Monday, February 05, 2018

Мэдлэг бол хүч

Шинжлэх ухаан бол хүн төрөлхтөний мэдлэгийн салшгүй хэсэг. 17-р зууны үеийн сэтгэгч Фрэнсис Бэкон "Мэдлэг бол хүч" (scientia est potentia) гэж хэдэнтээ хэлсэн байдаг юм. ШУ-г хөгжүүлсэн, эзэмшсэн үндэстэн хүчирхэг байдгийг бид 17-21-р зууны өрнө дахины хөгжлөөс хардаг. Египетийг байлдан эзэлсэн Наполеон ШУА-ийн эрдэмтдээ тэр чигээр нь дагуулан явж, Египет, түүн дотроо пирамид судлал, эртний бичээс судлалд үнэтэй хувь нэмэр оруулсныг бид түүхээс мэднэ.
Хэд хоногийн өмнө хятадууд хүн дүрст бич буюу шимпанзег клонийн аргаар бүтээснээ дэлхий нийтэд зарлав. Түүнээс хоёр хоногийн дараа Япон улс гахайн бие дотор хүний таван цул эрхтэнг ургуулахыг зөвшөөрснөө зарлав. Биологийн ШУ-ны хөгжил хүн төрөлхтөний ёс суртахууны хилийн дээсийг алхахад ойрхон байна. Хүн төрөлхтөн "Бид юу нээж чадах вэ?" бус "Бид юуг хийхгүй байх ёстой вэ?" гэсэн асуултын өмнө ирлээ.
Монгол Улсын биологийн ШУ-ны хөгжилд миний бие санаа зовнино. Аль 1992 онд тархины мэдрэлийн эс нөхөн сэргээгдэж үүсч байдгийг баталчихсан атал манай биологийн сурах бичиг одоо хүртэл нөхөн сэргээгддэггүй хэмээн зааж байна. Нэр томъёо замбараагүй, сурах бичгийн төлөвлөлт муу. 9-р ангид үздэг нэг сэдэв 11-р ангид яг бахь байдгаараа копи пэйст хийгдээд номын хуудаснаа байх жишээтэй. Хэдэн жилийн өмнөх олимпиадын асуултыг харахад "...Монгол улсын бахархалт цэцэг нь аль вэ?", ...Сарьсан багваахайн нэгдүгээр хуруу тавдугаар хурууны хоорондох сарьсын тухай асуусан байх юм.
Биологи бол 21-р зууны Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол хөдөлгөгч хүчин салбар юм. Улс орнууд энэ чиглэлд их хөрөнгө хүч оруулж, "Мэдлэг бол хүч" гэсэн бодлогоо хэрэгжүүлж байна. Манай улсын биологийн боловсрол ерөнхий боловсролын түвшиндээ иймэрхүү л байна.

Thursday, January 25, 2018

Тархи судлал хөгжлийн гарц болох нь

Тархи судлал хөгжлийн гарц болох цаг ойр байна. Дамдиндорж багшийн лекцэд суугаад ингэж бодов.
Өндөр хөгжилтэй оронд тархи судлалын чиглэлээр их дээд сургууль дүүргэж, доктороо хамгаалаад ирсэн залуу судлаачид өнөөдөр Монгол улсын тархи судлалын чиглэлийг өнгөлж явна. Хулганаас мэдрэлийн эс, эс дотроос хэрэгтэй хэсгийг нь ялган аваад дэлхийн шинжлэх ухааны түвшинд судалгаа хийж байна. Мөн чихрийн шижин өвчний судалгааг монгол хүн дээр хийж, гормоны эмчилгээний түвшинд тодорхой үр дүнд хүрсэн гэх. Бахархах сэтгэл төрөв.
Хүний тархи 5 насандаа хэлбэр хэмжээний хувьд бүрэн хөгжиж, том хүнээс ялгарахгүй болдог ба 55 наснаас эхлээд нэлээд эрчтэй хөгширч эхэлдэг ажээ. Хорвоогийн жам юм даа. Гэвч идэвхитэй хөдөлгөөн, спорт, байнга шинийг сурах тэмүүлэл, сайн унших, хөгжим тоглох, зураг зурах, нийгмийн харилцаанд байнга оролцох гэсэн хүчин зүйлүүд тархины хөгшрөлтийг сааруулдаг юм байна. Тархины хөгжлөө биеийн хөгжил гүйцэж амжаагүй балчир насанд нь буюу бага сургуульд байхад дээрхи дадал хэвшлийг түлхүү олгох нь хамгийн оновчтой ажгуу.
Бага сургуулийн боловсрол мэдлэгийн хичээлд бус хөгжим, зураг, биеийн тамир гэх мэт мэдрэмжийн хичээлд илүү чиглэх ёстой нь тархи судлалын үр дүнгээс тодорхой харагдана. Тиймээс л тархи судлалын шинжлэх ухаан бодлого боловсруулах үндэс, хөгжлийн гарц болж байна.
Хүний тархи гэгч биеийн цусны эргэлтийн 15 хувь, хүчилтөрөгчийн хэрэгцээний 20 шахам хувийг дангаараа эзэгнэж, байнга суралцаж цочроохыг шаардаж байдаг эрхтэн ажээ. Наслахын хирээр тархи хөгширч хурд хүчээ алддаг боловч нас ахихын хирээр хүний үгийн сан баяжиж, сэтгэлгээ цэгцэрдэг болой. Настай хүний үгийг дуулахад ихийг ойлгож, ухаардаг нь тархины тасралтгүй хөгжилтэй холбоотой байнам.

