Friday, December 05, 2008

Андерсений "Шидэт хэт"

Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлиг Монголд хамгийн борлуулалт сайтай ном болж байгаа бололтой. Интэр номын дэлгүүрээр ороход тэндхийн бэст сэллэр болсон байна лээ. Хүүтэйгээ цуг унших санаатай тус тусаас нь нэгийг авлаа. Тэгээд энэ жил сургуульд орсон хүү маань дөнгөж уншиж сурч байгаа болохоор оройдоо ганц нэг мөрөөр нь явуулсаар байгаад хэд хэдэн үлгэрийн цаана гараадхав.

Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү.

Нэг цэрэг дайн дуусаад гэртээ харих замдаа шуламтай тааралдана. Шулам түүнийг агуйд орж хөсрий хаягдсан хэт авчирч өгөхийг хүснэ. Хонгилд байгаа алт мөнгийг дураараа авагтун гэсэн үгэнд шунагтсан цэрэг агуйд орон үүргэвчээ алт мөнгөн зоосоор дүүргэн гарч ирээд шулам эмгэнээс хэтийг юунд хэрэглэхийг асууна. Эмгэн чамд хамаагүй хаданд чимээгүй гэхээр нь алж орхино. Ингээд л шууд дээрэм, аллага гарч байгаа юм. Эмгэн уг үлгэрт шулам л гэж гарахаас ямар нэг алуулахаар муу үйл хийсэн тухай огт гарахгүй.

Тэгээд хөрөнгөтэй болсон цэрэг хотын хамгийн үнэтэй зочид буудалд тансагласаар мөнгөө бараад дээврийн хөндийд ядуухан амьдрахдаа хэтээ санан цахиж үзтэл том ноход гарч ирэн юу санасан есөн хүслийг нь биелүүлж өгнө. Ингээд амар хялбар амьдралыг шууд л сурталчилж байгаа юм.

Цэрэг бүр давраад
шидэт нохдоороо хааны охиныг унтаагаар нь хулгайлуулан авчирч, шөнөжингөө дэргэдээ байлган үнсэж үлгэнэ. Ингэхэд охин огт сэрэхгүй. Эцэст нь хааны охиныг шөнө хулгайлдаг хэрэг нь илэрч баригдана. Дүүжлүүлэхийн даваан дээр шидэт ноход нь ирж аварна. Хаан нохдоос айсандаа гүнжээ өгч, дээр нь бас хаант улсын талыг бэлэглэнэ.

Үлгэрийн зохиомжийг бүхэлд нь харахад үнэнч шударга хөдөлмөрлөх, хүн алж, хүрээ талахгүй байх ёс суртахууны хэм хэмжүүр үл оршино. Гайхмаар шүү. Андерсен юу хэлэх гэсэн юм бол?

Хүү маань надаас "Аав аа, энэ цэрэг шулмыг яагаад алчихав?" гэж асуухаар нь тайлбарлаж чадсангүй. Тэгээд яахав, шулам гэдэг угаасаа муу хүн байдаг юм гэхээс өөр тайлбар олдсонгүй. Андерсен муу хүнийг тонилгож байх ёстой гэж хэлэх гэсэн юм болов уу.

13 comments:

Erkardo said...

ёстой сонин юм даа.

Bayasum said...

Ертөнцөд байдаг үзэгдлүүдийг дүрсэлсийм байлгүй.. тэгээд хүү чинь сонголтоо хийгээд цэргийн үйлдэлд гайхан асуусан байна

Г.Ганбат said...

Нийгэмд байдаг муу зүйлсийг цэргээр жишээлсэн юм болов уу.

Anonymous said...

surgamjaas gadna ulgeriin gol zorilgo erdoo l shidet ertontsoor ayalah yum bish uu. huuhed baihad ulgert gardag alaan talaan erdoo busdaas ontsgoiron setgeld buuj baisangui, harin tom hunii setgehuigeer odoo ergeed unshihad sonin sanagdaj magadgui. Yagaad gevel ulgert jiriin amidrald baidaggui sonin hachin itgemeergui yavdluud gardag bolohoor.

Andersen ene ulgeree Scandinaviin "The Spirit in the Candle" gedeg ulgerees sanaa avch zohioson gej unshlaa. Aladdinii shidet denluu, huslliig bieluuldeg chandmani erdene gedeg shig l amidralaas hussenee avch baigaa zaluugiin tuhai yum bailgui dee.

Наранбаяр said...

Nasand hursen hoinoo ulger unshij uzehed sonin baidag bololtoi. Utga zohiol sudlaach nariin huvid ch ih l sonin bololtoi. Erdene nuugdaj baina l gesen ug. Aladdinii magic lamp tai tustei sanagdsan shu.

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Гулливерийн аялсан түүхийг багш маань "Хөрөнгөтний нийгмийн ялзралыг шүүмжилсэн зохиол" гэж заасан. Тэгтэл манай ангийн Эрка "Багш аа, та яаж мэдэж байгаа юм?" гэж асууж, энэнээс үүдээд бөөн асуултууд ундарч, бүх хүүхдүүд асуулт тавьж эхэлсэн. Бид шалгаасаар байгаад эцсийн эцэст бид ялж билээ.

Munkhbayar said...

dutuu hevlegdsen ulger iin bgaz dee :)

Rose said...

Одоо бидний хүүхдийн гэж нэрлэж буй үлгэрүүд, ялангуяа ах дүү Гримийн үлгэрүүд нь уг нь хүүхдүүдэд зориулж бичсэн үлгэр биш юм.
Европт Крист шашинд puritan хэмээх шинэ урсгал бий болсоноос хойш хүүхдүүд нь насанд хүрсэн хүмүүсээс ялгаатай гэж үздэг болж хүүхдүүдийн ёс суртахууныг чухалчилдаг болсон юм. Улмаар эдгээр үлгэрүүдийг ёс суртахууны үүднээс зассан түүхтэй.
Тийм болохоор ах дүү Гримийн бичсэн үлгэрүүдийн эх бичиг нь одоо бидний хүүхдүүдэд зориулж уншиж өгдөг зохиолоос эрс тэс ялгаатай байдаг юм.
Японд Европоос шинэ үзэл санаа орж иртэл бас хүүхдүүэд тусгайлан зориулж бичсэн ном үлгэр гэж байдаггүй байлаа гэж зарим эрдэмтэд үздэг. Ядаж "Момо-таро"-гийн агуулга нь Эдогийн үеийн "Момо-таро" Мэижи үеэс хойших "Момо-таро" хоёр ялгаатай юм билээ.
Францийн нийгмийн ухааны эрдэмтэн нэг иймэрхүү санааг дэвшүүлж байгаа. Боломж гарвал уншиж үзээрэй.

Наранбаяр said...

Rose d bayarlalaa. Utga zohiol sudaldag ulsuud ni yag ingej uzdeg yum bilee.

yanzaga said...

G.Ganbatiin helsen unen bh. Ulger unshij bgaa huuhed ooroo ih hersuu bh yostoi bh l daa, magadgui.
Manai ah bas huudee ulger yarij ogohdoo, baatar huleg morinoosoo odooyahaw? gej asuudag hesgiig uhaant hun amitnaas yu hiihee asuugaad bhdaa yahawdee geed albaar oorchilj yaridagiig sanalaa.

Suren said...
This comment has been removed by the author.
Suren said...

Үлгэр судлалын ганц хоёр номноос уншиж байхад... хүүхдүүдэд өөрийн ард түмний шидэт үлгэр уншиж өгөх нь хамгийн зөв, шидэт үлгэрт тухайн ард түмний хүний оюун ухаанаараа ойлгож мэдэхийг давсан "нууц мэдээлэл" их агуулагдсан байдаг, харин зохиомол үлгэр тийм биш гэж их бичиж дүгнэсэн байдаг. хамгийн энгийн өнхрүүшийн тухай үлгэр, баба-яга зэрэг баатрын тухай эрдэмтдийн боть боть шинжилгээ сонирхолтой бөгөөд ортой л санагддаг...

зохиомол үлгэр дундаас ялангуяа Андерсены үлгэрүүд хэцүү байхаа.. Ихэвчлэн гунигт төгсгөлтэй, шудрага ёс, сайн сайхан дийлэх нь бага... "Шүдэнзтэй охиныг" багадаа уншаад уйлж байсан гэж олон наз нараасаа сонсч байсан. Хүүхдийн сэтгэхүй эмзэгээс гадна Андерсены үлгээрүүд угтаа бол том хүмүүст зориулсан зохиол байхаа, бэстсэллэр болоод байгаа нь тиймэрхүү л юм...