Бурхан багшийн эх сургаалийг номлосон "Доржзодов" буюу "Очироор огтлогч" судрыг ойлгоход арай дөхөм орчин цагийн монгол хэлнээ зүрхлэн орчууллаа. Чингэхдээ Накамүра Хажимэ, Кино Казүёши хэмээх япон эрдэмтэд уг судрыг санскрит эх, хятад орчуулга, уламжлалт япон орчуулга, төвд орчуулга, англи орчуулгыг ашиглан орчин цагийн япон хэлнээ буулгаж, Иванами хэвлэлийн газраас 1960 онд хэвлүүлснийг олж аван, өөрийн ойлгосон хэмжээнд орчуулсан болно. Түүний зэрэгцээ интернэтэд буй ихээхэн хялбаршуулсан англи орчуулга хийгээд Жавзандамба хутагт төвөөс 2014 онд эмхэтгэн гаргасан "Очироор огтлогч ба түүний тус эрдэм" хэмээх номыг гарын авлага болгон ашиглав.
Уг судрын агуулга гүн гүнзгий, ойлгоход бэрх юм. Мөн Бурхан багшийн олон нэр цол зэргийг манай уламжлалт орчуулгад хэрхэн буулгаж ирснийг нарийвчилмаар зүйл нэлээд байна. Ажигласан, бодсоноо цаашдаа тэмдэглэх болно. Алдаа мадаг мэдээж олон буй тул уншигчид надад комментоо үлдээвэл сайн байна.
БИЛГИЙН ЧИНАДАД ХҮРГЭХ ОЧИРООР ОГТЛОГЧ СУДАР
1. Би ингэж сонслоо. Нэгэн цагт Бурхан багш Шаравастийн Хотлыг баясгах цэцэрлэгт нэгэн мянга хоёр зуун их хувраг, шавь нарын хамт морилон бөлгөө. Ялж төгс нөгчсөн өглөө эртлэн хувцсаа өмсөөд Шаравасти хотод очиж, бадар барин идээ гуйв. Хотын дотор өглөг гуйж дуусмагцаа цэцэрлэгтээ буцан морилж, идээгээ идэж бараад хувцас, бадраа хураагаад өлмийгөө угаан дэвсгэр засаж, очирт завилгаагаар лагшин цэх шулуун заларчээ. Энэ үед олон хувраг Бурхан багшид дөхөн очоод өлмийгөөс адис авмагц Бурхан багшийг нар зөв гурвантаа тойроод нэгэн дор суув.
2. Тэр цагт их шавь Субуди ахлаач олны дунд сууж авай. Субуди суудлаасаа босч, баруун мөрөө ил гарган хувцсаа сугалдаргалагмагц баруун хөлөөрөө өвдөглөн, алга хавсран мөргөөд Бурхан багшид хандан ийн өгүүлэв.
- Багш минь ээ, Жаргалтай хүмүүн минь ээ, Ялж төгс нөгчсөн, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Зөв гэгээрлийг олсон хүмүүний ачаар[1] гэгээрлийг эгээрэгч, сайн язгуурт олон хүмүүн мэргэн ухаан, мэдлэгийг олсон билээ. Бидний тусын тулд эгэлгүй сэтгэлээр хандсан тань гайхамшиг болой, Амгалангаар ажирсан[2] минь ээ, гайхамшиг болой.”
- Ялж төгс нөгчсөн минь ээ, сайн язгуурт хөвгүүд охид гэгээрлийн замд оръё хэмээвээс тэд хэрхэн амьдарч, хэрхэн үйлдэж, хэрхэн сэтгэлээ барих ёстой вэ?
Багш зарлиг болруун,
- Тэр тийм болой, Субуди. Амгалангаар ажирсан бээр гэгээрлийг эгээрэгч, сайн язгуурт хүмүүст тусын дээдээр тусалж, гэгээрлийг эгээрэгч, сайн язгуурт хүмүүст дээдийн сургаалыг заасан билээ. Сайтар сонсогтун, сайтар тунгаагтун. Субуди, чамд би гэгээрлийн замд орохыг хүсэгч хүмүүн хэрхэн амьдарч, хэрхэн үйлдэж, хэрхэн сэтгэлийг тогтоох талаар номлосу.
- Айлдагтун, багш минь ээ.
3. Багш зарлиг болруун,
- Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн дараах сэтгэлийг үүсгэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Субуди, “Хамаг амьтан цөм, өндөгнөөс мэндэлсэн, умайгаас мэндэлсэн, чийгээс мэндэлсэн, өөрөө төрөн мэндэлсэн, хэлбэртэй, хэлбэргүй, ухамсартай, ухамсаргүй гээд хамаг амьтныг би төрөх үхэхийн тойргоос ангижрах нирваанд хүргэх бүлгээ. Тоолшгүй олон хамаг амьтанг цөм нирваанд[3] хүргэвч үнэн хэрэгтээ нэг ч амьтан нирваанд хүрэхгүй билээ.” Яагаад гэвэл Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн “амьд хэмээх бодол”-д баригдваас хэдийн гэгээрлийг эгээрэгч бус болмуй. Яагаад гэвэл Субуди, “бодгаль” хэмээх бодолд ээрэгдэж, “амьд хэмээх бодол”, “бодгаль хэмээх бодол”, “хувь хүн хэмээх бодол”-д автсанаар гэгээрлийг эгээрэгч болж чаддаггүй юм.
4. Тэгэхээр Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн эдэд үл автан өглөг өгөгтүн. Ямар нэг зүйлд баригдаж өглөг өгч болохгүй. Дүрсэд оршин өглөг өгч болохгүй. Дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хийгээд сэтгэлд оршин өглөг өгч болохгүй. Субуди, энэ мэтчилэн гэгээрлийг эгээрэгч хүмүүн мөрөө үлдээхийг хүсэн өглөг өгч болохгүй юм. Яагаад гэвэл Субуди, аливаад үл оршин өглөг өгвөөс гэгээрлийг эгээрэгч хүмүүний буян ихээр хурж, түүнийг хялбар хэмжих аргагүй болдог учиртай. Субуди үүнийг хэрхэн сэтгэнэм? Дорно огторгуйг хялбар хэмжих болов уу?
Субуди бээр: - Багш аа, хэмжиж болохгүй билээ.
Бурхан багш зарлиг болруун:
- Үүнтэй адилаар өмнө, өрнө, умар, дээд, доод зүг зовхисын арван зүгийн огторгуйг бүхэлд нь хэмжиж болох болов уу?
Субуди бээр: - Багш аа, хэмжиж болохгүй билээ” хэмээн хариулав.
Бурхан багш зарлиг болруун:
- Үүнтэй адилаар аливаад үл оршин өглөг өгсөн гэгээрэл эгээрэгч хүмүүний хураасан буянг хялбар хэмжих боломжгүй юм. Субуди минь, гэгээрлийг эгээрэн хүсэгч бээр ийнхүү мөрөө үлдээх хүсэлд автахгүйгээр өглөг өгч байх хэрэгтэй
5. - Субуди минь ээ, үүнийг хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд онцлог бий юу? Субуди бээр: - Ялж төгс нөгчсөн минь ээ, тийм бус билээ. Амгалангаар ажирсанд онцлог байхгүй билээ. Учир юун хэмээвээс, “онцлог байна гэдэг нь онцлог байхгүй гэсэн үг” гэж Амгалангаар ажирсан айлдсан болохоор тэр юм гэсэнд Бурхан багш Субудид хандан зарлиг болруун: - Субуди, онцлог бий гэвэл тэр нь хуурмаг болох бөгөөд онцлог байхгүй гэвэл тэр нь хуурмаг биш болох юм. Тиймээс Амгалангаар ажирсаныг онцлог бий, онцлог байхгүй гэсэн хоёр талаас үзэх учиртай болой.
6. Субуди Бурхан багшаас ийн асуув. - Багш минь ээ, ирэх 500 жилд зөв сургаал мөхөх цагт энэ судрыг номловч үнэн хэмээн бодох хүн байх болов уу?
