Tuesday, March 07, 2006

Авсаархан агаад тодорхой сэтгэлгээг үгүйлэх нь

Монгол улсын хөгжлийн зангилааг зөв олж харах нь чухал. Зангилааг олохын тулд бидэнд тодорхой агаад рациональ маягийн сэтгэлгээ хэрэгтэй юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хөгжлийн олон арга замаас бидэнд дөхүү, манай улс үндэстний онцлог, байгалийн нөөц болон хязгаарт тохирсон тулхтай хөгжлийг хангах боломжтойг замыг сонгохыг хэлж байгаа юм. Монгол улс өнөөг хүртэл чадаж ирсэн зүйлсээ өвлөн авч, нандигнан хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид бид шинээр сурч, өөрийн болгож чадах хөгжлийн аливаа боломжийг нээх нь зүйтэй.

Харамсалтай нь бид тодорхой агаад бүтээлч сэтгэлгээнээс их холдсон бололтой. Ийм байдлыг бид өнөөдөр хаана ч гэсэн харж болж байна. Хэдэн жишээ харъя.

Хоёр жилийн өмнө би вээр Завхан аймгийн Улиастай хотод очиж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийгээд аймгийн захиргааны зарим ажилтнуудтай уулзах завшаан тохиож билээ. Тэр үед УИХ-с Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал батлагдаж, Баруун бүсийн төв нь Завхан аймгийн Улиастай хот байхаар шийдэгдсэн тухай амтай болгон л ярьж байлаа. Улиастай хот хорь орчим мянган хүнтэй бөгөөд Баруун бүсийн төв болсон тул арван жилийн дотор хоёр зуун мянган хүнтэй том хот болно гэж хөөрцөглөж байлаа. Том хот болох сайхаан. Түм түжигнэж, бум бужигнаад л, дэлгүүрт нь өнгө өнгийн бараа алаглаад л, соёл үйлчилгээ, баар ресторан гэдэг нийслэлээс ч дутахгүй. Ийм дүр зургийг тухайн үед олон хүн төсөөлж байсан биз.

Гэтэл том хотыг барьж байгуулахад улс орны эдийн засгийн хүчин чадал нэн чухал. Түүний дээр усан хангамжийн асуудал хот байгуулалтын үндэс болно. Цэвэр бохир усны сүлжээ, хог хаягдлыг зайлуулах, устгах байгууламж гээд нарийн тодорхой төлөвлөгөө, судалгаа хэрэгтэй. Гэтэл Улиастай хот тухайн үед л миний олж харснаар дан ганц физик шүүлтүүрээр бохир усаа цэвэрлэдэг задгай байгууламжтай, хот даяарх бохир цэвэр усыг хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй байв. Хот байгуулалтын ямар төлөвлөгөө, хөгжлийн ямар судалгаа хийгдсэнийг албан тушаалтнуудын амнаас сонссонгүй. Хөрөнгө байхгүй гээд энэ талаар гар хумхин суусан болов уу гэж таамаглана. Хоёр зуун мянган том хүнтэй том хотыг авч явах хот байгуулалтын инженер хийгээд албан хаагчдыг бодлоготой бэлдэх талаар юу ч хийгээгүй нь бүр тодорхой. Хоосон хөөрцөглөөд л, төсөв мөнгө хүрэхгүй ядаж байж аймгийнхаа 80 жилийн ойг баярхан тэмдэглээд л, Улиастай хотын арын толгой дээр уул нутгаас гаралтай хутагтуудын суваргыг босгоод л. Шашин зан үйлийг хүндэтгэлгүй яахав. Гэхдээ хөгжихийн тулд бидэнд юу хэрэгтэй билээ гэдгийг тодорхой сэтгээсэй. Монголын орон нутгийн засаг захиргаа, түүний бодлого боловсруулалтын дүр зураг ерөнхийдөө иймэрхүү л байгаа. Ай хөөрхий.

Ховд аймгийн Эрх чөлөөний талбайд Ард Аюушийн хөшөөтэй зэрэгцүүлэн Галдан бошготын хөшөөг 90 сая төгрөгөөр босгосон тухай та бүхэн дуулсан байх. Галдан бошгот хэмээх Монголын түүхэн их хүний тухай бид Ж. Пүрэвийн “Манан будан” романаас өөр юу мэдэх билээ. Хөшөө нь чухал бус эх түүхээ сайтар уншиж судлах нь дээр байлтай. Ховд аймаг төсвийн мөнгөөрөө сургууль цэцэрлэгээ бүрэн тордоод авч явж чадаж байгаа юм уу. Үүнд би эргэлзэж байна.

Ховд аймгаас гараагаагаа эхэлсэн нэг талбай дээр хоёр хөшөө зэрэгцүүлэх энэ хачин чамирхал Улаанбаатар хүртэл давалгаалан орж ирэв. Одоо Сүхбаатарын талбай дээр Жанжны хөшөөтэй зэрэгцүүлэн Чингисийн цогцолбор хөшөөг барих нүсэр төсөл босоод бөөн юм болж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцэх шахуу өртэй орон байж бид эртний хүчирхэг Ром шиг, Наполеоны үеийн Париж шиг л хөшөө цогцолбороор баярхах болов. Тулгар улс байгуулагдсаны 800 жилийн ой галзуу хүнд салхи нэмэр гэдгийн үлгэрийг авчирч байх шиг. Уг нь зөв талаас нь ашиглавал Монгол улсад ашиг буянаа өгөх л ой юмсан. 800 жилийн угтан, Буянт-Ухаагийн онгоцны буудал болон тэр хавийн тэгш талыг “ухаант” сайд Батхүүгийн санаачилгаар Чингис хэмээн нэрийдэж буй бололтой. Мөн барууны орнуудад Чингис гэлгүй Гэнгис гээд байгаагийн учрыг олох гэж манай хариуцлагатай ажилтнууд хэдэн сар хөөрхөн ажил удаж мунгинав. Хөөрхийс мунгинаж л байг.

