл өгөөч” гээд албан хаагчийн үүд өндөлзүүлж явахгүй, авсан мэдээллийнхээ учрыг ч ололгүй сонссоноороо бичнэ гэж бүр байхгүй. Манай зарим сонин дээр тавьсан мэдээлэл нэг л ойлгомжгүй оргиод байдаг. Хужрыг нь тунгаалгүй сонссоноо хам хум тэмдэглээд тавьчхаж буй мэдээлэл яаж ч ойлгомжтой байх вэ дээ. Яамдын дэргэдэх Сэтгүүлчдийн клуб дотроо бас “аминчхан”. Мэдээллээ солилцоно, нягтална. Ингээд мэргэшсэн нөхдийн гараар орсон мэдээлэл сонины нүүрэн дээр гарахдаа часхийсэн агаад үнэ цэнэтэй болдог ажээ. Дээр нь бас их сургуулиудаар нэг тарсан судлаач нар хошуу нэмэрлээд судалгааны төвшинд “алаад өгнө”. Ийнхүү өөрсдөөс нь илүү шахам мэдээлэлтэй мэдлэгтэй суугаа сэтгүүлч, судлаач нарын хяналтан доор байдаг Японы албан хаагч, экспертүүд мөн хөөрхийлөлтэй еэ.

Ингээд харьцуулаад байвал Японы Ерөнхий сайд, парламентч, төрийн түшмэдүүд шиг хөөрхийлөлтэй хүмүүс алгаа. Мөн азгүй улсууд аа. Тоогүй. Эсрэгээр нь манайд бол эдгээр шиг азтай, чөлөөтэй улс алгаа. Үнэ цэнэгүй мэдээллээр дүүрсэн хар шар сониноор дамжин ертөнцийг харахад хүрч буй бид ямар азгүй вэ, ТИЙМ ЭЭ?!

Thursday, July 06, 2006

Наадам тоссон торгон агшин

2006 оны наадам дөхөөд манайд хонь, ямааны үнэ суга өсч байгаа тухай мэдээ дуулдав. Тарган хонь бол жар орчим мянга, ямаа дөч орчим мянган төгрөг байгаа ажээ. Энэ жил ялангуяа тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаад гадна дотно, хот хөдөөгийн зочид гээд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн том баяр болох шинжтэй. Жилдээ ганц болдог наадам дөхөхөөр тэнгэр хүртэл хураа хайрлаж, хүн малын зоо тэнийн, ногооны анхилам үнэрт Монгол орон маань бялхана. Хүн бүр билэг дэмбэрлийн сайхан үг ам амандаа хэлэлцэж, уур хилэн, уцаар бухимдлаа түрхэн ч болов мартдаг үе.
Яг энэ үеийг угтаад УИХ-р олон чухал хуулиуд батлагдан гарч, нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж ирсэн туршлага их харагддаг. Хаврын чуулганы хаалт дөхөөд ирдэг болохоор арга ч үгүй юм уу даа. Тухайлбал, энэ жил татварын багц хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, татварын нэг шатлалтай тогтолцоонд шилжихээр хэд хоногийн өмнө УИХ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдаадхав. Нийгэм тэр аяараа зуны дэлгэр цагийн өнгө аяст уярч, ажлаа мартаганаж, алжаалаа тайлан, айраг боодог хөөцөлдөх цагаар улс төрчид бидний амьдралтай нягт холбоотой тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг ийнхүү “ар хударгаар” шийдлээ гээд хэлчихэд бараг л дэгсдэхгүй болов уу. Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтүүдийг ер нь амьдралд нийцсэн, хувийн хэвшилд очиж буй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх зүйл гэж сайн талаас нь үнэлэх нэгэн байхад нийгмийн халамжийн систем, төсөв бүрдүүлэлт, орлогын дахин хуваарилалтын тал дээр санаа зовинох хүмүүс ч байх. Татварын тогтолцоог өөрчлөөд хаячихсан энэ том өөрчлөлт наадмын өмнөх ажин түжин байдал дунд чимээгүйхэн гулссаар төрөлтийн онцын хүндрэлгүй Монголын газар шорооноо мэндлэх нь дээ. Эх барьж буй УИХ-ын гишүүд дотор 2004 онд бөөн бөөнөөрөө сонгогдсон манай үндэсний бизнесменүүд олон бий. Улс төр бол нийгэмд оршин буй ашиг сонирхлын бүлгүүдийн хүчний харьцаан дээр оршино гэсэн үзлийн үүднээс харах юм бол дэндүү гэмээр мэдээжийн л үр дүн.
Монголд өвөл хавар намар улс төр буцалдаг гэж их ярьдаг. Зуны амралтаа дуусгасан НИЙГЭМ намар болохоор ТӨРИЙН эсрэг дайрч эхэлнэ. Тэгээд өвөл бухимдлаа хурааж байгаад хавар нь зад жагсана. Гэтэл харамсалтай галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн байдаг. Хамгийн чухал тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд чухамдаа зун, зун зундаа наадмын налгар өдрүүд эхлэх торгон агшинд шийдэгдээд та биднийг намар сэхээ орохыг хүлээгээд сууж байдаг нь үүний тодорхой баталгаа. Наадам тоссон торгон агшин манай улс төрийн нүүр царай...

Saturday, May 20, 2006

Монгол нь монголоо тэжээх сэтгэлгээ

- Хөөе найз аа юу байна?
- Өө юмгүй дээ ойрдоо ажил ихтэй. Хэдэн хүнтэй яваад л байж байна.
- Хаанахынхан юм?
- Аа японууд. Нэг групптэй явж байгаа юм.
- Хэр улсууд байна.
- Дажгүй шүү
- Хэдээр явж байна?
- Өө гайгүй. Өдрийн тавиар. Уг нь цагаар тооцно гэж байсан юм. Гэхдээ энэ удаа өдрөөр тооцоо хийх болж байгаа.
- Хөгшин нь бас нэг гайгүй англитай таарсан. Цагийн арваар явж байгаа.

Биеэ үнэлэгч ярьж байна гэж та бодож байна уу. Үгүй дээ. Хоёр орчуулагчийн яриа. Зун цаг болж, жуулчны улирал болоход иймэрхүү яриа хаа сайгүй л чих дэлсдэг. Монгол улс нээлттэй гадаад бодлого, чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш манайд ирдэг жуулчны тоо эрс нэмэгдсэн. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн хугацаанд ДНБ-нд тодорхой жин эзэлсэн томоохон салбар болж чаджээ. Энэ салбар олон монгол хүнийг хоолтой нь залгуулж, долларын бараа харуулсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бодох юм зөндөө байна аа. Энэ талаар уншигч авхай тантай ний нуугүй ярих гэсэн юм. Ний нуугүй ярих ч гэж дээ зүгээр л буу халъя.
Миний нэг танил нэлээд олон жилийн өмнө аялал жуулчлалын компани байгуулсан юм. Өөртөө нэг деликатай. Хөдөө гадаагүй жолоо мушгина. Тэгээд бас гадаадад хэдэн жил сурч байсан тул англиар чөлөөтэй ярьчихна. Зундаа нэгэн танилынхаа илгээдэг Америкаас ирэх жуулчдыг хүлээн аваад хөөрхөн амруулна. Хөдөө газар хэдэн гэр бариулаад хамаатныхаа хүнд хариуцуулан ажиллуулна. Тэгээд жолооч, орчуулагч-хөтөч, оффисын ажилтан, зохион байгуулагч гэсэн бүх ажлыг өөрөө гардана. Ганцаараа энэ бүхнийг гүйцэлдүүлэх тул ашиг өндөр. Компани байгуулсан анхны хэдэн жилдээ ингэх нь ч аргагүй биз. Харамсалтай нь танил маань ашгаа хуваах хүсэлгүй тул одоо болтол ганцаараа мачийж яваа ба түүний жуулчлалын бизнес энэ олон жилд өргөжиж чадсангүй. Бахь байдгаараа л байгаа. Хөдөө бариулсан хэдэн гэр нь орон нутгийн малчдад ад үзэгдэж байгаа сурагтай байсан. Танил маань жолооч, оффисын ажилтан, орчуулагч, хөдөө нутагт хөтөч хийх малчин зэргийг хөлсөлсөн бол дор хаяж дөрвөн монгол хүнийг тэжээх боломжтой байлаа. Тэр хэмжээгээрээ танилын маань ажил өргөжиж, урагш хөгжин томрох байсан биз ээ. Жижиг байх, жалга дотроо сэтгэх нь алсдаа хор уршигтай.
Манайд байгаа жуулчлалын ая төрх иймэрхүү л байгаа. Дангаараа бүхнийг хийж ашгаа ганцаараа авах сэтгэлгээнд хүлэгдсэн тул өдий болтол төрөлжиж чадаагүй. Оролцогч нар ашгаа ухаалаг хуваарилж чадаагүй. Дээр нь бас ашиг олох процесст оролцох хүний тоог хэт хязгаарласан. Өөрөөр хэлбэл, тэлэх, төрөлжих, хамтран ажиллах, зах зээлээ гадаадын компаниудаас хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хандлагатай бус, бүх ашгийг жуулчны компани дангаар эзэгнэх гэсэн явцуу хандлагатай байгаа юм. Уг нь бол жуулчлалыг дагаад олон салбар хөгжих боломжтой. Санаанд орсноороо хэдэн жишээ дурдъя.
Юуны түрүүнд зочид буудал. Манайхан зочид буудал гэхээр үнэтэй цайтай зүйлээр тоноглогдож, чимэглэсэн, нүсэр том юмыг төсөөлдөг. Гэтэл тийм биш. Цэвэрхэн, цомхон агаад үйлчилгээ сайтай орчин байхад л хангалттай. Нэг айл ч байсан болно гэсэн үг. Зундаа ер нь Улаанбаатарын айлуудыг жуулчид хүлээж авах жижиг өрх-зочид буудал болгох нь зүйтэй мэт санагддаг юм. Өрх-зочид буудал Японы аялал жуулчлалын газруудад зөндөө байдаг. Энэ нь нутгийн айлуудын орлогыг шууд нэмэгдүүлдэг сайн талтай.
Дараа нь гар урлал. Бэлэг дурсгалын хэмжээнд бол манайд овоо хөгжиж байгаа. Чингисийн үеийн морьтон баатруудын зураг хэдэн мянгаараа бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ярайж байгаа нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ залуу эмэгтэй жуулчдад зориулсан хүний сэтгэл гижигдэм хөөрхөн бэлэг дурсгал ховор байгаа санагддаг юм. Гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалаар хязгаарлахгүй. Морин аялал өргөн дэлгэр болоод байгаа өнөөгийн нөхцөлд гадаадынхан дуртай хэрэглэдэг англи эмээл Монголд чанар сайтай гар үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжих ёстой. Гэтэл ийм үйлдвэрлэлийн сураг ч алга. Малчдын бэлдсэн хэдэн янгиа эмээл, эсвэл гадаадаас өндөр үнэтэй оруулж ирсэн хэдэн эмээлээ тохоод л байж байна.
Нээлттэй мэдээлэл. Монгол орны цэцэг, мөөг, шувуу, мод, амьтны зурагт лавлахууд хэвлэгдэн гарч, хот хөдөөгийн захын дэлгүүрүүдэд ч зарж байх ёстой. Энэ ч бас хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Жуулчны компаниуд нь ашгаа түрийлчхээд төр засгаа хараад сууж байдаг. Төр засаг нь мэдээллээ сейфэндээ тас даран, түүнийгээ боловсруулж, олон нийтэд хүргэх чадавхигүй болчхоод гадаадын тусламжийн байгууллагуудыг дулдуйдан алгаа тосч байдаг. Таарч дээ. Дээр нь бас, аялал жуулчлалын компаниуд интернэтээр мэдээллээ цацахдаа баахан хойрго. Нэг хоумпээжтэй болсон ч түүнийгээ шинэчилдэггүй. Яахав дээ, интернэтийн бизнес хийдэг байгууллагуудтай ашгаа хуваахгүй гэсэндээ л ийм үр дүнд хүрч байгаа юм.
Бидний ийм явцуу үзэл нийтээр нь аваад үзэхэд хэн хэндээ уршигтай. Үүнээс зайлсхийхийн тулд монгол хүн монгол хүнээ тэжээх сэтгэлгээг хөхиүлье. Монгол нь монголоо тэтгэх, дэмжих, тэжээх сэтгэлгээ нь та бидний бие даан хөгжих, хамаатан садны хооронд хязгаарлагдаад буй явцуу итгэл (trust) - ийг задалж тэлж өгнө. Ажлын тэргүүн шугам дээр чадвартай чадалтай үндэсний боловсон хүчин ажиллаж, гэр бүл хамаатан садны сүлжээ (network) бус чадвартай итгэл даах монголчуудын network улс орныг урагш хөтлөх болно. Монгол хүнийг Солонгос, Тайвань зэрэг гаднын улс орон, олон улсын байгууллагууд бус монгол хүнийг монгол хүн тэжээх ёстой.

