Өндөрхаанаас баруун тийш гараад зуун гуч орчим км давхиад Хэрлэний Хөдөө арал орно. Хэрлэн баян улаан хэмээх хааш хаашаа 30 орчим км үргэлжилсэн нурууны үзүүр, Хэрлэн, Цэнхрийн голын огтлолцох бэлчир нутгийг ингэж нэрлэдэг. Хэрлэний хөдөө арлыг Монголд мэдэхгүй хүн бараг байхгүй. “Их хуралдай хурж, хулгана жил гуран сард Хэрлэний хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусгав” гэж алдарт Монголын нууц товчоо өндөрлөдөг шүү дээ. Тиймээс л Монголын нууц товчооны 750 жилийн ойг энд тэмдэглэж, хөшөө босгосон байдаг. Хөшөөний дэргэд Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн олдворуудыг харуулсан хөөрхөн музей босгосон байна. Музейн үзмэрүүд их сонин. Монгол цэргийн нууц зэвсгийн нэг болох сөргө, тахилгын амьтны ясны үлдэгдэл, хэлхээ хуяг гээд л. Хөшөөнөөс жаахан алхаад Аваргын балгасанд хүрнэ. Аваргын балгасыг тойруулаад хамгаалалтын төмөр хашаа хатгажээ. 1.5 км х 500 метрийн хэмжээтэй нэлээд том хашаа байна. Хашааны цаана Аваргын рашаан гэж дотор сэнгэнүүлсэн рашаан оргилдог юм байна.
Аваргын балгасыг анх 1960-аад онд их эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ малтан гаргаж, судалгааны хүрээнд оруулжээ. Түүний дараа Японы эрдэмтэн Шираиши нар 2000 оноос хойш судалж, Чингис хааны орд өргөө энд байсныг баттай тогтоожээ. Үүнийг Японы сонингууд нэг хэсэг Чингисийн булш олдлоо гэж эндүү мэдээлэн шуугиж байсан тал бий. Чингисийн орд 17 х 17 метр хэмжээтэй том хэмжээний цац байсан агаад түүний дараа Өгөдэй хааны орд, эцэст нь Монголын их хаадын тахилгын сүм байсан ажээ. Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр нар энд хаан ор суусан гэдэг. Харин 15-р зууны үед хаадын тахилгын сүмийг эдүгээгийн Өвөрмонголын Эзэн хорооноо шилжүүлжээ. Чингисийн тахилгын сүм ийнхүү Эзэн хороонд шилжсэн нь Даян хаанаас өмнө Монголын төр самуурч, дор бүрнээ толгойгоо мэдсэн амбиц ихтэй ноёдын хэрүүл тэмцлийн үетэй холбоотой бололтой.
Аваргын балгас цагтаа төмөр боловсруулдаг дархны олон газартай, хятад маягийн байшингууд, өргөн гудамтай подхийсэн суурин байсан гэж Шираиши гуай хэлж байсан. Одоо бол дэрс ургасан дэнж газар бүхий эзэнгүй талаас өөр юу ч алга. Пэрлээ гуайн цагтаа малтлага хийгээд булалгүй орхисон ч он цагийн элээлтэд бараг эдгэчихсэн хоёр хонхор газар, Японы эрдэмтдийн малтлага хийгээд эгүүлэн булж, тэмдэг болгон тавьсан хэдэн чулуунаас өөр нүдэнд торох юм алга. Хорвоо хоосон гэж өвгөд маань ярьдаг.
No comments:
Post a Comment