Tuesday, January 23, 2018

Нөхөрсөг тооны тухай

Математикт гоо сайхан оршдог хэмээдэг. Гоо сайхныг хайвал хаа сайгүй л бий. Байгаль, хүний нийгмийн энд тэнд оршино. Гагцхүү хайж, олж харах нүд хэрэгтэй. Үүний тулд тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй юм.
Нөхөрсөг тоо гэж байна аа. Хоорондоо учиргүй хайртай хос тоо. Хязгааргүй үргэлжлэх байгалийн буюу натурал тоон доторхи эхний нөхөрсөг тоо бол "284, 220" болой.
220-ийн өөрөөс бусад хуваагч нь 1, 2, 4, 5, 10, 11, 20, 22, 44, 55, 110 агаад нийлбэр нь 284. 284-ийн өөрөөс бусад хуваагч нь 1, 2, 4, 71, 142 агаад нийлбэр нь 220. Нөхөрсөг тоо гэдэг нь өөрөөс бусад хуваагчийн нийлбэр нь нөгөө хос тоотойгоо тэнцүү байдаг тоог хэлнэ.
Ийм хос тоо оршдогийг алдарт Пифагор нээсэн гэдэг. Түүний дараа хүн төрөлхтөн нөхөрсөг тоо хэд хэдийг олжээ. Байгальд ийм гайхамшиг оршино гэдэг далд орших гоо сайхан юм.
Харин хүн төрөлхтөний өмнө дараах асуулт одоо ч байдаг ажээ. "Нөхөрсөг тоо хязгааргүй орших уу?"
Жич: Нөхөрсөг тоог танилцуулсан номыг надад санал болгосон 16-р үеийн төгсөгч шавь Намуундаа талархлаа илэрхийлье.

Tuesday, January 02, 2018

Нүсэрийг бус төсөрийг эрхэмлэх ухаан

Үсгийн тиг буюу фонт (шрифт)-ийн талаар хэсэгхэн эргэцүүлэв. Миний дуртай зохиолч Шионо Нанамигийн "Ромчуудын туульс" хэмээх номд ч энэ тухай бичсэн буй. 
Ном барлан хэвлэх технологийг Гутенберг бий болгосноос хойш 20 гаруйхан жилийн дараа сэргэн мандалтын Итали оронд шинжлэх ухааны ном хэвлэл олноор хэвлэгдэх болжээ. Тухайн үед угалзруулсан хээ мэт готик гэгдэх үсгийн тиг голлож байсан тул ном далбайсан том юм болдог байв. Харин Венец хотын Алдо Мануцио (1449-1515) хэмээх эр үсгийн тигийг өөрчилж, хээ угалзын элементийг хассанаар ном авсаархан болж, биедээ авч явахад эвтэй болжээ. Энэ нь ном хэвлэлд том эргэлтийг авчрав. Алдогийн боловсруулсан тиг одоо ч өөрчлөгдөөгүй, улсынхаа нэрээр Italic хэмээн нэрлэгдэж, компьютерийн "фонт" хэсэгт байдаг юм. "Нүсэр бус төсөр"-ийг эрхэмлэх нь агуу эргэлт, өөрчлөлтийг авчирдаг ажээ.