Tuesday, May 30, 2006

Нохойтой харьцах монгол ахуй

Монгол хүн ер нь амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь дуртай ууландаа очиж идээшлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ. Адуу, хонь, ямаа ч мөн л адил. Адуу харин ууландаа хоночихдог адтай мал бололтой юм билээ. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн тэжээвэр амьтан олон. Энэ эмьтдын нэг нь хоточ банхар. Монгол хүний нохойтой харьцах ахуйн талаар жаал хүүрнэе.
Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь их. Боохой ойртвол хуцаж чимээлнэ. Зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан ухаантай нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно. Ульбал зодуулна. Эрхэлбэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино. Жов муу банхар гэсэн үгээр мялаалгаад урам хугаран эсгий гэрийн зүг гэлдэрнэ. “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй”, “Хүүхэд нохойн доог” гэсэн үгнүүдэд монгол хүний нохойд хандах хандлага сайтар илэрчээ. Нохойг хамт тоглох андаа гэж үзэн, эрхэлж наадуулдаг нь хүүхэд болохоор хүүхэд, нохой гэсэн холбоос үг үүссэн юм болов уу. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй, тэдэнд их дөлгөөн ханддаг нь хүүхэд нохой хоёрын ийм нэг гүн нарийн холбоотой хамаатай байхыг үгүйсгэх аргагүй.
Нохойн нас богино. Насаараа эзэндээ зүгтгэсэн нохойг нас эцэслэхэд сүүлийг нь тайрч дэрлүүлэн, аманд нь шар тос хийгээд ирэх төрөлдөө хүн болохыг билэгдэн хөдөөлүүлнэ. Нохой хөдөөлүүлэх монгол ёс харин их л хүндэтгэлтэй, утга учиртай байдаг ажаам. Нохой хөдөөлүүлдэг ийм нарийн ёсыг бий болгосон зөөлөн сэтгэлтэй ард түмэн энэ ертөнцөд чухам хичнээн байдаг бол?
Өндөр хөгжилтэй орнуудад нохойд зориулсан эмнэлэг, саатуулах газар, хувцас, тоглоом гээд тоймгүй их үйлчилгээ байдаг. Хүн шиг хувцасласан нохой, хөдөлгөөн дутан жин ихдэж зөнөсөн нохой ч их бий. Энд нохой хүнээс ялгаагүй амьдарч, нас эцэслэхээрээ тусгайлан бэлдсэн нохой муурны оршуулгын газарт заларна. Тэд нохойг хүний төвшинд тэжээн эрхлүүлээд, нохойн төвшинд оршуулдаг ажаам. Тэд нохойг нохой болон мэндлэхийг хүсдэг бол монгол малчин нохойг нохой шиг тэжээж, хүн болгон оршуулж, хүн болон мэндлэхийг хүсдэг ажээ. Хүн шиг амьдралыг туулсан нохой, нохойн ёсоороо насаа барсан нохой. Аль нь илүү жаргал үзсэн бол? Харин эсрэгээр нь хүнийг нохой шиг амьдруулахыг хэн ч үл тэвчинэ. Нохойд нь нохойн жаргал, хүнд нь хүний жаргал. Хорвоогийн жам гэдэг энэ ажаам.
“Өвлийн нар нь ээ хө
Өвөлдөө дулаан даа хө” гэсэн ардын дуу онож хэлсэн ажээ.


Зургийг http://www.tibetanmastiff.org/photogallery/displayimage.php?album=11&pos=9 сайтаас татав.

3 comments:

Наранбаяр said...

Neg ochij uzehsen. Golden Eagle shuu dee. Manaikhaar bol tsarmiin burged. Japan d aimaar hovordson.

Aapyyl said...

Саяхан японы TV гээр 104 муур vхсэн тухай мэдээгээр нь гарсан тухай анги дээрээ ярилцсан юм. Тэжээж байсан эмэгтэй нь ямар учираас тийм олон муур цуглуулсан нь сонирхсонгvй. Тэрнээс vvдээд яриaны сэдэв маань японд гэрийн тэжээмэл амьтан vхвэл яaдаг вэ гэсэн асуудал руу ороод. Гэрийн тэжээмэл амьтан vххэд зvгээр л хогонд єгдєг бєгєєд, гэрийн эзэд нь хvсвэл 500 йен тєлєєд хогийн компаниас ирж ёслол тєгєлдєр авдаг юм байна лээ. Тэхээр япон дох гэрийн тэжээмэл амьтан vхэхдээ Монголд байгаа нохойнд атаархдаг байх даа.Амьдарсан шиг амьдраад vхэхдээ хаягдах, эсвэл жам тавилангаараа амьдраад vхэхдээ хvндэлvvлхийн аль нь дээр болдоо.
Наранбаярын хэлснээр жаргал гэдэг хувь тавилангаараа байдаг бололтой...

Unknown said...

Хэрэгтэй мэдээлэл оруулжээ. Үнэхээр л гадаадын өндөр хөгжилтэй орнуудад нохойнд зориулсан их л зүйл байдаг. Гэхдээ ноход тэрэнгүйгээр амьдарч болдог. Хөдөөлүүлэх ёс нь үнэхээр хүндэтгэлтэй санагдлаа. 10 20жилийн дараа хэрэг болохуйц юм.