Манай Ерөнхий боловсролын системд сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашид дэвшин суралцах их дээд сургуулийн талаар зөвлөгөө өгөх, дэмжих, шалгалтад бэлдүүлэх, төгсөгчиддөө ажлын байр олгоход дэмжлэг үзүүлэх, тэдэнтэй амин холбоотой ажиллах шинж чанар нэлээд дутмаг байдаг нь ажиглагддаг. Тиймээс бид энэ бүх шинж чанарыг өөртөө агуулсан тогтолцоог Шинэ Монголын дотор бий болголоо. Энэ бол Шинэ Монгол карьер хөгжлийн төв юм.
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн (ШМЭХ) харьяанд Карьерийн төв нээгдэж буй нь Ерөнхий боловсролын ШМС төдийгүй өнөөгийн боловсролын тогтолцоонд шинэчлэлийн шинжтэй алхам болж буйг тэмдэглэе.
Карьер төв ШМЭХ-ийн харьяа сургуулиудын сурагч, оюутанд ирээдүйн ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх, танилцуулах, гадаад дотоодын их дээд сургуулийн мэдээллээр хангах, элсэлтийн шалгалтад бэлдэхэд туслалцаа үзүүлэх, ШМЭХ-ийн харьяа ахлах сургууль, коллеж, дээд сургууль хоорондын уялдааг бэхжүүлэх, багш ажилчдад карьерийн талаар мэдлэг олгох, төгсөгч нарын мэдээллийг цуглуулах, шаардлагатай хэмжээнд түгээх, төгсөгчдөд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон үүргийг гүйцэтгэнэ. Монголын боловсролын тогтолцоонд хамгийн хэрэгцээтэй атлаа тэр бүр хийгдэлгүй орхигдож ирсэн энэхүү орон зайд үйл ажиллагаагаа дагнан явуулах болж буйд тус төвийн ач холбогдол оршино.
Төгсөгчид нь сургуультайгаа амин холбоотой төдийгүй өөр хоорондоо алтан хэлхээтэй байх нь агуу сургуулийн чанар мөн. Түүний зэрэгцээ сургууль мөрөөдлөөр дүүрч, мөрөөдөл бүр бодит алхам болон жигүүрээ дэлгэн дүүлэн нисдэг байх ёстой. Эдгээр чанар чухамхүү Карьер төвөөр дамжин биеллээ олох учиртай. Шинэ Монгол сургуулийн захирал, багш нар, төгсөгчдийн хооронд бат нут барилдлага тогтож ирсэн уламжлал бий. Өнөөдөр энэ уламжлал Карьер төвийн тогтолцоогоор дамжин улам бэхжих боломжтой боллоо.
Төвийг байгуулах ажлыг анхнаас нь дэмжсэн ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах багш, байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Г.Суурь, Имай Чиэ, Н.Мөнхбаясгалан, Б.Батбаяр даргадаа болон төвийг байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 1-р үеийн төгсөгч нартаа талархлаа илэрхийлье.
Карьер төвөөс олон мөрөөдөл жигүүрээ дэлгэн гарч, ирээдүйн агуу Шинэ Монголыг бүтээх болтугай.
No comments:
Post a Comment