Бурхан багш зарлиг болруун: - Субуди, ингэж хэлж болохгүй. Үүнээс чинагш ирэх хоёр дахь 500 жилийн зөв сургаал мөхөх цагт сахилыг сахиж, буян хураасан, бодол гүнзгий гэгээрлийг эгээрэгч хүмүүн эдгээр үгийг сонсоод үнэн хэмээн бодох болно. Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгч эдгээр хүмүүн нэгэн гэгээрсэн хүнд (бурхан) шадарлан хутгийг олоогүй, сайны үрийг соёолуулаагүй, хэдэн арван түмэн гэгээрсэн хүнд шадарлан хутгийг олж, сайны үрийг соёолуулсан байх агаад энэхүү судрын үгийг номлохуйд цэвэр тунгалаг шүтлэгийг олж авах биз ээ.
Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр гэгээрсэн хүний ухаанаар тэднийг мэдэж байна. Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр гэгээрсэн хүний нүдээр тэднийг харж байна. Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр тэднийг мэдэрч байнам. Субуди, тэд бултаар хязгааргүй буяныг хураан өөрийн болгох болно. Яагаад гэвэл, Субуди, эдгээр гэгээрлийг эгээрэгч хүмүүнд “би” хэмээх бодол төрөхгүйн дээр “амьд” хэмээх бодол, “бодгаль” хэмээх бодол, “хувь хүн” хэмээх бодол ч төрөхгүйн учир билээ. Мөн эдгээр гэгээрлийг эгээрэгч хүмүүнд “юм хэмээх бодол” ч, “юм бус юм хэмээх бодол ч” үл төрмүй. Түүний зэрэгцээ, Субуди, тэдэнд “бодох”, “бодохгүй” гэсэн бодол ч үл төрөх учраас тэр. Энэ нь юуны учир вэ хэмээвээс, Субуди, хэрэв тэдгээр гэгээрлийг эгээрэгч хүмүүнд “юм хэмээх бодол” төрөх аваас тэдэнд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх, хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг.
Хэрэв “юм бус юм хэмээх бодол” төрөх аваас тэдэнд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх , хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг.
Яагаад вэ?
Үнэндээ бол Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн номыг барьж үл болохын сацуу ном бусыг барьж ч үл болох билээ. Чингээд Амгалангаар ажирсан бээр энэ санаагаа дараах үгээр номлов. “Сал хөлөглөгчөөр үлгэрлэснийг мэдэх хүмүүн номыг хүртэл хаях хэрэгтэй. Ном бус бол бүр ч тэгэх ёстой.
7. Түүний дараа багштан Субуди-гээс ийн асууруун, “Субуди, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсан бээр үүнээс илүү зөв гэгээрэл үгүй хэмээн бодитоор гэгээрүүлсэн ном бий юу? Мөн Амгалангаар ажирсаны сурган үзүүлсэн ном бий юу?”
Энэ асуултад Субуди ийнхүү хариулав. “Багш минь ээ, миний таны сургаалиас ухсаны хүрээнд авч үзвээс, Амгалангаар ажирсан бээр үүнээс илүү зөв гэгээрэл үгүй хэмээн бодитоор гэгээрүүлсэн ном огт байхгүй билээ. Мөн Амгалангаар ажирсаны сурган үзүүлсэн ном ч байхгүй. Энэ нь юуны учир хэмээвээс, Амгалангаар ажирсаны бодитоор гэгээрүүлсэн хийгээд сурган үзүүлсэн номыг танин мэдэж, амаар тайлбарлах аргагүй болохоор тэр юм. Энэ бол ном бус, бас ном бус зүйл ч бус. Энэ нь ямар учиртай хэмээвээс, богд хүмүүн яахын аргагүй тэр зүйлээр илэрч буйтай холбоотой.
8. Багш асууруун: - Субуди хэрхэн сэтгэнэм? Сайн язгуурт хөвгүүд, охид энэхүү хязгааргүй орчлонг долоон эрдэнээр дүүргэж өглөг өгвөөс сайн язгуурт тэдгээр хөвгүүд охид энэ үйлээрээ их буян хураах болов уу?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, жаргалтай хүмүүн минь ээ, сайн язгуурт тэдгээр хөвгүүд охид тэрхүү үйлдлээрээ олон олон буяныг хураах болно. Яагаад вэ гэвэл, багш минь ээ, “Амгалангаар ажирсны номлосон буяныг хураана гэдэг нь буяныг үл хураах” хэмээн Амгалангаар ажирсан номлосонтой холбоотой. Тийм болохоор Амгалангаар ажирсан бээр “буян хураа, буян хураа” хэмээн номлодог билээ.
Багш өгүүлрүүн: - Тэгэхээр Субуди, сайн язгуурт хөвгүүд, охид энэхүү хязгааргүй орчлонг долоон эрдэнээр дүүргэж өглөг өгсөн байлаа ч энэ номын дөрвөн мөр шүлгийг аваад бусдад үзүүлж, номлон сонсговоос энэ нь энэхүү үйлдлийнхээ үрээр илүү их цаглашгүй буяныг хураасанд тооцогдмуй. Энэ нь яагаад вэ хэмээвээс Субуди, Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, зөв гэгээрлийг олсон хүмүүний дээдийн зөв гэгээрэл ч гэсэн эндээс төрсөн агаад гэгээрлийг олсон хүмүүн бурхад ч гэсэн эндээс л гэгээрлийг олсонд буй юм. Яагаад гэвэл Субуди, “Гэгээрсэн хүмүүний замнал ном, гэгээрсэн хүмүүний замнал ном гэдэг нь гэгээрсэн хүмүүний замнал ном биш” гэж Амгалангаар ажирсан сургасан болохоор тэр. Тийм учраас “гэгээрсэн хүмүүний замнал ном” хэмээн нэрлэгддэг болой.
9. а. Бурхан асууруун “Субуди, хэрхэн сэтгэнэм? Нирвааныг олсон хүмүүнд “би нирваанд хүрлээ” гэсэн бодол төрөх болов уу?”
Субуди хариулруун, “Багш минь ээ, тийм бус билээ. Учир нь нирвааныг олсон хүмүүн “Би нирваанд хүрлээ” хэмээн бодох учир байхгүй юм. Яагаад гэвэл, багш минь ээ, тийм хүмүүн юу ч болоогүй байгаад юм. Чухам тийм учраас л “Нирваанд хүрсэн хүмүүн” гэгдэх болой. Тийм хүмүүн дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, сэтгэлийг олоогүй. Чухам тийм учраас л “Нирваанд хүрсэн хүмүүн” гэгдэх болой. Багш минь ээ, хэрвээ нирвааныг олсон хүмүүн “Би нирваанд хүрсэн хүн” гэсэн бодлыг үүсгэх л юм бол түүнд би-д хүлэгдсэн баримтлал байна гэсэн үг агаад амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх, хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг.
9.б. Багш асууруун: - Субуди хэрхэн сэтгэнэм? Дахин ганц төрөөд гэгээрэх хүмүүн “Би ганц л удаа дахин төрөөд гэгээрэх үйлийн үрд хүрсэн хүн” гэсэн бодол үүсгэх үү?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Дахин ганц төрөөд гэгээрэх хүмүүн “Би ганц л удаа дахин төрөөд гэгээрэх үйлийн үрд хүрсэн хүн” гэсэн бодол үүсгэх учиргүй билээ. Учир нь дахин ганц төрөөд гэгээрэх нь байх боломжгүйд буй юм. Тийм учраас л “Дахин ганц л төрөөд гэгээрэх хүмүүн” хэмээгдэх билээ.
9.в. Багш асууруун: - Субуди хэрхэн сэтгэнэм? “Дахин хэзээ ч төрөхгүй хүмүүн” бээр “Би дахин хэзээ ч төрөхгүй үйлийн үрд хүрсэн” гэсэн бодол үүсгэх үү?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Дахин хэзээ ч төрөхгүй хүмүүн “Би дахин хэзээ ч эргэн төрөхгүй байх үйлийн үрд хүрсэн хүн” гэсэн бодол үүсгэх учиргүй билээ. Учир нь дахин хэзээ ч эргэн төрөхгүй нэгэн боллоо ч гэсэн тийм байх боломжгүйд буй юм. Тийм учраас л “Дахин хэзээ ч эргэн төрөхгүй нэгэн” хэмээгдэх билээ.
9.г. Багш асууруун: - Субуди хэрхэн сэтгэнэм? Хүндэтгэл хүлээх хүмүүн бээр “Би хүндэтгэл хүлээх хүмүүн” гэсэн бодол үүсгэх үү?
Субуди хариулруун, - Багш минь ээ, тийм бус билээ. “Хүндэтгэл хүлээх хүмүүн” бээр “Би хүндэтггэл хүлээх хүмүүн” гэсэн бодол үүсгэх учиргүй билээ. Учир нь Хүндэтгэл хүлээх хүмүүн гэсэн зүйл байхгүйд буй юм. Тийм учраас л ““Хүндэтгэл хүлээх хүмүүн” хэмээгдэх билээ. Багш минь ээ, хэрэв “Хүндэтгэл хүлээх хүмүүн” бээр “Би хүндэтгэл хүлээх хүмүүн” гэсэн бодол үүсгэх л юм бол түүнд түүнд би-д хүлэгдэх баримтлал байгаа гэсэн үг агаад амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх, хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг юм.
9.д. Энэ нь яагаад гэвэл, багш минь ээ, Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Ялж төгс нөгчсөн бээр намайг “Тэмцэлгүй амгалангаар цэнгэгч тэргүүн хүмүүн” гэсэн билээ. Багш минь ээ, би бээр Хүндэтгэл хүлээх хүмүүн бөгөөд шуналаас ангид нэгэн болсон билээ. Гэхдээ багш минь ээ, би бээр “Хүндэтгэл хүлээх хүмүүн бөгөөд шуналаас ангид нэгэн болсон” гэсэн бодол үүсгэхгүй. Багш минь ээ, хэрвээ би “Хүндэтгэл хүлээх хүмүүний хэмжээнд хүрсэн” гэсэн бодол үүсгэсэн бол Амгалангаар ажирсан бээр намайг “Сайн хөвгүүн Субуди “Тэмцэлгүй амгалангаар цэнгэгч тэргүүн хүмүүн агаад юунд ч үл автах тул тэмцлээс ангид хүмүүн, тэмцлээс ангид хүмүүн” хэмээн хэлэхгүй биз ээ.
10.а. Багш асууруун: - Субуди хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсан бээр Хүндэтгэл хүлээх хүмүүн, Ялж төгс нөгчсөн хүмүүн болох Дийпанкара-гаас олж авсан зүйл бий болов уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм зүйл байхгүй ээ. Амгалангаар ажирсан бээр Хүндэтгэл хүлээх хүмүүн, Ялж төгс нөгчсөн хүмүүн болох Дийпанкара-гаас олж авсан зүйл огт байхгүй билээ.”
10.б. Багш өгүүлрүүн: - Субуди минь ээ, аль нэгэн гэгээрлийг эгээрэгч бээр “Би улсаа хөгжүүлж чадна” гэж хэлбэл энэ нь буруу зүйл хэлсэн хэрэг болох билээ. Учир юу вэ хэмээвээс Субуди Амгалангаар ажирсан бээр “Улсаа хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх гэдгийг хөгжүүлэх бус” гэж номлосон учраас тэр юм. Тийм учраас л “Улсаа хөгжүүлэх” гэж хэлдэг болой.
10.в. Тийм болохоор, Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгч, сайн язгуурт хүмүүс аливаад үл орших сэтгэлийг барих хэрэгтэй. Аливаа нэг юманд оршсон сэтгэлийг үүсгэж болохгүй. Дүрсэд оршсон сэтгэлийг үүсгэж болохгүй. Дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, сэтгэлд оршсон сэтгэлийг үүсгэж үл болмуй.
Субуди минь ээ, тухайлбал, энд нэгэн үлэмж аварга биетэй хүмүүн байгаад, уулсын хаан Сүмбэр мэт байвал, Субуди минь ээ, түүний бие том уу?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, том байлгүй яах вэ, Жаргалтай хүмүүн минь ээ, том байлгүй яах вэ. Яагаад гэвэл, багш минь ээ, Амгалангаар ажирсан бээр “Бие, бие хэмээвч тэр нь үл оршино” хэмээсэн болохоор тэр. Тийм учраас л “Бие” гэж хэлнэм билээ. Багш минь ээ, тэр бол байна ч гэсэн үг биш, байхгүй ч гэсэн үг биш. Чухам тийм болохоор л “бие” хэмээгдэнэ.”
11. Багш асууруун: - Субуди хэрхэн сэтгэнэм? Ганга мөрний элсний тоогоор Ганга мөрөн оршино гэж үзье. Тэгвэл тэдгээр мөрний элс олон байх уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, ганц Ганга мөрөнд цагшлашгүй олон буй за. Тэгвэл олон Ганга мөрөн болбоос бүр ч их болох биз ээ”
Багш айлдруун: - Чамд тэгвэл би хэлж өгье. Субуди минь ээ, чамд сайн ойлгуулъя. Тийм олон Ганга мөрний элсний тоотой адил ертөнцийг охид хөвгүүд долоон зүйлийн эрдэнээр дүүргээд өглөг өгсөн гэж бодъё. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Эдгээр охид, хөвгүүд энэ үйлээрээ их буян хураах болов уу?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, Жаргалтай хүмүүн минь ээ, тэдгээр охид хөвгүүд олон, олон хэмжээлшгүй, тоолж баршгүй буяныг хураах болно.
Багш зарлиг болруун: - Үнэндээ Субуди минь ээ, охид хөвгүүд тийм ертөнцийг долоон зүйлийн эрдэнээр дүүргээд өглөг өгсөн байлаа ч язгуур сайт охид хөвгүүд энэхүү судраас дөрвөн мөр шүлгийг аваад бусдад үзүүлж, номлон сонсговоос энэ нь энэхүү үйлдлийнхээ үрээр илүү их цаглашгүй буяныг хураасанд тооцогдмуй.
12. Цаашлаад Субуди, аль ч нутагт байсан энэхүү судраас дөрвөн мөр шүлгийг аваад бусдад хэлж, номлон сонсговоос тэрхүү нутаг бурхад, хүмүүс, ассур нарын оршдог ертөнцийн хувьд суваргатай адил болмуй. Тэр бүү хэл энэхүү судрыг нэг бүрчлэн чээжлээд уншиж, судалж, бусдад нарийвчлан номлон сонсгодог хүмүүс байваас, Субуди минь ээ, тэд “дээдийн номыг хураасан хүмүүс” болох болно. Субуди минь ээ, тийм нутагт багш хэмээгдэх хүмүүс сууж, мөн “цэцэн билэгт багшийн зиндаанд тооцогдох хүмүүс” суух билээ.
13.а. Ийнхүү өгүүлэхэд Субуди багшаас ингэж асууруун: - Энэ судрыг юу гэж нэрлэх вэ? Бас энэ судрыг хэрхэн чээжилбэл зохих вэ? гэхэд Багш бээр ийнхүү хариулав.
- Субуди минь ээ, энэ судрыг “Билгийн чинадад хүрэх” гэж нэрлэе. Ингэж тогтоон чээжлэхэд болно. Яагаад вэ гэвэл, Субуди, “Амгалангаар ажирсаны номлосон “Билгийн чинадад хүрэх” нь “Билгийн чинадад хүрэх бус” гэж Амгалангаар ажирсан бээр номлосонд байгаа юм. Тийм болохоор л “Билгийн чинадад хүрэх” хэмээн нэрлэгддэг болой.
13.б. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсаны номлосон ном гэж байна уу?
Субуди хариулруун, “Багш минь ээ, тийм юм байхгүй болой. Амгалангаар ажирсаны номлосон ном гэж байхгүй билээ.”
13.в. Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Энэ хязгааргүй орчлонгийн газрын тоос олон уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тэгэлгүй яах вэ, олон. Жаргалтай хүмүүн минь ээ, тэр бол олон. Яагаад вэ гэвэл, Амгалангаар ажирсан минь ээ, “Амгалангаар ажирсны номлосон газрын тоос болбоос газрын тоос биш” гэж Амгалангаар ажирсан айлдсан болохоор тэр. Тийм болохоор л газрын тоос хэмээж буй юм. Мөн “Амгалангаар ажирсаны номлосон энэхүү ертөнц бол ертөнц биш” гэж Амгалангаар ажирсан номлосон болохоор тэр юм. Тийм болохоор л “ертөнц” гэж хэлдэг болой.
13.г. Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Ялж төгс нөгчсөн хүмүүнийг агуу хүнд байдаг 32 онцлогоор ялган таньж болох уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Ялж төгс нөгчсөн хүмүүнийг агуу хүнд байдаг 32 онцлогоор ялган таньж болохгүй. Яагаад вэ гэвэл, багш минь ээ, “Амгалангаар ажирсны номлосон агуу хүнд байдаг 32 онцлог нь онцлог биш” гэж Амгалангаар ажирсан номлосон болохоор тэр юм. Тийм учраас л “Агуу хүнд байдаг 32 онцлог” гэгддэг болой.
13.д. Багш айлдруун: - Мөн Субуди минь ээ, нэгэн охин, нэгэн хөвгүүн өдөр бүр Ганга мөрний элсний тоотой адилаар биеэ өргөж, тийн өргөсөөр Ганга мөрний элсний тоотой адил хязгааргүй цаг хугацаанд биеэ өргөсөн байлаа ч энэхүү судраас дөрвөн мөр шүлгийг аваад бусдад үзүүлж, номлон сонсгосон хүмүүн байваас тэрхүү хүмүүн энэ үйлдлийнхээ үрээр илүү их цаглашгүй буяныг хураасанд тооцогдмуй.
14.а. Энэ цагт Субуди бээр номыг сонссондоо сэтгэл догдлон нулимс дусаав. Тэрбээр нулимсаа арчаад багшдаа хандан ийн өгүүлрүүн: - Багш минь ээ, гайхамшигтай зүйл болой, Жаргалтай хүмүүн минь ээ, гайхамшигтай зүйл болой. “Дээдийн замыг хөөгч хүмүүн”-ий тусын тулд бас тэгээд “Хамгийн зөв замыг хөөгч хүмүүн”-ий тусын тулд Амгалангаар ажирсан бээр энэхүү судрыг номлосон нь. Тэгээд багш минь ээ, чингэсний үрээр надад билиг ухаан бий болсон нь.”
Багш минь ээ, би ийм номыг урьд өмнө огт дуулж байгаагүй билээ. Багш минь ээ, энэ сургаалийг номлохыг сонсоод үнэн хэмээн бодол үүсгэх гэгээрлийг эгээрэгч бээр дээдийн чанарыг өөртөө шингээсэн байх биз ээ. Яагаад вэ гэвэл багш минь ээ, үнэн хэмээх үзэх бодол нь үнэн бус бодол болохоор тэр. Тиймээс Амгалангаар ажирсан “Үнэн хэмээх бодол, үнэн хэмээх бодол” гэж буй билээ.
14.б. Гэхдээ, багш аа, энэ номыг номлохыг би хүлээн авч ойлгох нь тийм ч бэрх бус байв. Гэвч багш минь ээ, цаашдаа дараагийн цаг үед хоёр дахь 500 жилд зөв сургаал мөхөхийн үест хүмүүс энэхүү судрыг аваад чээжилж, уншиж, судалж, бусдад тайлбарлалаа гэхэд тэдгээр хүмүүс дээдийн чанарыг өөртөө шингээсэн нэгэн болж чадах уу?”
14.в. Гэлээ гээд багш минь ээ, бас тэдгээр хүмүүст би хэмээх бодол төрөхгүйн дээр амьд хэмээх бодол, бодгаль хэмээх бодол, хувь хүн хэмээх бодол ч төрөхгүй биз ээ. Бас тэдгээр хүмүүст бодох, бодохгүй гэсэн бодол ч төрөхгүй билээ. Тэр нь яагаад вэ гэвэл, багш минь ээ, би гэдэг бодол нь бодохгүй гэсэн үг бөгөөд амьд хэмээх бодол, бодгаль хэмээх бодол, хувь хүн хэмээх бодол ч гэсэн бодохгүй гэсэн үг болохоор тэр болой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бурхад болох Хүндэтгэл хүлээх хүмүүс нь бүх бодлоос алслан холдсон байдаг болохоор тэр болой.
14.г. Ийнхүү өгүүлэхэд багш Субудид хандан ингэж айлдав. “Яг тийм Субуди минь ээ, яг тийм. Энэ судрыг номлоход үл гайхаж, үл айж, үл сүрдсэн хүмүүс болбоос дээдийн чанарыг шингээсэн хүмүүс билээ. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди минь ээ, Амгалангаар ажирсаны номлосон энэхүү дээдийн чинад бол үнэндээ чинад биш болохоор тэр юм. Мөн Субуди минь ээ, Амгалангаар ажирсаны дээдийн чинад хэмээн номлосныг хэмжээгүй олон Ялж төгс нөгчигсөд бас номлосон болохоор тэр болой. Тийм болохоор “Дээдийн чинадад хүрэгч” хэмээгддэг юм.
14.д. Гэхдээ мөн Субуди минь ээ, Амгалангаар ажирсаны хүлцэхүйн чинад нь чинад биш билээ. Тэр нь яагаад вэ гэвэл, Субуди минь ээ, дээр цагт нэгэн муу хаан миний бие, гар хөлнөөс мах огтчин авах цагт надад би хэмээх бодол, амьд хэмээх бодол, бодгаль хэмээх бодол, хувь хүн хэмээх бодол ч төрөөгүйн дээр бодох хэмээх зүйл, бодохгүй хэмээх зүйл ч төрөөгүй билээ.
Тэр нь чухам яагаад вэ гэвэл Субуди минь ээ, хэрэв тэр цагт надад би гэсэн бодол байсан бол “үзэн ядах бодол” төрсөн байж таарахын дээр амьд хэмээх бодол, бодгаль хэмээх бодол, хувь хүн хэмээх бодол байсан бол үзэн ядах бодол төрсөн байж таарна.
Энэ нь яагаад вэ гэвэл Субуди минь ээ, өнгөрсөн үедээ 500 жилийн хугацаанд би “Хүлцэхийг номлогч” хэмээх богд хүмүүн байснаа би маш тодорхой санаж байна. Тэр үед надад би гэсэн бодол ч байгаагүй, амьд хэмээх бодол ч байгаагүй, бодгаль хэмээх бодол ч байгаагүй, хувь хүн хэмээх бодол ч байгаагүй билээ.
Тийм болохоор Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгчид, сайн язгуурт хүмүүс бүх бодлоосоо ангижирч дээдийн зөв гэгээрлийн сэтгэлийг үүтгэх хэрэгтэй. Дүрсэд оршсон сэтгэлийг үүсгэж болохгүй. Дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, сэтгэлд оршсон сэтгэлийг үүсгэж үл болмуй. Номлолд оршсон сэтгэл үүсгэж болохгүй. Номлол бусад автсан сэтгэл үүсгэж болохгүй. Аливаад оршсон сэтгэл үүсгэж болохгүй. Чухам яагаад юм бэ гэвэл, аливаад оршсон гэдэг бол аливаад оршоогүй гэсэн үг болохоор тэр юм. Тийм учраас Амгалангаар ажирсан бээр “гэгээрлийг эгээрэгч хүмүүн ямар нэг зүйлд баригдаж өглөг өгч болохгүй. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хийгээд сэтгэлд оршилгүй өглөг өгөх хэрэгтэй” гэж номлосон юм.
14.е. Цаашлаад Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгч бээр хамаг амьтны тусын тулд ингэж өглөг өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл, Субуди минь ээ, амьтан гэдэг бодол нь бодол биш болохоор тэр юм. Ийнхүү Амгалангаар ажирсан бээр хамаг амьтан хэмээн номлосон эдгээр зүйл нь үнэндээ амьтан бус болой. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр үнэнийг өгүүлдэг, үнэний зарчмыг өгүүлдэг бөгөөд байгаагаар нь өгүүлдэг, алдаагүй өгүүлдэг болохоор тэр болой. Амгалангаар ажирсан бээр худлыг өгүүлдэггүй билээ.