Saturday, April 01, 2006

Бидний хаяг

Бэсүд.П.Наранбаяр
Киото хот 2006 оны 4 дүгээр сар 1

Нийслэлд амьдарч буй хүн гурван хаягтай. Түүнд шуудан явуулъя гэвэл шуудангийн салбар дахь шуудангийн хайрцгийн хаяг хэрэг болно. Улаанбаатар шуудангийн салбар – 43, хайрцаг – 206 гм. Энэ шуудангийн хайрцгаар та танилдаа шуудан илгээвэл хэд хоногийн дараа очно. Гэхдээ Улаанбаатарчууд өвөр зуураа энэ шууданг хэрэглэнэ гэж бараг байхгүй. Зүгээр л утсаар яриад уулзаж байгаад л гардуулаад өгнө. Улаанбаатар ийм л жижиг хот. Гэхдээ бас Улаанбаатарын оршин суугчдын бараг тал хувь нь шуудангийн хайрцаггүй. Ер нь хүн шавааралдсан энэ жижиг хотод шуудангийн систем тун муу хөгжсөн.
Хэрэв та танилынхаа гэрт очъё гэвэл Улаанбаатарчууд дунд хэрэглэгддэг хаягаар нь явж очно. Жишээ нь, нэгдүгээр хорооллын тэддүгээр байр тэдэн тоот, Толгойтын өнчин цагааны хойд талын буудлын таван давхар, эсвэл Таван шарын тэддүгээр байрны тэдэн тоот гэх байдлаар олж очно. Энэ үед танд хамгийн хэрэгтэй мэдээллийг нөгөө адлагдаад байдаг микроавтобусны кондуктор хүүхдүүд хэлээд өгнө. Тэд буудал болгоныг зарлах бөгөөд микроавтобусанд хэрэглэгдэж буй Улаанбаатар хотын буудлуудын нэр 500-1000 метрийн зай болгонд өөрчлөгдөх тул нарийвчлал тун өндөр. Энэ хаяг л танд хамгийн их хэрэг болно. Жишээ нь, 10-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, Дөрвөн зам гээд ердөө 2 км хүрэхгүй замд 4 буудал байх тул тэр хавьцааг олж очиход тун амар.
Харин сонин энэ тэр дээр бол Баянгол дүүргийн тэддүгээр хорооны тэддүгээр байрны оршин суугч гэж бичнэ. Сонин дээр гарч буй нь албан ёсны өөрөөр хэлбэл засаг захиргааны нэгж дээрх бүртгэлтэй хаяг нь. Та танилындаа албан ёсны бүртгэлтэй хаягаар нь олж очноо гэдэг гонжийнжоо. Тухайн хороонд оршин суугаа хүнээс бусад Улаанбаатарчууд тухайн хороо гэдгийг хаана байдгийг огт мэдэхгүй. Тэддүгээр хороо энэ тэр гэсэн тодорхой тэмдэг заагийг ч та хайгаад олохгүй. Хороо гэдэг нь аль нэгэн орон сууцны байрны доод давхарт байх жишээтэй. Хороон даргын сонгууль энэ тэр нь хэзээ яаж явагддаг юм бүү мэд. Учир битүүлэг газар даа. Гэхдээ энэ Хороон дарга гэдэг хэдэн байрнуудынхаа дунд гараж бариулах газар олгох, хүүхдийн тоглоомын талбайг эвдэж зайлуулах, бас хөөрхий тордож янзлах, бас сонгуулийн үеэр сонгуулийн байрыг бэлдэх, нэр дэвшигчдийг хүлээж авах, ядуу өрхийн судалгаа хийх, тусламжийн бараа хүргэх, хаяг бүртгэл, цэрэг татлага зохион байгуулалцах энэ тэр гээд хөөрхөн ажилтай байдаг бололтой. Хороон дарга нар газар олгох энэ тэр дээрээ бас хөөрхөн мөнгө цохичихдог гэж ярилцах нь ч бий.
Аа бас газрын зураг дээрх Улаанбаатар хот гэж байна. Амарсанаагийн гудамж, Сөүлийн гудамж, Энэбиш, Чингүнжав, Балингийн Цэрэндоржийн гудамж гээд л Улаанбаатарчууд өдөр тутмын амьдралдаа дуулж мэдээгүй гудамж газрын зураг дээр ярайтал бичээстэйг яана. Улаанбаатарт төрж өссөн мань мэт нь ч тухайн гудамж хаана буйг сайн мэдэхгүй тул гадаадын аль нэг хотын газрын зургийг харж буй мэт сэтгэгдэл төрнө. Энэ гудамжийн нэрээр та танилындаа очно гэж бас л горьдсоны гарз. Учир нь эдгээр гудамжийг манай Улаанбаатарчууд яг мэдэж харагдаач. Ер нь гудамжны нэрийг ингэхэд хэн өөрчилж мэдлэн будилуулаад байна аа? Та бидний сонгодог Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 нөхөр. УИХ-ын сонгуулийн дараа гэзэг даран болдог Орон нутгийн сонгуулийг сонгогч нар бараг тоодоггүй сонирхдоггүй болохоор санал өгөлт их доогуур хувьтай байдаг. Сонгогдсоныхоо дараа энэ 40 товарищ хаагуур юу хийж харайлгаж явдаг юм бол. Жаахан азнаж байгаад гудамжны нэр энэ тэрийг өөрчилж, Засаг даргаа ярсхийтэл гар өргөн хүлээж аваад байгаа болохоор оршин тогтнож буй бололтой юмдаг аа.
Уг нь гудамж талбайн нэр – шуудан – оршин суугч, албан байгууллагын хаяг нэг хэлхээс дунд оршмоор. Шуудангийн үйлчилгээ нь бүрэн бүрэлдээгүй төр иргэддээ төрийн үйлчилгээгээ бүрэн үзүүлж чадахгүй. Хаяг тодорхойгүй /дор хаяж 3 хаягтай/ иргэдтэй төр татварын тогтолцоогоо бүрэлдүүлэх гэж мөн ч их ядрах нь тодорхой. Зардал ч их гарна. Түүнээс гадна гудамж газрын нэр гэдэг түүхийн нэг баримт болдог. Түүхийн удаан хугацаанд бүрэлдэн тогтсон хотуудын гудамжны нэрийг та бид сайн мэднэ шүү дээ. Москвагийн Арбат гээд л бид ярьдаг. Гэтэл Улаанбаатар хотод ч гэсэн ардуудын дунд нэрлэгдэж ирсэн түүхэн улбаатай гудамжны нэр зөндөө л байсан. Усны гудамж, Дамнуургачны гудамж гээд л. Гудамжны нэр хаягаа цэгцлэх цаг болсон мэт санагдана.
Микроавтобусны хүүхдүүд “Бөмбөгөр, бөмбөгөр”, “7 буудал”, “6 буудал”, “5 буудал”, “Дамба”, “Тоосгон завод”, “Ханын материал” гэж хашгиралдана. Улаанбаатар хотынхны хаяг, шуудангийн системийн бодлогыг эд нар заагаад өгч байгаа юм биш үү?