Showing posts with label Блогийн тухай. Show all posts
Showing posts with label Блогийн тухай. Show all posts

Monday, February 04, 2019

Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ

2019 оны 1 дүгээр сард Де факто сонины 79 дугаарт бичиж хэвлүүлсэн "Цахим технологи, блокчэйнийг улс орнуудад ашиглаж буй зарим жишээ" хэмээх бяцхан бодролоо оны босгон дээр уншигчтай хуваалцъя.
Цахим ертөнц сүүлийн жилүүдэд бидний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа. Өнөөдөр Монголд төрийн зүгээс авдаг аливаа тодорхойлолт, лавлагааг цахим машинаас авч, мөнгө зээлэхийг ухаалаг утсаар шуурхай гүйцэтгэдэг болов. Цахим орчин цаашид хөгжсөөр сүүлийн жилүүдэд блокчэйн орж ирлээ.
Гүржийн засгийн газар блокчэйний технологийг газар өмчлөлийн бүртгэлийн системд ашиглахаа саяхан зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Блокчэйнийг үнэн зөв мэдээллийг блок блокоор буюу тархай байдлаар хянан, удирддаг нягтлан бодох бүртгэлийн систем гэж хялбархан томъёолж болно. Уламжлалт эдийн засгийн харилцаанд ард түмний итгэл хүлээсэн төр засаг мөнгөний ханшийг дангаараа баталгаажуулдаг байв. Хэрэв ийм баталгаа байхгүй бол мөнгөн тэмдэгт зүгээр л цаас болон хувирах нь ойлгомжтой. Тэгвэл блокчэйнд суурилсан биткойн гэх мэт виртуал мөнгөнд засгийн газрын ямар ч баталгаа байхгүй. Гэвч биткойныг эзэмшигч нар цахим гарын үсгээр баталгаажсан үнэн мэдээллийг хуваалцдаг. Жишээлбэл, данс эзэмшигч өөрийн дураар мөнгөө нэмж хасч чадахгүй агаад данс хооронд шилжсэн мөнгөн дүнг дураар өөрчлөх боломжгүй, энэ нь оролцогч талуудад нээлттэй байдаг. Засгийн газрын зүгээс ямар нэг баталгаа гаргаж, хяналт тавиагүй ч технологийн шийдлийн хувьд дурын хүн зоргоороо дансны бүртгэлд хөндлөнгөөс оролцон, өөрчлөлт оруулах боломжгүй болсноор биткойны үнэ цэнэ өсч буй юм.
Блокчэйний ийм шинж чанарыг газрын бүртгэлд ашиглах бодлогыг Гүржийн засгийн газар дэвшүүлсэн хэрэг. Блокчэйний тогтолцоонд суурилсан тул газрын бүртгэлийн итгэлцэл өндөр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, газрын эзэн хэн, хэнээс хэнд очсон гэдэг бүртгэл нь ойлгомжтой, хэн ч дураар өөрчлөх эрхгүй гэдэгт гол санаа нь оршино. Ингэснээр газар өмчлөлийн эрх зуун хувь баталгаажна. Манайд төрөөс хувь хүнд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын бүртгэл нууц шинжтэй, заримдаа ямар нэг шалтгаанаар “эзэн” гэнэт өөрчлөгддөг, эсвэл давхцсанаар маргаан гардаг тохиолдол нэлээд ажиглагддаг. Энэ шударга бус байдлыг блокчэйний технологиор бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Газар эзэмших, өмчлөх бүртгэл илүү баталгаатай болсноор ХАА-н хөгжилд эергээр нөлөөлөхөөс гадна газраар барьцаалсан зээл хөгжих гэх мэт эдийн засгийн аливаа харилцаа идэвхижнэ.
