Tuesday, April 25, 2006

Бодрол

Шүтлэг шүүмжлэлийг шүүмжлэх нь
Шашин гэж номлол болоод шүтлэгийн цогц юм. Шүтлэггүй шашин гэж оршихгүй бол шашингүй шүтлэг дангаар оршиж болно. Шашингүй шүтлэгийн гол төлөөлөл нь бөө мөргөл, онго сүнс тахилга гэж би ойлгодог. Тэгвэл шашин шинжлэх ухаан хоёрын зааг ялгаа юунд оршино вэ. Энэ талаар олон мэргэд бясалгаж ирсэн. Хамгийн гол ялгаа нь шинжлэх ухаан бүх юмс үзэгдэлд хөдөлшгүй баталгаа шаардаж, аливаа зүйлд эргэлзэн хандах танин мэдэхүйн хандлагыг голлодог. Энэ утгаараа шинжлэх ухаан нь шүтлэг гэсэн тулгуур баганагүйгээр учир шалтгааны холбоосон дунд оршдог гэж ойлгож болох мэт. Харин шашинд бол туйлын үнэн болох бурхад, эзэн тэнгэр, аллах оршиж, энэхүү шүтлэгийн баганад тулгуурлан номлолоо бүрдүүлдэг. Шүтлэгийг батлах шаардлагагүй. Шүтлэг ямар нэгэн нөхцөлгүйгээр итгэхийг шаардана. Ийм итгэлээ шашинд өгсөн хүнийг шүтлэгтэн гэнэ. Шүтлэгийн илүү гүнзгий хэлбэрийг сүсэг хэмээнэ. Ийм хүмүүсийг сүсэгтэн, сүсэг бишрэлтэн хэмээнэ.
Шашин бас олон төрлийн ухааныг өөртөө шингээх чадвараараа шинжлэх ухаанаас хамаагүй илүү. Тухайлбал шашны дотор анагаах ухаан, одон орон, цаг хугацаа, орон зайн хэмжилтүүд, утга зохиол, түүх, угсаатан зүй, ёс заншил, төр барих ухаан буюу улс төр, эдийн засгийн номлолууд гээд олон төрлийн ухаан шингэсэн байдаг. Дээр нь бас тухайн улс үндэстний айдинтитиг бүрдүүлж, салшгүй нэг хэсэг нь болно. Харин шинжлэх ухаан бол их хажигч. Шашны номлолоос алиныг нь ч өөртөө ойртуулахгүй. 19, 20-р зуун шинжлэх ухааны ялалтын зуун байсан гэж ярьцгаадаг. Гэвч буддизм дотор шингэсэн анагаах ухааны зарим ололтыг одоо хүртэл шинжлэх ухаан тайлж чадаагүй явна.
Шүтлэг болон шашны тухай ийнхүү ялган тунгаасны дараа өнөөгийн Монголын нийгэм дэх бурхны шашны талаарх ажиглалтаа дурдъя.
“Монголчууд бурхны шашны цаад санааг нь ойлгохгүй хоосон ном уншуулж, залбирдаг. Төвд номны учир агуулгыг нь ч мэдэхгүй, мөргөж шүтэх нь утгагүй хэрэг” хэмээн олон хүн шүүмжилдэг. Залбирах, мөргөх, тарни унших, ном уншуулах, засал хийлгэх, мөр гаргах, адис авах, элс цацах гэх мэт үйлдэл нь шүтлэгийн орчин юм. Монголчууд бидний өдөр тутмын амьдралд шүтлэг хангалттай сервис үзүүлж байна гэсэн үг л дээ. Бидний хэрэгцээг хангах зориулалттай жирийн л нэг үйлчилгээ. Хүний шүтлэгийн хэрэгцээг рациональ үзлээр харж шүүмжлэх нь ямар ч утгагүй хэрэг. “Ойрдоо ажил жаахан явж өгдөггүй, хийморийн сан тавиулъя”, “Манай тэр маань хагалгаанд орно. Гандангийн хуралд даган баясъя” гэх мэтээр шүтлэг, сүсэг бишрэл нь бидний сэтгэлийн орон зайн дахь хэрэгцээнээс хэтрэхгүй юм. Сүүлийн үед CD дээр бичсэн бурхны ном, гар утсаар ном уншуулах үйлчилгээ гарч ирээд буй нь шүтлэг гэдэг сэтгэлийн хэрэгцээг хангасан үйлчилгээ гэдгийг давхар батлаад өгч байгаа хэрэг. Гэвч сэтгэлийн хэрэгцээг гар утас мутасханаар хангах гээд байгаа нь жаахан хэтэрч буй хэрэг л дээ.
Шүтлэг бол хүний жирийн л хэрэгцээ агаад энэ нь универсаль шинжтэй. Шүтлэгийн орчин хаана ч байдаг. Өндөр хөгжилтэй Японд энэ бүр ч түгээмэл үзэгдэл. Гэрийн ойролцоо хаана ч гэсэн очоод мөргөчихөөр сүм, шинто мөргөлийн газрууд байна. Шалгалт дөхөөд ирэхээр оюуныг тэтгэгч бурхдыг тахисан сүмд очин, сахиус худалдаж аван мөргөнө. Талийгаачийн хойдохын буяныг уншуулан, ажил төрлөө даатгана. Японд бурхны шашны сэтгэлгээ, бясалгалыг голлосон урсгал болох Зэн буддизм хөгжсөн гээд л манай судлаач, сэтгүүлч нар шагшран магтдаг. Энэ үнэн. Гэвч үүний хажуугаар мааний зургаан үсгээ хэлээд байвал диваажинд заларна гэх мэтээр хялбарчлан номлодог урсгалыг хамруулаад бурхны шашны 10 гаруй урсгал энэ оронд байж л байна. Энэтхэг, Хятадаас дамжиж ирсэн буддын шашин Японд орж ирэхдээ японжиж, япончуудын гараар олон урсгал бий болсонд хэргийн зангилаа нь оршдог болов уу. Бурхны шашин Японд 7 дугаар зуунд орж ирэхдээ анхандаа язгууртнуудын дунд дэлгэрч, төрийн нэгдмэл байдлыг хадгалах сэтгэлгээний төв болсон байдаг. Энэ шашныг Нарагийн буддизм гэж судлаачид нэрлэдэг. Түүний дараа самурай нар буюу цэргийн эрхтнүүд төрийн эрхийг барьж эхлэхдээ Зэн буддизмыг Японд дэлгэрүүлсэн байдаг. Гэвч жирийн тариачдад илүү ойр, ойлгомжтой, зардал багатай шашин хэрэгтэй байсан агаад энэ хэрэгцээг нь жёодо шашин буюу мааний зургаан үсгээр диваажинд очих тухай номлосон шашин хангасан хэрэг. Жёодо шашин нь хатуу сахил санваарийг үл шаардана. Шүтлэгийн орчин илүүтэй туссан шашин гэж ойлгож болох юм.
Монголд дэлгэрсэн бурхны шашны тухайд Занабазар, Агваанлувсанбалдан, Заваадамдин, Данзанравжаа гээд Монголын олон сэтгэгчид төрөн гарсан боловч харамсалтай нь тэдний сэтгэлгээ шашны урсгалыг нээх хэмжээнд хүртэл хөгжиж чадаагүйн дээр ном зохиолыг нь өнөө үеийн сэхээтнүүдэд бүрэн хүргээгүй, олны хүртээл болгоогүйд хэргийн учир нь оршиж буй болов уу. Мөн өнөөдөр олон лам хувраг бурхны номд шамдаж, 21 дүгээр зууны Монголын бурхны шашны шинэ хөрс бүрэлдэж буйн зэрэгцээ судлаач нарын дунд бурхны шашин судлал нэг үеэ бодвол нэлээд хурдацтай хөгжиж буй мэт санагдана. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” крилл үсгээр хэвлэгдэн, шашны нэр томъёоны тайлбар толиуд ар араасаа цувран гарч буй нь энэ бүхний эхний алхам гэж үзэхэд хангалттай үндэслэл болно.
Урьд үеийн сэтгэгчдийн талаарх судалгааны бүтээлийг шүтлэгтнүүдэд хүргэж, шашны хөгжлийг хангах нь юунаас чухал болой. Бид шүтлэг, шүтлэгийн орчинг шүүмжлэх, түүнийг хөгжүүлэх гэж оролдох бус, түүнийг агуулан буй орон зай болох шашинг хөгжүүлэхэд анхаарах ёстой мэт бодогдоно. Шүтлэгийн орчин чөлөөтэй байх ёстой агаад шүтлэгтэндээ үйлчилсний төлөө шашнаа шүүмжлэх нь учир дутагдалтай юм. Сэтгэлгээний агууламж хомсхон гэж шүүмжлээд байдаг шарын шашинд бясалгалын том ухаан оршдог. Бид л өөрсдөө хар авдрандаа далд хийчхээд байхгүй гэж тас гүрийгээд, хоосон тэнэгээ гайхаад байгаа бус уу. Айлаас эрэхээр авдраа уудал.
Хар авдранд ном бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хамаагүй басч болохгүй.

No comments: