Monday, April 23, 2007

Хаяагаа тэлэхэд учир бий


Улаанбаатарт барилгын буум болж байна. Үүнийг манай сэтгүүлчид хаяагаа тэлнэ гэж уулга алддаг байх аа. Хаяагаа тэлэхэд учир, баримтлах этик гэж бас байна. Хаяа хатгаж буй тал нь хөршөө хүндэтгэх нь хүний ёс.

Зураг дээр байгаа барилгыг нийслэлийн 10 дугаар хорооллын 23, 25 дугаар байрны үүдэнд хаяа хатган барьж буй юм. Барилга барьж буй компани нь Эко констракшн гэсэн. Эко гэдэг нэрийг орчиндоо ээлтэй гэсэн утгаар өгсөн байлгүй. 10 дугаар хорооллын үерийн далангийн чанх доор барилга хатгаж, эсрэг талын 23 дугаар байрыг бүрэн сүүдэрлэжээ. Сүүдэрлэх байтугай хоёр байрны оршин суугчид усанд ороод гараад ирэхээрээ нүцгэн биенээ халз ширтэлцмээр болчихож. Энэ ч дүүрч. Газар олгосон авсан улсуудын хийсэн балаг биз. Дээр нь бас Эко констракшн компани барилгын хашааны гадаа фундамент ухсан шороо, хаягдал тоосго, үнс нурмаа чулуудан овоолов. Зам хаасан үнсэн нурам, шороон нуруу салхины аясаар босч, сүлжин давхих машины дугуйнд агаарт дэгдэнэ. Ойр орчны оршин суугчдыг ийнхүү доромжилж, чадаж байгаа юманд арга байхгүй гэдгээ үзүүлж байна гэх үү дээ.

Нэг иймэрхүү байдлаар барилга босгож байна даа. "Би болж байвал бусад нь хамаагүй, би чадаж буй зүйлээрээ чамайг хорлоно. Миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдахгүй". Ийм зүй тогтол энд үйлчлэн байна.


2 comments:

Зэлмэ said...

Сайн уу, Наранбаяраа. Эргэн ирсэнд баяр хүргэе. Ойрд блогийг овоо бөөндөж байна аа. Нээрээ энэ хот зохицуулалтын газар арай дэндүү шүү, тиймээ

Наранбаяр said...

Хуучин танил, сайн уу. Блог дээрээ бодлоо хуваалцах санаатай бичиж л байна. БҮГДЭЭРЭЭ дээр бас давхар оруулж л байна. Чи БҮГДЭЭРЭЭ дээр юм бичихгүй юм уу.