Thursday, January 24, 2008

Хорин мянган үхэр өгчихгүй дээ

Блогоор шагайлгүй уджээ. Юм бичихээ байж дээ. Гадаа хүйтэн, зам халтиргаатай. Энэ жил ер нь шаггүй хүйтэрч байна. Халуун оронд байгаа монголчууд идэр есийн чөмөг царцаам хүйтнээ мөн ч их санаж байгаа даа. За энэ бүхэн ч яахав. Сая зурагтаар сонин мэдээ гарлаа. Монголд телевизийн суваг шиг олон юм алга. Бараг 20 дөхөж байгаа гэсэн шүү. Олшроод ирэхээрээ үзэхэд төвөгтэй болчихдог тал байдаг бололтой.

Буриадын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Наговиц Монголд хоёр хоногийн айлчлал хийж байгаа юм байна. Ноён ерөнхийлөгч Засгийн газрынхаа бүх гишүүдийг дагуулаад ирсэн гэх. Цаад ажил нь гайгүй л юм байх даа. Тэгээд тэндхийн ХАА-н сайд нь
өнөөдөр манай ХХААЯ дээр ирж хэлэлцээ хийжээ. Хээгүй гүндүүгүй байрын буриад сайд сурвалжлагчийн асуултад буриад монгол хэлээр хариулж байна лээ. Буриад сайд манай сайдаас таван хошуу малнаасаа ямаа, тэмээнээс бусдыг өгөөч гэжээ. Үхэр хорин мянгыг гуйсан байна. Буриадууд соц-ийн үед бэлчээрийн МАА-гаа сөнөөчихсөн болохоор өөрөө яваад бэлччихдэг, халуун хүйтэнд тэсвэртэй бэлчээрийн малгүй болсон юм байх. Тэгээд сэргээх санаатай байгаа юм байна.

Манай сайд эг маг хийгээд олигтой хариу өгөөгүй бололтой. Буриадаас бид хорин мянган үхрийн оронд наймаалаад авчих юм зөндөө байж л таараа. Хорин мянган үхэр өгчихгүй дээ. Буриад улс бэлчээрийн мал, уугуул соёлоо санаж л дээ.