Tuesday, September 23, 2008

Шинэ Засгийн газрын тухайд

2008 оны сонгууль төрөлтийн хүндрэлийн үе шатаа арайхийн туулж байна. Засгийн газар сая л нэг юм бүрэлдэв. Кабинетын 15 гишүүний 11 нь яамны сайд нар. Үүний 6 нь УИХ-ын сонгуулиар цөөнх болсон Ардчилсан намынхан. Үлдсэн 9 нь сонгуулиар олонх болсон МАХН. Ардчилсан намынхны хэлээд байгаагаар бол МАХН булхай, луйвраар олонхи болсон гэх. Гэвч нотолгоо байхгүй. Нотолгоо үгүй бол эрхзүйн хувьд хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэсэн үг. Уг нь мөхөс миний ойлгож буйгаар, ард түмний дийлэнх нь МАХН-ын бодлогыг дэмжиж саналаа өгөн хүсэл зоригоо илэрхийлжээ. Гэвч хоёр том нам сонгуулийн үр дүнг эх барьж авангуутаа, ард түмний хүсэл зоригийн гадуур төмөр хөшиг татаж байгаад мэс ажилбар хийчихлээ. Тэгээд л МАХН-Ардчилсан намын хүзүү бөөрөөрөө нийлсэн Сиамын ихэр мэндлэв.

Хамтарсан ЗГ-ийн үндэслэл нь ердөө энгийн. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг уншаад байсан чинь ерөөсөө зарчмын шинжтэй ялгаа алга. "Эрдэнийн хувь" гэхэд нөгөөх нь "Эрдэнийн хишиг" гэсэн. Хувь хишиг гэсэн монгол хэлний холбоо үг байна. Нарийн дээрээ ярьвал нэг л юмыг зааж байгаа юм. Монгол хэлний үгийн баялаг агуу. Тэгэхээр тангаргаа өргөхгүй тэс хөндөлдөөд хэвтсэн нөхдийг босгож тайтгаруулахын тулд Засгийн газраа хамтран байгуулж, гацаанаас гарцгаасан нь дээр. Угтаа нэг л зүйлийг олон талаас нь тайлбарлаж санал цуглуулсан болохоор один чёрт.

Ингээд 15 суудлын 6 -г нь Ардчилсан намд өгөв. Цаадуул нь боорцгоо хуваахдаа зодолддог банди нар шиг олны өмнө ичих нүүргүй ил цагаан хэрэлдэж эхлэв. Лу.Болд, Баттулга нарын нөхдүүд хамтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж намынхаа эсрэг ажиллан, тэрүүхэндээ бужигнуулав. Нэг нь Батлан хамгаалахын нөгөөх нь Барилга, хот байгуулалтын сайд болцгоолоо. Боорцгондоо цадсан банди нар шиг дуугүй болцгоов. Ичих нүүр алга аа.

МАХН-ын томилгоог харахад, жил гаруйн өмнө нүдэндээ чичлүүлж, газрын авилгачнаараа дуудуулж, чамтай байхад МАХН нурж уналаа гэж дайруулж байсан Энхболдын фракц хичнээн амь бөхтэйгөө харууллаа. Өөрөө шадар сайд,
тойрон хүрээлэгчид нь танхимын гишүүд. Хувьсгалт нам Баяр гэдэг маскаар нүүрээ сольсноос хэтэрсэнгүй.

1 comment:

neenee said...

Дээрхтэй санал нэг байна. Яг үнэндээ МАХН-ын асар унаад байсан рейтингийг Баяр л өөд нь татсан. Иргэдийн ихэнх нь МАХН бол Баяр гэж ойлгоод саяын сонгуулиар МАХН-ыг дийлэнх нь сонгосон юм шиг байгаан.Баяр, Элбэгээ 2-н халз мэтгэлцээний дараа бол байдал бүр ч МАХН-ы талд болсон. АН ялагдангуутаа ичсэн хүн, хүн ална гэдгээр ард түмний нэрийг барьж баахан уран донгодоод булхай будлиан гэж гүйцгээсэн. Гэвч эцсийн зорилго нь яриад байсан шиг нь ард түмний эрх ашиг биш сайдын суудал байсан бололтой.