Эстоний жишээг харъя. Интернэтийг иргэний үндсэн эрхэд тооцож, нийгмийн хөгжлийн суурь болгосон тус улсад төрийн үйлчилгээний 99 хувь нь бүрэн цахимжжээ. Гэрлэх, үл хөдлөх хөрөнгөний борлуулалтаас бусад тохиолдолд төрийн үйлчилгээг цахимаар гүйцэтгэнэ. Төр агаар мэт оршино гэсэн үг. Агаар бидний амьдралын үндэс боловч бид амьсгалах тоолондоо үүнийг мэдэрдэггүй. Төрийн үйлчилгээ үүний адил байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулсныг цахим засаглал буюу e-Governance хэмээн нэрлэнэ.
Эстонийн цахим бодлогын бас нэг онцлог нь e-Residency буюу цахим харьяатын асуудал юм. Энэ нь гадаадын харьяат хүнд Эстонийн засгийн газраас цахим харьяалал олгон, Эстонийн төрийн цахим үйлчилгээг олгодог систем болно. Цахим харьяат болсон хүн Эстонид бизнес эрхлэх, хуулийн этгээд байгуулах, данс нээх, интернэтээр татвар төлөх боломжоор хангагддаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэгэн суваг болдгийг бид анхааралтай ажиглах хэрэгтэй. Хүн ам цөөн, гадны хөрөнгө оруулалт байнга шаардлагатай болдог манай жижиг зах зээлд Эстонийн энэ туршлага нэмэр болох нь дамжиггүй. Эстонид блокчэйний технологийг хувь хүмүүсийн эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээний салбарт нэвтрүүлж буй ажээ.
Хөгжиж буй орнуудад цахим технологи олон боломжийг бий болгожээ. Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг ХХ зуунд бүрдүүлж чадаагүй хөгжиж буй орон цахим технологийн хүчинд дулдуйдан хөгжингүй оронтой эн зэрэгцэх эсвэл давуу байдалтай болох боломжтой болжээ. Үүнийг reverse innovation буюу урвуу инноваци гэдэг. Монгол дахь гар утасны үйлчилгээ үүний нэг жишээ. Монголчууд суурин утсыг бүрэн нэвтрүүлж чадалгүй XXI зуунтай золгосон ч гар утасны хэрэглээгээр аль ч хөгжингүй орноос дутахгүй түвшинд богино хугацаанд хүрчээ. Бид өнөөдөр гар утсаар төлбөр тооцоо, нийгмийн сүлжээ, интернэт, зээл, холбоо гээд бүхий л зүйлийг гүйцэтгэж байна. Богино хугацаанд ийм үр дүнд хүрсэн нь угаас холбоо харилцааны дэд бүтэц сул байсантай холбоотой. Тиймээс суурин утастай зууралдаад байх шаардлага Монголын холбооны салбарт байсангүй.
Монгол улс далай тэнгисээс алслагдан эх газрын гүнд оршдог нь олон улсын эдийн засгийн харилцаанд ороход “зайн дарангуйлал”-д өртөхөд хүргэдэг. Бидэнд шударга зөв, нээлттэй нийгмийг цогцлоон, “зайн дарангуйлал”-ыг арилгах боломж байна. Энэ бол цахим засаглал, блокчэйн болой. Нэхэж бус амдаж хөгжицгөөе.
П.Наранбаяр (Ph.D, Олон улс судлал)

Friday, May 11, 2007

Бултаар бүтээх эрин

Үмэда Мочио гэдэг хүний ВЭБ-ийн эволюци, Чикума шиншё 2006 номыг зав чөлөөгөөрөө харлаа. Би ер нь блог дээрээ компьютерт паг хүн гэдгээ олонтаа дурдаж ирсэн хүн. Тэгээд энэ чиглэлээр бичсэн зүйлийг шагайж харалгүй хажуугаар нь явдаг байжээ. Харин ойрноос БҮГДЭЭРЭЭ Сайт дээр хааяа юм бичдэг болж, ер нь энэ ВЭБ ертөнц дээр юу болоод байгааг бага сага олж мэдэх санаатай энэ номыг андаасаа зээлэн авч уншсан юм. Ерөнхий санаагаа ойлгомжтой цэгцэлж бичсэн нь таалагдлаа. Мөн над шиг нэтийн талаар маруухан мэдлэгтэнд таарсан хялбар тайлбартай ном байв. Харин номын сүүл хагас нэлээд нуршуу болсон санагдлаа. Гол санааг зангидъя.

Интернэт, компьютерийн технологи тасралтгүй хямдарч, жирийн хэрэглэгч төсөрхөн зардлаар өндөр хурдтай интернэт ертөнцөд чөлөөтэй аялах боломжтой болов. Энэхүү IT дэвшил нь жирийн иргэд нэт ертөнцөд дуу бичлэг видео чөлөөтэй оруулж байрлуулах (You Tube), үзэл бодлоо үнэгүй нэт талбарт дэлгэх (e-blogger) боломжийг олгож, өнөөдрийг хүртэл дангаар ноёлж ирсэн мэргэжлийн мэдиа (телевиз, радио, сонин, сэтгүүл)-гийн орон зайг ганхуулж эхлэв. Мэдиа салбарын мэргэжлийн болоод мэргэжлийн бусынхны энэ зөрчилт харилцаа цаашид ч өрнөж, мэргэжлийнхний гар дор байсан мэдээлэл хязгааргүй цацагдах болж, хэн нэгэнд нь заавал хүрдэг тогтолцоо ноёлно гэж үзжээ.

Мөн нэтэд орсон хэрэглэгч бүр чөлөөтэй нэвтэрч нийт дундаа боловсруулж бүтээн байгуулдаг Open source-ийн тухай дурджээ. Тухайлбал, Британикагийн алдарт тайлбарт толийг хэд дахин нугалан даваад буй Векипедиаг энд би дурдмаар байна. Уншигч та хүсвэл энэ нээлттэй тайлбар тольд давхиж ороод өөрийнхөөрөө засвар хийж, үг нэмээд үзээрэй. Сонирхолтой шүү.

Интернэт х Технологийн хямдрал хэмээх хувьсгал х Open source.

Эдгээр нь интернэтийн наад талд ямагт оршсоор ирсэн хэрэглэгчдийг өөрчилж, интернэтээр биднийг хангаж буй цаад талын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг өгч байгаа юм байна.

Бусдаар бүтээлгэдэг байсан Вэб 1.0 –ийн үе дуусч, өөрсдөө вэбээ бүтээдэг Вэб 2.0-ийн эрин үе эхэлжээ. Эрин үе шинэчлэгдэж, нийгмийг хамарсан нийтийн үзэл бодол өөрчлөгдөхийг Парадайм шифт гэдэг. Парадайм шифтийн эрин үе Монголыг тойрохгүй нь гарцаагүй. Мэдээллийг өмчилж, өмхийртөл нь дардаг социализмын үеийн сэтгэлгээг интернэт өөрчилж байна. Бүгдээрээ бүтээх эрин иржээ.




Wednesday, January 03, 2007

БЛОГ ертөнцөөс БҮГДЭЭРЭЭ ертөнц үрүү

Их сургуулиа төгсөөд төрийн албанд орж цөөн хэдэн жил зүтгэлээ. Дараа нь Киото хотод ирж ахиад л их сургуулийн ширээнд сууж, номын дуу сонсон хоёр оныг үдэв. Номын дуу сонсохоор нийгэмд гарч ажиллаж байсан үед ажиглаж, мэдэрсэн зүйл маань тархинд боловсорч, цээжинд хурж эхэлдэг юм байна. Цээжиндээ байгаа бодлоо энд суугаа Монголчуудтайгаа хуваалцах дуртай боллоо. Пиво задалж байгаад л ороо бусгаа цагийн байдлын тухай цэцэрхэн суудаг байв. Хоосон цэцэрхэл хонгиогүй сумтай адил. "Буу хална" гэж оносон хэллэг юм гээч. Тэгээд л анд Тулгатын танилцуулснаар блог гэдэг ертөнцийн барааг харж золгов.

Намайг ерхөг найгасан цэлгэр
атарт авчраад тавьчихсан юм шиг л санагддаг юм байна. Газар хагалж, контентсийн тариа ургуулах бүх багаж, хэрэгсэл нь бэлэн. Анжис чирсэн "саалийн фермийн салга улаан"-ууд үнэгүй ярайж байнаа. Бариад үзсэн чинь болж байна.Интернет дээрээс хотмэйл төдийхөн эргүүлдэж, хов живийн чатаар энэ ертөнцийг төсөөлж байсан хүү "атар эзэмшихээр" эргэлт буцалтгүй шийдэв.

Анхандаа ч баруун солгойгүй хагалаад л дайрлаа. Би хаана явж байна, хаашаа явж байна, бусад маань хаа байна, хэн нь тариа, хэн нь буурцаг, хэн нь ногоо тарьж байна бүү мэд. Тоос манаргаад л, хар утаа хаяад л өдөр шөнөгүй манарган хагас оныг барав. Тэгээд орчноо ажиглах сөгөөтэй болоод хараад байх нь ээ, блог ертөнц гэдэг өөрийн хөгжлийн хандлагатай, иргэний нийгмийг өөрчлөх чадалтай, нэг том хүч болж байгааг анзаарав. Эзэмшсэн атар хэдэн мянган га-д хүрч, эзэнгүй тал бүрэн сэржээ. Тэгэхээр хэн нь хаана юу тарьж байгаа гэх мэт наад захын мэдээллээ өвөр зуураа солилцож, зохион байгуулалтыг нь сайжруулчихвал АТАР маань цаашдаа ангаж цөлжсөн Монголын НИЙГМИЙГ өөрчилж чадах юм байна гэж бодогдох болов.

Сэтгүүлч
Галааридын хэлээд байгаа ИРГЭН СЭТГҮҮЛЧ нарыг мэндлүүлж, БЛОГ ТОЙМЧИД-ыг цуглуулаад, тариалалтын явцыг бүх атарчдад мэдэгдэж байх Диспетчерийн цэг байгуулах шаардлагатай болжээ. Энэ талаар Тулгат, Зоригт, Ганбаатар, Говь Отгонбаяр гээд л блогын ертөнцийн тэргүүн эгнээнд яваа нөхөд аль эртнээс дуугарч эхэлсэн л дээ. Ингээд уулзах боломжтой байгаагаар нь Тулгат, Зоригт нартай санал солилцож, мөн тухайн үед Токиод ажлаар ирээд байсан Буянцогт, Отгонбаяр нартай зөвлөж, БҮГДЭЭРЭЭ хэмээх сайтыг бий болгохоор зорьсон юм. Энэ нь АТАР-уудын уулзварын цэг - HUB, замч хөтөч, иргэнийн сэтгүүлзүйн тэргүүн талбар болох болно гэж төсөөлж байна. БҮГДЭЭРЭЭ аяны шувуу болгон хуран чуулдаг замаг сайт нуур байх болно. БҮГДЭЭРЭЭ нийгэмд гэгээ авчрах их хүч болох болно.

I HAVE A DREAM TODAY!

Tuesday, November 28, 2006

Блог тоймчид төрөх цаг

Монгол хэлээр бичигдсэн интернэт дэх сайтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Төрийн байгууллагуудын сайтуудаас авахуулаад хувь хүн хүртэл цахим ертөнцийн далай дотор Монгол хэмээх арлыг бүтээж байна. Та монгол хэлтэй л бол энэ арал дээр визгүй агаад үнэгүй зорчих эрхтэй болно. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх Монгол арал дээр ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл байна. Арал бас өөрийн зохион байгуулалттай. Төрийн байгууллагууд хийгээд аж ахуйн нэгжүүд болон аливаа байгууллагууд ерөнхийдөө нэг газар төвлөрөн барилгаа барьж байх жишээтэй. Харин хувь хүмүүс блог гэдэг хороолол барьчихсан бужигнаж байна. Энэ хороололд ойролцоогоор цээжээр багцаалахад 300 орчим айл байх шиг. Үүнээс 50 орчим айл нь байнга хүнтэй, орсон гарсанд цайтай ундтай байхад үлдсэн нь ихэнхдээ эзгүй гэрийн үүд нь цоожтой. Бодвол завгүй байдаг биз ээ.

Гэхдээ арал дээрх айлуудыг олж очиход жаахан төвөгтэй байгаа нь үнэн. Зам заагаад өгчих газар ховор, айлууд тухайн өдөрт ямар хоол хийж байгаа, тухлаад суухад ямар сайхан яриа дэлгэхийг “ховлоод өгөх” хүн байхгүй нь жаахан тиймхэн. Тэр байтугай хэнтэй улс төрийн талаар яриа дэлгэж, хэнээс эдийн засгийн талаар хэрэгтэй юм олоод дуулчихыг хараад дэлгээд өгөх лавлагаа одоогоор байхгүй л байна.

Блогууд дээрх бичлэгүүд, update зэргийн талаар тоймлон хүргэх бааз байгуулагдаагүй байгаа нь жуулчдын тоог хязгаарлаад байх шиг. Уг нь блогууд дээр гарсан бичлэгүүдийг салбар тус бүрээр ангилаад агуулгыг нь тоймлоод өгчихвөл ирж буй жуулчинд их л амар болох юм.

Монгол хэл дээрх интернэтийн контентсууд цаг минутаар баяжин тэлсээр байна. Агуулж буй мэдээллүүд аварга болоод ирэхээр тэднийг хураангуйлан тоймлож, уншигчдад хүргэх хэрэгцээ яахын аргагүй урган гарч байгаа юм. Интернэт биднээс олон олон ТОЙМЧ-дыг хүлээж сууна. Чадварлаг тоймчид блог ертөнцийг шинэ шатанд гаргах цаг нь ирж байх шиг.

Saturday, November 04, 2006

Блогд шингээсэн цэнэг

Ойрдоо блогоороо шагайлгүй завгүй харайлгасаар хагас сар болчихжээ. Эзэнгүй ханхай байсан гэр цаанаа л нэг навтайгаад шороо тоосонд дарагдан хүйт оргиод байдаг. Энэ блог маань ч нэг тийм аястай харагдаад байна шүү. Жаал түлээ жирэглээд зуухандаа үгийн гал түлье дээ. Яндангаар гарах утааг минь хараад замын улсууд буудаллаад явах биз.

Завгүй харайлгав гэж учирлал биччихээд жаал өөрийгөө зэмлэв. Завгүй гэдэг үгээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж
Зоригт блог дээрээ дурдсан байна. Ортой үг дээ. Цагийг би өөрөө бүтээж байгаа гээд бодоод үзэхээр зав гэдэг хаа нэгтээ байж л байдаг. Асуудлыг авч үзэх харааны өнцгөөс аливаа зүйл шалтгаалдаг гэдэг чинь энэ. Нэг ижил ажлыг зарим нь төвөгтэй болгон хүлээн авч байхад зарим нь тун энгийн оновчтой байдлаар шийдвэрлэчихдэг. Тэгэхээр тухайн ажлыг чухам ямар харааны өнцгөөс харж байна вэ гэдэг нь тухайн ажлын хувь заяаг тодорхойлж байдаг аж. Харин бидний харааны өнцгийг “дотор хүн” болох сэтгэл зүрх маань тодорхойлдог. Аливаад хиргүй тунгалаг зүрх сэтгэлээр хандаж явбал амжилтад хүрдэг тухай хэд хоногийн өмнө Монголд хэвлэгдэн гарсан “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” хэмээх орчуулгын бүтээлд дурдсан байгаа. Энэ номыг уншигч та заавал авч уншаарай. Удахгүй интернет дээр худалдаалж эхлэх болно.

За ингээд үгээр жирэглэсэн түлээ маань зуухандаа ноцож, гэрийн жавар ч гэсэн арилж эхлэх шиг боллоо. Блог бичиж, бие биедээ хүч, урам, цэнэг өгч, итгэлийн галыг бадраахаар мэрийж явъя даа. Энэ тухай Тулгатын
“Гэрэл, харанхуй” гэдэг бичлэгт тодорхой бичсэн байна. Уншигч та эндээс мордохоороо Тулгатынхаар нэг ороод цай уучхаад гараарай.
Урам өгье гэснээс Монгол хэлэнд хүний урам унтраах, зориг мохоох зүйр цэцэн үг олон байна шүү. Санаанд орсноороо хэдийг дурдаад зуухаа хаая. Гэхдээ доорх зүйр үгэнд хянуур болгоомжтой байх, төлөв даруулгатай байх, хөөрүү сагсууг цээрлэх гэх мэт ёс суртахууны үнэлэмжийг эрхэмлэхийг сургасан утга давхар агуулагдаж буйг үгүйсгэх гээгүй юм шүү. Зүгээр л, харааны нөгөө өнцгөөс авч үзсэн ухаантай юм.

Төрийн төлөө оготно боож үхэв
Будаач будаач гэхээр сахлаа будав
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө
Саваагүй нохой саранд хуцна
Ямаа тонгочоод янгиа эвдэхгүй
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй
Муу эр дайнд хөөрүү
Дайны хажуугаар дажин гэгчээр...
Муу эрийн дуу чанга

Saturday, October 07, 2006

Блогоо ухаж сурах шинжтэй

Блог бичиж эхэлснээс хойш хагас оныг үджээ. Ганц мэддэг, мэддэг ч гэж дээ Word программыг арай ухаалаг бичгийн машины хэмжээнд ашигладаг гэх үү дээ, текстээ шивэн хуулж аваад, блогын нүүрэн дээр наадаг байлаа. Блогын анхны тэмплэйт нь бэлэн байгаа болохоор хүн харахад тийм ч муугүй эх бэлэн болно.

Гэтэл блог бичдэг бусад нөхдийн блогийг харахад үсэрч орох линкүүдтэй , зураг хөрөг, дуу хөгжим, видео, тоолууртай гээд л зүйрлэвэл супер тэрэг шиг л намбайгаад л, интернет ертөнц дотор хурдлан давхисаар байлаа. Гэтэл миний блог анх нээсэн 3 дугаар сард газар хагалдаг хуучин улаан трактор байсан яг л тэр хэвээрээ байв. Бахь байдгаараа, хагас оныг өнгөрөөжээ.
Харин өнөөдөр сайн андын тусламжтайгаар блог дотор линк байрлуулж сурлаа. Орох дуртай блог гэдэг гарчгийн дор байгаа линкүүд уруу уншигч та зочилж үзээрэй. Ийнхүү энэ блог гадагш урсгалгүй нуур шиг бөглүү нэгэн байхаа болив. Гадагшаа хүссэн зүгтээ урсч, уншигч таныг интернетийн далайд арал барин бүтээн байгуулалт босгож буй БЛОГ АНДУУДАД хүргэх хөлөг онгоцтой боллоо. Линктэй болоход блог дотроо байгаа тэмплэйтээ ухаад байхад болдог л юм байна. Тэмлэйтийн side bar гэсэн хэсэгт нь л тавих гээд байгаа линкээ хуулаад оруулчихад хангалттай.
Цаг гарган блогоо ухах аргыг зааж өгсөн анддаа баярлалаа.

Tuesday, March 07, 2006

Анхны алхам

Атар эзэмших хөдөлгөөн 1960-аад онд Монгол оронд давалгаалж байхад ийм нэртэй кино тухай үедээ хит болж байсан гэдэг. Интэрнэтийн ертөнцөд блог хэмээх жижиг трактор бариад газар сэндлэх ажлаа эхлүүлэхдээ өөрийн эрхгүй энэ нэр цээжинд орж ирэв. Өнөөдрөөс эхлэн би ч гэсэн тариаланч боллоо. Өнөөдрийг хүртэл би бусдын тарьчихсан тариаг харж, нүд хужирлаж явснаас хэтэрсэнгүй. Сайн нөхрийн зөвлөснөөр интернэтийн ертөнцөөр дүүрэн байгаа үнэгүй олон тракторын нэгийг барьж аваад унаад үзсэн чинь ер нь нэг л гарт ороод ирэх шинжтэй. Барихад ч хялбар юм. Элдэв зөвшөөрөл энэ тэр шаардаад байхгүй. Над шиг техникт А ч үгүй хүн хэзээ язааны жолооч шиг л руль мушгиад байх янзтай. Амархан лүд юм аа.

Амархан лүд юм аа гэж настай хүний амнаас гарам үгийг хээв нэг хэлж орхисны дараа санаанд нэгэн бодол зурсхийн орж ирэв. Бидний өвөө эмээ нар Атар эзэмших хөдөлгөөн өрнүүлж чадсан юм чинь залуучууд бид Блог эзэмших хөдөлгөөн яагаад өрнүүлж болохгүй гэж. Блог эзэмшицгээе. Интернэтийн ертөнц үрүү дайраад! Урагшаа!

Бэсүд Наранбаяр
Киото хот
2006.03.07