Tuesday, January 10, 2017

Хүүхдүүдэд уншуулах номын тухайд

Хүүхдэд уншуулах номын талаар бага сургуулийнхаа зөвлөх багш Отгонтуяа, ахлах сургуулийн нийгмийн ажилтан Лхагвадулам нартай хөөрөлдлөө. 

Ном унших зорилгыг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Адлерын хувьд ном унших зорилго нь "Мэдлэг олж авах", "Мэдлэгээ гүнзгийрүүлэх"-д оршино гээд таашаал авах зорилгоор уншихыг тэрбээр ойшоосонгүй. Харин бид бага, дунд сургуулийн хүүхдийн хувьд Адлерийн "Ном унших ном" -д төдийлөн дурдаагүй таашаал авах зорилгоор унших нь чухал гэдэг дээр санал нэгдэв. Тэгвэл мэдлэг олж, түүнийгээ гүнзгийрүүлэнгээ хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, гоо сайхны таашаал олгох ямар ном байна вэ? Доор хувийн бодлоо дэлгэе.

Хүн төрөлхтөний томоохон соёл иргэншлийн үндэс суурь болсон миф буюу домог, үлгэр, туульсыг сайтар унших нь зүй. Ингэснээр урлаг, гоо зүйн мэдрэмж хөгжихөөс гадна мэдлэг тэлж, соёлын олон байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийг хүндэтгэн үзэх сэтгэлтэй иргэн болон төлөвшинө. 

Соёл иргэншлийн хувьд хэдийгээр асуудалтай ч гэсэн Хантингтоны ангиллыг түрхэндээ энд ашиглая. 

Өрнийн соёл иргэншил: Грекийн домог үлгэрийг унших хэрэгтэй. Интерномд тун дажгүй орчуулгатай "Эртний Грек, эртний Ромын домог туульс" ном зарагдаж буй. Ингэснээр уншигчид өрнө дахин нэн ялангуяа сэргэн мандлын үеийн зураачдын бүтээл, өрнийн олон хөгжмийн зохиол, жүжиг, дуурь оньсоо тайлж, үүдээ нээнэ. Үүнээс гадна Скандинавийн домог, Библийн судрыг ч нэг хараад авахад гэмгүй. 

Исламын соёл иргэншил: Биднээс их хол л доо. Гэхдээ Персийн яруу найрагч Фердовсигийн "Шахнаме"-г харахад гэмгүй болов уу. Мөн Омар Хаяамын гайхамшигт рубайг таашаавал зүгээр.

Хятадын соёл иргэншил: "Гурван улсын үлгэр", "Усан хөвөөний судар" хэмээх агуу бүтээлийг дуун хөрвүүлэгч Болдбаатар гуай гайхамшигтай сайхан орчуулсан байдаг юм. Аль ч номын дэлгүүрт эдгээр бүтээлүүд буй. Үүний дараа "Тансан ламын баруун зүгт зорчсон тэмдэглэл"-ийг Болдбаатарын орчуулгаар хэвлэгдмэгц авч уншаарай. 

Хиндүгийн соёл иргэншил: Рамаяна-г уншихыг зөвлөе. Үүнийг уншсанаар Өмнөд болон Зүүн өмнөд Азийн соёл, урлагийг ямар нэг хэмжээнд арай түлхүү ойлгодог болох болов уу. 

Монгол туургатнаасаа: "Гэсэр", "Жангар", "Монголын нууц товчоо" шүү дээ. Мөн туульсыг анхаарч уншаасай. Туульсын дотор их олон зүйл нуугдсан санагддаг юм. 







1 comment:

Unknown said...

Nom unshih nom, mash saihan buteel bolson baina lee Baabar guain Doriider duudee zoriulj bichsen nomtoi haritsuulahad chamlahaargui saihan buteel baisan ulam ih amjilt husie Bagshaa