Monday, April 23, 2012

Шинэ ном-Дэлхийн түүх мэндэлсэн нь

Окада Хидэхиро
   Монголын уншигчдад зориулан зохиогчийн зүгээс ирүүлсэн үгийг доор нийтлэв. 

Монголын уншигчдад зориулсан зохиогчийн үг

“Дэлхийн түүх мэндэлсэн нь” ном маань эдүгээгээс 20 жилийн өмнө 1992 онд Японд хэвлэгдсэн юм. Миний бие энэ номдоо XIII зууны Монголын эзэнт гүрнээс дэлхийн түүх жинхэнэ утгаараа эхэлсэн гэсэн санааг судалгааны ертөнцөд анх дэвшүүлсэн билээ. Уг бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн монголчууд төдийгүй дэлхийн монгол судлаач нарын гарт очиж байгаад туйлаас баяртай байна.




Чухам яагаад дэлхийн түүх Монголын эзэнт гүрнээс эхтэй гэж үзсэнийг тус номоос уншигч та ойлгож авах боловч энд товчхон дурдахад, XIII зууны эхэнд Чингис хааны байгуулсан эзэнт улс түүний ач нарын үед зүүн талдаа Япон тэнгисээс баруун талдаа Оросын тал нутаг, өмнө талдаа Өмнөд Хятадын тэнгисээс өнөөгийн Ираны өндөрлөг хүрсэн өргөн уудам газар нутгийг нэг үндэстний захиргаанд оруулснаар Монголын эзэнт гүрэн түүхэнд анх Ази, Европыг шууд холбож, Евразийн эх газрын өрнө дорны харилцааг идэвхижүүлэн өргөжүүлсэн билээ. XV зуунд Европын далайн эрин үе эхлэхэд угтаа Монголын эзэнт гүрэн нөлөөлжээ.

Монголын ардчилалтай бараг зэрэг шахуу хэвлэгдсэн энэхүү номын зэрэгцээ Монголд нэвтрүүлсэн Японы NHK телевизийн “Их Монгол Улс” хэмээх таван ангит баримтат киног миний бие редакторласан юм. Мөн ардчиллын дараахан 1992 онд Монгол улсад анх очиж, түүнээс хойш олон улсын монголч эрдэмтдийн хуралд оролцохоор хэд хэд очсон хийгээд дээрх нэвтрүүлгийг хамт редакторласан миний гэргий, монгол судлаач Мияваки Жүнкотой цуг Монголын телевиз, сонинд энэ талаар ярилцлага өгч байв. Баримтат киног бүтээсэн NHK телевиз Монгол улсын засгийн газраас шагнал авсан билээ.

Энэхүү номыг редакторласан түүхч Т. Мөнхцэцэг бол миний номын садан. 1988 онд үед Японд байхад нь анх танилцсан бөгөөд тэрбээр 1980-аад оноос миний япон хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг монгол хэлнээ хөрвүүлж байсан юм. Тухайн үед түүний ажиллаж байсан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, академич Ш.Нацагдорж гуай миний Монголын түүхийн судалгааг ихэд сонирхож байжээ.
“Дэлхийн түүх мэндэлсэн нь” ном олон газар нутаг, цаг үеийг хамарсан, сонсч дадаагүй оноосон нэр их болохоор дэлхийн түүхийн үндсэн мэдлэггүй бол орчуулахад төвөгтэй юм. Энэ удаа Наранбаяр хэмээх чадварлаг орчуулагч тус номыг орчуулж, түүхч Мөнхцэцэг редакторласан болохоор агуулгын хувьд миний хэлэх гэсэн санаа монгол уншигчдад шууд хүрсэн гэдэгт найдна. Өнөөгийн ертөнц их л бодоход 200 жилийн өмнөөс Европоос үүдэлтэй үндэстэн улс, орчин үеийн хөгжлийн нөлөөнд байгаа боловч цаашид хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Монголын эзэнт гүрний дэлхийн түүхнээ гүйцэтгэсэн үүрэг хичнээн их байсныг мэдэж, монголчууд өөртөө итгэлтэй, бахархал дүүрэн амьдрахыг чин сэтгэлээсээ хүснэ.  

Окада Хидэхиро
2012 оны 2 сар

No comments: