Saturday, November 18, 2006

Хамар Лодон- Үргэлжлэл

Ийм салхи эргээд хоёр жил салхилсан ч яахав !

Гол харлаж, нойр алдсан тийм нэг шөнө Хамар Лодон урван хөрвөн тэсвэр алдахдаа жаахан идэх юм эргүүлэх санаатай чавганцынхыг сэмхэн чиглэв. Дэмий явсангүй хөл нь өөрийн мэдэлгүй хоолон гэр үрүү эргэж, цонхоор эрхгүй шагайжээ. Шагайх тутам салах дургүй болж, өнгө зүсээ алдсан авдар нь гомдолтой царайгаар түүнийг хялайж байх шиг санагдаад, зүрх гол нь савлаж тэсэх гээд тэсч чадсангүй хамар нь борхирон доголон нулимс унагав. Эсэн бусыг бодож, ийш тийш ажаад, шилгүй цонхоор багтаж ядан шургав.

Гарт таарч нүдэнд өртсөнөөс шанага шүүр өлгөдөг гадаснаас сугалан авч, боодууны
[1] мөрөөр алх болгож, авдрынхаа гажсан хавтсыг хадаж хадаад аяганы зүлгүүр хийсэн ам даавууг шүүрэн авч, нүүрийг нь зүлгэж гарчээ. Утаанд хахсан алтан луу нь нүдээ бүлтэлзүүлээд, тоосонд дарагдсан алхан хээ нь улаан цагаанаа гялбуулж эхлэхэд Хамар Лодон маасаганаж баясаад үүр манхайрахыг ч овойлсонгүй[2].

Гэнэт үстэй хар гар түүнийг заамдаж аваад дайвалзтал дугтрав. Зог тусаад толгой эргүүлбэл хоол хамаарагч хэдэн тогоочтойгоо түүнийг бүсэлж аваад барьж идмээр аашилна. Тэд гар гартаа галын шилбүүр хайч хусуур барьснаас үзэхэд хэрэг ер нь муухай болох бололтой.
- Хамар чи томоотой хүн байгаад ийм нүүргүй хэрэг үйлдэнэ гэдэг чинь! Өлссөн бол бидэнд хэлнэ биз ээ! гэж хоол хамаарагч нүд үзүүрлэхэд Хамар Лодон бэрх сандраад:
- Үгүй, үгүй, миний цатгаланг та...Тэнгэр батална гэж булхайлав.
- Далдлавч дал чинь ил! Үнэгэн харанхуйгаар хоолон гэрт хулган ороод юу хийх гэсэн юм? Бид харин Хялар Дамба биш шүү! Хэ хэ хэ...
- Чи авдраас гурил таарцаглах
[3] гэсэн чинь үнэн биз ээ?
Хамар Лодон хахчихав. Авдраа зүлгэлээ гэвэл эв хамтчилахыг эсэргүүцсэнд орно. Намжил залан хоолон гэрийн гантай уснаас амны цангаагааа гаргаад усанд хор хийж, эв хамтчилахыг эсэргүүцэх гэлээ гэж хэл ам болоод хоёрхон хонож байна. Хулгай нэрийг үүрсэн ч эв хамтчилахыг эсэргүүцсэн ялд бүү оръё.
- Би өлсөөд тэсэхгүйдээ... гэж Хамар Лодон доогуур харан дорой дуугарав. Хоромхон зуур тал тул хар гурилын мантуу, хоёр гурван түүхий төмс... гарт атгасан аяганы зүлгүүрт нь бөмбөлзөн ороод хэдэн үсэг эрээчсэн гурвалжин цагаан туг
[4] зааманд нь хатгав.

Хоол хамаарагчид бас хоол хамаарагчийн зовлон буй. Ойроос ер нь хоолон гэрийн хамж цуглуулсан жаахан хүнс нь ёроол гарах тийш хандаад даамал суусан түүнийг хэцүү сандаргажээ. Дээшээ мэдүүлбэл эв хамтын үйлст эрч нэмэхээс биш сулруулж яасан ч болохгүй. Эв хамтын ёсонд итгэл алдах бол аюултай гэсэн зам хүлээнэ. Тийнхүү аргагүйдээ жингийн одыг
[5] итэг итгээр[6] дарж, өтгөнийг шингэн болгон хувиргасаар цадах байтугай өл дарж дийлэхгүй хэмжээнд хүргэжээ. Олны дунд шуугиан болж байна. Хамар Лодоноор хараа болгож байгаад бөөн яриаг дарах нь ч бас нэг арга.

