Шинэ Монгол сургуульд жижүүр багш, менежер, нийгмийн ажилтан, ахлах сургуулийн сурагч нар өглөө бүр үүдэнд хүүхдүүдээ угтаж мэндэлдэг. Багш, сурагч нарын энэ үйл ажиллагаа ихээхэн утга учиртай.
Угтан авч мэндлэх, угтуулан авахуулж мэндлэх хоёр сэтгэлзүйн хоёр өөр орчин. Угтан авч мэндлэх нь өөрийн зүгээс эхэлж мэндлэх гэсэн идэвхитэй үйлдлээс улбаатай. Энэ үед энэ хүүхэд яагаад над руу харахгүй байна, яасан дуу нь сул юм, би ч гэсэн ингэдэг байх даа гэх мэт олон зүйлийг ажигладаг. Угтан авч мэндэлж үзсэн хүн дараа хүнтэй мэндлэхдээ яг энэ идэвхитэй үйлдлээ хадгалсаар байдаг агаад мэндлэхийн ач холбогдол, утга учрыг гүнзгий ойлгосон байдаг юм.
Мэндлэх гэдэг хүмүүс эхлэн золгоход сэтгэлийн үүдийг нээж өгдөг чухал алхам. Таньдаг атлаа мэндийн зөрүүгүй өнгөрвөл тэр нь хоёр хүн өс зангидсан, эсвэл сэтгэлээ нээх хүсэлгүй, хоёр биенээ үл тоомсорлосныг илэрхийлж буй хэрэг.
Мэндэлснээр сэтгэлийн цонх нээгдэж, бие биедээ хандсан хүндлэл үүснэ. Хүндлэл гэдэг хүнийг алагчлах явцуу үзлийг үлдэн хөөнө. Хүнийг алагчилдаггүй, хүндэлж чаддаг хүн өөрийгөө ч хүндэлдэг гэсэн үг. Өөрийгөө хүндэлж чаддаг хүн бие даасан үзэл бодолтой, хүчтэй нэгэн байдаг. Ийм хүчтэй хүн бусдыг хайрладаг, энэрэнгүй нэгэн байдаг. Хайр, энэрлээр дүүрсэн сэтгэлтэй хүний эргэн тойрон ямагт аз жаргалаар бялхаж байдаг билээ.
No comments:
Post a Comment