Monday, October 22, 2007

Хэвлэлүүдийн тухай буюу мэдээллийн резонанс

БҮГДЭЭРЭЭ сайт дээр завгүй хүмүүст зориулан өдөр тутмын сонины тоймыг хүргэдэг. Сонин сайхан буланд маусын пойнтоо аваачихад хэвлэлийн тойм гээд бэлхэн байж байгаа. Энэ буланд манайд албан хаагчдын сонин гэж нэрлэгддэг “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонингуудын өдөр тутмын дугаарыг тоймлон бичдэг юм.

Сонин тоймлоно гэдэг ярвигтай ажил бололтой. Бүгдийг нь гүйлгэн уншина, дээр нь бас сонирхолтой агаад чухал мэдээллүүдийг тогтож унших ёстой. Уншчихаад хамгийн чухал гэсэн сэдвүүдийг цойлдон авч уншигчиддаа тоймлон хүргэнэ.

Монгол оронд “эзний сэтгүүл зүй” үйлчилж байна гэж нэгэн сэтгүүлч халаглаж байсан. Энэ ч ортой үг. Сонингоор хэн нэгнийг магтах, аль эсхүл муулан “буудах” хүртэл эрх чөлөө таны өмнө байна. Харин танд мөнгө л байх ёстой гэнэ. Хэн мөнгө төлнө түүнд хөгжим тоглож өгнө гэсэн зарчим л даа.

Сонингуудын эхний нүүр гэдэг онцгой ач холбогдолтой. Эхний нүүрт тавьсан мэдээнүүдийг харьцуулан харахад л Монголын нийгэмд өнөөдөр ямар асуудал тулгараад байна, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээлэл ямар мэдээллийн шуурга үүсгэж, ямар улс төрийн хүчнийг буудаж байна гэдэг нь шууд харагддаг. Жишээ нь, хэд хоногийн өмнө Монгол банкыг тойрсон мөнгөний дуулиан энэ гурван сонины эхний нүүрт заларч байв. Өнөөдрөөс эхлээд Хувьсгалт намын Их хурал, тэгээд бас гурилын үнийг зохиомлоор өсгөснийг буруушаасан мэдээллүүд гарах боллоо. Эхний нүүрт хэвлэгдсэн мэдээллүүд богинохон настай боловч нийгэмд мөрөө гүн гүнзгий үлдээдэг жамтай. Өдөр тутмын бүх хэвлэлээр иймэрхүү хурц асуудлыг нэг дор нэг цаг минутад нийгэмд чиглүүлэн бөмбөгдөөд байвал мэдээллийн резонанс үүсч, хүн бүхний мэддэг сонирхдог, ашиг сонирхлоо илэрхийлдэг, бухимддаг сэдэв болон хувирдаг байна. Энэ том мэдээллийн давалгаа ямар нэгэн хүн, улс төрийн хүчин, байгууллагыг ангуучлан, скээп гоут буюу золиосыг хайж байдаг.

Сонинг бид тоймлон хүргэхдээ ийм л зүйлийг анхаарч байгаа юм. Ойрын хугацаанд, албан хаагчийн сонингийн хүрээнээс хальж, энгийн иргэдийн авч унших дуртай шар сонингийн хүрээнд халдах бодолтой байна. Шар сонин гэдэг нэг бодлын сонирхолтой талбар. Тэнд олон хүн окопноос бие биенээ буудаж, энд тэндгүй бор шувуу нисч, аа бас томчуудын ярих дуртай хаалттай сэдвүүдийг ч нээлттэй тавьсан байдаг.

1 comment:

byambaa said...

eznii setguul zui gedeg ch ortoi bh shuu.