Sunday, January 08, 2017

Санхүүгийн шинэ үйлчилгээ

      Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалын эрин үе хаяанд ирлээ. Дөрөвдэх хувьсгалын гол хөдөлгүүр нь хиймэл оюун ухаан (AI) байх юм. 2045 он гэхэд AI хүнийхийг давах магадлалтай гэгдэж буй билээ. Дэлхийн энэ хөгжлийн хандлагын гадна бид гар хумхин суусангүй. Монголд AI ашигласан санхүүгийн үйлчилгээ эхэлжээ. 

    Өнөө цагт ухаалаг гар утастай л бол интернэтэд мөрөө үлдээгээгүй хүн гэж үгүй. Монгол инженерүүдийн бүтээсэн Lendmn хэмээх гар утасны аппликэйш нь таны хэн болох, хэр хэмжээний төлбөрийн чадвартай гэдгийг автоматаар тогтоогоод 50 мянгаас 1 сая хүртэл төгрөгийн зээлийг ердөө 1-5 минутын дотор олгоно. Барьцаа шаардахгүй агаад таны зээлийн хүсэлтийн дагуу гар утсанд тань мөнгө ороод ирнэ гэсэн үг. Капитализмын үндэс бол итгэлцэл. Итгэлцлийн үзүүлэлт өндөр байх нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлно. Хэрэглэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн нэр хүнд нь унаж, дахин зээл авах боломж нь хязгаарлагдана.

    Монголын мөнгө, санхүүгийн зах зээл дээр банк ноёрхож, барьцаатай, хүүтэй зээлийг бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд үзүүлсээр иржээ. Банкууд хөрөнгө оруулалт хийхээс илүү зээл олгох замаар хөрөнгийн зах зээлийн цусны эргэлтийн гол зүрх болдог билээ. Манай улсын хувьд зах зээл дээрхи мөнгө банкаар дамжин, зээл хэлбэрээр хэрэглэгчид очих тул хүү өндөр, хугацаа богино байдаг онцлогтой. Энэ тохиолдолд, бизнес эрхлэгч нар ажлын байрыг цомхотгох, богино хугацаанд өндөр ашиг бий болгохыг зорихоос өөр аргагүй болдгийг бид амьдралын туршлагаараа мэдэх билээ. 

       Монгол бол залуучуудын орон. Баялаг бүтээх, шинийг санаачлах залууст гарааны бизнес эрхлэх, бизнесээ дэмжихэд барьцаагүй зээл, хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Барьцаагүй зээл гэдэг ядууралтай тэмцэх хамгийн том зэвсэг юм. Мөнгө санхүүг хуваарилахад зөвхөн банкууд бус банк бус санхүүгийн байгууллагууд, вентур капитал сангууд оролцож, олон талт байдлыг бий болгох цаг болжээ. 

        Монгол бол далайд гарцгүй, хоёр том хөршид хашигдсан орон. Тийм болохоор бид дэлхийн энгээр сэтгэж, даяаршлын давалгаанд хөлөг онгоцоо зөв залах цаг учиртай.


Image may contain: phone

No comments: