Saturday, December 23, 2006

Хамар Лодон- төгсгөл

Хамтын ялалтаа олохоос өмнө Хамар Лодондоо буучих нь энэ үү?

Нэгдэл дээр “Силиньбү”
[1]-г буудах андгайлалтын их хурал болов. Ядуу малчны төлөөлөгч гэж Хамар Лодон бяцхан жанжны моторын ард сундлан ирээд тэргүүлэгчийн тайзанд залагдан гарсан нь дамжиггүй. Хамар Лодон энэ яваа насандаа ийм өвтэгш цуглаанд анх оролцож, мянган хүний өмнө тонгойн сууж байгаа тул зүрх нь эрхгүй савлаж, зайнгуу зайдалсан юм шиг овгонож байлаа.

Дайсан гээд элдэв эсийн малгай пайзтай нэгдлийн шүүжи[2], Намжил залан, Сүмийн гэгээн, Хялар Дамбий... гээд бөөн чөтгөр шулмыг олны олны эсрэг толгой бөхийлгөн зогсоожээ. Намжил залангийн адуунд явж байсан нэгдлийн дарга, Сүмийн гэгээний хөлсгүй албанд баригдаж байсан Хялар Дамбий нар өөрийн дайсан этгээдтэйгээ зэрэгцэн тонгойсон нь даанч эвгүй юм уу гэж Лодон бодов.

Бяцхан жанжны хийсэн илтгэл нь Хамар Лодонг нэг мөсөн хиртхийлгэв. Хүүе дээ хө. Гүрэн төр чинь төвшингүй болсон юм байна шүү! Сүрхий бүдүүн[3] хэрэг гарч гэнэ. Нэгдлийн шүүжи бас саваагүй дунд нь дэлдэгнэж Намжил заланг өргөн босгоод далдуур нэг нууц яам байгуулахаар хүчилж гэнэ. Хошуу яам гарахад[4] хүрвэл бүхэл шүүсний ам ширээ хийх нь лав. Ам ширээ хийхэд хүрвэл Хамар Лодонг модны албанд барьж аваачих нь гарцаагүй. Тэр нь ч гайгүй л байна. Агдвал хэдэн жин махаа гээнэ л биз. Хамгаас хэцүү нь харин яамны агаруу хавтсаар авдар хийсэн учир. Зүсч зүйгээд сүйтгэсэн мөртөө нүүрийн хавтсыг нь хумс мэт нимгэртэл нь хуссаныг амбан ноёнтон ажин авбал хөнгөндөө насны боол болгож, хэлтэсхийвэл чавганцын хар хүний орыг даруулахад[5] ойрхон шүү...Ай энэ нэгдлийн шүүжигийн хор ярвигтай гэж...Цус чамайг цохиж унагаахад бүр таарна. Цохиод алавч саналгүй. Хамар Лодон манчуурган хамраа угт нь тултал улайлгаж суурьгүй оволзож байтал Мэнгэтийн хүү:
- Одоо ядуу малчны жинхэнэ төлөөлөгч нөхөр Лодон чухал яриа тавина гэж зарлаад уурганы булцуу гэмээр сонин эд өмнө нь авчирч тавив.
Ярайтал суусан мянган амьтны аянга мэт нижигнэсэн алга ташилт Хамар Лодоны зүрхийг пүл пүл түншүүлж, сандарч тэвдэхийн туйлд хүргэжээ. Хэдэн үг ярихгүй бол Мэнгэтийн хүүд осолдож, бяцхан жанжинд гологдож мэднэ шүү. Ярьчихъя гэхэд ийм олон хүний өмнө байтугай үүр аравны цуглаан дээр ч хэдхэн үгэнд хэлээ булзааж, хамаг амьтны хар инээд болж явсан даг. Хөгшин бух жороо сурах
[6] л хэрэгтэй болж дээ. Юу ч гэсэн “Хамгийн дээд заавраа” уншиж байгаад болъё гэж бодоод Хамар Лодон дарагдсан ишгийн муухай хоолойгоор:
- Хамгийн...дээд заавар: Хэн чинь дайсан бэ...Хэн миний хань вэ...Энэ бол...хувьсгалын түрүү худ мөн...гэв.
Цааш тээглээд хоолойгоо засч байтал Мэнгэтийн хүүгийн царай нь нэг л хачин болж аваад төмөр булцуугаа суга татан авчхав. За болжээ, тэртээ тэргүй хэдэн үг эвлүүлж хэлээд тамаас хурдхан мултаръя. Бяцхан жанжин нэг зэрэг хөл болж, чих чихээ зуулцсанаа
[7] Мэнгэтийн хүү гэнэт:
- Хамар Лодон тайзнаас буу гэж хашгирав.
- Өө, доор буугаад яривал олон хүн тод сонсоход амар гэж байна уу? За за... гэж Хамар Лодон тавцангаас буухын дагуу “Нэгдлийн шүүжи үнэхээр олиггүй...” гэж аман дотроо төвтнөж явна.
- Тэнд зогс гэж Мэнгэтийн хүү чөтгөр шулмын зүг заасанд,
“Юу билээ хө?” гэж Хамар Лодон зог туссанаа ханзархай гутлын хоншоороо харж орондоо бэрвийн зогсов. Тайзан дээрээс гэнэт,
- Одоогоор ажиллагаатай хувьсгалыг эсэргүүцэгч Хамар Лодонг цохин унагаая!” гэж чих дүлийртэл хашгирсанд Хамар Лодон цочоон дээрээ нүд нь орой дээрээ гарав.
“Лам гончигсүм!” Хоромхон зуур ижил дасал харцнууд нь ирийж үзүүрлэсэн хилэнт харц болон хувирч, хэдэн мянган зангидсан нударга бүр л түүний өөд зангалцана. Хамар Лодон чичирч дагжсаар чавганцынхаа ард очиж тонгойв.

Түмэн нүдтэй тэнгэр, төрөлхийн мэргэн жанжин аа! Хамар Лодон чинь хаана та нарын үгээр явсангүй вэ? Хувьсгалыг ингэж хийдэг гэж би та нараас сурч мэдээд гагц сэтгэл барьж, төө салалгүй мөрдсөөр ирсэн...Алтан луугаа хусч хаялаа, амраг чавганцаа голоод хаялаа, дөрвөн хуучин суртлаа булж тавилаа, таван улааныг бүрдүүлж тавилаа. Хамар Лодонд өөр цааш хэдийхэн чадал байх вэ?! Та нарыг эсэргүүцэх байтугай дагаад бас завдахгүй байна шүү! Хамт байлдаж, хамтын ялалтаа олохоос өмнө Хамар Лодондоо буучих нь энэ үү?! Буух мөртөө дайсантай цуг харлуулчихна гэж үү! Хамар Лодоны гомдлын нулимс нь хорих завдалгүй энгэрийг нь дэвтээнэ.

Хамар Лодон ингэж гомдолтойхон тонгойгоод нэг мэдсэн чинь арван жил болжээ. Энэ хооронд юу болж яаж явснаа тэр өөрөө ч хэлж мэдэхгүй. Сүг сүнс нь тамын ёроолд хэвтээд хоосон махбод төдий овойж байсан тул амь гол байгаад дуугарч болохгүй, хатуу хүнд хөдөлмөрийг биелүүлээд ашиг шим хүртэж болохгүй гэдгийг л цээжилж явсан. Амьдралын замд түүнд хумхийн төдий л гэгээ олгосон хүн нь гэвэл залуугаа өнгөрөөж, жач[8] нь цайж эхэлсэн чавганц Жагриймаа нь л ажээ.

“Хэн хэнээ хэлэлгүй, хээр морио гуядалгүй. Чиний миний заяа нэг л. Гомдоод ч яах юм, хорсоод ч яах юм” гээд хөгшин чавганц түүнтэй бэрх ойртож, ооч ус оловч хувааж уугаад зүсэм бяслаг оловч талалж идсээр өдий болжээ. Энэхүү ертөнцийн хар шуурганд нэгдлийн шүүжи, Хялар Дамбий... ар араасаа эрлэгт очиход Хамар Лодон харин зэрлэг өвс шиг амь бөхтэйдөө л золоор үлджээ. Хөрөх шахсан зүрхэнд нь бүлээн цус олголоо гэвэл тэр нь чавганц Жагриймаагийн сулхан шивнээ ба өрөвдлийн харц л. (Төгсөв)

[1] Нэгдлийн удирдлагыг гэсэн утгатай аж. Ханзаар нь бичвэл 司令部。
[2] Нэгдлийн даргыг ингэж хэлдэг аж. Шүүжи гэдэг нь 書記 гэсэн хятад үг юм байна.
[3] Том гэсэн утгатай. Манай Сүхбаатар аймагт том хүнийг бүдүүн хүн ч гэж хэлдэг.
[4] Байгуулахад
[5] Араас ороход ойрхон гэсэн утгатай. Жагриймаагийн анхны хар хүн нь Намжил залангийн адуунаас ногт гүйлгэж, гянданд нас эцэслэснийг хэлж байна.
[6] Уг нь азарга гэдэг. Гэхдээ бух гэвэл илүү хошин аяс орж байна.
[7] Чих чихэндээ шивнэлдээд
[8] Чамархайн дээд хэсгийг ингэж хэлдэг ажээ.

10 comments:

Anonymous said...

Баярлалаа Наранбаяраа. Сонирхолтой төгслөө шүү.. Бичиг нэвтрэлцэхгүй ах дүү нарынхаа уран зохиолоос уншаад баяртай сайхан байна.
Өөртэй чинь хамт энэ Хамар Лодонг хөрвүүлэлцсэн Өвөр Монгол залууд талархалыг минь дамжуулаарай. Манай зохиолуудаас Өвөрлөгчийн бичигт буулгаад сонирхуулчихаар чинь юу байдагсан билээ. Бас бодож үзүүл үзэх л асуудал юм даа. Хүмүүст санал байна уу?

Naranbayar said...

Увуулсаар сар илүү гарч байж, хөрвүүлж дууслаа. Уг нь ч монгол хэлнээс монгол хэлэнд буулгаж байгаа болохоор их амар байв. Та нөхөд намайг шахаагүй бол дунд нь хаячхаж магад л байлаа хэхэ. Нээрээ манайд чинь богино өгүүллэгийн мастер ямар улсууд байдаг билээ. Хошин өгүүллэгээс Барамсай гэж зохиолч байсан. "Үхэр гэж амьтан" гэсэн хөөрхөн өгүүллэг нь санаанд ороод л байна. Монгол бичиг ашиглаж болдог софт байдаг болов уу.

Anonymous said...

Монгол бичгийн нэг фонт (word г.м-д зориулсан) байдаг санагдаж байна. Энэ Интернэтед харин байрлуулах арга байхгүй байгаа шүү. Гараараа бичээд (эсвэл word энэ тэр дээр бичээд) зураг хэлбэрт оруулаад блогдож болох юм... Уйгар ч билүү нэртэй фонт байсан байх. шүү.
Олдвол хүмүүст тараанаа. Өвөр монголчууд Интернэт, Пасакон хэр ашигладаг юм болоо?

Anonymous said...

Naizaa-

Chinii hiisen sait chin saak bolson baina Keep it up. Soninoos bid bas hun aimaar abstract mayagiin blog/gallery neesen. Bidnii bodoj baigaagaar Mongold odoo iim yum yarij bichih tsagna ni boljee. Odoo neegdeed 2 doloo honoj baina. Odort dundjaar 600 hun orj irj baigaa. Gehdtee tanai lag lag saitnii hajuud bol yu ch bish.

Tegeed herev bolomjtoi bol heduulee link solilcvol yamar ve? Hundaga (asuult.net iin ) tegye gesen odoo chamaas bas asuuj baina. Manai web site ruu zav garval orood garni biz dee. Bid chinii web site-nd hariulaad tavih bolno


Goojuur

www.goojuur.com

Anonymous said...

Naranbayart ih bayarlalaa.
sonirholtoi bsan shuu. shine onoo saihan ugtaarai.

Anonymous said...

Naranbayar d bayarlla. hamar lodoniig kirileer hurvuulseniig chin haraad mash bayarlla.iim ajil urgelj hij baigarai. negen ovor mongol hun burenbayaraas

Anonymous said...

гоё зохиол танилцуулсанд баярлалаа. тэгэхдээ сүүлийн бичлэг сүүл хавиараа эвдэрч харагдаад байна шүү

Anonymous said...

ovor mongold oigorjin usegiin site higdej baina. tend mongoliin zohiyoluudiig urgelj hurbuulj tabidag baina. Choinom,Lavhsuren bol barag hun buhenii meddeg shutdeg shulegch yum.
uigarjin usegiin site
www.mongolger.net
www.burgud.com

duu hugjim, TV bol useg bichigiin hijgar ugei bolhor internet aar arai amarhan huleej abch baina.
www.tv5.mn iig hums ihe uzdeg.

uigarjin usegiin font gej baidag yum. hed hedun hubilbar baina. internet d arai chuleetei hereglh boloogui baina. Sainbilig iin mongol usegiin soft l hamag urgen hereglegdej baina.
ter huntei sainbilig@hotmail.com
aar holboo barij bolno.

Anonymous said...

http://www.temee.com/
ged baidag
arai amarhan ordog um aa

Naranbayar said...

Сайхан мэдээлэл өгсөн Бүрэнбаярт баярлалаа.