Monday, November 12, 2007

Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна

Монголын Япон судлалын нийгэмлэг байгуулагдаад удаагүй байгаа билээ. Тус нийгэмлэг таныг Япон судлалаар илтгэл тавихыг урьж байгаа юм байна.

МЯСН-ын 2007 оны хурал 2007 оны 12 дугаар сарын 10-ны Даваа гарагт Монгол Япон төвийн хурлын танхимд өглөө 09:00 цагаас эхлэх гэж байна.

Энэ жилийн хурлаар Японы соёлын уламжлал ба шинэчлэлийн асуудлуудыг түлхүү авч үзэж, энэ сэдвээр тусгай илтгэлүүд тавиулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Зэн буддизм, Бушидо, Сумо бөхийн соёл зэрэг сэдвүүдээр тусгай илтгэлүүд тавигдах болно. Түүнчлэн Японы соёлоос гадна Япон хэл шинжлэл, түүх, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг сэдвүүдээр илтгэл хүлээн авах болно.

МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.

Холбоо барих утас: 317185, 99884016

E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>

Website: http://japanstudymongolia.blogspot.com

* Хурлыг зохион байгуулах комисс*

* 2007.10.25*

Thursday, November 01, 2007

Төсөв батлагдахгүй гэнэ үү

Санхүүгийн жил гэж нэг юм байна аа. Японд жишээ нь, жил бүрийн 4 дүгээр сард санхүүгийн шинэ жил эхэлдэг. Манайд бол оны эцэс буюу 12 сард санхүүгийн жил дуусч, дараа оны 1 сард санхүүгийн шинэ жил эхэлнэ. УИХ жил бүрийн 10-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1 хүртэл дараа оны төсвөө хэлэлцэж баталдаг. Энэ 2 сарын хооронд төсвөө баталж амжихгүй бол ирэх ондоо Монгол улс зарцуулах мөнгөгүй амаараа шороо үмхэхэд хүрнэ. Хөдөлбөл хөлс явбал янчаан зогсвол зоос. Нурших шаардлагагүй ойлгомжтой асуудал.More...Гэтэл 2008 оны төсвийг 12 сарын 1-ний дотор хэлэлцэж амжихгүйд хүрээд байгаа тухай өнөөдрийн Өнөөдөр сонины тоймчийн үг буланд нийтэлжээ. Шалтгаан нь,

1. МАХН-ын Их хурал давхцаж, УИХ дахь МАХН-ын гишүүд хурлаасаа чөлөө авснаас төсөв хэлэлцэж чадаагүй

2. Төсөв хэлэлцүүлэх хугацаанд Засгийн газар огцрох гэж байна.

3. УИХ дахь сөрөг хүчин болж буй АН төсвийг батлахын эсрэг байгаа.

Гурван шалтгааныг хувь хүний үүднээс шинжилж харъя.

1. Аль ч улсад эрх барьж буй нам нь төсвөө батлуулж, ЗГ-ийн тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө бүх хүчээ дайчилдаг. Тэд төсвийн хэлэлцүүлгийн хугацаатай давхцуулан аливаа нэг улс төр хийхээс зайлсхийдэг. Гэтэл МАХН энэ удаа тэгсэнгүй. Төсөв хэлэлцэж буй энэ хариуцлагатай үед хурлаа зарлан хуралдуулж, УИХ дахь гишүүдээ өөрсдийн намын хуралдаа татаж орхиж. Улс төрийн хувьд аюултай эрсдэлтэй, хэтэрхий зоримог гэмээр алхам.

2. Нэгдэх шалтгаанаас уялдан хоёрдахь нь гарч ирж байна. Намын дарга солигдсон, Ерөнхий сайд солигдож таарна. Энэ бол нийтлэг жишиг. Гэвч төсвийн хэлэлцүүлэг дундуур энэ нь явагдаж байгаа нь бас л таашаамгүй. Төсвөө батлуулж чадаагүйгээс ЗГ нь огцрох өргөдлөө парламентдаа барьдаг улс орнуудын туршлагыг та бид зөндөө харсан шүү дээ. Нам доторх улс төр Монголын төрийг хатуу чанга барьсаар буйн жишээ энэ.

3. Сөрөг хүчнийхэн төсөв дээр гэдийн, эцсийн мөч хүртэл хөзөр наадах сонирхол байдаг нь парламентат ёс бүхий аль ч улсад байдаг эрүүл үзэгдэл. Тэд төсвийн хэлэлцүүлгийн эцсийн өдөр хүртэл хэлэлцүүлэг маргааныг жонхууруулан сунгаж, эрх баригч намаас аль болох их буулт хийлгэхийг эрмэлздгийг улстөр судлалд аль хэдийн ажигласан байдаг. Харин энэ удаа сөрөг хүчнийхний тавьж байгаа үндэслэл нэлээд ортой санагдлаа. 1-т, Огцрох Засгийн газрын өргөн барьсан төсвийг хэлэлцэхгүй, 2-т, Хэт үрэлгэн төсөл, 3-т, УИХ-р хэлэлцэж батлаагүй одоо тодорхойгүй байгаа олон зүйлээс орлого орж ирнэ гээд төсөвлөсөн байгаа /Оюу толгой зэрэг/ -г тэд буруушааж байгаа ажээ.

Улс төрөөр наадаж болно. Улс орны хувь заяагаар бүү наад.