Friday, May 11, 2007

Бултаар бүтээх эрин

Үмэда Мочио гэдэг хүний ВЭБ-ийн эволюци, Чикума шиншё 2006 номыг зав чөлөөгөөрөө харлаа. Би ер нь блог дээрээ компьютерт паг хүн гэдгээ олонтаа дурдаж ирсэн хүн. Тэгээд энэ чиглэлээр бичсэн зүйлийг шагайж харалгүй хажуугаар нь явдаг байжээ. Харин ойрноос БҮГДЭЭРЭЭ Сайт дээр хааяа юм бичдэг болж, ер нь энэ ВЭБ ертөнц дээр юу болоод байгааг бага сага олж мэдэх санаатай энэ номыг андаасаа зээлэн авч уншсан юм. Ерөнхий санаагаа ойлгомжтой цэгцэлж бичсэн нь таалагдлаа. Мөн над шиг нэтийн талаар маруухан мэдлэгтэнд таарсан хялбар тайлбартай ном байв. Харин номын сүүл хагас нэлээд нуршуу болсон санагдлаа. Гол санааг зангидъя.

Интернэт, компьютерийн технологи тасралтгүй хямдарч, жирийн хэрэглэгч төсөрхөн зардлаар өндөр хурдтай интернэт ертөнцөд чөлөөтэй аялах боломжтой болов. Энэхүү IT дэвшил нь жирийн иргэд нэт ертөнцөд дуу бичлэг видео чөлөөтэй оруулж байрлуулах (You Tube), үзэл бодлоо үнэгүй нэт талбарт дэлгэх (e-blogger) боломжийг олгож, өнөөдрийг хүртэл дангаар ноёлж ирсэн мэргэжлийн мэдиа (телевиз, радио, сонин, сэтгүүл)-гийн орон зайг ганхуулж эхлэв. Мэдиа салбарын мэргэжлийн болоод мэргэжлийн бусынхны энэ зөрчилт харилцаа цаашид ч өрнөж, мэргэжлийнхний гар дор байсан мэдээлэл хязгааргүй цацагдах болж, хэн нэгэнд нь заавал хүрдэг тогтолцоо ноёлно гэж үзжээ.

Мөн нэтэд орсон хэрэглэгч бүр чөлөөтэй нэвтэрч нийт дундаа боловсруулж бүтээн байгуулдаг Open source-ийн тухай дурджээ. Тухайлбал, Британикагийн алдарт тайлбарт толийг хэд дахин нугалан даваад буй Векипедиаг энд би дурдмаар байна. Уншигч та хүсвэл энэ нээлттэй тайлбар тольд давхиж ороод өөрийнхөөрөө засвар хийж, үг нэмээд үзээрэй. Сонирхолтой шүү.

Интернэт х Технологийн хямдрал хэмээх хувьсгал х Open source.

Эдгээр нь интернэтийн наад талд ямагт оршсоор ирсэн хэрэглэгчдийг өөрчилж, интернэтээр биднийг хангаж буй цаад талын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг өгч байгаа юм байна.

Бусдаар бүтээлгэдэг байсан Вэб 1.0 –ийн үе дуусч, өөрсдөө вэбээ бүтээдэг Вэб 2.0-ийн эрин үе эхэлжээ. Эрин үе шинэчлэгдэж, нийгмийг хамарсан нийтийн үзэл бодол өөрчлөгдөхийг Парадайм шифт гэдэг. Парадайм шифтийн эрин үе Монголыг тойрохгүй нь гарцаагүй. Мэдээллийг өмчилж, өмхийртөл нь дардаг социализмын үеийн сэтгэлгээг интернэт өөрчилж байна. Бүгдээрээ бүтээх эрин иржээ.




3 comments:

A.Амарсайхан said...

Мэргэжлийн медиа ганхаад байгаа юм биш харин, медиа цаашаа хөгжөөд байгаа юм аа гэж хэлмээр байна. Наранбаяр анд аа.
Анх сониноор мэдээлэл авч байгаад радио гарахад "Сонин устана" хэмээн өндөр дуугаар хашгирцгаасан юм гэнэ лээ. Гэтэл устсангүй.
ТВ гараад ирэхэд "За өнөө муу сонин, радио хоёр ч газрын хөрснөөс арчигдлаа даа" гэж бас шуугив гэнэ. Бас л устсангүй гурвуул зэрэгцэн оршив гэнэ.
Интернэт гараад ирлээ. Бас л "Сонин, радио, ТВ гурав ч өнгөрлөө хөөрхий. Гавьяаг нь бодоод Алтан өлгийд газрыг нь ухъя" гэж бас хашгирсан. Байж л байна шүү дээ.

Сонин гэхэд дуртай цагтаа, дуртай орчиндоо унших, бас ойлгогдохгүй байгаа юмаа дахин дахин унших боломжтойгоороо давуу талтай. Хэнд ч хүртээмжтэй түүхийн архив болдог.
Радиог бол жолоо мушгиж байхдаа ч, хайрттайгаа үнсэлцэж байхдаа ч сонсож болдгоороо давуу.
ТВ-гээр мэдээлэл авахын тулд дээрх хоёроос илүү олон мэдрэхүйгээ хөвчлөх болно. Тухтай буйдан шаардагдах ч юм уу. Мэдээллийн хэрэгсэл бүр тус тусын онцлогтой, бие биенийхээ дутууг нөхдөг учраас зах зээлээ хуваагаад, зэрэгцэн оршиж байгаа болж таарах юм уу даа. Хэтэрхий мэдэмхийрч даруу бус авирлачихав уу даа, уучлаарай.

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

Цогоо said...

Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах