Saturday, December 09, 2006

Хамар Лодон - 6

Өвчүү бие цул ногоон хувцастай, богцондоо улаан туг зүүсэн намхан биетэй хар хүү сүмийн индэр дээр намбатай илэрч, ханцуйгаа тохойдоо тултал шуугаад нударгаа хурайлан нэг юм хашгирч гарна. Олон хүн бархилдан балбачиж хэмхлэх дуу үргэлжилсэн тул ямар ном тавьж байгааг Хамар Лодон чих байгаад олж сонсохгүй нь хайрлалтай. Гарцаагүй бяцхан жанжин! Урт сормуустай хар нүд, тэвхгэр хамар, дэлдэн чихээр нь Хамар Лодон ингэж танив. Шинэ цагийн жанжин гэж мөн ч хэцүү, галавыг эзэлсэн Шагимунд ч халдаад байдаг нь лав л хурмастаас бууж ирсэн юм байлгүй. Богцондоо зүүсэн улаан туг нь лав номын үсэгтэй амин сахиа байгаа даа. Гэрэл ойсон тольтой шилээр хэвтээ барсын хөмсгөө дарж, энгэр дээр нь дүлэлзэж харагдах нь гууд суулгасан бурхан болов уу? Хамар Лодон эрхгүй айдас хүрээд дутаахыг бодсон боловч Хамар би Шагимуны хүү биш ядахад холын садан нь ч биш тул гайгүй биз ээ гэж бодов.

Гэнэт бяцхан жанжин улаан дэвтрээ дээр горойлдуулан
[1],
- Чөтгөр шулмыг чирч гаргая! Цохиж унагаая! Шүүрдэн арилгая! гэж нэгэн зэрэг хашгирсанд олон даган орилно.
Чих дүлийрэм хашхиралдаад дунд сүмийн лам нарыг индэр дээр гарган зэрэгцүүлэн тонгойлгов. Цагаан цаасан гoмша
[2]толгой дээрээ суваргалуулсан нь Жаахан сүмийн гэгээн байна. Номын самбар хүзүүнээсээ дүүжилсэн нь Да лам шив дээ. Түүнээс дараах нь цамын хохимой баг зүүсэн тул Хамар Лодон хэн хэнийг нь эс танив.
Олон чөтгөрийн дунд залуу чавганц тонгойж байх нь гэнэт үзэгдэв. Хөөрхий Жагриймаа нь хүзүүнээсээ хянгар дангар хонх дамар дүүжлээд, дагжин чичирч байх нь бэрх. Хамар Лодоны манчуурган хамар нь бохирч эхэлснээ дорхноо цэнтийчхэв. Болж, юун сайн юм! Чамд бас ийм цаг байдаг юм уу? Хамар Лодоны л мууг үзнэ үү чи! Маргаашнаас би бас чамайг “Ширэн нүүрээр миний хатавчийг алхав уу? Шийрээ татсан чинь дээргүй юү?!” гэж хараана даа. Жагриймаад тал тул мантуу, ядвал тахилын балин ч яахав хоёрыг атгуулаад гурвалжин цагаан туг зааманд нь хавчуулсан бол доо! гэж Хамар Лодон бэрх тавлана.

Бяцхан жанжин гэгээн ламхайг хүзүүг нь сунатал дарна. Эд чинь яана гэвэл тэгж, тэнгэрт гарахаас ч буцахгүй улс даа!...Эд чухам яаж шүүрддэгсэн бол? Баргийн шүүр эднийг хөдөлгөж чадахгүй дээ, нэн ч ёлхгор гэдэстэй гэгээн, бөх явсан Да ламыг! Чухам гар буугаар буудаж унагадаг болов уу? Харин сүмийн ариун индэр дээр Шагимуны гэгээн нүдэн доор бүү л цус нөжийг нь бялдаасай. Нүгэл хурааж үйлийн үрээ тарихгүйн төлөө залуу чавганцыг цохин унагах үес нүдээ аньж наминчилъя гэж тэр бодов.

Өнөө намхан биетэй бяцхан жанжин өндөр тарган гэгээний өөд цоройн, шар орхимжийг нь хуу татаад “Чөтгөрийн арьс” гэж амандаа зүхсээр дүрэлзэх галд шидэж оруулав. Хүрэн шар өнгө нь чөтгөрийн ивээлт өнгө юм байна шүү гэж бодсоор Хамар Лодон Да ламын ичгүүр гутамшгийг шохоорхохоор урагш нүртэл хөлд нь нэг хав хатуу юм торов. Нүд хаявал луун хээтэй мөнгөн цогц ажээ. Хамар Лодон өөрийн эрхгүй өлмийгөөрөө хамж ойртуулаад сэмхэн шүүрч өвөрлөх санаатай бөхийснөө хөлс хир болсон сэмэрхий хантаазныхаа дээгүүр шар хоргой элгэвч давхарлан өмсч яваагаа гэнэт олж үзэв. Ээ балар аа! Жагриймаагийн оёж дурсгасан энэ элгэвчийг тэр ерөөс ил бултайлгасангүйсан. Өнөөдөр жанжин үзэх гэж хийрхэж байсаар тэрлэгээ өмсч ирэхээ таг мартжээ. Хамар Лодоны дотор пал хийж, эд чинь гэгээнийг хүртэл ногооны бярууны бэнтэй үзэхгүй хааш нь зална гэвэл тийш нь гуядаж байх юм чинь Хамар Лодонг нэн юу байх вэ. Шар элгэвчтэй нь галд шидсэн ч бүр чадах гарууд аа. Үгүй ер нь бяцхан жанжны нүдэнд өртөөгүй заванд гээд тэр ар дахь хүмүүсээ бөгсөөрөө нүдчин байж олны хүрээнээс чүү чамай шувталж гараад год зугтав.

Хэдэн давааг мэдээтэй мэдээгүй давж, нуурын усыг гуталтайгаа туучиж гүйсээр хотоо ойртсоноо мэдэв. Гэр үрүүгээ саравчилснаа зог тусч мэлрэв. Майжиг бор гэрийнх нь үүдэнд хүн амьтан овооролдон хөл болж байна. Бодвол хувьсгал хийж байгаа бололтой. Хамар Лодоны толгойн үс нь нэг нэгээрээ босоод шар элгэвчээ тайлж хумьж хумиад дэрсний соль доор эвтэйхэн шургуулж тавив. Урагш хоёр алхснаа ер нь жаахан ханамжгүй санагдаад байхаар нь хар торгон тоорцогноосоо ханзархай майжиг гуталдаа ортол дахиж нэг нэгжилт хийв. Чингээд хүрэн даалимбан тэлийгээ түгдрэлгүй тайлж аваад өвсний өтгөнд гулдайтал шиджээ. Одоо юу ч гэсэн гайгүй байх гэж Хамар Лодон уртхан амьсгаа аваад уужим захтай давхар өмдөө татсаар гэрийн зүг гэгэлзэн алхав. (Үргэлжилнэ)


[1] эргэлдүүлэн
[2] Нэг зүйлийн ламын малгайг хэлдэг ажээ.

7 comments:

Anonymous said...

Улам л сонирхолтой болоод байна шүү. Үргэлжлүүлээд байгаарай хө...

Anonymous said...

Hamar Lodon gej hoorhon zolig yumaa. nudend haragdah shahaad l bn. zaluu chavgants gej bas yu gesn sanaa yum bol doo.
hehe, zav zaigaaraa urgeljluulehiig huleej l baiya.

Naranbayar said...

Сэтгэгдлээ үлдээсэн нөхдөд баярлалаа. Ойрдоо жаахан боломж муутай байна. Үргэлжлүүлнээ. Залуу чавганц гэдэг нь Хамар Лодон өгүүллэгийн эхэнд тайлбар нь гардаг юм. Хар залуудаа хайртай хүнээ алдаад сахил хүртэн үсээ хусуулсан тул Залуу чавганц болж байгаа юм билээ л дээ.

Anonymous said...

хэхэ. залуу чавганц байхдаа яаахав дээ

Anonymous said...

Uuchlaarai. Uuriin chin bichsentei ogt holbogdolgui yum asuuya.Emos-oos gargasan 3 daxi nomiig kyoto-d baigaa mongol hun herhen yaj avah bolomjtoi talaar practic zuvluguu ugch tuslaach.

Naranbayar said...

http://www.emongol.net/emos/

ene deer tovshij orood AMJILTAD HUREH GAL ERMELZEL-g hudaldan avna uu.

Anonymous said...

Сайн уу Наранбаяраа. Би хамгийн шилдэг 10н блог бичигчийг шалгаруулсан юм. Чи топ10-ын 10-рт орсон байна. Баяр хүргье. Их хүчтэй өрсөлдөөн боллоо шүү. Заваараа миний блогоор нэг ороод сонирхоорой хө.