Хамар Лодон чичирч бөхийсөөр гадаа үүдэн тушаа гонсойж зогстол цавын дун дүнгэнэж эхэллээ. Элээ минь! Гурван хот дөрвөн усны ахас захастай би ямар нүүрээрээ золгоно гэж бодмогц Хамар Лодоны хамаг биеэс хүйтэн хөлс чихарч, болдогсон бол шоргоолжны нүхээр ч шургачихмаар санагдана.

Бөөн хүн Хамар Лодонг хүрээлэн шохоорхоход нүүр чих нь нил нил хийн халуу оргино.
- Хүүе, Хамар чинь сурамгай хулгай байсан юм байж шүү дээ гэж хэн нэг нь халбалзан дэрвэлзэх цагаан тугийг заана.
- Даанч тийм байх даа. Ойрноос бид ер нь цатгалан яваагүй шүү. Байдаг өтгөнийг нь Хамар минь хуурайлаад шингэн шунган нь манийх болсон юм чинь.
- Өөрөө хүрснээр барахгүй чавганцдаа хэдий зөөсөн бол?

ЧАВГАНЦ? Залуу чавганц энэ үед бүү л үзэгдээсэй дээ! Хөх цайндаа хөлрөөд хоол идэхийг мартсан ч яахав, ядвал урьд шөнө ташуурт дайрагдаад ёолон хэвтсэн ч яахав... гэж Хамар Лодон дотроо залбирна. Гэвч Хамар Лодоны мууг нь малтаж, мохрыг нь төөлөх гэсэн юм шиг яг энэ гал хөг дээр нь залуу чавганц тавиад иржээ. Жагриймаа түүний өмнө удтал мэлэрч зогссоноо гэнэт алгаараа нүүрээ дараад хайлж майлсаар буцаж гүйв.
Хамар Лодон нүүрээ ингэж барж гүйцээд, хагас сар болдын зууханд гал нэмэх торгуульд унажээ. Битүү тугламд учирсан Хамар Лодон зовлонгоо тоочих газаргүйдээ залуу чавганцаа эрэн очив. Ээ лам аа! Жагриймаа нь цай ч үгүй царай ч үгүй угтаад:
- Ширэн нүүрээр миний хатавчийг алхав уу? Шийрээ
[7] татсан чинь дээргүй юү?! гээд зөрүү харчихав.
- Би, би тийм биш... гэж Хамар Лодон хэлгийрч гардлаа
[8].
- Байг цааш! Миний нүгэл барахгүй гээд чи бас нэмэх нь үү? Харла гэм, өнөөдрөөс хойш хувь хувиа хөөе! гээд залуу чавганц шүүрээ барьж шалаа шүүрдэж эхлэв.

Ертөнц дээр нүүр л хэрэгтэй юм байна. Түүнийг алдвал ёстой ч ёсгүй болж, ханилсан эм ч салж явдаг юм байна. Хамар Лодон гонсойж харихдаа ингэж бодов.

Хал тамаа амсч, ханиа алдсан Хамар Лодон ч яах вэ, дуугүй ноомой амьдарсаар. Харин өнөө сүрхий хий горьдол, бэлгэ дэмбэрлийн дунд шандуурч
[9] байсан эв хамтын салхи нь дэмий хоёр сар явсангүй хий нь гарсан тулман хөөрөг шиг аяндаа шамшийхад хүрч, хааяагүй шүүрс алдсан хөөрхий дуун дунд нооронхой зуухны буйр, дутуу хайлсан хүдрийн зэрэмдгээ дурсгал болгон үлдээж арилав.

Хоолон гэр босорсон
[10] чимээгээр Хамар Лодон “эв хамт ёс”-ыг мөрөөдөх завгүй шууд зүүрэй авдраа тээгээд гэр өөдөө годойжээ[11]. Хошуу сумын дарга түүнээс санал хураан төлбөр буцаахыг завдсанд Хамар Лодон харин:
- Саналгүй, саналгүй. Тийм салхи эргээд хоёр жил салхилсан ч яахав гээд ирсэн зочноо инээхийн ч аргагүй, уйлахын ч аргагүй болгожээ.