14.ё. Цаашлаад Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр бодитоор гэгээрч, үзүүлж, бодож бясалгасан номын дотор үнэн үгүйн дээр худал ч үгүй билээ. Субуди минь ээ, үүнийг үлгэрлэвээс нүд байвч харанхуйд орсон хүмүүн юу ч олж үздэггүйн адил юм. Аливаа зүйлийн дотор орсон гэгээрлийг эгээрэгч хүмүүнийг ч ингэж үзэх ёстой. Тэд аливаа зүйлийн дотор орж байж өглөг өгөх ёстой юм.
Субуди, үүнийг бас дахин үлгэрлэвээс, нүдтэй хүмүүн шөнө дуусч нар хөөрөхөд олон өнгө зүсийг ялган харж чаддаг болдогтой адил. Аливаа зүйлийн дотор унан ороогүй гэгээрлийг эгээрэгч хүмүүнийг ч ингэж үзэх ёстой. Тэд аливаа зүйлийн дотор унаж оролгүй өглөг өгдөг юм.
14.ж. Тэгэхээр Субуди минь ээ, язгуур сайт охид, хөвгүүд энэ судрыг барин чээжилж, уншиж, ойлгож, бусдад нарийвчлан номлож сонсголоо гэж бодъё. Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр гэгээрэлд хүрсэн хүний билгээр тэднийг мэдэж байна. Амгалангаар ажирсан бээр гэгээрэлд хүрсэн хүний нүдээр тэднийг харж байна. Амгалангаар ажирсан бээр ийм хүмүүсийг мэдэж байна. Субуди минь ээ, ийм хүмүүс бүгд хэмжээлшгүй, цаглашгүй жаргал буяныг хурааж, өөрийн болгох нь дамжиггүй ээ.
15.а. Мөн Субуди, охид хөвгүүд үдээс өмнө Ганга мөрний элсний тоотой адил биеэрээ өргөл өргөж, мөн үдийн алдад ч Ганга мөрний элсний тоотой адил биеэрээ өргөл өргөж, мөн орой ч гэсэн Ганга мөрний элсний тоотой адил биеэрээ өргөл өргөж, энэ аргаараа хязгааргүй урт хугацаанд биеэрээ өргөл өргөснөөс энэхүү номыг сонсоод даган баясваас энэ үйлийн үрээр бүр илүү, хэмжээлшгүй, цаглашгүй жаргал буянг хураах билээ. Тэгээд бүр хуулан бичээд даган сурч, чээжилж, уншиж, ойлгож, бусад хүмүүнд нарийвчлан номлож сонсговоос бүр ч илүү байх болно.
15.б. Мөн цаашлаад Субуди, энэ ном гайхалтай агаад харьцуулшгүй юм. Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр энэ номыг дээдийн замыг эгээрэгч хүмүүн, хамгийн зөв замыг эгээрэгч хүмүүн нарт зориулан номлов. Зарим хүн энэ номыг олж аваад чээжилж, уншиж, ойлгож, бусад хүмүүнд нарийвчлан тайлбарлаж сонсгох биз ээ. Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр гэгээрэлд хүрсэн хүний билгээр тэднийг мэдэж байна. Амгалангаар ажирсан бээр гэгээрэлд хүрсэн хүний нүдээр тэднийг харж байна. Амгалангаар ажирсан бээр ийм хүмүүсийг мэдэж байна. Субуди минь ээ, эдгээр хүмүүс бүгд хэмжээлшгүй жаргал буяныг хураах биз ээ. Гайхалтай агаад харьцуулшгүй, хэмжээлшгүй, цаглашгүй жаргал буяныг тэд хураах биз ээ. Субуди минь ээ, эдгээр хүмүүс бүгд өөрсдөө гэгээрэх буй за.
Энэ нь яагаад вэ гэвэл энэ номыг бишрэл, ойлголт дутсан хүмүүн сонсч чадахгүй учраас тэр юм. Өөртөө хүлэгдсэн хүмүүс, амьд зүйлд хүлэгдсэн хүмүүс, бодгальд хүлэгдсэн хүмүүс, хувь хүнд хүлэгдсэн хүмүүс энэ номыг сонсож үл чадах билээ. Гэгээрлийн эгээрэх тангараг өргөөгүй хүмүүс энэ номыг сонсож, эсвэл барьж авч, эсвэл чээжилж, эсвэл уншиж, эсвэл ойлгож чадахгүй юм. Энэ бол боломжгүй зүйл билээ.
15.в. Гэхдээ бүр Субуди минь ээ, аль ч нутагт энэ судрыг номлосон нутаг бурхад, хүмүүс, ассур нарын оршдог ертөнцөд тахигдах ёстой болох биз ээ. Тийм нутагт нар зөв эргэн мөргөдөг болох биз ээ. Тэр нутаг суварга адил болох биз ээ.
16.а. Субуди минь ээ, язгуур сайт охид, хөвгүүд энэ судрыг барин чээжилж, уншиж, ойлгож, сайтар бясалгаж бодоод, бусдад нарийвчлан номлож сонсголоо ч гэсэн тэднийг доромжилж, туйлын бэрхээр доромжилж ч магад юм. Энэ нь яагаад вэ гэвэл тэдгээр хүмүүс нь урьд төрөлдөө цайруулах ёстой нүглийг хэдэнтээ үйлдсэн агаад энэ төрөлдөө бусдад доромжлогдох байдлаар урьд төрлийн ариун бус явдлыг цайруулснаар гэгээрэлд хүрэх учиртай болохоор тэр болой.
16.б. Яагаад вэ гэвэл, Субуди, би сайтар санаж байна. Тоолшгүй олон он цагийн өмнө Дийпангара хэмээх Амгалангаар ажирсан, Ялж төгс нөгчсөн, Гэгээрэлд хүрсэн хүмүүн байгаад түүнээс өмнө, бүр түүнээс өмнө тоолшгүй олон Гэгээрэлд хүрсэн хүмүүс байсан билээ. Би эдгээр хүмүүст үйлчлэн баясгаж, үйлчлэн баясгаад үл салах бүлгээ.
Субуди минь ээ, би эдгээр Гэгээрэлд хүрсэн хүмүүн, Ялж төгс нөгчигсөд нарт үйлчлэн баясгаж, үйлчлэн баясгаад үл салж ирсэн боловч чинагш ирэх хоёр дахь 500 жилийн зөв сургаал мөхөх эрин цагт энэхүү судрыг барин чээжилж, уншиж, ойлгож, бусдад нарийвчлан номлож сонсгох аваас Субуди минь ээ, ийм хүний хураах жаргал буян хэмээгч нь өмнөх хүний хураах жаргал буянтай харьцуулахад 100 дахин их байх бөгөөд бүр 1000 дахин, 100 мянга дахин, 100 сая дахин, 10 тэрбум дахин, 1000 тэрбум дахин их байна. Тоо хэмжээ, ангилал, тооцоолол, зүйрлэл, төрлөөр ч үүнийг илэрхийлэх аргагүй.
16.в. Субуди минь ээ, хэрвээ би эдгээр сайн язгуурт охид, хөвгүүдийн хураах жаргал буяны талаар тайлбарлах хэрэгтэй болбоос эдгээр сайн язгуурт охид хөвгүүд хэр их жаргал буяныг хураасныг сонсоод хүмүүс сэтгэл донсолж, төсөөлөх аргагүй болох билээ. Субуди минь ээ, энэ ном үнэхээрийн гайхалтай гэж Амгалангаар ажирсан бээр номлосон агаад номын хүч чадал ч мөн гайхалтай байх болно.
17.а. Тэр цагт Субуди ахлаач багшаас ийн асууруун: - Багш минь ээ, гэгээрлийг эгээрэгч хүмүүн хэрхэн амьдарч, хэрхэн биеэ авч явж, хэрхэн сэтгэлээ барих ёстой вэ?
Багш айлдруун: - Субуди минь ээ, гэгээрлийг эгээрэгч хүмүүн дараах сэтгэлийг үүсгэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, “Би хамаг амьтанд нирваанд хүрэх замыг зааж оруулах ёстой. Гэхдээ ийнхүү хамаг амьтанд нирваанд хүргэх замыг заан оруулсан боловч нэг ч амьтан нирвааны замд ороогүй” хэмээн сэтгэнэ.
Энэ нь яагаад вэ гэвэл Субуди, гэгээрлийг эгээрэгч хүмүүн “амьд” хэмээх сэтгэлийг үүсгэвээс тэрбээр гэгээрлийг эгээрэгч хүмүүн бус болох учраас тэр юм. “Бодгаль хэмээх бодол, бодгаль хэмээх бодол”-ыг үүсгэвээс гэгээрлийг эгээрэгч хүмүүн бус болох учраас тэр. Яагаад гэвэл, Субуди, “Гэгээрэлд хүрэх замд орсон хүмүүн” гэж байхгүй болохоор тэр болой.
17.б. Субуди, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсан би вээр Дийпангара Амгалангаар ажирсаны дэргэд дээд чинадын гэгээрлийг олж авсан хэмээх зүйл бий болов уу?
Чингэхэд Субуди ахлаач багшийн асуултад ийн хариулруун: - Багш минь ээ, багшийн айлдсанаас миний ухан ойлгосноор бол Амгалангаар ажирсан та Хүндэтгэл хүлээх хүмүүн, Гэгээрэлд хүрсэн хүмүүн болох Дийпангара Амгалангаар ажирсаны дэргэд дээд чинадын гэгээрлийг олж авсан хэмээх зүйл огт байхгүй билээ.
Чингэхэд багш Субуди ахлаачид хандан ийн айлдав. - Тийм, Субуди, тийм. Амгалангаар ажирсан би вээр Хүндэтгэл хүлээх хүмүүн, Гэгээрэлд хүрсэн хүмүүн болох Дийпангара Амгалангаар ажирсаны дэргэд дээд чинадын гэгээрлийг олж авсан зүйл огт байхгүй билээ.
Субуди минь ээ, гэхдээ Амгалангаар ажирсаныг гэгээрэлд хүргэсэн ном байгаа гэж үзвэл Дийпангара Амгалангаар ажирсан намайг “Залуу минь ээ, чи ирээдүйн орчлонд Шагжамуни нэртэй Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Гэгээрэлд хүрсэн хүмүүн болно” гэж зөгнөхгүй байсан биз ээ.
Гэхдээ Субуди минь ээ, дээд чинадын гэгээрэлд хүргэх гэгээрлийн ном огт байхгүй болохоор намайг Дийпангара “Залуу минь ээ, чи ирээдүйн орчлонд Шагжамуни нэртэй Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Гэгээрэлд хүрсэн хүмүүн болно” гэж зөгнөсөн билээ
.
17.в. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди, Амгалангаар ажирсан гэдэг нь Туйлын үнэний нөгөө нэг нэр юм.
Субуди минь ээ, Амгалангаар ажирсан гэдэг нь мэндлэхээс ангижирсан оршихуйн нөгөө нэг нэр болой. Субуди минь ээ, Амгалангаар ажирсан гэдэг нь туйлын үл мэндлэхээс ангижирсан оршихуйн нөгөө нэг нэр болмуй. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди минь ээ, мэндлэн төрөхгүй байна гэдэг нь дээдийн үнэн болохоор тэр юм.
17.г. Субуди минь ээ, “Хэрэв хэн нэгэн Амгалангаар ажирсан би вээр Хүндэтгэл хүлээх хүмүүн, Гэгээрэлд хүрсэн хүмүүн дээдийн зөв гэгээрэлд хүрсэн” гэвэл тэр хүмүүн буруу зүйл өгүүлж буй гэсэн хэрэг болно. Субуди минь ээ, тийм хүмүүн худалд баригдаж, намайг шүүмжилсэн гэсэн үг болно. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр дээдийн зөв гэгээрэлд хүрсэн явдал огтоос үгүй болохоор тэр билээ. Мөн Субуди, Амгалангаар ажирсан бээр бодитоор гэгээрэлд хүрсэн ном гэвэл үүнд үнэн худал аль аль нь үл оршмуй. Тиймээс Амгалангаар ажирсан “Бүх ном гэгээрэлд хүрсэн хүний ном” хэмээн сургадаг билээ. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди, “Бүх ном үнэндээ ном биш” гэж Амгалангаар ажирсан сургасанд байгаа юм. Тийм учраас л “Бүх ном” гэж байгаа юм.
17.д. Жишээлбэл, Субуди минь, тэгш зохицсон том биетэй хүн байна гэсэнтэй адил зүйл юм.
Ахлаач Субуди өгүүлрүүн: - Амгалангаар ажирсаны айлдсан “тэгш зохицсон том биетэй хүн” гэдэг нь багш минь ээ, үнэндээ бие үгүй хүн гэж Амгалангаар ажирсан сургасан билээ. Тийм учраас “тэгш зохицсон том биетэй” гэж хэлж буй юм.
17.е. Багш айлдруун: - Субуди минь ээ, тэр тийм билээ. Хэрэв гэгээрлийг эгээрэгч хүмүүн “Би хамаг амьтныг нирваанд хөтлөх болно” хэмээвээс тийм хүмүүнийг гэгээрлийг эгээрэгч гэж үл хэлмой. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди минь ээ, тодорхой нэгэн гэгээрлийг эгээрэгч гэгдэх хүмүүн байх болов уу?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Тодорхой нэгэн гэгээрлийг эгээрэгч гэгдэх хүмүүн байхгүй юм.
Багш айлдруун: - Субуди минь ээ, “амьд зүйл, амьд зүйл гэгдэх зүйл үнэндээ амьд зүйл бус” гэж Амгалангаар ажирсан айлдсан. Тийм учраас л амьд зүйл мөн. Тийм учраас л Амгалангаар ажирсан “Бүх зүйлд би үгүй, бүх зүйлд амьд үгүй, бодгаль үгүй, хувь хүн үгүй” хэмээдэг билээ.
17.ё. Субуди минь ээ, хэрэв гэгээрлийг эгээрэгч хүмүүн “Би улсаа хөгжүүлж чадна” гэж хэлсэн бол энэ хүмүүн ч гэсэн мөн л гэгээрлийг эгээрэгч бус болмуй. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди минь ээ, Амгалангаар ажирсан бээр “Улсаа хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх” гэдэг нь “Улсаа хөгжүүлэх бус” гэж номлосон учраас тэр юм. Тийм учраас л “Улсаа хөгжүүлэх” гэж хэлдэг болой.
17.ж. Субуди минь ээ, хэрэв гэгээрлийг эгээрэгч хүмүүн “Аливаад “би” байхгүй, аливаад “би” байхгүй” гэдгийг итгэн ойлговол Амгалангаар ажирсан, Ялж төгс нөгчсөн, Зөв гэгээрлийг олсон тийм хүмүүнийг Гэгээрлийг эгээрэгч хүмүүн, Шилдэг хүмүүн гэх билээ.
18.а. Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд махан бодийн нүд бий юу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Махан бодийн нүд бий билээ.
Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд тэнгэрийн нүд бий юу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Тэнгэрийн нүд бий билээ.”
Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд билгийн нүд бий юу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Билгийн нүд бий билээ.
Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд номын нүд бий юу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Номын нүд бий билээ.
Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд Бурхны нүд бий юу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Бурхны нүд бий билээ.
18.б. Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Ганга мөрний бүх элс, энэ элсийг Амгалангаар ажирсан номлосон уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Жаргалтай хүмүүн минь ээ, тийм билээ. Амгалангаар ажирсан энэ элсийг номлосон билээ.
Багш асууруун: - Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Ганга мөрний бүх элсний тоотой тэнцэх Ганга мөрөн байгаад мөн тэдгээр дотор байгаа элсний тоотой тэнцүү ертөнц байна гэвэл энэ нь олон уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Жаргалтай хүмүүн минь ээ, тийм билээ. Тэдгээр ертөнц олон билээ.
Багш айлдруун: - Эдгээр ертөнцийн хамаг амьтны зүсэн зүйлийн сэтгэлийн урсгалыг би мэдэх бөлгөө. Яагаад вэ гэвэл Субуди, “сэтгэлийн урсгал, сэтгэлийн урсгал” гэдэг нь урсгал биш” болохоор тэр юм. Тийм учраас л “сэтгэлийн урсгал” гэгдмой. Яагаад вэ гэвэл Субуди, өнгөрсөн сэтгэлийг шүүрдэх аргагүй, ирэх сэтгэлийг шүүрдэх аргагүй, одоогийн сэтгэлийг шүүрдэх аргагүй болохоор тэр юм.
19. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Сайн язгуурт хөвгүүд, охид энэхүү хязгааргүй орчлонг долоон эрдэнээр дүүргэж өглөг өгвөөс сайн язгуурт тэдгээр хөвгүүд охид энэ үйлээрээ их буян хураах болов уу?”
Субуди хариулруун: - Багш минь ээ, их байлгүй яах вэ. Жаргалтай хүмүүн минь ээ, их байлгүй яах вэ.
Багш зарлиг болруун: - Тийм ээ Субуди, тийм. Сайн язгуурт хөвгүүд, охид энэ үйлээрээ их буян хураана. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди, “Буян хураана, буян хураана” гэгч нь “хураахгүй” гэж Амгалангаар ажирсан номлосон болохоор тэр юм. Тийм болохоор “Буян хураана” гэдэг юм. Субуди минь ээ, хэрвээ буян хураах гэж байна гэвэл Амгалангаар ажирсан “Буян хураана, буян хураана” гэж номлохгүй байсан биз ээ.
20.а. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанг төгөлдөр биетэй гэж үзэх ёстой юу?
Субуди хариулруун: - Тийм бус билээ. Амгалангаар ажирсанг төгөлдөр биетэй гэж үзэх ёсгүй. Энэ нь яагаад вэ гэвэл, багш минь ээ, “төгөлдөр биетэй, төгөлдөр биетэй” гэдэг нь үнэндээ тийм биегүй гэсэн үг билээ. Тийм л учраас “төгөлдөр биетэй” хэмээгддэг билээ.
20.б. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанг онцлогтой гэж үзэх ёстой юу?
Субуди хариулруун: - Тийм бус билээ. Амгалангаар ажирсанг онцлогтой гэж үзэх ёсгүй. Энэ нь яагаад вэ гэвэл, багш минь ээ, “онцлогтой” гэдэг нь үнэндээ онцлог байхгүй гэсэн үг” гэж Амгалангаар ажирсан номлосон учраас билээ. Тийм учраас “онцлогтой” хэмээгддэг билээ.
21.а. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд “Би ном заасан” гэсэн бодол төрдөг болов уу?
Субуди хариулруун: - Тийм бус билээ. Амгалангаар ажирсанд “Би ном заасан” гэсэн бодол төрөхгүй билээ.
Багш айлдруун, - Субуди минь ээ, “Амгалангаар ажирсан номыг заасан” гэж номлосон хүмүүн байвал тэр хүмүүн алдаатай зүйл номлосон болох билээ. Субуди минь ээ, тэр хүмүүн үнэн бусад баригдаж, намайг шүүмжлэхэд хүрнэ. Яагаад гэвэл, Субуди, “Ном заасан, ном заасан” гэж хэлэвч ном заасан гэж хүлээн зөвшөөрөгдөх зүйл огт байх учраас юм.
21.б. Багшийг ийн айлдмагц Субуди ахлаач багшаас ийнхүү асуув. – Багш минь ээ,
үүнээс чинагш ирэх хоёр дахь 500 жилд зөв сургаал мөхөх цагт ийм номыг сонсоод итгэх хүмүүн байх болов уу?
Багш хариулруун: - Субуди минь ээ, тэд амьд зүйл бас амьгүй зүйл ч биш билээ. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди минь ээ “амьд зүйл, амьд зүйл гэдэг нь цөм амьгүй зүйл мөн” гэж Амгалангаар ажирсан номлосон учраас юм. Тийм л учраас “амьд зүйл” хэмээгддэг билээ.
22. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсан дээдийн зөв гэгээрэлд хүрсэн хэмээх зүйл бий болов уу?
Субуди ахлаач хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Амгалангаар ажирсан дээдийн зөв гэгээрэлд хүрсэн хэмээх зүйл огт байхгүй билээ.
Багш айлдруун: - Тэр тийм билээ, Субуди, тийм билээ. Хумхын тоос мэт зүйл ч тэнд үл орших агаад үл хүлээн зөвшөөрөгдөх билээ. Тийм болохоор “Дээдийн зөв гэгээрэл” хэмээгдэх болой.
23. Мөн түүнчлэн Субуди минь ээ, тэрхүү ном эрх тэгш агаад түүнд ямар ч алагчлал байхгүй билээ. Тийм учраас “дээдийн зөв гэгээрэл” гэгддэг юм. Дээдийн зөв гэгээрэл бол би үгүй, амьд зүйл үгүй, бодгаль үгүй, хувь хүн үгүй гэдгээс үүдэн эрх тэгш агаад хамаг сайны номын хүчээр дээдийн зөв гэгээрэлд хүргэх билээ. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди минь, “Сайны ном, сайны ном гэгч ном бус” гэж Амгалангаар ажирсан номлосон болохоор тэр юм. Тийм л учраас “сайны ном” хэмээгдмой.
24. Мөн түүнчлэн Субуди минь ээ, нэг хүүхэн эсвэл нэг хөвгүүн энэ хязгааргүй сансарт орших, уулсын хаан Сүмбэр уулын тоотой тэнцэм долоон зүйлийн эрдэнийг цуглуулж өглөг өгсөн байлаа гэхэд харин язгуур сайт охид, хөвгүүд энэ билгийн чинадад хүрэх номын дөрвөн мөр шүлгийг аваад бусдад номлон сонсгосон бол өмнө дурдсан буян хураах үйл нь дараа дурдсан буян хураах үйлдтэй харьцуулахад зууны нэг хувьд ч хүрэхгүй агаад түүнтэй адилтгашгүй юм.
25. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? “Би хамаг амьтанг авран гэтэлгэсэн” гэсэн бодол Амгалангаар ажирсанд төрөх болов уу? Субуди минь ээ, чингэж үзэж үл болох билээ. Учир нь Амгалангаар ажирсаны авран гэтэлгэсэн амьтан нэг ч үгүй болой. Мөн Субуди, Амгалангаар ажирсан авран гэтэлгэсэн гэх амьтан байна гэвэл Амгалангаар ажирсанд өөрийн би-д хүлэгдэх, амьд юмст хүлэгдэх, бодгальд хүлэгдэх, хувь хүнд хүлэгдэх баримтлал байна гэсэн үг болох биз ээ. Субуди минь ээ “өөрийн би-д хүлэгдэх баримтлал хэмээгч нь баримтлал байхгүй гэсэн үг” хэмээн Амгалангаар ажирсан номлосон билээ. Гэвч мунхаг хүмүүс үүнд хүлэгдэн баригддаг билээ. Субуди минь ээ, “мунхаг хүмүүс” гэдэг нь мунхаг хүмүүс биш болой хэмээн Амгалангаар ажирсан сургасан билээ. Тийм учраас л “мунхаг хүмүүс” гэгдэх болой.
26.а. Субуди, минь ээ хэрхэн сэтгэнэм? Амгалангаар ажирсанд онцлог бий гэж үзэх ёстой юу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Багшийн айлдсан үгийн утгыг миний ухан ойлгосноор бол Амгалангаар ажирсанд онцлог бий гэж үзэх учиргүй билээ.
- Үнэн, үнэн Субуди минь, яг тийм, Субуди, чиний хэлсэн зөв билээ. Амгалангаар ажирсанд онцлог бий гэж үзэх учиргүй юм. Энэ яагаад вэ гэвэл, Субуди минь, хэрэв Амгалангаар ажирсанд онцлог бий гэж үзэх юм бол Хүрдэн эргүүлэгч хаан ч гэсэн Амгалангаар ажирсан мөн гэж үзэхэд хүрнэ. Тийм учраас л Амгалангаар ажирсанд онцлог бий гэж үзэж болохгүй юм.
Субуди ахлаач багшид хандан дараахыг өгүүлэв. – Багш минь ээ, таны айлдсан үгийн учрыг сайтар эргэцүүлбээс Амгалангаар ажирсанд онцлог бий гэж үзэх учиргүй билээ.
Багш энэ үед дараах шүлгийг аялгуулав.
Бурхныг дүрсээр үзэж
Бурхныг дуугаар сонсохыг хүсэгч хүмүүн
Бурангүй төөрөгдөлд автсан нэгэн
Бурхныг хүмүүн үзэж чадахгүй билээ.
27. Субуди минь ээ, хэрхэн сэтгэнэм? Онцлог бүхий байж Амгалангаар ажирсан дээдийн гэгээрэлд хүрсэн болов уу? Гэвч Субуди чи тэгж үзэж үл болмуй. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди, онцлог бүхий байж Амгалангаар ажирсан дээдийн гэгээрэлд хүрээгүй болохоор тэр юм. Мөн түүнчлэн Субуди минь ээ, хэн нэг нь “гэгээрлийг эгээрэгчийн зам мөрд орох хүнд ямар нэгэн ном мөхөж, тасардаг юм” гэж хэлж магад. Гэвч Субуди, тэгж үзэж үл болно. Энэ нь яагаад вэ гэвэл, гэгээрлийг эгээрэгчийн зам мөрд орох хүнд юу ч мөхөж, тасардаггүй болохоор тэр юм.
28. Мөн Субуди минь ээ, сайн язгуурт хөвгүүд охид Ганга мөрний элсний тоотой адил ертөнцийг долоон зүйлийн эрдэнээр дүүргээд өглөг өгсөн гэж бодъё. Гэтэл гэгээрлийг эгээрэгч хүн “Номд би гэсэн зүйл үгүй, үүсэх гэсэн зүйл ч үгүй” гэдгийг ойлговол хэмжишгүй, цаглашгүй их буяныг түүнээс ч илүү буяныг хураах болно. Гэхдээ мөн Субуди, гэгээрлийг эгээрэгч хүн, сайн язгуурт хүмүүн хураасан буянаа өөрийн болгож болохгүй.
Субуди ахлаач асууруун: - Багш минь ээ, гэгээрлийг эгээрэгч хүн хураасан буянаа өөрийн болгох ёстой юм биш үү?
Багш хариулруун, - Өөрийн болгох ёстой ч үүнд баригдаж болохгүй. Ийм утгаараа “өөрийн болгож болохгүй” гэж хэлж буй юм.
29. Мөн Субуди, хэрэв хэн нэг нь “Амгалангаар ажирсан одсон, ирсэн, эсвэл зогссон, эсвэл суусан, эсвэл хэвтсэн” гэж номловол тэр хүмүүн миний хэлсэн үгийн утгыг ойлгоогүй байна гэсэн үг. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди минь ээ, Амгалангаар ажирсан хаашаа ч үл одох бөгөөд хаанаас ч үл ирэх билээ. Тийм учраас л “Амгалангаар ажирсан, Хүндэтгэл хүлээх хүмүүн, Зөв гэгээрлийг олсон хүмүүн” гэгдэх билээ.
30.а. Тэгээд мөн Субуди минь ээ, сайн язгуурт хөвгүүд охид жишээлбэл, энэхүү хязгааргүй сансарт орших эх газрын шорооны тоотой тэнцүү ертөнцийг тоолшгүй хичээл зүтгэлээр хумхын тоосны чуулган мэт болгосон бол Субуди минь ээ, тэрхүү хумхын тоосны чуулган олон байх болов уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм билээ. Жаргалтай хүмүүн минь ээ, тийм билээ. Тэрхүү хумхын тоосны чуулган олон билээ. Яагаад вэ гэвэл, багш минь ээ, тэрхүү хумхын тоосны чуулган бодитой оршин байдаг бол багш “хумхын тоосны чуулган” хэмээн номлохгүй байсан билээ. Энэ нь яагаад вэ гэвэл, багш минь ээ, “Амгалангаар ажирсаны номлосон хумхын тоосны чуулган гэдэг нь чуулган биш” гэж Амгалангаар ажирсан сургасан болохоор тэр болой. Тийм учраас л “хумхын тоосны чуулган” гэгдэх билээ.
30.б. Мөн Амгалангаар ажирсан “Хязгааргүй сансар бол сансар бус” хэмээн номлосон билээ. Тийм учраас л “хязгааргүй” гэгдэх юм. Энэ нь яагаад вэ гэвэл, багш минь ээ, хэрэв сансар хэмээгч зүйл байваас “нэг бүхэл зүйл” гэсэн үзэлд баригдахад хүрнэ.
Багш айлдруун: - Субуди минь ээ, “нэг бүхэл зүйлд баригдах үзэл” гэдэг нь үгээр илэрхийлж, амаар хэлж үл чадах зүйл билээ. Энэ бол юм бус агаад “юм бус юм” ч бус. Энэ бол мунхаг хүмүүнийг баригдан татагдах юм билээ.
31.а. Энэ нь яагаад вэ гэвэл Субуди, хэн нэг нь “Амгалангаар ажирсан би-гийн тухай тайлбарласан, амьд зүйлийн тухай тайлбарласан, бодгалийн тухай тайлбарласан, хувь хүний тухай Амгалангаар ажирсан тайлбарласан” гэж номлолоо гэж үзье. Тэгвэл тэр хүн зөв номлосон болж таарах уу?
Субуди хариулруун: - Багш минь ээ, тийм бус билээ. Жаргалтай хүмүүн минь ээ, тийм бус билээ. Тэр хүнийг зөв номлосон гэж үзэж үл болно. Энэ нь яагаад вэ гэвэл багш минь ээ, “Амгалангаар ажирсангийн номлосон би-гийн тухай тайлбар нь тайлбар биш” гэж Амгалангаар ажирсан номлосон болохоор тэр юм. Тийм учраас л “би-гийн тухай тайлбар” гэх билээ.
31.б. Багш айлдруун, - Субуди минь ээ, тийм билээ. Гэгээрлийг эгээрэгчийн зам мөрд орсон хүн бүх зүйлийг мэдэх ёстой, үзэх ёстой, ойлгох ёстой. Дээр нь бас энэ зүйл хэмээх бодлыг үл зогсоохын тулд мэдэх ёстой, үзэх ёстой, ойлгох ёстой. Энэ нь яагаад вэ гэвэл, Субуди минь ээ, “Энэ зүйл хэмээх бодол, энэ зүйл хэмээх бодол нь үнэндээ бол бодол биш” гэж Амгалангаар ажирсан номлосон болохоор тэр юм. Тийм учраас л “энэ зүйл хэмээх бодол” гэх билээ.
32.а. Мөн Субуди, Гэгээрлийг эгээрэгч хүмүүн, язгуур сайн хүн хэмжээлшгүй, тоолшгүй ертөнцийн долоон зүйлийн эрдэнээр дүүргээд олон Амгалангаар ажирсан, Хүндлэл хүлээх хүмүүн, Дээдийн гэгээрлийг олсон хүмүүнд өглөг өгсөн гэж бодъё. Нөгөөтэйгүүр язгуур сайт хөвгүүд, охид энэхүү Билгийн чинадад хүргэх судраас дөрвөн мөрийг аваад чээжилж, уншиж, ойлгож, бусдад сурган сонсгосон гэвэл тэр нь энэ үйлээрээ хэмжишгүй, тоолшгүй их буяныг хураах болно. Тэгвэл хэрхэн сурган сонсгох билээ? Сурган сонсгохгүй байхад болно. Тийм учраас л “сурган сонсгох” гэх билээ.
Үзэгдэх ертөнц хэмээгч нь
Од, нүдний сүүдэр, улалзах гал
Зэрэглээ, шүүдэр, усны хөөс
Зүүд, гилбэлгээн, үүл мэт
Ийм л зүйл гэж үзвэл зохилтой.
Багш ийнхүү айлдав. Субуди ахлаач баярлаж, мөн олон хувраг, гэлэнмаа нар, гэцэл, гэцэлмаа нар мөн олон гэгээрлийг эгээрэгч, бурхад, хүмүүс, асур, гандарис нарын ертөнц бүгдээр багшийн сургасныг магтан дуулсан гэнэм.
Огтлогч очир, ариун дээд билгийн чинадад хүргэх судар ийнхүү төгсөв.
2 comments:
Их сайхан ном байна. Баярлалаа
Сайхан ном байна.
Post a Comment