Tuesday, September 11, 2007

Bayan-Ulgiiguur yavav

Баян-Өлгий аймгаар сая явлаа. Гоё юм аа. Дээр нь бас яг гадаадад ирчихсэн юм шиг. Казак хэлээр а ч байхгүй болохоор. Нүцгэн улаан уулс эмжсэн Ховд голын эргээр 69 машинтай довтолгов. Нов ногоохон энгэртэй дэнж, майлс модод, цаана нь Алтайн сүрлэг уулс.More... Давхисаар Ногооннуур суманд очив. Тэндээсээ Байболат гэдэг малчин айлд зочиллоо. Казак гэр монгол гэрийг бодвол хана өндөр, хамаагүй том юм байна. Хонин холбоосоор урласан нарийн хийцтэй өнгө өнгийн хээ хуар бүхий хананы аравч, ширдгийг бүгдийг нь гэрийн эзэгтэй гараар урладаг гэнэ. Уужим гэр өвөлдөө хүйтэн тул намхан шавар байшинд нүүн сууна. Гэрийн хаалганы нугас Монголд баруун талдаа байдаг бол энд зүүн талдаа юм. Гэрт орохдоо гутлаа тайлна. Зочид хойморт сууж, гэрийн эзэн зочны зүүн талаар эсхүл доор нь суух юм. Алчуур хулдаас зэргийг газар дэвсээд, өнгө өнгийн чихэр боов, цагаан идээ тавьж зочилно. Бидний амталж дадсан өрөм таргаас арай өөр цагаан идээ ч байх юм. Жишээ нь шар тостой хольж багсарсан тараг байх жишээтэй. Оройн хоолонд ялз чанасан хонины толгой, мах, ходоод идлээ. Цус цутгадаггүй юм байна. Хонь гаргах арга нь биднээс өөр байдагтай холбоотой бололтой. Казакын адуу шавилхан, зан чанар номхон. Хазаар ногт, эмээл тохмын гангараа манайхаас арай өөр гээд яриад байвал дуусахгүй.

Баян-Өлгийгөөр нэг очоод үзээрэй. Гадаадад ирсэн мэт сэтгэгдэл төрөх вий. Тэгээд бас эндхийнхэн тун зочломтгой найрсаг улс юм байна.