Зөв соёл, хэвшил, хандлага, үзэл бодол, үйлдлийн "дарангуйлал"-ын талаар бодлоо. Энэ нь юу гэсэн үг вэ? Хүн гэдэг олныг дагамтгай амьтан. Олонхи хүн нь зөв хандлага, үйлдэл бүхий нийгэм, олонлог, бүлэг дотор буруу бодолтой, шударга бус ёсыг өвөрлөгч цөөнхи дуугарч, нөлөөгөө тэлж чаддаггүй гэсэн үг. Тийм хүмүүс олноо даган "зөвийн дарангуйлал"-д ордог гэсэн үг. Илүү ойлгомжтой болгохын тулд дараах асуултыг тавья.
Монгол хүн яагаад өндөр хөгжилтэй оронд очихоороо дүрэм журам, ариун цэвэр, цагийг баримталж, хариуцлагатай болдог юм бол? Эх орондоо байхдаа яагаад ингэж чаддаггүй юм бэ? Өндөр хөгжилтэй оронд яагаад шударга ёс харьцангуй сайн тогтсон байна вэ?
Дээрх асуултаас бид буруугийн дарангуйллыг 1990-ээд оноос хойш тогтоожээ гэж ерөнхийд нь дүгнэж болохоор байна. Шударга бус нь тахигдаж, шударга нь дарангуйлалд өртсөөр иржээ гэсэн дүр зураг тодорно. Тэгвэл яах вэ?
Ирээдүй үеэ "зөвийн дарангуйлал"-тай болгох хэрэгтэй. Шинэ Монгол сургуульд "Шинэ Монгол соёл" гэж буй. Энэ бол манай сургуулийн сурагчийн дүрэм. 9 зүйлтэй. Дүрэм журам энгийн цөөн байх нь зүйтэй гэж бид үздэг. Уг соёлын гол цөмд "чигч шударга байх, цаг баримтлах, мэндлэх хүндлэх" ёс чухал байр суурь эзэлдэг. Чигч шударга ёс үнэлэгддэгт эргэлздэггүй, шударга ёс эрхэм агаад хамгийн хүчтэй гэдэгт хатуу итгэдэг үеийг өсч өндийлгөхөд бид анхаардаг. Шударга ёсыг эрхэмлэхэд бид хүүхдийг сургах ёстой юм. Ганц жишээ дурдъя. Бид 12-р ангийн хүүхдүүдээс хянагч багшгүй шалгалт авдаг болоод хагас жил болов. Хуулбал шударга бус, хуулаагүй бол шударга юм. Багшгүй юм чинь хуулчихъя гээд олонхиороо хуулаад эхэлбэл "буруугийн дарангуйлал" тогтож, өөрийн чадлаа үзье гээд олонхиороо хуулахгүй шалгалтаа өгвөл "зөвийн дарангуйлал" тогтож, хуулах сэтгэл үүсгэсэн хүүхэд нөхдөө хараад ийм үйлдэл хийж чадахгүйд хүрнэ.
Сургууль гэдэг нийгмийн амьдралын гараа юм. Сургууль "зөвийн дарангуйлал"-ын толь болох учиртай.
No comments:
Post a Comment