Wednesday, May 06, 2009

Солонгос жүжгээ гэж

Үнжээ гэдэг хүүхний тухай өгүүлдэг "Эхнэрийн урхи" жүжиг өчигдөр хөшгөө хаалаа. Улаанбаатарчууд нэлээд үзсэн бололтой. Манай гэр бүлийн хүн үзээд байхаар нөгөө идэвхгүй тамхи таталт гэдэг шиг алдаг оног үзсэн юм. Байдаг л савангийн дуурь. Нөгөө сувгуудаар "Дорнын диваажин", "Сайн нь ч муу нь ч" гэх мэт олон ангит Хангүг жүжгүүд ар араасаа цуварч байна аа. Үүний өмнө Солонгосын хааны ордон, тайганууд гардаг жүжиг яваад л байсан. Орчуулга талаасаа ер нь дажгүй шүү. Гэхдээ солонгосчуудын зэрэг зиндаагаараа дуудалцдаг ёсыг нь тэр хэвээр нь үлдээж орчуулсан бололтой. Ойлгомжтой юман дээр л "Ким захирал", "Ким хүргэн", "Ким тайган", "Тончоолын аав" (Тончоол гэдэг хүүгийн аав буюу нөхрөө дуудаж байгаа юм) гэх мэт манайхаар бол инээдтэй орчуулга чихэнд чийр уях юм. Зүгээр л Ким ээ, эсхүл захирал аа гэхэд хангалттай.

Солонгосчууд өөрийн соёлын нөлөөгөө дэлхийд түгээх бодлогыг нэлээд хэдэн жилийн өмнө боловсруулж, амжилт олж байна. Соёлын үйлдвэрлэл нь ч Азийг байлдан дагуулж, Солонгосын soft power хүчирхэгжиж байна. Мөнгө ч олж байгаа байх. Монгол ч гэсэн соёл, уламжлалаараа гайхалтай улс. Бидэнд соёлын үйлдвэрлэлийн салбар нээлттэй байна. Сүүлийн үед Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад монгол кинонууд үзэгчдээ байлдан дагуулах болов. Саяхан тв-р "Гурван өдөр хоёр шөнө" киног үзлээ. Тун аятайхан кино байна лээ. Монголын кино урлаг сэргэж байна. Бидэнд кино экспортлох цаг үе ойрхон ирлээ.

3 comments:

byambaa said...

манайх харин дэндүү туйлширч гаргаад байх юм.

монгол киногоо үздэг болж байгаа нь сайшаалтай

Миний цаг said...

Үнжээ стлилийн охидууд гудамжаар олширчээ... Манайхан ч угаасаа туйлшрамтгай юм болохоороо нэг юманд амиа тавиад туучиж мэдэх л хүнүүс. Гэхдээ яахав авахыгаа аваал хаяхаа хаяал үзүүл буруу нь юу байхад гэж бодох юм. Харин монгол киноны тухайд бол сүүлийнх нь ярих юмгүй сайн болж байгаа. Одоогоор үзэхээр төлөвлөсөн нэг кино бий.

ganga said...

Солонгосын түүх соёлыг монголынхоосоо илүү сайн мэддэг баахан хүүхэд, авгайчуул төрж дээ.