Tuesday, May 26, 2009

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа

Элбэгдоржийн ялалтыг талбай дээр нижгэр тэмдэглэж, салют хүртэл буудууллаа. АН-с нэр дэвшигч ийнхүү ялж буй нь 12 жилийн дараа тохиож байгаа болохоор, 7 сарын 1-ний хэрэг явдлаас хойш АН-ын байгуулсан хамгийн том ялалт болохоор, Энхбаяр хэмээх яаж ч болдоггүй том уулыг нураасан болохоор гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энд би сонгуулийг аль болох хөндлөнгийн өнцгөөс харахыг оролдохын сацуу хувийн бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
  • Энэ сонгууль бүхэлдээ хар пиар, сэтгэл хөдлөл давамгайллаа. Бодлого, үзэл суртлын шинж чанартай асуудал гэвэл шударга ёсыг тойрч эсрэгцлээ. Гэхдээ Элбэгдоржийн яриад байгаа ШУДАРГА ЁС-ны талаар Энхбаярын талаас хариуцлагатайгаар, бодлогын шинж чанартай хариулт өгч чадсангүй. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөллөө. Хар пиарууд: Сүрэнхорын захидал, Солонгос дахь Элбэгдоржийг дэмжих клубын асуудал, Элбэгдоржийн гарал үүслийн талаарх цуу яриа гм. Энэ хар пиар дотроос Сүрэнхорын захидал, Элбэгдоржийг дэмжих клубын асуудал ер нь цаашид нухацтай авч үзэх ёстой асуудал байсан болов уу.
  • Хоёр нэр дэвшигч амлалтаараа уралдах гоомой хандлагаа аанай л давтлаа. Энхбаяр оюутны сургалтыг төлбөргүй болгох талаар амлатал Элбэгдорж бүр тэтгэлэг олгох талаар ярив. Энхбаяр улиг болсон 1.5 саяын эх орны хишгийг амлахад Элбэгдорж 2.5 саяыг амлалаа. Энхбаяр морь унаж яваагаа сурталчлахад Элбэгдорж бүр уурга бариад адуун сүрэгт шунган орж байгаа дүрсээ гаргаж амжив.
  • Энхбаяр монгол бичгээр бичиж, есөн хүслийн амлалт гаргаж, дээл өмсөн, уламжлал, билэгдлийн талыг түлхүү барьсны зэрэгцээ малчдыг татвараас, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх гэх мэтээр хөдөөд анхаарлаа хандуулжээ. Элбэгдорж харин эхнээсээ л хотын сонгогчдоо анхаарч, билэгдэл энэ тэр гэсэнгүй. МАХН угаас хөдөөд хүчтэй байдаг. Японд бол төрийн эрхийг олон жил барьсан ЛАН хөдөөдөө хүчтэй байдаг. Төрийн эрхэнд удсан нам хөдөөд хүчтэй, хотод сулхан байдаг нэг тийм хандлага байна. Тиймээс хотын сонгогчдоо илүү анхаарах ёстой байжээ гэдэг нь одоо бол тодорхой харагдаж байна.
Бүхэлд нь харахад популизм, хар пиар, сэтгэл хөдлөл энэ сонгуульд давамгайлах хандлагатай байв. Сонгогчид бид бэлэн амлалтаас бэлэн амлалтын хоорондох сонгуульд дэндүү дасчихаж уу дээ.

2 comments:

ganga said...

Хоёр нам ард олны хүсэн хшлээж байсан удирдагч дэвшүүлж чадаагүй, нэр дэвшигчид хэн гэдэг тодронгуут сүүрс алдсан, сонголтгүй тул сонгуульд оролцохгүй гэж шийдсэн улс бас олон байсан. Ийм хов живийн түвшинд очтол доош орсон хар пиар хийж байхад нэр дэвшигчид өөрийгөө ч өрөөлийг ч гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрч байгаа мэт дуугүй байсан нь тас цохиж зогсоогооүй хамгийн гутамшигтай байлаа.

Загас said...

Ц.Элбэгдорж мэдээлэл харилцаа холбоо илүү хөгжсөн УБ, Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг газруудад ялалт байгуулсан нь Хувьсгалт намын сонгуулын пиарчдад нэгийг хэлж байгаа бизээ.
Энэ сонгуульд Энхбаярын болоод түүний сонгуулийн компанийхны урт хэл хүзүүг нь ороочив бололтой