Sunday, June 17, 2012

Салхи зүсэлсэн хөвгүүн

"Салхи зүсэлсэн хөвгүүн". Япон нэр нь 「風を見た少年」. 2008 онд монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан. Тэр үеийн орчуулгаа хараад бас л сэтгэлд хүрдэггүй. Харандаа бариад улаан нялга болтол засч орхилоо. Ингээд энэхүү бүтээлийн нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн эх бэлэн болов. Уг нь бол гайхамшигтай сайхан зохиол. Дульхан орчуулгаар уншигчдыг чилээсэндээ хүлцэл өчье. "Салхи зүсэлсэн хөвгүүн" бол хүүхэд багачууд төдийгүй томчууд хүртэл уншиж таашаах уран зөгнөлт тууж. Ийм төрлийн бүтээл манайд ховорхон гарч байгааг энд нурших хэрэг юун. Номын танилцуулга болон зарим хэсгээс доор нийтлэв. 

 

Энэ номд өгүүлэх хүүг чухам хэн болохыг түүний ярьдаг “гуужих”-ыг үзтэлээ би насан туршдаа ойлгохгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, маханбодоо гээж, төрөл арилжталаа төсөөлөхгүй байх аа. Гэхдээ хүүг мэдэрдгээ хэлье. Би зургаан настайдаа хоолойны махаа авахуулж билээ. Аймаар өвдсөн. Эмнэлэг, тариа, жигтэй үнэр ханхлуулсан маск, зүүд ч үгүй урт нойрны дараа огт танихгүй орчинд гэнэт сэрж цусаар тургиад л...Чухам тэгэхэд л томчуудын хэлдэг үхлийг мэдэрсэн дээ. Эль хуль оргисон өрөөнөөсөө гарч, урт хонгилоор алхсаар олон толь өлгөсөн өрөөнд яваад орчихлоо. Тэгээд толинд хартал огт танихгүй царай. Бодох нь ээ, 43-тай одоогийн миний төрх байж. Айн зогтустал толин доторх царай шар үс, цэнхэр нүдтэй, халат өмссөн бяцхан жаал болон хувирсан билээ. Тухайн үед 6-тай байсан “би” болон 43-тай одоогийн “би” цаг хугацааг туулан холбогдсон хэрэг. Үүний учрыг одоо ч олдоггүй агаад хүү надад хэзээ нэг цагт тайлбарлаж өгөх болов уу.
Өвөөг маань өөд болох мөчид болсон бас нэг явдлыг яръя. Ухаангүй удаан хэвтэрт байсан өвөө гэнэтхэн өндийгөөд суучихлаа. Харц нь эв эрүүл гэрэлтэнэ. Тэгснээ баруун гараа өргөн дээш заагаад,
- Аа чи намайг тосохоор ирэв үү? гэж баяртай өгүүллээ.
Манайхан өвөөдөө их хайртай байсан юм. Түүний цаг нь болсныг ч мэдэж байв. Өмнөхөн нь талийгаач болсон эмээ ирж дээ гэж би бодлоо.
- Хэн бэ? гэж авга эгчийг асуухад,
- Жаахан хөвгүүн. Намайг цэцэрлэгт аваачъя гэнэ. Ямар гоё вэ? Дүүрэн цэцэг, нарны туяа. Ямар үзэсгэлэнтэй гээч...Миний гараас хөтлөөд яваад л байна гэж тод хариулав.
Тэгснээ баруун гартаа юм атгах шиг болсноо орон дээрээ хөсөр унав. Зүрх нь зогсч, нүдний цог нь унтарсан ч, царайд нь инээмсэглэл үлджээ.
- Өвөө тэгэхээр “хүүтэй” учирсан хэрэг үү?
- Эсвэл зүгээр л зүүд үү?
- Уншигч та юу гэж бодож байна вэ?
C.W.Николь
Курохимэ уулнаа 1983 оны 11-р сар
Хүү салхи зүслэн ялгаж, хөлөглөн нисдэг, хүний сэтгэлийг нэвт хардаг, амьтны хэл ойлгодог байж. Дотоод сэтгэлээ тольдсон хүн түүнтэй учирдаг гэлцэнэ...Зохиогчийн урласан уран зөгнөлийн ертөнц уншигч таны өмнө гайхамшгийг дэлгэж байна. 1983 онд анх хэвлэгдсэнээсээ хойш эдүгээ хүртэл бэстсэллэр болсоор буй энэ бүтээлийг таалан соёрхоно уу. П.Наранбаяр
                                                              

2 comments:

byambaa said...

2 heleer ni avch unshih husel torov.ulam ihiig tuurviarai, amjilt husey.

Ganzorig said...

Tegj bgad neg olj unshinaa