Monday, May 29, 2017

Окада Хидэхиро гуай таалал төгсчээ.

Японы нэртэй түүхч Окада Хидэхиро гуайг өөд болсныг өнөөдөр дууллаа. Окада гуай Монголын түүх бичлэгээс дэлхийн түүх бичлэг эхэлнэ гэсэн санааг анх дэвшүүлснээрээ түүхийн шинжлэх ухаанд ихээхэн хувь нэмэр оруулсан томхон түүхч байсан юм. Тэрбээр "Дэлхийн түүх мэндэлсэн нь" хэмээх цомхон боловч чанарлаг бүтээлээ орчуулах эрхийг өчүүхэн надад олгож, өмнөх үг бичин ирүүлж байсан нь саяхан шиг л санагдана. 
Хорвоо мөнх бус. Дэлхийн монгол судлалд жин дарах бүтээлээрээ монгол түмэнд ихээхэн тус хүргэсэн эрдэмтэн ийнхүү бурхны оронд заларчээ. Ум сайн амгалан болог.


Окада гуай нэрд гарсан олон бүтээл туурвиснаас Монгол, Хятад, Японы түүхээр бичсэн голлох бүтээлээс дурдвал, “Дэлхийн түүх мэндэлсэн нь” (1992), “Чингис хаан” (1994), “Түүх гэж юу вэ?” (2001), “Монголын эзэнт гүрний мандал буурал” (2001. Монгол хэлнээ орчуулагдсан), “Монголын эзэнт гүрнээс Чин гүрэн хүртэл” (2010), “Энх-Амгалан хааны захидлууд” (1979), “Тайваний хувь заяа” (1996), “Хятадын соёл иргэншлийн түүх” (2004), “Хятадыг хэн бүтээсэн бэ?” (2005), "Хэцүүхэн хөрш Хятад" (монгол хэлнээ орчуулагдсан), “Ва улс” (1977), “Японы түүх мэндэлсэн нь” (1994) зэрэг болно. Мөн Саган Сэцэний “Эрдэнийн товч”-ийг 2004 онд япон хэлнээ хөрвүүлжээ. 1957 онд 26 насандаа Японы Академийн шагналыг манж судлалын бүтээлээрээ хүртсэнээс гадна 1999 онд АНУ-ын Индианагийн Их сургуулийн Алтай судлалын шагналыг авчээ. Мөн 2008 онд түүний монгол судлалд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн манай Засгийн газраас “Алтан гадас” одонгоор шагнажээ.

No comments: