Sunday, January 08, 2017

Багшийг хөглөх нь (2015)

Ном дор мөргөмү
Будда дор мөргөмү
Багш дор мөргөмү


Бурхны судар энэ үгээр эхэлж, монголчууд болон дорно дахины уламжлалд уг үзэл гүн бат суужээ. Багшийг шүтсэнээр багшийн эрдэм шавьд уламжлагдана гэх. Үүнд л асуудлын цөм оршмуй. 

Багш самбарын өмнө зогсоод, эсвэл анги дундуур яваад зааж буй дүр зургийг та ангид харна. Хүүхэд багшаа сэтгэлээсээ хүндлэн, зааж буй хичээлийг сонирхож, анхаарлаа төвлөрүүлэн суралцаж байвал багш ч гэсэн байдгаараа мэрийдэг. Багш хүүхдийн сониуч зан, мэдлэгт тэмүүлэх сэтгэлийг өдөөж, хүүхэд балын амтанд дурлах зөгий мэт багшийн хичээлд хандсанаар багшийн сэтгэл ч хөглөгдөж, нийцтэй уур амьсгал, яруу тансаг аялгуу үнэртсэн сайн хичээл өрнөдөг юм. Ийм хичээлээс агуу багш, агуу шавь төрнө. Багшийг хөглөгч нь хүүхэд ажгуу.

Сэтгэл сэтгэлийн дотроос хүндлэх сэтгэл хамгийн эрхэм. Хүндлэлээс хайр үүсч, хайраас эерэг бүхэн ундарна. Тиймээс л багшийг хүндэлж байж түүний эрдмийг ав хэмээн дорно дахинд сургадаг ажээ. 

Багшийг хүндлэх нь зөвхөн багш шавийн хоорондын асуудал бус, "багш-эцэг эх-шавь" гэсэн харилцаанд ч хамаатай. Сургуулийн үйл ажиллагааг сайжруулах ухаалаг зөвлөгөө, бүтээлч санал, зүйтэй шүүмжлэл, зохистой урам өгдөг сайхан эцэг эх маш олон байдагт би баярладаг. Багшид, сургуульд хандсан бүтээлч шүүмжлэлийг бид хүлээн авч улам сайн сургалт явуулахын тулд чармайдаг. Бүтээлч, зөв зүйтэй шүүмжлэл хаа хаанаа хэрэгтэй. Түүний зэрэгцээ саар хандлагыг гаргадаг эцэг эх ч байдаг нь харамсалтай.

Эцэг эхийн зүгээс багшийг үл хүндлэн хүүхдийн дэргэд загнаж дайрдаг үзэгдэл хаа нэг гардаг. Ийм зүйлээс сайн зүйл төрөхгүй нь ойлгомжтой. Хүндлэх сэтгэлийн үзүүрт тос, доромж сэтгэлийн үзүүрт эвдрэл оршмуй. 

Сургууль гэдэг нийтийн баялаг. Боловсон хүчин гэдэг нийгмийн баялаг. Боловсон хүчин сайн багшийн гараас төрөн гардаг. Аминч үзэл, доромж сэтгэл, алагчлах хандлагыг таягдваас сайн багш жаргалтай нийгмийг цогцлоох агуу шавь нарыг маш олноор төрүүлнэ. Нийтийн баялаг, нийгмийн баялгийг төрүүлэгч сургууль болон багш нарын алдар бадартугай.   

No comments: