Tuesday, April 17, 2007

Мухар

Улаанбаатарыг нэг үгээр илэрхийл гэвэл “Мухар” гэдэг үг санаанд бууж байна.Цааш гарцгүй болж, эргэн буцахаас өөр замгүй болохыг “мухар” гэдэг. Мухар дээр “й” нэмэхэд “муйхар” болно.

Улаанбаатарын гудамжинд иймэрхүү муйхар мухрууд зөндөө. Аль нэгэн байрны үүдээр гарсан машин болон явган хүний замыг хөөгөөд явбал хэн нэгний гараж, эсхүл ямар нэг байшин, банзан хашаа, өндөр хог, асгаад хаясан шороон нуруу, ангайлгаж орхисон ангал нүхэнд тулна. Зам нь замаа залгаж, төв замд хүрэх учиртай уг нь бол.

Хот төлөвлөлтийн үндсэн зарчимд гудамж, гудамнууд мухаргүй байхыг хамгийн түрүүнд бодолцох ёстой байлтай. Гал, түргэний машин дохио тавин төв замаар давхивч ахиад л нөгөө мухарт баригдана.

Муйхарлан мухар үүсгээд байгаа Улаанбаатарын газар олголтын асуудлыг дорвитойхон дэлгэж тавихсан. Улаанбаатарын мухар гудмууд төрийнхөн болон төр бусчуудын авилгал өгөлцөж авалцсаны ул мөр болон үлдсээр л.

1 comment:

Г.Гантулга said...

Мухар гудам, муйхар хүмүүс. Өөрөө л болж байвал өрөөлийг боддоггүй Монголчууд аа гэж...
УБ хот маань өнөөдөр төлөвлөлт гэж яриад байх юм үнэхээр алга. Хотын ерөнхий төлөвлөгөө бол зүгээр л зөвлөмжийн чанартай баримт бичиг л юм байна. Харин эрхтэн дархтануудын гарын үсэг бол заавар биелүүлэх ёстой хууль юм байна