Tuesday, April 17, 2012

Дэлхийн түүх мэндэлсэн нь - Шинэ ном хэвлэгдлээ

Хэд хоногийн өмнө орчуулсан ном маань хэвлэгдэн гарчээ. Номын тухай мэдээлэл болгон молхи орчуулагчийн зүгээс үг бичсэнээ блогтоо байрлуулав.

 


ОРЧУУЛАГЧИЙН ҮГ
Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхирогийн “Дэлхийн түүх мэндэлсэн нь” бүтээлийг уншигч танд толилуулж буйдаа баяртай байна. Тэрбээр Газар дундын тэнгис хийгээд Хятадын соёл иргэншлээс эхтэй түүх бичлэгийг задлан шинжлээд уламжлалт сэтгэлгээгээр дэлхийн түүхийг бичих боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Чингээд Евразийн эх газрыг хөндлөн гулд туулсан уудам хээр талын замын дагуу нүүдэллэн аж төрж ирсэн нүүдэлчдийн дэлхийн түүхнээ гүйцэтгэсэн үүргийг үнэлэн дүгнэхийн чухлыг тэмдэглэсэнд уг бүтээлийн ач холбогдол оршино. Зохиогч 1992 онд “Дэлхийн түүх мэндэлсэн нь” номоо анх хэвлүүлсэн бөгөөд түүхчид, уншигчдын анхаарлыг татаж, олонтаа хэвлэгджээ. Түүнээс үүдэн, профессор Окада Хидэхиро 1999 онд “Дэлхийн түүх мэндэлсэн нь - Монголын хөгжил, уламжлал” нэрээр уг номоо шинэчлэн хэвлүүлсэн байна. Харин бид энэ удаа 1992 онд Чикүма шобоо хэвлэлийн газраас гаргасан анхны хэвлэлийг барьж орчуулсан болно.
Уг номд газар ус, түүхэн хүний нэр олон тохиолдоно. Эдгээрийг буулгахдаа аль болох манай түүхнээ хэвшсэн бичлэгийг баримтлав. Тухайлбал, эртний Персийн “Cyrus” хааныг манайд орос хэлээр дамжуулан “Кир” гэж тэмдэглэж ирснийг харгалзсан гэх мэт олон жишээ байгааг энд нурших юун. Хятад хэлний оноосон нэрийн тухайд Хэрээд Л.Жамсрангийн 1996 онд хэвлүүлсэн “Хятад, англи, орос, монгол бичгээр хятад үг галиглах харьцуулсан лавлах”-ыг ашиглахын сацуу аль болох хятад хэлний эх дуудлагатай нь ойртуулахыг хичээлээ. 
Эрдмийн нөр их ажлын хажуугаар орчуулгыг нягтлан шүүж, үнэтэй зөвлөгөө хайрласан түүхийн ухааны доктор, профессор Т. Мөнхцэцэг багш болон хэвлэлийг хариуцаж ажилласан анд Д.Сайнбаяр, Инжинаш паблишинг компаний хамт олонд гүн талархал илэрхийлье. Номын орчуулгад алдаа ташаарал байваас энэ нь гагцхүү мөхөс орчуулагчийн чадал, туршлага дутсаных билээ. Мэргэн уншигчийн шүүмжлэл, саналыг дуртайяа хүлээн авах болно.
Эсгий туургатан монголчуудыг тэнгэр ивээг!
Бэсүд П.Наранбаяр 2012 оны 2 дугаар сар

No comments: