Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлиг Монголд хамгийн борлуулалт сайтай ном болж байгаа бололтой. Интэр номын дэлгүүрээр ороход тэндхийн бэст сэллэр болсон байна лээ. Хүүтэйгээ цуг унших санаатай тус тусаас нь нэгийг авлаа. Тэгээд энэ жил сургуульд орсон хүү маань дөнгөж уншиж сурч байгаа болохоор оройдоо ганц нэг мөрөөр нь явуулсаар байгаад хэд хэдэн үлгэрийн цаана гараадхав.
Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү.
Нэг цэрэг дайн дуусаад гэртээ харих замдаа шуламтай тааралдана. Шулам түүнийг агуйд орж хөсрий хаягдсан хэт авчирч өгөхийг хүснэ. Хонгилд байгаа алт мөнгийг дураараа авагтун гэсэн үгэнд шунагтсан цэрэг агуйд орон үүргэвчээ алт мөнгөн зоосоор дүүргэн гарч ирээд шулам эмгэнээс хэтийг юунд хэрэглэхийг асууна. Эмгэн чамд хамаагүй хаданд чимээгүй гэхээр нь алж орхино. Ингээд л шууд дээрэм, аллага гарч байгаа юм. Эмгэн уг үлгэрт шулам л гэж гарахаас ямар нэг алуулахаар муу үйл хийсэн тухай огт гарахгүй.
Тэгээд хөрөнгөтэй болсон цэрэг хотын хамгийн үнэтэй зочид буудалд тансагласаар мөнгөө бараад дээврийн хөндийд ядуухан амьдрахдаа хэтээ санан цахиж үзтэл том ноход гарч ирэн юу санасан есөн хүслийг нь биелүүлж өгнө. Ингээд амар хялбар амьдралыг шууд л сурталчилж байгаа юм.
Цэрэг бүр давраад шидэт нохдоороо хааны охиныг унтаагаар нь хулгайлуулан авчирч, шөнөжингөө дэргэдээ байлган үнсэж үлгэнэ. Ингэхэд охин огт сэрэхгүй. Эцэст нь хааны охиныг шөнө хулгайлдаг хэрэг нь илэрч баригдана. Дүүжлүүлэхийн даваан дээр шидэт ноход нь ирж аварна. Хаан нохдоос айсандаа гүнжээ өгч, дээр нь бас хаант улсын талыг бэлэглэнэ.
Үлгэрийн зохиомжийг бүхэлд нь харахад үнэнч шударга хөдөлмөрлөх, хүн алж, хүрээ талахгүй байх ёс суртахууны хэм хэмжүүр үл оршино. Гайхмаар шүү. Андерсен юу хэлэх гэсэн юм бол?
Хүү маань надаас "Аав аа, энэ цэрэг шулмыг яагаад алчихав?" гэж асуухаар нь тайлбарлаж чадсангүй. Тэгээд яахав, шулам гэдэг угаасаа муу хүн байдаг юм гэхээс өөр тайлбар олдсонгүй. Андерсен муу хүнийг тонилгож байх ёстой гэж хэлэх гэсэн юм болов уу.