Эдүгээгийн Ерөнхий сайд М.Энхболд хэдэн жилийн өмнө хотын мэйр байхдаа зурагтаар гарч, Улаанбаатар хотын захирагч анх болох үед тулгамдаад байсан асуудал нь хотын 360 жилийн ойг тэмдэглэх ажил байлаа гэж ярьж байсныг санаж байна. Мань эрийг хотын захирагч байх үед жуулчдын өөдөөс танкны их буу ангайж харагдаад эвгүй байна гэж танктай хөшөөг Зайсан толгой уруу 30 орчим сая төгрөгийн зардлаар зөөн зайлуулж, нийслэлийн төв талбайг гурав орчим тэрбум төгрөгөөр хятад ажилчид зарж байж цардуулсан. Аялал жуулчлалын жилийг угтаж байгаа нь тэр гэнэ. Иш чааваас гэж энэ мөнгөөрөө онгоцны буудлаа тордоод авах ухаан байсангүй юу. Сүхбаатарын талбайг үзлээ гээд хэн бидэнд мөнгө төлөх юм бэ? Сүхбаатарын талбай цастай өдөр хүн халтирч хөлөө хугалчихмаар толигор боллоо гээд хотын оршин суугчдын амьдралд хэр нөлөөлөх юм бэ? Цардсан газар ингээд үхмэл хөрөнгө болоод л дуусав.Монголд ирж буй жуулчид Улаанбаатар хотыг үзэх гэж бус хөдөөгийн байгаль, малчны амьдралыг биеэр үзэх гэж ирдэг гэхэд бараг хилсдэхгүй. Аялал жуулчлалын жилд төсөвлөсөн мөнгөөрөө хөдөөгөө тордох, аялал жуулчлалын чиглэлийн дотоодын нислэгийн онгоцоо сайжруулаад авах бодол байгаагүй л юм байх даа.

Аялал жуулчлал хөгжүүлж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ гэж бид олон жил ярив. Гэтэл сүүлийн 10 жилд Монголд ирж буй жуулчдын тоо жил бүр 20 мянга дотор эргэлдэхээс хэтэрсэнгүй. Жуулчдын тоо өсдөггүй ээ, харин 20 мянган үйлчлүүлэгч, цөөхөн маршрут дунд эргэлдсэн жижиг зах зээл үрүү олон компаниуд өрсөлдөн орж, үнээ унагааж, байгалийн аяллын нөөц болсон үзэмжит газрууд гадна дотнын хүний хөлд дарагдан нооройж эхлэв. Өндөр хөгжилтэй орны завгүй жуулчид Монгол уруу зүглэх цорын ганц боломжтой суваг нь агаарын зам. Гэтэл Монгол улс уруу орж ирэх агаарын урсгалыг МИАТ хэмээх том монополь тэс хөндлөн хэвтээд хаачихсан. МИАТ-ын олон улсын онгоцны тариф тэнгэрт тулсан үнэтэйг захын гадаад хүн батлаад өгнө. Үнэ өндөр нөхцөлд Монгол улс аялал жуулчлалын зах зээлд хэрхэн өрсөлдөх юм бол. Дээр нь бас Буянт-Ухаагийн онгоц буух цардсан талбай хязгаарлагдмал тул олон зорчигч нэг дор хямдхан зөөчихдөг хүн тээврийн аварга онгоц буух боломж муутай, онгоцны буудлын үйлчилгээ муу, нойлийн өрөө нь нойль заачихсан, онгоц цагаараа нисэх нь өдрийн од шиг, менежментийн хувьчлал хийгдсэн ч санхүүгийн асуудал нь бахь байдгаараа. Шийдвэрлэх шаардлагатай тодорхой асуудлууд шил шилээ дараад хэвтсээр л. Гэхдээ Буянт-Ухаа дэлхийд дуурсагдсан Чингис хаанаараа нэрлэгдээд удаагүй байгаа. Бодвол Чингисийн нэртэй онгоцны буудал гэж дуулаад гадаадын жуулчид яргуйнд орсон ямаа шиг хошуурах юм байлгүй. Бидэнд тодорхой агаад рациональ сэтгэлгээ дутаад байгаагийн жишээ энэ.

Монгол газар нутаг өргөнтэй ч хүн ам цөөн авсаархан орон. Авсаархан оронд авсаархан агаад голчийг олсон тодорхой сэтгэлгээ, хөгжлийн үзэл баримтлал хэрэгтэй. Авсаархан орон гээд дэлхийн дотор өөрийгөө жижигрүүлж, бахархал юугаан гээх шаардлагагүй. Гэхдээ чаддаг зүйл, чадах зүйл, чадахгүй зүйлээ ангилан ялгаж, чингэсний үндсэн дээр хөгжлөө тодорхойлох нь чухал. Саалийн хэрээр саваа бэлд гэсэн үг байдаг. Чадал нь гүйцээгүй атлаа бусдыг дууриасан үйлдвэржилтийн бодлого ямар үр дагавар авчирсныг социализмын үеийн бүтээн байгуулалтын түүх бидэнд бэлээхэн харуулсан. Түүхийн алдаа оноог тунгааж, замнах зам, бүтээх хэлбэрээ зөв олж тогтоох нь юунаас ч чухал. Үүнд дан ганц Монголчуудын сэтгэлийн чин зориг хэрэгтэй болоод байгаа юм.

Бэсүд. П. Наранбаяр
Киото Их Сургууль, магистр
2006.03.01

No comments: