Wednesday, October 10, 2007

Жижиг бодрол

Хэдэн сарын өмнө гэртээ түлхүүрээ орхисон чигээрээ төмөр хаалгаа хааж орхисон юм. Хаалгаа эвдэж орохоос өөр аргагүй боллоо. Бүргэд хаалга засварыг дуудлаа. Дороо л ороод ирэв. “Цоож эвдээд ахиад шинээр тавихад тэд эдэн төгрөг ш дээ” гэж байна. Би ч “Болно оо, хурдан гэрт оруулаад аль” гэлээ. Мэргэжлийн хүмүүс ч бахархмаар хурдан ажиллаж байна. Цоожны голыг дор нь салам цохиж эвдээд, шинэ гол оруулан эвтэйхэн засаад өгөв. Ингээд л гэртээ орлоо. Орсон хойноо бодоод байх нь ээ, хаалга эвдсэн нөхөд надаас “Энэ гэрийн хүн мөн үү?”, “Хэн гэдэг вэ, биеийн байцаалт байна уу?” гэж нэг ч асуугаагүйг санав. Хэрвээ би хулгайч байгаад, орох гэсэн айлынхаа хаалгыг эвдүүлсэн бол ердөө л арван мянган төгрөгөөр том хулгай хийж болох байж.


Саяхан нэг танилтайгаа ярих хэрэг гараад, холбоо барих хаягийг нь хайлаа. Ажлын газрыг нь мэдэх тул лавлахаас асууж олоод тийш нь утасдлаа. Нэг эмэгтэй авч байна. Танилынхаа нэрийг хэлээд холбоод өгөөч гэтэл миний нэр усыг ч асуулгүй шууд л гар утсыг нь хэлээд өгөв. Монголд бол үүнд гайхаад зүйл алга. Хамт ажилладаг нөхөртэй нь ярих хэрэгтэй байна гэж нэг хүн ярьсан. Тэгэхээр нь гар утсыг нь заагаад өгчихсөн. Ингээд л болоо. Харин гадаадад бол хувь хүний гар утасны дугаарыг танихгүй хүнд өөрийнх нь зөвшөөрөлгүй заагаад өгнө гэдэг түнжин хагарахад хүргэж мэднэ. Хувь хүнд хамаарах мэдээллийг хэн нэгэнд дураараа зааж өгнө гэдэг эрүүл хүний хийх алхам бус гэнэ.


Ер нь монголчууд бид их энгийн харилцааны соёлыг эрхэмлэдэг. Өөрөөс залуу хүнийг “миний дүү”, “миний хүү” гэж дотночилно. Танихгүй улсууд нэг дор цуглавал, удаж төдөлгүй яриа өрнүүлэн дотносоод авна. Алсын замд гарвал авч яваа хоол хүнсээ хүнийх минийх гэлгүй хамт ууж иднэ. Жижиг сажиг аар саарханаар бусдыг гоочлохгүй. Энгийн тэнүүн тайван амгаланг эрхэмлэнэ. Улаанбаатарт байгаа миний аавд гээд л хаяглачихад захидал нь яаж ийж байгаад эзэн дээрээ оччихсон тухай нэг хөөрхөн кино байдаг ш дээ.


Нийгэм хөгжих тусам хүний харилцаа нарийсч бие биенээсээ зөвшөөрөл авах, магадалж нягтлах нь ихэсдэг бололтой. Хөгжингүй орнуудад өмгөөлөгч, хуульчид өндөр орлоготой байдаг нь үүнтэй холбоотой. Монголын нийгэм ч энэ хандлагыг тойрч гарахгүй биз ээ.

4 comments:

peakfinder said...

Huuye bur emchid uzuuleh geed orohod oroogoor n' duuren hun suuchihaad zovlongoo yarih hecuu baih hecuu baidag sh dee.

A.Амарсайхан said...

Монгол сэтгэлгээ гэдэг тэр дээ.

Мика /美香/ said...

Тэр гар утасны дугаар өгдөг бол яах аргагүй асуудал шүү.

Хүний утасны дугаарыг хамаагүй хүнд өгдөг тиймэрхүү бүдүүлэг зүйлийг Монголд халж хаямаар л байна.

Anonymous said...

монголчууд ямарваа нэг үүрэг даалгуур, ажил төрөл хийхдээ хариуцлаг гэж асар том тэр ухагдахууныг мэддэгүй. Тийм ч болоод болоод ямарваа нэг ажилд ихэнхдээ алдаа гаргаж байдаг юм шиг санагддаг