Цыган нараас сэхээтэн төрж эхэлсэнд "Тэд удахгүй тусгаар тогтнолоо зарлах нь" гэж судлаачид ихээхэн сэрэмжилсэн байдаг. Учир нь сэхээтнүүд түүхээ бичиж, тэндээс үндэсний үзэл төрдөг болохоор тэр.
Түүх бичих сэхээтэн бол үндэсний хэмжээний хүн байдаг гэж би боддог. Түүх, хэл соёл, философийн судалгаа хамрах хүрээгээрээ ч өргөн юм. Үндэсний хэмжээний ийм сэхээтэн ховор төрнө. Үе бүрээс ч төрөхгүй. Тухайн нийгмийн үе шатад хэдхэн л мэндэлнэ. Байгалийн ухаан, инженерчлэл, эдийн засаг, хууль эрхзүйн сэхээтнүүд олноор төрж, материаллаг орчныг бүрдүүлдэг бол оюун санааны хүрээг үндэсний хэмжээний сэхээтнүүд бүрдүүлдэг. Тэдний бүтээсэн оюун санааны хүрээ улсын тусгаар тогтнолын суурь болж, тэндээс олон сэхээтэн төрж, үндэстэн хүчирхэгждэг болов уу.
Монголын хувьд орчин цагийн үндэсний хэмжээний сэхээтэн төрөх түүх Агийн Буриадаас эхтэй гэж би хувьдаа боддог. Энэ тал нутгаас Дорж Банзаров (1822-1855), Цэвээн Жамсранов (1880-1942) хэмээх хоёр агуу эрдэмтэн төрж, Цэвээн Жамсрановын нөөлгөөр Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн хэмээх Монголын хоёр том сэхээтэн мэндэлсэн билээ. Түүхчдээс гэвэл Ш.Нацагдорж (1918-2001), хэл шинжээчдээс Ш.Лувсанвандан, зохиолчдоос их Нацагдорж, Буяннэмэх, Ядамсүрэн, Намдаг, Дарма Батбаяр гээд агуу сэхээтэн төржээ.
Том сэхээтэн, суутан яаж төрдөг юм бол? Бодоод байх нь ээ, дараах нөхцөл бүрдсэн байвал төрөх магадлал өндөр болно.
1. Үе дамжсан уламжлал. Ихэнхи суутан үе дамжсан боловсролтой хүмүүсийн дундаас төрсөн байх нь элбэг.
2. Сайн сургууль, сайн багш, сайн номтой учирсан байх.
3. Үзэсгэлэнт сайхан байгальтай газарт өссөн байх. Агуу Дамдинсүрэн Матадын талаас төрсөн бол Буяннэмэх, Батбаяр нар Дэлгэрхангай уулнаас төрсөн гээд тоочоод байвал жишээ олон.
4. Цаг үеийн шаардлага, хүлээлт.
Өнөөгийн хотын сургуулиудад 1,2, 4 нь байна. Харин 3-ыг бодлогоор бий болгох хэрэгтэй. Хөдөлмөр зуслан, сурагч солилцоо, намрын аялал гээд эх орныхоо байгалиар бахдах, байгальтайгаа ойр орших ухааныг бид хүүхдүүдэд сургах цаг болжээ. Шинэ Монгол сургуульд энэ талаар хэрэгжүүлсэн, хийсэн ажил нэлээдгүй бий. Хэдэн жилийн дараа үндэсний хэмжээний сэхээтнүүд олноор төрөх болтугай.
No comments:
Post a Comment