Авдраа олоод чавганцаа санав. Зөвөө олж, зүгээ гаргасныг минь Жагриймаа чихтэй л төрсөн бол сонссон байх аа. Сайн Лодонгоо муу Лодонгоор хардаж, Хамараа хэцүү гомдоолоо гээд нээхээс
[12] ширхийж[13] байлгүй, нүүрийн арьс зузаанаараа би дуугүй л очъё хөө. Хэдэн сайхан үг сонсвол хуучин найр сэргэж болох юу магад гэж бодоод Хамар Лодон хоргын ёроолоосоо ногоон дурдан алчуур авч өвөрлөөд, шар бүрийг завдан овоон арыг сэм чиглэв.

Залуу чавганц түүнийг үзээд гялав цалав хийсэнгүй боловч аяар дэмий л байна. Жуумалзан инээсээр Хамар Лодонтой биш харин Хорлоо өвгөний хөлсөлсөн хэлгий хоньчинтой бэрх юм болно.

- Ханзархай гутлыг чинь хэдийн товхиод
[14] тавьсан, авахаар ирэхгүй нь юу? Би чамайг бэрх харлаа шүү. Юу ч гайгүй, өнөө хэдэн хонио л гэж залуу чавганц битүү хатуу үгээр хэлгий хоньчинг баярлуулж, өрөм хуруудаа аяга дүүрэн хэсэглэж өгөөд Хамар Лодонд харин хоосон цайгаар гэдсийг нь зайлуулсныг яана.

Урьд Жагриймаагийн яах нь ч сайхан байсан юм. Одоо харин инээх нь ч муухай болжээ. Хамар Лодон хамраа цэнтийлгэж, хагас аяга цайг тулга уруу цардаад
[15], ханцуй сэжин гарч явжээ. Түүнээс хойш залуу чавганцыг хаяанд нь хаяж, овоон ард хавьтсангүй намрыг авчрав.

Лодонд Лодоны бодол байхад чавганцад бас чавганцын ааш бий. Өөрийн муудаа нүүрээ барчхаад надад учиргүй өрсөлдөх юу байх вэ? Хүрээд ирвэл би цааш гэхгүй, ирэхгүй гээд би лав нааш гэхгүй, чамтай чамгүй надад эмтэрч хохирох зүйл нэг ч үгүй! гэж Жагриймаа ч үгэндээ сууж, өвлийг өнгөрөөжээ.

Залуу чавганц хэлгий хоньчинтой тэгж сүрхий саймширсан нь зөвхөн хувийн хэдэн хонио алдаж тосохоос хичээсэн юм гэдгийг Хамар Лодон хэзээ хожим нь сураглаж мэдээд тавьтаргүй аашилсандаа хэцүү гэмшжээ. Хэдэн жилийн өмнө болсон бол буруугаа хүлээгээд очихоос буцахгүй байсан. Гэтэл Хялар Дамбийд биеэр зэмлүүлээд хулгай нэр зүүх болсондоо зүрхэнд нь шар ус цуглаад хааш л очихгүй нь дээр гэж бодсоор зуныг бараалав. (Үргэлжилнэ)

[1] Заазуурыг хэлж байна. Манай Сүхбаатар аймагт ч заазуурыг ингэж нэрлэдэг. Уг гарал нь баодао гэсэн хятад үг бололтой.
[2] Анзаарсангүй
[3] Таарцаг уутанд хийхийг хэлж байна. Шуудайлах
[4] Бодвол хулгайч гэж бичсэн туг биз.
[5] Хэмжүүр
[6] Бага багаар
[7] Хөлийг нь доромжлон хэлж байна.
[8] Хэл ам нь ээрэв гэж хэлж буй бололтой.
[9] Согтуурч
[10] Бодвол татан буулгагдахыг хэлж буй бололтой.
[11] Ум хумгүй арилах
[12] Ам нээхээс гэсэн утга бололтой.
[13] Санаа зовж байлгүй гэсэн утга бололтой.
[14] Засч янзлах, оёж шидэхийг ингэж хэлдэг юм байна.Энэ үг эхний хэсэг дээр гарсныг товхийгээд гэж буруу уншжээ.
[15] цацаад

No comments: